Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0303

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0303

Улаанбаатар хот

 

 

                                   “М* т* з*” ТӨХК-ийн

                             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:         

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М* т* з*” ТӨХК,

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э***,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0124 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***, О.Ц***, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б****, С.Г*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0776/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М* т* з*” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э*** нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0124 дүгээр шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.1, 15.3.2, 28 дугаар зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус баримтлан М* т* з* ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э*** нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*** Ц.Б****, Б.Э*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр данс бүртгэл дэх нэршлээр нь ялган ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д тус тус заасныг зөрчсөн байтал шүүх хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг дутуу үнэлж, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж тайлбарласан,

3.2 Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдлыг анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.2, 15.3.3-д хамааруулан дүгнэсэн нь буруу,

3.3 Хугацаанд нь төлөөгүй татварт ногдуулах торгууль, алдангийн хэмжээг буруу тооцсон байхад түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид “М* т* з*” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актаар 187,195,899,718.51 төгрөгийн зөрчилд 2,192,114,687.28 төгрөгийн нөхөн татвар, 1,259,885,304.5 төгрөгийн торгууль, 891,197,065.4 төгрөгийн алданги, нийт 4,343,197,057.18 төгрөгийн төлбөр ногдуулсан.

            3.2. Нэхэмжлэгчээс дээрх актын зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон төлбөрийг 123.301.054.80 төгрөгөөр бууруулан 4.219.896.002.38 төгрөг болгон” өөрчилсөн.

            3.3. Улмаар, нэхэмжлэгч “М* т* з*” ТӨХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0124 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын “бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр данс бүртгэл дэх нэршлээр нь ялган ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д тус тус заасныг зөрчсөн байтал шүүх хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг дутуу үнэлж, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж тайлбарласан” гэх үндэслэлийн тухайд:  

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т “Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” үүрэгтэй,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна“ хэмээн хуульчилсан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,   хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид нь “М* т* з*” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.10-т “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах” хэмээн заасны дагуу нэхэмжлэгчээс “М* т* з*” ТӨХК-ийн хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулан авч, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн үйл баримт тогтоогдож байх тул “маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр данс бүртгэл дэх нэршлээр нь ялган ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д тус тус заасныг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.5. “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдлыг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.2, 15.3.3-д хамааруулан дүгнэсэн нь буруу” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.1-т “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”,

15.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж тус тус заасан.

Тухайн тохиолдолд, хариуцагч нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн татварын хяналт, шалгалт хийх 2121501244 тоот томилолтын дагуу “М* т* з*” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн.

Маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000065 дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 7-д 2016 оны жилийн эцсийн Маягт ТТ-03/б тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хожимдуулж төлсөн зөрчилд торгууль ногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж зааснаас үзвэл 2016 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн дотор тайлагнаж, төлөх эцсийн хугацаа адил байх хуулийн зохицуулалттай байх бөгөөд 2016 оны эцэст үлдэгдэлтэй байсан татварыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тайлагнаж, төлөхөөр байсан. Уг зөрчлийг 2021 оны иж бүрэн шалгалтын явцад илрүүлж, торгууль ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.6 “Хугацаанд нь төлөөгүй татварт ногдуулах торгууль, алдангийн хэмжээг буруу тооцсон байхад түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу” гэх гомдлын

үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлын удаах үндэслэлээ хуулийн хугацаанд төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварт ногдуулсан торгуулийн хэмжээ нь төлбөл зохих дүнгийн 10 хувиас хэтэрсэн,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалт, алдангийн хэмжээ төлбөл зохих дүнгийн 20 хувиас хэтэрсэн нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг зөрчсөн хэмээн тайлбарлаж байх боловч маргаан бүхий захиргааны актаар төлөөгүй татварт ногдуулах торгууль, алдангийн хэмжээ нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Татварын алба татвар төлөх хугацааг сунгаж хөнгөлөлт үзүүлсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй”, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0124 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

                         ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ

 

                                    ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА