Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 62

 

2016.06.13 ШЦТ-62

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс:156/2016/0071/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                       Н.Болор-Уянга, 
Улсын яллагч:                                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Б.Болортунгалаг
Шүүгдэгч                                                          И.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Түмэндэмбэрэлд холбогдох 201623000128 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1954 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 02 дугаар баг Айрагийн 5-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Олхонуд овогт Ишдоржийн Түмэндэмбэрэл /РД: СР54031619/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  
Шүүгдэгч И.Түмэндэмбэрэл нь  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 02 дугаар баг Айрагийн 5-5 тоот хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчим   64-71 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө М.Ганчимэгийг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. 
                              
    ТОДОРХОЙЛОХ НЬ:    
Шүүгдэгч И.Түмэндэмбэрэл нь  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 02 дугаар баг Айрагийн 5-5 тоот хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 64-71 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө өөрийн ач М.Ганчимэгийг дайрч болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэгээд хашаан дотроос машинаа асаагаад гарахдаа миний охин Ганчимэг машиных нь буруу талд байсныг анзаараагүй хөдлөөд дугуйн доогуур нь орчихсон юм шиг байсан. Тэгээд аав зогсоод манай эхнэр хүүхдээ аваад бөөн орилоон болоод шууд эмнэлэг явсан гэсэн. Надад утсаар аав хэлээд би эмнэлэг рүү шууд гүйж очсон. Намайг эмнэлэг дээр гүйж очиход охин Ганчимэг маань нас барсан байсан. ..." гэсэн мэдүүлэг. / хх-ийн 18-19хуудас/

Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Эгч Дандаабиш бид хоёр гэрт үлдээд хүргэн ах эргэж машинаа асааж машиндаа байсан моторыг захиргаанд хүргэж өгнө гээд гарсан. Тэгээд удаагүй хүргэн ах орилоод охиноо алчихлаа гэхээр нь эгч бид хоёр сандарч гарахад гадаа хүргэн ахын бэр Мөнгөнцэцэг хүүхдээ тэвэрчихсэн орилоод байж байсан. Эгч эмнэлэг яваачээ гээд Түмэндэмбэрэл бэрийн хамт охиныг авч эмнэлэг рүү явсан. ...сүүлд сонсож байхад хүргэн ах машинаа асаагаад хөдлөхөд нь ач охин нь арын дугуйн доор нь мөлхөж ороод хүргэн ах хараагүй дээгүүр нь гарсан юм шиг л байна. ..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 хуудас/

Гэрч Ж.Дандаабишийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Нөхөр гараад машинаа асаагаад хөдлөх шиг болсноо зогсоод муухай орилоод байхаар нь би дүүгийн хамт гараад ирэхэд нөхрийн машины ар талд бэр Мөнгөнцэцэг бага охин Ганчимэгийг тэвэрчихсэн орилоод охин Ганчимэгийн амнаас цус гараад байж байсан. Тэгээд нөхөр бэр хоёр машинтай охиноо аваад эмнэлэг рүү хөдөлсөн. Би араас нь дүү Энхжаргалын хамт явган эмнэлэг рүү очсон. Манай нөхөр Түмэндэмбэрэл ач охиноо машиныхаа ард доор орсныг анзаараагүй хайхрамжгүй хөдөлснөөс л охиныхоо дээгүүр машинтайгаа гарч охиныхоо амь насыг хохироолоо гэж бодлоо. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22хуудас/

Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд гэртээ байж байхад хадам аавын машин эргэж асаад хөдлөх шиг болсноо хадам аав удаагүй муухай орилоод эхлэхээр нь би гэрээсээ ухасхийгээд гарэхад хадам аавын машины ард хадам аав Түмэндэмбэрэл бага охиныг маань тэвэрчихсан орилоод би дайрчихлаа ш дээ алчихлаа гээд орилоод би хадам ааваас охиноо авсан. ...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 23 хуудас /

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд: “... Жолооч И.Түмэндэмбэрэлийн Өмнөдэлгэр сумын төвийн Айргийн 5-5 тоот хашааны дотор тээврийн хэрэгслээ хөдөлгөж бага насны хүүхдийн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй гарч хүүхдийн амь нас хохироосон үйлдэл нь зам тээврийн осолд тооцохгүй. ... Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд Замын хөдөпгөөн нийтийн хэрэгцээний зам дээрхи явганаар болон тээврийн хэрэгслээр хүн бэ ачаа шилжих үйл ажиллагаа, зам тээврийн осол - зам дээрхи тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад материалын хохирол учрах явал гэж заасан байна. Жолооч И.Түмэндэмбэрэл нь замын хөдөлгөөнд оролцоогүй учир Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч И.Түмэндэмбэрэлийн тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө хайхрамжгүй хандсанаас өөрийн ач М.Ганчимэгийг дайрч болгоомжгүй алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. 
     Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон ба хохирогч Т.Мөнхбат нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    
Шүүхээс И.Түмэндэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 


ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Олхонуд овогт Ишдоржийн Түмэндэмбэрэлийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Түмэндэмбэрэлийг 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Түмэндэмбэрэлд оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн И.Түмэндэмбэрэлийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Түмэндэмбэрэлд оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжил хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Түмэндэмбэрэлд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ