Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1488

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01488

 

Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00883 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зуун Зи Ди” ХХК болон иргэн Ма Зэнжун, М.Одноо нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 201 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ма Зэнжун, М.Одноо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,  

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 онд Хятад Улсын иргэн Ма Зэнжун нь Н.Түмэнжаргалаас 100 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу Н.Түмэнжаргал "зээл олгож болно, гэхдээ барьцаа хөрөнгө байхгүй бол зөвшөөрөхгүй" гэж хэлж зээл олгохоос татгалзсан. Гэтэл дараа нь Ма Зэнжун нь орон сууц захиалгаар барих гэрээ авч ирж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал түүнд 100 000 000 төгрөг зээлдүүлж, гэрээг нотариатчаар батлуулсан. Талууд мөнгө өгөх үедээ гэрээний ард гарын үсэг зурсан. Зээл нь 4 хувийн хүүтэй байсан. Барьцааны хөрөнгийг шалгаж үзэхэд уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч гэрээ байсан. Ингээд Ма Зэнжуныг цагдаагийн байгууллагад өгнө гэхэд тэрээр өөр гэрээ авч ирж өгч барьцаалсан. Энэ гэрээ нь 1 025 725 төгрөг төлсөн гэх орон сууц захиалгаар барих гэрээ байсан. Н.Түмэнжаргал нь гэрээний нэг тал болсон компани дээр очоогүй бөгөөд мөнгө төлсөн баримт, барилга баригдаж байгаа гэсэнд итгэсэн. Хариуцагч Ма Зэнжун 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 сарын хүү болох 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг түүний эхнэр М.Одноо төлсөн. Энэ асуудал нь цаашаа даамжирч зээл авсан этгээд зугтаж, захиалсан орон сууц нь ч байхгүй болсон бөгөөд тухайн компанийг ч хайгаад олоогүй. Барьцааны гэрээнд заасан хаяг дээрх орон сууц нь өөр хүний нэр дээр давхар гэрээ хийгдсэн байсан. Бид нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хүүг бодсон. Энэ нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр тооцож алдангид 67 000 000 төгрөг, хүүнд 34 000 000 төгрөг, үндсэн зээл 100 000 000 төгрөг, нийт 201 000 000 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр тасалсан. Зээлийн гэрээний нэг сарын хүү нь 4 000 000 төгрөг юм. М.Одноо нь 2 сарын хүү төлсөн.

Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж нотлох гэж буй зүйл нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг нотариатаар батлуулсан гэдгийг гэрчилсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс. Зээлсэн мөнгийг хамт хэрэглэсэн, хүү төлж байсан гэж үзэж 10 хувийг М.Одноогоос, 90 хувийг Ма Зэнжунаас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Ма Зэнжуны шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ маргаан нь зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар барих гэсэн 3 гэрээний хүрээнд яригдаж байна. Бидний хувьд "Хадан ус" ХХК-тай байгуулсан гэрээг ямар зорилгоор хэрхэн хийсэн талаар мэдэхгүй бөгөөд сая тайлбараас ойлголт авлаа. Хамгийн чухал зүйл нь талуудын хооронд яагаад үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах болсон бэ гэдэг асуудал байна. Нэхэмжлэгч тал цаасан дээр байгуулсан гэрээг барьж мөнгө төлөх ёстой гэж шаарддаг. Гэтэл бодит байдал дээр мөнгө шилжүүлсэн эсэх, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас хэрхэн бүрдүүлсэн, мөн он сарын хувьд яагаад хоёр дараалсан гэрээ гарч ирсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүнийг тодруулах үүднээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлт гарсан. Энэ гэрээ яагаад байгуулагдах болсон талаар бодит нөхцөл байдлыг ойлгох нь чухал юм. Гэрчээр оролцуулах гэж байгаа Лөү Жин гэх хүн нь анх арматур төмөр авах шаардлагатай байх бөгөөд уг төмрийн үнэ 100 000 000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар Ма Зэнжунтэй ярилцсан байдаг. Ма Зэнжун болон Н.Түмэнжаргал нар өмнө нь хамтарч бизнес хийдэг байсан ба бие биенээ таньдаг байсан. Ма Зэнжун нь арматур төмөр нийлүүлэхээр Лиөү Жин гэх хүнд хэлж 100 000 000 төгрөг зээлүүлье гэж "Жавхлант Групп" ХХК-тай ярилцаж, арматур төмөр авах шаардлагатай байх тул зээлдүүлэхээр болсон.  Дараа нь Ма Зэнжун Н.Түмэнжаргалтай 100 000 000 төгрөг зээлэх эсэх асуудал яригдаж барьцаанд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. "Жавхлант Групп" ХХК нь дараа нь арматур төмөр авах шаардлагагүй болсон. Тухайн үед энэ гэрээнд гарын үсэг зурагдаагүй байсан. Энэ талаар гэрчүүд нотлох байх. Ингэж байгуулагдсан гэрээг авч устгасан байдаг. "Жавхлант Групп" ХХК-иас 100 000 000 төгрөг авах шаардлагагүй тул энэ гэрээний харилцааг зогсооё гэж хэлж гэрээг авч устгасан. Нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Бидний хувьд тухайн үед гэрээ байхгүй болсон байсан гэж ойлгож байсан. Ямар нэгэн байдлаар мөнгө авсан зүйл байхгүй. Энэ асуудлын талаар сайн мэдэж байгаа хүн бол Ц.Оюунчимэг, Лөү Жин хоёр юм. Зээлийн гэрээг байгуулж түүнд гарын үсэг зураагүй гэдгийг манай зүгээс хэлж байсан. Тухайн гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулах гэхэд нэхэмжлэгч тал гомдол гаргаж шинжээчийн дүгнэлтийг гаргуулаагүй. Зээлийн гэрээнд Ма Зэнжун гарын үсэг зураагүй бөгөөд Ма Зэнжун нь Монголоор бага зэрэг ярьдаг боловч бичгийн Монгол хэл мэдэхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Н.Түмэнжаргал нь Ма Зэнжунд 100 000 000 төгрөг өгсөн талаар баримт байхгүй. Өгч байсныг харсан гэрч байхгүй. Нотариатч ч гэсэн бэлэн мөнгө өгсөн зүйл хараагүй гэдэг. 8 000 000 төгрөг төлсөн эсэх асуудал хэрхэн гарч ирсэн бэ гэвэл 2014 оны 06 дугаар сард байгуулагдсан гэрээний 3 сарын хүү нь 12 000 000 төгрөг байх байсан. М.Одноо хөөрөгний мөнгө 8 000 000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Хэрэв 2016 оны 9 дүгээр сард төлсөн хүү байсан бол 12 000 000 төгрөг шилжүүлэх байсан. Өнөөдрийн байдлаар хэзээ хэрхэн яаж байгуулагдсан нь мэдэгдэхгүй гэрээ барьж 100 000 000 төгрөг авна гэж байгааг зөвшөөрөхгүй. "Хадан ус" ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар Н.Түмэнжаргал гомдол гаргаж, эрүүгийн хэрэг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт үүссэн байсан. "Хадан Ус" ХХК нь маш олон иргэдтэй гэрээ байгуулж орон сууц захиалгаар  барьсан. Нэхэмжлэгч тал авах ёстой гэж байгаа 100 000 000 төгрөгөө "Хадан Ус" ХХК-иас авах нь зүйтэй. Нэгэнт Н.Түмэнжаргалаас 100 000 000 төгрөг аваагүй тул уг мөнгийг хүү, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М.Одноогийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюуны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 14 000 000 төгрөгийн хүү төлсөн гэсэн. Харин одоо 8 000 000 төгрөгийн хүү төлсөн гэж зөрүүтэй зүйл ярьж байна. М.Одноо нь 8 000 000 төгрөгийг хүүнд төлсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Түмэнжаргал нь Ма Зэнжуныг энд рестораны үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэддэг байсан ба түүнтэй өмнө нь ч бизнесийн харилцаатай байсан. Хэрэв Ма Зэнжун болон М.Одноо нар мөнгө өгөх ёстой байсан бол яагаад тухайн үед 2014 онд шүүхэд хандаагүй вэ гэдэг асуудал гарч байна. 100 000 000 төгрөг хэнд зээлж алдсаныг мэдэхгүй. Мөнгөө хүнд зээлж алдчихаад эцэс сүүлд нь гэрээ барьж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ма Зэнжуны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа зээлийн гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа юм. Улсын Дээд шүүхээс дээрх зүйл заалтыг тайлбарласан тогтоол байдаг. Энэ тайлбараар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг зөрчсөн гэрээ хэлцлийг шүүх өөрөө хүчин төгөлдөр бусд тооцох эрх нь нээлттэй. Бидний зүгээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй байсан ч нэгэнт хуулийн шаардлага зөрчсөн байгаа тохиолдолд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгодог. Энэхүү зээлийн гэрээ нь Нотариатын тухай хуулийн 21.2.1, 32.1, 34.5 дах заалтуудыг зөрчсөн байна. Монгол Улсад ямар нэгэн гадаадын иргэн гэрээ хэлцэл нотариатчаар баталгаажуулах тохиолдолд тухайн хүний эрх зүйн байдлыг зайлшгүй тогтоох ёстой. Тухайн хүн Монгол хэл мэддэг, уншиж бичиж чаддаг, ойлгодог эсэх мөн орчуулагч оролцуулах шаардлага байгаа эсэхийг тогтоож, Монгол, Хятад 2 хэл дээр зайлшгүй үйлдэх ёстой байсан. Хэрэгт өгсөн орчуулгын тамга тэмдэгтэй нотариатчаар батлуулсан зээлийн гэрээг сүүлд өгсөн ба хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт юм. Зээлийн гэрээг байгуулахад Монгол болон Хятад хэлээр үйлдээгүй зөвхөн Монгол хэлээр үйлдсэн бөгөөд нотариатч энэ тухай хэлдэг. Хэрэгт өгсөн зээлийн гэрээг 2017 онд орчуулав гэж хятад хэлээр бичсэн байсан. Зээлийн гэрээг ганцхан Монгол хэлээр үйлдсэн байлаа гэхэд яагаад орчуулагч оролцуулаагүй вэ гэдэг асуудал гарч байна. Ма Зэнжун хэлэхдээ энэ зээлийн гэрээг анхнаасаа байгуулаагүй бөгөөд нотариат дээр очоогүй тухайгаа ч хэлдэг. Нотариатч тухайн гадаад иргэн Монгол хэл мэддэг байлаа гээд заавал орчуулагч оролцуулах ёстой байтал орчуулагчгүйгээр гэрээг баталсан байдаг. Иймээс зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлмйн 56.1.1, 56.1.4 дэх хэсэгт заасан хэлцэл гэж ойлгож байна. Ма Зэнжун нь уг гэрээг хийхдээ цаашид ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг мэдээгүй хийсэн. Мөн Нотариатын тухай хуулийг зөрчиж хийсэн байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх дараах нөхцөл байдал байна. Нэгдүгээрт, хариуцагч Ма Зэнжун Монгол Улсад 20 гаран жил амьдарсан. Монгол эхнэртэй, 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь Монгол сургуульд сурдаг. Энэ хүн эхнэр болон хүүхэдтэйгээ орчуулагчийн шаардлагатай харьцдаг гэдгээ нотолвол болж байна. Гэр бүлийн хамт шүүхийн байрны хажууд байрлах Хятад рестораны дээр нь амьдардаг бөгөөд энэ олон жилийн турш гэр бүлтэйгээ Монгол хэлээр харьцдаг хүнийг орчуулагчтай оролцуулах байсан гэж бодохгүй байна. Хоёрдугаарт, хариуцагч Ма Зэнжун 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбараа Монгол хэлээр бичиж Ма Зэнжун гэж гарын үсгээ зурсан бөгөөд үүнийгээ шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Ма Зэнжуны төлөөлөгчийн ярьснаас үзвэл Ма Зэнжун нь хариу тайлбараа Хятад хэл дээр бичиж Монгол хэлрүү орчуулж тамга даруулж баталгаажуулах ёстой байсан байна. Түүний өөрийнх нь бичиж гарын үсэг зурсан хариу тайлбарыг шүүх хүлээж авсан. Гуравдугаарт, зээлийн гэрээ нь нотариатчаар орсон ороогүй тухай яригддаг. Хятад хүн өөр хүнд өөрийн паспорт бичиг баримтаа өгөөд явуулна гэж байх уу. Хариуцагч Ма Зэнжун нь Монгол Улсад оршин суух иргэний үнэмлэх болон паспортоо нотариатаар баталгаажуулж гэрээний ард хувилж өгсөн байгаа. Энэ баримт энд байгаа нь Н.Түмэнжаргал Ма Зэнжунаас түүний бичиг баримтыг хулгайлж авсан болж таарч байх шиг байна. "Хадан ус" ХХК-ийн гэрээг барьцаа болгож өгөхдөө Н.Түмэнжаргал Хятад хэл мэдэхгүй учир Ма Зэнжун өөрөө тайлбарлаж хэлж өгсөн байдаг. "Жавхлант Групп" ХХК-ийн байгуулсан гэх хуурамч гэрээний төгсгөлийн хуудас дээр захиалагчийг төлөөлж “Годик голд" ХХК, Ма Зэнжун гэсэн байдаг. Үүнээс харахад Ма Зэнжун нь бас “Годик голд" гэх компанитай болж таарах нь. Хариуцагч тал 8 000 000 төгрөг төлсөн байдлаа хөөрөгний төлбөрт төлсөн гэсэн. Хятад хүн Монгол хүнээс хөөрөг 8 000 000 төгрөгөөр худалдаж авна гэж мэдэхгүй юм байна. Өмнөх шүүх хурлууд дээр уг мөнгийг ноолууртай холбож ярьж байсан бол өнөөдөр хөөрөгний мөнгө гэж хэллээ. Хаана байгаа ямар хөөрөг юм мэдэхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нэг бол ноолуур нэг бол хөөрөгний мөнгө гэх мэтээр олон зөрчилтэй зүйл ярьж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлагад нийцсэн. Монгол гэр бүлтэй, Монгол Улсад амьдардаг хүн орчуулагчтай ирээгүй бол уг гэрээ хүчин төгөлдөр биш болно гэдгийг зөвшөөрөхгүй. Ма Зэнжун юуг нь ч мэдээгүй ойлгоогүй зүйл дээр бичиг баримтаа хувилж өгнө гэж байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М.Одноогийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Хэрэв Ма Зэнжун зээлийн гэрээг байгуулсан бол уг гэрээ нь Нотариатын тухай хуулийг зөрчиж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ма Зэнжунаас 165 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ма Зэнжунд холбогдох 15 300 000 төгрөг, хариуцагч М.Одноод холбогдох 20 100 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8 дах заалтыг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ма Зэнжуны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч "Зуун Зи Ди" ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1 163 000 төгрөгийг, хариуцагч Ма Зэнжуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ма Зэнжунаас улсын тэмдэгтийн хураамжид 985 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Ма Зэнжун, М.Одноо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Шүүгч шүүх хуралдааны явцад БНХАУ-ын иргэнээс гэрчийн мэдүүлэг авахдаа ИХШХШТХуулийн 7.2, 7.3-т заасныг зөрчиж, Монгол хэл мэддэггүй гадаад улсын иргэнд Монгол хэлээр түүний эрх, үүргийг тайлбарлаж, Монгол хэлээр гэрчийн мэдүүлэг авсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэлгүй зөвхөн 2014.06.10-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч М.Түмэнжаргал нь нэхэмжлэлдээ "зээлийн хүүгийн төлбөрт 14 000 000 төгрөг төлсөн" гэж бичсэн байдаг. Гэтэл зээлийн хүүгийн төлбөрт нэг ч төгрөг Н.Түмэнжаргалд төлж байгаагүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн дансны хуулгад 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М.Одноогоос Н.Түмэнжаргал руу 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь тухайн үед Н.Түмэнжаргалаас авсан хөөрөгний мөнгө. Хэрэв энэ нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа зээлийн хүү байсан бол шилжүүлгийн утга дээрээ "зээлийн хүү" гэж бичнэ. Мөн цаг хугацааны хувьд үзвэл 2014.09.13-ны өдөр 3 сарын хүү 12 000 000 төгрөгийг шилжүүлэх байсан. Анх нэхэмжлэлд дурдагдсан төлсөн гэх 14 000 000 төгрөг, шүүхийн явцад яагаад 8 000 000 болсоныг шүүх тодруулсангүй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг дүгнэхдээ хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан байдаг. Тухайн зээлийн гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчид шилжсэнээр сая зээлийн гэрээг байгуулагдсанд тооцож үүрэг үүсэх ёстой. Гэтэл Н.Түмэнжаргал нь Ма Зинжунд 100 000 000 төгрөг өгсөн эсэх

нь нотлогдоогүй. Нотариатч гэрчийн мэдүүлэгтээ "Н.Түмэнжаргал Ма Зэнжунд 100 000 000 төгрөг өгсөн эсэхийг би мэдэхгүй" гэсэн байдаг. Зээлийн гэрээний хойд талд Н.Түмэнжаргалын бичсэн "100 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөв" гэсэн бичиг дээрх гарын үсэг нь Ма Зэнжуны гарын үсэг биш. Гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Түүнчлэн Н.Түмэнжаргал нь Ма Зэнжунд зээлсэн гэх 100 000 000 төгрөгийг хэзээ, ямар эх үүсвэрээр, хэрхэн өгсөн зэргийг нотлож чадаагүй байхад шүүгч хэт нэг талыг баримтлан хууль эөрчин гэрчилсэн гэрээг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зээлийн гэрээг баталсан нотариатч Нотариатын тухай хуулийн 21.2.1 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэг, 4.1 дэх хэсэгт заасан "нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд үйлчүүлэгч Монгол хэл мэддэггүй тохиолдолд түүнд орчуулагчаар дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ" гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн зээлийн гэрээг Монгол, Хятад хоёр хэл дээр үйлдэж, гэрээний зүйл болох 100 000 000 төгрөг өгсөн, авсан эсэхийг асууж, гэрчлүүлж буй баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж, нягтлах үүрэгтэй. Дээрх хууль зөрчсөн үйдлүүд нь ИХШХШТХуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00883 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч М.Одноо, БНХАУ-ын иргэн Ма Зэнжун, "Зуун Зи Ди" ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч Ма Зэнжун нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгө хүлээж авсан гэх баримт, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан баримтууд дээр БНХАУ-ын иргэн  Ма Зэнжун гарын үсэг зурсан эсэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлт удаа дараа гаргажээ./хх-4,86,105/ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг хүлээн авч, шүүгч захирамж гарган хүсэлтийг хангасныг шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2017/00070 дугаар тогтоолоор захирамжид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг тусгаагүй гэх үндэслэлээр шинжээч томилсон хэсгийг хүчингүй болгосон.

 

Дээрх асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зохигчдын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой байхад шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах явцад өөрөө бүрдүүлж чадахгүй нотлох баримтаа шүүхийн журмаар бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгчийн хэрэг түдгэлзүүлсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан захирамжийн талаарх гомдлыг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн шинжээч томилсон захирамжийн үндэслэлд хамаарал бүхий дүгнэлт хийж, уг захирамжийг өөрчилсөн нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийн заалтыг зөрчжээ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд БНХАУ-ын иргэн Лөү Жи гэгч оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн, түүнд шүүх эрх үүрэг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулахдаа тэрээр “... эхнэр хүүхдийн хамт Монгол Улсад амьдардаг, Монгол хэлээр ойлгоно. Ярихдаа тухайн харилцаанаас хамаарна, уншиж бичиж чадахгүй” гэж мэдүүлснийг анхааралгүй, орчуулагчгүйгээр Монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй хүнд бичгийн баримтад гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дах хэсэгт нийцэхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зохигчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлж алдаа гаргасан ба хэдийгээр тухайн хэрэг, маргааны тухайд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан нь өөр нэг төрлийн нэхэмжлэгч болох учиргүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт заасныг анхаарвал зохино.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 986 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                                          Б.НАРМАНДАХ