Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00567

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2017/00567

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух, РВ66012813 дугаар регистртэй, Шарнууд овогт Доржийн Ганболдын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00557/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Ганболд нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлт авч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд эцэг Доржийн суурьт туслах малчнаар ажиллахаар томилогдсон. Тэгээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үхэр маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албаа хааж ирээд тус нэгдэлдээ 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал үхэр, хонь маллаж байсан. Миний ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрийг маань нэгдэл тарах үед хурааж аваад үрэгдүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, мөн цалин хөлс олгож байсан баримтад миний нэрийг Доржийн Болд гэж тэмдэглэсэн тул ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Би дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан тул миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Ганболд нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан  ба   Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.    

Нэхэмжлэгч Д.Ганболдыг 1981 оноос 1984 он, 1987 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс цалин хөлс олгохдоо “До.Болд, Доржийн Болд, Батын Болд” гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “рв66012813, эцгийн нэр: Бат, нэр: Дорж, эхийн нэр: Лувсан, нэр: Хурлиг нарын гэр бүлд 1966/01/28-нд төрөхөд төрүүлсэн Доржийн Ганболдыг 1966/02/08-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 15-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй 00/002915 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Доржийн Болд /рв66012813/, Батын Болд иргэний мэдээллийг регистрийн дугаараар шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/606 дугаартай тодорхойлолт, гэрч Ш.Лхагваажийгийн “...Ганболд гэдэг нэрийг нь Болд гэж дууддаг болохоор тэгж бичсэн байх. Батын Дорж, Доржийн Ганболд гэж байх ёстой, Бат өвөө нь бөгөөд тухайн үед өндөр настай хүн байсан... эцэг эхээс 6 хүүхэд төрсөн. Гэрийнхэн дотор нь Болд нэртэй хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цоодолын “...Доржийн Ганболд гэдэг юм. Бат гэдэг нь аавынх нь аав, Дорж аав нь байгаа юм. Хүмүүс дуудахдаа Болд л гэж дууддаг... Эцэг, эхээс 6 хүүхэд төрсөн, яг Болд нэртэй хүүхэд байхгүй... би 1965 оноос 1992 он хүртэл Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд, 1992 оноос 2005 он хүртэл “Соёл” компанид нягтлан бодогчоор тасрахгүй 40 жил ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ганболдын 1981 оноос 1984 он, 1987 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг Д.Ганболдод холбогдох баримт мөн гэж үзэн нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Д.Ганболд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “1. Ерөнхий боловсролын сургуулиас МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д хуваарилагдаж ирсэн 9 хүүхдийг төллөх хонин суурьт... содонгийн үхэр суурьт Доржийн Ганболдыг тус тус хуваарилан нэгдүгээр хавсралтаар баталсугай. 2. Дээрх хүмүүсийг хүлээн авч 7 дугаар сарын 01-нд зохих ажилд нь оруулж хөлсийг сар бүр олгож, 10 хувийн нэмэгдэлтэй олгож байхыг бригадын дарга, тоо бүртгэгч нарт үүрэг болгосугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №17 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...5. Овог нэр: Доржийн Ганболд, бригад: 2, ямар ажилд: үхэрчин, халамжлан хүмүүжүүлэгч: Дорж...” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Цэргээс халагдаж ирсэн... Доржийн Ганболд нарыг тус тус хэсэгт нь үхэрчнээр... 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс... тус тус томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №36 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1983 оны 2 дугаар сарын 26-ны өдөр олгосон №117 дугаартай нэгдлийн гишүүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ганболдын 1984 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оны 10  дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Ш.Лхагваажийгийн “...Д.Ганболд нь 1981 оны 06 сард  8 дугаар анги төгсөж илгээлтээр Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд туслах малчнаар 1984 он хүртэл ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хааж, цэргээс ирээд мөн “Соёл” нэгдэлд 1987 оны 07 сараас 1990 он хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор ажиллаж байсан. 1984 оны 07 сард цэрэгт явсан хүн... Тасралтгүй ажиллаж байсан... Би “Соёл” нэгдэлд 1978 оноос эхлэн нэгдэл тартал хугацаанд Мал аж ахуйн бригадын дарга, туслах үйлдвэрийн бригадын даргаар ажиллаж байсан. Д.Ганболдыг нэгдэлд орж ажиллах үед би 2 дугаар бригадын даргаар ажиллаж байсан. Нэгдлийн цаг үеийн олон ажил хийж явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цоодолын “...Д.Ганболд нь 1981 оны 07 сараас 1984 оны 06 сард цэрэгт явах хүртлээ Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хааж, цэргээс ирээд мөн “Соёл” нэгдэлд 1987 оны 07 сараас 1990 он хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор...тасралтгүй ажиллаж байсан... Д.Ганболдын цалин хөлсний баримт нь... Аав нь аварга, сайн үхэрчин байсан, цалинг нь аав ээж нь өөрийн нэр дээр бичүүлж байсан байх... Би 1965 оноос 1992 он хүртэл Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд, 1992 оноос 2005 он хүртэл “Соёл” компанид нягтлан бодогчоор тасрахгүй 40 жил ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

Д.Ганболдын ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Тус аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 1984, 1989 оны даргын тушаал шүүж үзэхэд Д.Ганболдыг малчнаас чөлөөлсөн байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/276 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Доржийн Ганболдын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА