Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2017/00389

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВС63071302 регистрийн дугаартай, Шар овогт Дагдангийн Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн. Одоо 54 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдэлд 2 дугаар бригадад мал маллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Д.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1976, 1980 оны болон 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тогтоол, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит хуралд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын ирц, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 тоот тогтоол, Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 622 тоот албан бичиг, 1980 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн сайшаалын үнэмлэх, 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дурсамж зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.Оюунцэцэг нь 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 8 жилийн дунд сургуулиа төгсөж, өөрийнхөө саналаар МХЗЭ-ийн илгээлтээр нэгдэлд малчнаар ирсэн түүнд тэтгэмж олгосон “Тэтгэмж тогтоох тухай” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тогтоол, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит хуралд оролцсон нэгдлийн гишүүдийн жагсаалтын 27-т Д.Оюунцэцэг гэх хурлын ирцийн бүртгэл, шинээр гэр бүл болж байгаа малчин залуу Д.Оюунцэцэгт 971 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасан “Шагнал олгох тухай” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 тоот тогтоол, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллуулсугай гэх Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 622 тоот албан бичиг, Ардын хувьсгалын 59 жилийн ойг угтсан өндөр бүтээлийн ажилд тэмээний ноос, ноолуур ашиглаж улсын төлөвлөгөөг биелүүлэх ажилд амжилт гаргасан учир сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнасан 1980 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн сайшаалын үнэмлэх, МАХН-ын 18 дугаар их хурлын түүхт шийдвэрийг биелүүлэх ажил хөдөлмөртөө улам их амжилт олж, мал сүргээ өсгөх төл бойжуулах ажлаараа шалгарч алдраа тэмдэглүүлж байгаад нь талархаж дурсамжаар шагнасан 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дурсамж зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн 1980-1992 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан 1976, 1980 оны болон 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүд дэх бичилтүүд нь дээрх нотлох баримтуудтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шар овогт Дагдангийн Оюунцэцэгийн 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ