Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ДШМ/54

 

А.Цагаанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Г.Давааренчин                                       

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                                Д.Нямдэлэг  

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт Зуураг овогт Авирмэдийн Цагаанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618010134 дугаартай, 150/2017/00030/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 2-14 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сум дундын шүүхийн 103 дугаартай тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн суллагдсан, Зуутраг овгийн Авирмэдийн Цагаан /Регистрийн дугаар: ЯГ72090912/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Цагаан нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт “Нарст" гэх газарт хутга хэрэглэн иргэн О.Цолмонг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх А.Цагаанд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч А.Цагаанд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, Шүүгдэгч Зуутраг овогт Авирмэдийн Цагааныг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан А.Цагаанд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.Цагааныг тэнссэн хугацаанд бүртгэл хөтлөхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Цагаанаас 1.766.000 төгрөг гаргуулан хохирогч О.Цолмонд олгож, үлдэх 1 234 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Цагаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.766.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 25-ны дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Ерөнхий прокурор С.Батзул давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2018 оны 06 сарын 11-ний №Б/05 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шүүхээс шүүгдэгч А.Цагааныг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө шийтгэх тогтоолд хохирогч Цолмонгийн шүүгдэгч Цагааны үйлдлийн эсрэг ямар үйлдэл хийсний улмаас сэтгэл санаа цочирон давчидсан талаар дүгнээгүй. УДШ-ийн 2008 оны 14 дүгээр тогтоолд заасанчлан “санаа сэтггэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхаар тайлбарласан бөгөөд хохирогч О.Цолмонгийн зүгээс шүүгдэгч А.Цагааны эсрэг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хийх ёстой үйлдэл хийгдээгүй болох нь хохирогч О.Цолмон, гэрч О.Уянга, Ө.Болдбаатар, Ө.Ганхуяг, шүүгдэгч А.Цагаан нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Энэ зүйл анги зүйлчлэл нь хохирогч холбогдогчийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийсэн байхыг заавал шаарддаг байна. Хэрэгт авагдсан баримтуудаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх үйлдлийн гол шинж болох хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, бусад хууль бус үйлдэл тогтоогдоогүй төдийгүй хохирогч О.Цолмон нь Ганхуяг Цагаан хоёрын зодооныг салгах гэж очсон болох нь гэрч хохирогч нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд Цолмон нь Ганхуягыг татаж салгах үед Цагаанд хутгалуулсан байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл хохирогч О.Цолмон нь шүүгдэгч А.Цагаан луу ямар нэг довтолгоо хийсэн нөхцөл байдал байдаггүй. Түүнчлэн шүүх хохирогч, түүний ах дүү нарын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч санаа сэтгэлийн гэнэтийн цочхолд автаж өөрийн амь насыг хамгаалах үүднээс хохирогч О.Цолмонг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж түүний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд А.Цагаанд холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив  гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүхээс шүүгдэгч А.Цагааныг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон үндэслэлтэй, түүний үйлдэл, хэргийн бодит байдал , хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм бурууд шүүх тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ө.Мөнхжаргал, О.Цолмон, Ө.Ганхуяг, О.Уянга, О.Болдбаатар, Ганзориг нарын мэдүүлэгүүд өөр хоорондоо маш их зөрүүтэй байгаа нь тэднийг хэргийн талаар үнэн байдлыг огт мэдүүлээгүй ,нэг нэгнийгээ хамгаалах, өөрсдийн үйлдлийг хайцаалах гэж үгсэн хуйвалдсан байдлыг илэрхийлж байна. Гэтэл прокурор нь мөрдөн байцаалтын шатанд ч шүүх хурлын явцад ч , шийтгэх тогтоол гарсаны дараа ч гэрч, хохирогч нарын өөр хоорондоо асар их зөрүүтэй мэдүүлэгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд А.Цагааныг Ө.Ганхуяг, Ө.Мөнхжаргал.О.Цолмон нар нь бүгд бүлэглэн зодож биед нь гэмтэл учруулсан, тэдний халдлагаас мултарч гараад, зугтах гээд мотоцикль дээрээ суухад нь мотоцикпь рүү том бетоноор цохиж унагасан байдал нь хавтаст хэрэгт байгаа .... 50x50 см хэмжээтэй хавтангийн орчимд банкны баруун хэсэгт хонхойлт үүссэн хэсэгт нь будаг нь сөрдийж тогтсон шинэ мөр үүссэн... гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар нотлогдож байна. Мөн гэрч Төмөрбаатарын 1-р хавтаст хэргийн 10 -р талд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхэд гэрчээр мэдүүлснээр А.Цагааныг О.Цолмон, Ө.Ганхуяг, Ө.Мөнхжаргал нар нь гэрт эхлээд зодсон, гадаа гарсаны дараа нь мөн дахин зодсон нь хохирогч О. Цолмон, О.Уянга, Ө. Болдбаатар нарын мэдүүлэгээр нотлогдож байна. Тэдний үйлдлийн улмаас А.Цагаан нь толгойдоо гэмтэл авсан нүүр нь тэгширч хавдсан байдалтай байсан нь шүүхэд нотлох баримтаар өгсөн эмчийн үзлэгийн дүгнэлтээр нотлогдож байгаа болно. Харин А.Цагаан нь тухайн үед Мөнхжаргалын гуйлт, хүсэлтээр өөрийн биед учирсан гэмтлийн зэргийг шинжилгээ хийлгэсэн баримтанд тулгуурлаж гаргуулаагүй орхигдуулсан байсан. Ах дүү нараараа цугларсан өөрөөс нь насаар бага залуучууд, хүч хавсараад бүгд нийлээд ганц түүн рүү чиглэсэн үйлдлийг хийж нийлээд зохиж зодоод байгаа тохиолдолд А.Цагааны хувьд айх, сэтгэл санаа нь хүчтэй цочирдох байдал үүссэн нь тодорхой юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Уянга, шинжээч эмч, бусад хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. А.Цагааны хувьд  санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдсан гэдэг нь тогтоогддоггүй. Улсын дээд шүүхийн 14 дүгээр тогтоолоор хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсноор сэтгэл зүйн хувьд хэвийн байдал алдагдсан тохиолдолд хамаарагдах юм. Цолмонгийн хувьд А.Цагаантай ямар нэгэн зодоон хийсэн асуудал байгаагүй. Ганзориг, Цагаан нарын зодооныг салгах зорилготойгоор очиход А.Цагаан нь Цолмонг хутгалсан асуудал нь санаа, сэтгэл цочрон давчидсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна. Гэрч Уянга болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр А.Цагаан нь гартаа хутга барьчихсан, машин тойроод гүйсэн талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхой дурдагдаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А.Цагаан нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт “Нарст" гэх газарт хутга хэрэглэн иргэн О.Цолмонг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч А.Цагаанд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, түүнийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 сарын 11-ний №Б/05 дугаартай эсэргүүцлийн дагуу А.Цагаанд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидна гэдэг нь сэтгэл зүйн болон сэтгэц гэм судлалын ойлголт бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтггэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдал гэж ойлгодог.

Гэтэл анхан шатны шүүх гэрч О.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгэхээр нь би Ганхуяг ах дээр очих гээд явж байсан чинь Цагаанаа гэдэг хүн баруун гартаа хутга барьчихсан явж байхаар нь Ганхуяг ахад “хутгыг аваарай” гэж хэлсэн...,Цолмон ах гарсан, би зөрөөд байшин луу ороод цонхон дээр очоод зогссон чинь манай ах Цолмон машин налаад доошоо тонгойгоод зогсоод байхаар нь гараад ахыгаа оруулах гэсэн чинь манай Цолмонг Цагаанаа хутгалчихсан байсан...,Тэгээд Хонгор сумын эмнэлэг рүү явж байхад би Цагаанаа гэдэг хүнээс “та яагаад манай ахыг хутгалж байгаа юм бэ...” гэсэн чинь “...би ямаа алдаг хутгаараа шаачихсан юм...” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р ху/, “..харин Цагаан гэрээс гарч ирээд хамрынхаа цусыг гоожуулж байгаад түрийнээсээ хутга гаргаж ирээд “...Дархадуудыг бүгдийг нь ална...” гээд байсан...Төмөр иштэй, шар өнгийн бариултай төмөр хутга байсан. Миний харснаар мөн байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р ху/, гэрч З.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Ганхуяг намайг сүртэй цохиж зодсон асуудал болоогүй. Ганхуяг намайг нэг удаа алгадсан юм. Ганхуяг бид хоёрын хооронд салгах хэмжээний зодоон цохион болсон зүйл болоогүй. Зодоон яг ямар шалтгааны улмаас болсон талаар хэлж мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 58-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудад нарийвчилсан дүн шинжилгээ хийлгүйгээр зөвхөн шүүгдэгч А.Цагааны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,  дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч О.Цолмонгийн хууль бус, зүй бус ямар үйлдлийн улмаас шүүгдэгч А.Цагааны санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж  дээрхи гэмт хэргийг үйлдэн болох  талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 сарын 11-ний №Б/05 дугаартай эсэргүүцлийг бүрэн хангаж, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 сарын 11-ний №Б/05 дугаартай эсэргүүцлийг бүрэн хангаж, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол А.Цагаанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ