Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 63

 

2016.06.13 Дугаар-63

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     
Хэргийн индекс:156/2016/0065/Э
 
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                 Б.Алтансувд, 
Улсын яллагч:                                         Я.Сансар
Иргэдийн төлөөлөгч                 Д.Цэвээнсүрэн
Хохирогч:                         Ч.Бат-Эрдэнэ 
Шүүгдэгчийн өмгөөлөгч:                  Б.Болортунгалаг,
Шүүгдэгч                                                С.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан

     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Болор-Эрдэнэд холбогдох 201623000097 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумад төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 67А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Намхай овогтой Сандагдоржийн Болор-Эрдэнэ. /РД: СД80112114/
    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талааар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Болор-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Ч.Бат-Эрдэнийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж машины хугархай төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 


ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Болор-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Ч.Бат-Эрдэнийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж машины нум төмрийн хугархайг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр сумын төвд ирчихээд бензин авах гээд явган явж байхад Болор-Эрдэнэ, Зулаа гэж 2 залуутай таарсан. Тэр 2 шартаж үхлээ гэхээр нь дэлгүүрээс 2 шил архи аваад дэлгүүрийн урд талын эзэнгүй хашаанд орж уусан. Уг хашаанд нэг шип архиа уусан бөгөөд нэгийг нь уулгүй аваад өвөртөө хийгээд босоод явах гэтэл Болор-Эрдэнэ миний толгой руу араас цохьсон. Эргээд харахад Болор-Эрдэнэ гартаа машины хугархай нум барьчихсан хохь чинь шүү ална шүү гэж байсан. Би юм дуугараагүй хашаанаас гарахад гадаа Сайнбаяр гэж найз таараад хөөе наад чих чин болохоо байсан байна эмнэлэг явъя гээд дагуулаад эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун чих голоороо тас цохигдоод хоёр хэсэг болчихсон байсан. Тэгээд эмч 7 оёдол тавьж өгсөн. Болор-Эрдэнэ бид хоёр өмнө муудаж маргаагүй зүгээр л 1 шил архи хувааж уусан. Нэг шил архиа өвөртлөөд босоход хувааж уусангуй л гэж миний араас толгой руу цохьсон юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн18-20 хуу/

Гэрч Н.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хөдөө хүргэнийхээ гэрийг нүүлгэх гээд явах гэж байтал дэлгүүрийн үүдэнд Мөнхзул, Болор-Эрдэнэ хоёртой таарсан. Тэр хоёр Бат-эрдэнэ ах таньтай уулзая гээд байна гэхээр нь би дагаж явахад дэлгүүрийн арын эзэнгүй хашаа руу орсон. Тэнд ороод байж байхад Доржхуяг араас ирсэн. Ингээд бид хэд 1 шил Ерөөл нэртэй архи уугаад Бат-Эрдэнэ явъя гэхээр нь би яараад тэгье гээд явах гэхэд Болор-Эрдэнэ Бат-Эрдэнэ ахаа таны өвөрт байгаа архийг уучихая гээд шалсан. Бат-Эрдэнэ уухгүй хөдөө авч явна гэж байсан. Ингээд би түрүүлээд бид нар хашаанаас цувраад гарч байсан чинь Доржхуяг Болор-Эрдэнэ Бат-Эрдэнийг цохьчихлоо гэхээр нь эргэж очиход Бат-Эрдэнэ толгойгоо бариад тонгойгоод хажууд нь Болор-Эрдэнэ машины тал нум барьчихсан зогсож байсан. Би түүнд яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд нум төмрийн хаяулаад Болор-Эрдэнийг гэрлүүгээ яв гээд явуулсан. Бат- Эрдэнийг эмнэлэгт хүргэж өгсөн. ... тухайн үед бид муудаж маргаагүй зүгээр л нэг шил архи хувааж уусан. Бат-Эрдэнэ нэг шил архиа өвөртлөөд босоход тэрийг нь ууя гээд байсан тэгээд уулгаагүй гэж толгойг нь цохьсон байх. Өөр муудаж маргаагуй. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21 хуу/

Гэрч Ч.Доржхуягын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тус өдөр Бат-Эрдэнэ, Бопор-Эрдэнэ, Мөнхзул Сайнбаяр бид нар эзэнгүй байсан Түмэнбаяр гэх айлын хашаанд орж нэг шил Ерөөл нэртэй архи уусан. Тэр хашаанд архи уух гээд ирэхэд Мөнхзул, Болор- Эрдэнэ, Бат-Эрдэнэ нар өмнө нь архи уусан шинжтэй халамцуу байсан Тэр архиа ууж дуусгаад хашаанаас гарах гээд явж байх үед Болор-Эрдэнэ гартаа ойролцоогоор 50-60 см урттай төмөр бариад зогсож байсан. Төмрөөрөө Бат-Эрдэний чих рүү нь цохиод чихийг нь сэтэлсэн байсан. Сайнбаяр бид 2 Бат-Эрдэнийг аваад эмнэлэг орж 3 оёо тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуу /

Гэрч Э.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Сайнбаяр, Доржхуяг, Бат-Эрдэнэ. Болор-Эрдэнэ гэх хүмүүстэй эзэнгүй айлын хашаанд бид нар 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Архиа ууж дуусгаад хашаанаас гарах үед Болор-Эрдэнэ нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Бат-Эрдэнийн чихнээс цус гарсан байсан. Хэн цохьсон, юугаар цохьсон талаар би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 хуу/

Гэрч Д.Мягмархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Бат-Эрдэнийн баруун талын чих нь дунд хэсгээрээ сэтэрсэн арын хэсэг давхар цохигдсон байдалтай байсан. Би 7 оёо тавьсан. Арынхаа хэсэгтэй нийлээд байгаа юм. Оёогоо оир ойрхон тавихгүй бол цус алдаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 хуу/ 
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.110 дугаартай:
1. Ч.Бат-Эрдэний биед баруун чихний дэлбээний сэтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 41хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Болор-Эрдэний согтуугаар иргэн Ч.Бат-Эрдэнийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж машины хугархай нум төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
    Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулж, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан болон түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Намхай овогт Сандагдоржийн Болор-Эрдэнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болор-Эрдэнийг 04 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болор-Эрдэнэд оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болор-Эрдэний цагдан хоригдсон 38 хоногийг ял  эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай нум төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч С.Болор-Эрдэний охин Б.Намуунааг өвөө Н.Сандагдорж /СД54060916/, эмээ Д.Наранмандах /РД: СД58031701/ нарынх нь асрамжид үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Болор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                          

    

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                 Л.УЯНГА
        
           ШҮҮГЧ                                  Д.ГАНЗОРИГ