Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/428

 

 

 

 

 

  2021            08            12                                    2021/ШЦТ/428

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Төгсжаргал /томилолтоор/, шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч Э.О-, тэдний өмгөөлөгч Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ын Б-, Т овогт Э-ы О- нарыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010024430074 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Могул Ферм” ХХК-д тэжээлийн бэлтгэгч  ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Б- /РД: 00000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Нийслэлийн Онцгой байдлын харьяа аврах, гал унтраах 65 дугаар ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Э-ы О- /РД: 00000000/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсгийн 39в тоотод үйл ажиллагаа явуулдаг “Могул Ферм” ХХК-д ажиллаж байхдаа, тээврийн хэрэгсэл ашиглан, 2 тонн өндөглөгч тахианы тэжээлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү, хохирлоо биет байдлаар төлж барагдуулсан...” гэв.

 

Шүүгдэгч Э.О-: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, Онцгой байдлын харьяа гал унтраах ангид гал сөнөөгч хийдэг, ажлын шаардлагаар Улаанбаатар хотод гал гарсан, өөр байдлаар ажлаа гүйцэтгэж дүүрэг бүрээр явдаг ажлын онцлогтой учир зорчих эрхийг хязгаарлах ялыг өргөн хүрээнд тавьж өгнө үү, хохирлоо төлж барагдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О- ажиллахаар ирсэн. ...О-ыг Б-той хамт тэжээлийн үйлдвэрт ажилла гээд оруулсан. Удалгүй Б-, О- хоёрыг “Угтуул Алтай” ХХК дээр очоод шуудай аваад ир гэж хэлээд явуулсан. Тэр хоёр компанийн эзэмшлийн 82-27 УНВ дугаартай машинтай явчхаад  цайндаа орчихсон байна гээд буцаж ирээд хэсэг байж байгаад дахин яваад нилээн удаж байгаад ирсэн. Тэр үед миний сэжиг төрөөд эхнэртэйгээ хамт хяналтын камераа шүүж үзэхэд шуудайтай тэжээлийг бүхээгтэй машинд ачаад гарсан байсан. ...Тухайн үед буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт автомашинаар тэжээл авч гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр алдагдсан тэжээлүүдийг бүрэн бүтэн хүлээж авсан. О-, Б- хоёр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82-27 УНВ улсын дугаартай автомашинаар тэжээл хулгайлсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 23-24, 25-26, 104/ гэсэн

 

Гэрч С.Баярсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Тэр өдөр 13 цагийн үед Б-т “Угтуул Алтай” ХХК руу яваад шуудай аваад ир гэж хэлсэн. Тэр үед 82-27 УНВ дугаартай амьжиргаа цагаан машин дээр шуудайтай тэжээл ачсан байхаар нь энийг яах гэж ачсан бэ гэхэд хойшоо тахианы заал руу оруулж өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Хэдэн шуудай байгаа вэ гэхэд 12 гэж хэлсэн. Дараа нь 100 шуудай авчирсан. ...О-, Б- хоёрын байгаа байдал нь нэг л сэжигтэй санагдаад байхаар нь хяналтын камер шүүгээд үзэхэд нилээд хэдэн шуудай тэжээл ачаад шууд гараад явчихсан байсан. Манайх тэжээлээ зардаггүй учраас компанийн хашаанаас тэжээл авч гарах ёсгүй, тэгээд О-аас энэ талаар асуухад тийм юм байхгүй гээд байсан. Харин Б-ийг дуудаж ирээд асуухад 40 шуудай авсан, 20 шуудай нь манай хашаанд, 20 шуудай нь О-ын хашаанд байгаа гэж хэлсэн...” /хх-ийн 27-28/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнгөний хэрэг гараад О-т тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 шуудай тахианы тэжээл аваад манай хашаанд буулгая гэхэд болох юм уу гэхээр нь зүгээрээ, гайгүй байх, мөнгөний хэрэг байна гээд ажлын амьжиргаа цагаан машинд О- бид хоёр ачаад О-ын хашаанд буулгасан. Тэгээд энэ өдрөө 12 цагийн үед дахиад 20 шуудай тахианы тэжээл амьжиргаа цагаан машинаар зөөгөөд манай хашаанд буулгасан. Тэгээд манай ажил дээр буцаад ирэхэд захирал мэдсэн байсан...”  /хх-ийн 120-121/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил хийж байсан чинь Б- хамт ганц, хоёр шуудай тахианы тэжээл гаргах уу гэхээр нь болохгүй шүү дээ гэхэд зүгээрээ, чамд янз бүрийн юм болохгүй гэсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд 12 цагийн үед санаж байна, ажлын амьжиргаа цагаан машин дээр 20 шуудай тахианы тэжээл ачаад манай хашаанд буулгаад, дахиад 14 цагийн үед 20 шуудай тахианы тэжээл нууцаар аваад Б-ийн хашаанд буулгасан. Тэгээд ажил дээр буцаад ирэхэд захирал мэдсэн...” /хх-ийн 127-128/ гэсэн мэдүүлгүүд,  

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6-48, 108/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94-98, 112-114/,

- Шүүгдэгч Б.Б-, Э.О- нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 81/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70, 88/, , гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 71, 78/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69, 77/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72, 79/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 83-90/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсгийн 39в тоотод үйл ажиллагаа явуулдаг “Могул Ферм” ХХК-д ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэл ашиглан 2 тонн өндөглөгч тахианы тэжээлийг нууцаар, хууль бусаар авч, хохирогч “Могул Ферм” ХХК-д 2,360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билэгдэмбэрэлийн “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...О-ыг Б-той хамт тэжээлийн үйлдвэрт ажилла гээд оруулсан. Удалгүй Б-, О- хоёрыг “Угтуул Алтай” ХХК дээр очоод шуудай аваад ир гэж хэлээд явуулсан. Тэр хоёр компанийн эзэмшлийн 82-27 УНВ дугаартай машинтай явчхаад  цайндаа орчихсон гээд буцаж ирээд хэсэг байж байгаад дахин яваад нилээн удаж байгаад ирсэн. Тэр үед миний сэжиг төрөөд эхнэртэйгээ хамт хяналтын камераа шүүж үзэхэд шуудайтай тэжээлийг бүхээгтэй машинд ачаад гарсан байсан...” /хх-ийн 23-24, 25-26, 104/ гэсэн, гэрч С.Баярсүрэнгийн “....Тэр өдөр 13 цагийн үед Б-т “Угтуул Алтай” ХХК руу яваад шуудай аваад ир гэж хэлсэн. Тэр үед 82-27 УНВ дугаартай амьжиргаа цагаан машин дээр шуудайтай тэжээл ачсан байхаар нь энийг яах гэж ачсан бэ гэхэд хойшоо тахианы заал руу оруулж өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Хэдэн шуудай байгаа вэ гэхэд 12 гэж хэлсэн. Дараа нь 100 шуудай авчирсан. ....О-, Б- хоёрын байгаа байдал нэг л сэжигтэй санагдаад байхаар нь хяналтын камераа шүүгээд үзтэл нэлээд хэдэн шуудай тэжээл ачаад шууд гараад явчихсан байсан. Манайх тэжээлээ зардаггүй учраас компанийн хашаанаас тэжээл авч гарах ёсгүй, тэгээд О-аас энэ талаар асуухад тийм юм байхгүй гээд байсан. Харин Б-ийг дуудаж ирээд асуухад 40 шуудай авсан, 20 шуудай нь манай хашаанд, 20 шуудай нь О-ын хашаанд байгаа гэж хэлсэн...” /хх-ийн 27-28/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ийн “...Мөнгөний хэрэг гараад О-т тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 шуудай тахианы тэжээл аваад манай хашаанд буулгая гэхэд болох юм уу гэхээр нь зүгээрээ, гайгүй байх, мөнгөний хэрэг байна гээд ажлын амьжиргаа цагаан машинд О- бид хоёр ачаад О-ын хашаанд буулгасан. Тэгээд энэ өдрөө 12 цагийн үед дахиад 20 шуудай тахианы тэжээл амьжиргаа цагаан машинаар зөөгөөд манай хашаанд буулгасан. Тэгээд манай ажил дээр буцаад ирэхэд захирал мэдсэн байсан...”  /хх-ийн 120-121/ гэсэн, шүүгдэгч Э.О-ын “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийж байхад Б- хамт ганц, хоёр шуудай тахианы тэжээл гаргах уу гэхээр нь болохгүй шүү дээ гэсэн чинь зүгээрээ, чамд янз бүрийн юм болохгүй гэсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд 12 цагийн үед санаж байна, ажлын амьжиргаа цагаан машин дээр 20 шуудай тахианы тэжээл ачаад манай хашаанд буулгаад, дахиад 14 цагийн үед 20 шуудай тахианы тэжээл нууцаар аваад Б-ийн хашаанд буулгасан. Тэгээд ажил дээр буцаад ирэхэд захирал мэдсэн...” /хх-ийн 127-128/ гэсэн мэдүүлгүүд,  дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6-48, 108/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94-98, 112-114/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 “...учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь 40 шуудай тахианы тэжээлийг хулгайлж авахын тулд “Сайн Хүнс Трейд” ХХК-ийн эзэмшлийн 82-27 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ....” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тахианы тэжээл авахаар санаатай нэгдэж, хоёр удаагийн үйлдлээр 40 шуудай тахианы тэжээлийг өөрсдийн хашаа руу зөөж авч явсан бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар  маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Могул Ферм” ХХК-ийн эд хөрөнгөд 2,360,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билэгдэмбэрэл гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 14-20/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Б-, Э.О- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-, Э.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, эрхэлж буй ажил нь мөн тухайн хороонд харьяалагддаг гэх тул шүүгдэгч Б.Б-, Э.О- нарыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ойлгож хураан авахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-, Э.О- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 82-27 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Сайн Хүнс Трейд” ХХК-ийн өмчлөлийнх /хх-ийн 95/ байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,800,000 /хх-ийн 108/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах буюу шүүгдэгч Б.Б-оос 2,900,000 төгрөг, шүүгдэгч Э.О-аас 2,900,000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2010024430074  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-, Э.О- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-, Т овогт Э-ы О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-, Т овогт Э-ы О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Б-, Т овогт Э-ы О- нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Э.О-ыг түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.О- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/, шүүгдэгч Э.О-аас 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн 2010024430074  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-, Э.О- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Д.АЛТАНЖИГҮҮР