Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 19

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Л.Ба-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хууль бус захиргааны акт хүчингүй болгох тухай Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Л.Ба-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ганболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Долгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэсэн заалт, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Үндэслэл: 1. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийн 1 дэх заалтанд: Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдсан мэргэжлийн хувьд сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй, хууль бусаар бүртгүүлж, удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж төрийн албаны зөвлөлийн 2014 оны 52 дугаартай шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг зөрчин Л.Бадавгаравыг Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/317 дугаар хууль бус захиргааны актыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчингүй болгосугай гэжээ. Энэ заалтад дурдсан төрийн албаны зөвлөлийн 2014 оны 52 дугаартай шийдвэрийг төрийн албаны төв байгууллага буюу төрийн албаны зөвлөлөөс гаргаагүй байхад Засаг даргын захирамжийн үндэслэл болгосон нь алдаатай байна. Төрийн албаны тухaй хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар төрийн албаны төв байгуулллага нь төрийн албаны зөвлөл юм. Харин Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс 2014 оны 52 дугаар тогтоолыг гаргасан ба энэ тогтоолыг хүчингүй болгох талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд дээд шатны байгууллага буюу төрийн албаны зөвлөлд хандаагүй тул энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжинд Л.Ба-ын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхад Л.Бадавгарав гэж бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай байна. 2. Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2014 оны 52 дугаартай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай захирамжийн 1 дэх заалтанд: Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдсан мэргэжлийн хувьд сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй хууль бусаар бүртгүүлж удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж төрийн албаны зөвлөлийн 2014 оны 52 дугаартай шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг зөрчин Л.Ба-ыг Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон гэж захирамжийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна. 3.Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай захирамжийн 3 дахь заалтанд ...дээрх захирамж хүчингүй болсон тухай Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгч Л.Ба-т мэдэгдэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /А.Шаравжамц/-т ажил хүлээлцэх комисс томилж, холбогдох тооцоо хийж дуусган дүнг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор танилцуулахыг Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж-д тус тус үүрэг болгосугай гэжээ. Энэ заалтад дүгнэлт хийхэд Л.Ба-ыг ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хүлээлцэх комисс томилсон нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгч Л.Ба-ын ажлын байр нь хэвээр хадгалагдаж байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалт нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.2.4-д заасан Захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэсэн заалтыг захирамжийн удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Завхан аймгийн Боловсролын газраас Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарласан мэдээллийг Л.Ба- нь уншиж танилцаад сонгон шалгаруулалтанд оролцох материалыг бүрдүүлж, Завхан аймгийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын комиссоос тогтоосон материал авах хугацаанд материалыг бүрдүүлж өгөхөд Боловсролын газрын ажилтан бүртгэж хүлээн авсан. Завхан аймгийн Боловсролын газраас сонгон шалгаруулалтанд оролцох материалыг бүрдэл дутуу гэж буцаагаагүй. Тиймээс зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж 60 оноо авч тэнцсэн. Л.Ба- нь дээрх сонгон шалгаруулалтанд бүртгүүлж оролцохдоо шалгалтанд тэнцэж албан тушаалд томилогдохдоо, захиргааны акт гаргуулахдаа бусдыг хууран мэхлээгүй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдээгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч бичиг баримт үйлдэж ашиглах гэмт хэргийг үйлдээгүй, айлган сүрдүүлээгүй, авлига өгөөгүй. Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахуул өгөх, авах гэмт хэрэг, зөрчлийг үйлдээгүй энэ талаар хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоогоогүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан Захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэсэн заалтыг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин сонгон шалгаруулалтын комисс нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж тодруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Л.Ба-ын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан бөгөөд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор миний бие дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсгийг үндэслэн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангалгүй хууль бусаар бүртгүүлж, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 52 дугаартай шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг зөрчин Л.Ба-ыг Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/317 дугаартай хууль бус захиргааны актыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Ба- нь 2014 онд төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох үедээ Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн хувьд сургуулийн өмнөх боловсролын багш байх, мэргэшлийн хувьд сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангаагүй байхдаа тус шалгалтанд оролцсон болох нь Л.Ба-ын МУБИС-ийн багшийн сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэн, тус сургуулийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/30 дугаар тушаалаар олгосон D201507198 дугаартай бакалаврын дипломоор нотлогдож байна. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д... аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалагруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн шаардлагыг хангалгүй томилсон. Захиргааны акт нь утга агуулгын хувьд алдаатай гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актын илэрхий алдааг засах гэж байгаа. Уг захиргааны акт нь бичилтийн алдаатай байсныг манай талаас засч явуулсан. Бичилтийн алдаа гаргасан хүнд сахилгын арга хэмжээг ногдуулж ажилласан байгаа. Мөн Төрийн албаны салбар зөвлөл Л.Ба-тай холбоотой болохоор Төрийн албаны салбар зөвлөлийн актыг өөрчилснөөр Л.Ба-ын эрх ашиг зөрчигдөхгүй, мөн манай талаас захиргааны актын алдааг засч ажилласан. Тийм учраас уг актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй. Иймд иргэн Л.Ба-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хууль бус захиргааны акт хүчингүй болгох тухай Б/43 дугаар захирамжийн 1 дэх заалтын Төрийн албаны зөвлөлийн ... гэх бичвэр, мөн зүйлийн Л.Бадавгаравыг ... гэх бичвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасан хэм хэмжээний нөхцөлд хамаарах илт хууль бусад тооцох үндэслэлтэй захиргааны акт гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б/43 дугаар захирамжийн 1 дэх заалтын бичвэрийн үг, үсэгийн алдаа нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үр дагаваргүй, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тул илт хууль бус захиргааны акт биш гэж тус тус маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заажээ. Энэхүү заалт нь дараах агуулга, хэлбэртэй байна. Үүнд 1. Захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй /зохицуулалтгүй/ 2. Захиргааны актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдохоор /агуулга нь тодорхой бус/. 3. Найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр бол тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцохоор байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх заалт нь дараах агуулга, хэлбэртэй байна. Үүнд 1. Захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад захиргааны акт гаргасан. /хуульд үндэслээгүй/ 2. Захиргааны байгууллага албан тушаалтан тухайн харилцааг зохицуулсан хуулийн хязгаарлалтыг зөрчсөн, хуулиас гадуур /дур мэдэн/ хязгаарлалт тогтоосон захиргааны акт гаргасан. 3. Өөрт хуулиар олгогдсон /бүрэн эрхээ хэтрүүлж/ захиргааны акт гаргасан тохиолдолд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж ойлгохоор байна.

Маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2018 оны Б/43 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасан утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хэм хэмжээний нөхцлийн дээр дурдсан шинжүүдийг өөртөө агуулж, хэлбэржээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын бичилт ... бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ... засах эрхтэйгээр зохицуулсан ба Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар Б/43 дугаар захирамжийн Төрийн албаны зөвлөлийн гэх бичвэрийн алдааг Төрийн албаны салбар зөвлөлийн гэж уг Б/43 дугаар захирамжийн үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөлгүйгээр зассаныг буруутгах боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Завхан аймгийн Засаг даргын Б/43 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалт нь үндэслэлгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг заалт нь нэхэмжлэгчид хамаарах үйл баримтад үндэслэсэн гэж тус тус маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэх нөхцлийг тодорхойлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх заалтын захиргааны актыг гаргуулахдаа ... бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэх зохицуулалтын нөхцлийг нэхэмжлэгчид хамаарах үйл баримтад үндэслэсэн гээд, Л.Ба- нь Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын ажлын байранд тавигдсан мэргэжил, мэргэшил-сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй 2013 оны сонгон шалгаруулалтад материалаа ирүүлээд шаардлага хангахгүй буцаж байсан. 2014 онд дахин зарлагдсан сонгон шалгаруулалтад сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаж байгаа гэсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн тодорхойлолтоор бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцсон, улмаар уг албан тушаалд томилогдсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан зохицуулалтын нөхцөлд хамаарна гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Ба- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын ажлын байранд тавигдсан мэргэжил, мэргэшил-сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангалгүй 2013 онд сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасагдаж байсан. 2014 онд уг албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй байсан боловч сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаж байсан тул болох байх гэж бодоод Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас суралцаж байгаа гэсэн тодорхойлолт гаргуулж сонгон шалгаруулалтын комисст өгсөн гэж тайлбарлаж байна. Иймд мэргэжил, мэргэшлийн хувьд Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй байхдаа сонгон шалгаруулалтад оролцож, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон гэх үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн боловсролын бичиг баримтаар нотлогдож байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий иргэн Л.Ба-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ба-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР