Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0308/З |
Дугаар | 221/МА2023/0332 |
Огноо | 2023-05-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0332
2023 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2023/0332 | Улаанбаатар хот |
“Ж*** р***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, өмгөөлөгч Б.Т*** нар,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж*** р***” ХХК,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны 338 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0182 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Хэргийн индекс: 128/2022/0308/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж*** р***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны 338 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0182 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий “Ж*** р***т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, үндэслэл муутай болсон. Манай компани арав гаруй жил одоогийн байгаа хаяг дээрээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, буруу хаягаар мэдэгдлийг хүргүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч компанид тийм хаяг, шуудангийн хайрцаг байгаагүй,
3.2 Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах ба ажлын байрыг хадгалах” гэж заасан байхад олон хүнийг ажил орлогоос салгасан шийдвэр гаргасан төрийн байгууллагын шийдвэрийг шүүх зөвтгөсөн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Монгол Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д зааснаар бүх төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгох эрхтэй байсан. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” хэмээн тус тус зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр болсон.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Ж*** р***” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 716 дугаар шийдвэрийн үндсэн дээр Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Бор нуруу нэртэй 62.12 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-15*** дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.
5. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн “Тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл ТЗ-ийн дагуу: МВ-015***” гэх баримтад нэхэмжлэгч “Ж*** р***” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрөл хэсэгт “Түгээмэл, Шавар” хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд хийсэн тайлбараар нэхэмжлэгч “Ж*** р***” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-15*** дүгээр тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох шаврын ордод хамааралтай гэх үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайлсан журам гаргасан. Журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлан маргаж байна.
7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-15*** дүгээр тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл мөн эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгаачлан төрийн эрх бүхий байгууллагаас тухайлсан журам гаргаж замаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хариуцагч Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА