Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 64

 

           

2016,6,15               64

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0069/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн  хуралдаанд

Улсын яллагч:                                       Я.Сансар,
Нарийн бичгийн дарга:               Н.Болор-Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:               Д.Гангантөгс, Б.Дашдорж,
Шүүгдэгч:                       Б.Лхагважав нарыг оролцуулан 
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Ховд аймгийн Булган суманд 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бангаахан овогт Базаррагчаагийн Лхагважав  /РД:ПБ88100879/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Лхагважав нь 2016 оны 3 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд  Ерөнхий боловсролын сургууль дотор иргэн Б.Анхцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хөхийг нь барьж, дээр нь гарч хүчиндэхийг завдсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 
Хохирогч Б.Анхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 03 сарын 07-ны өдөр үдээс хойш 15 цаг өнгөрч байх үед гэртээ хувцас оёод сууж байтал миний гар утас руу Батаахай гэдэг манай нийгмийн ажилтан залгаад Иргэний танхимд 17 цагаас багш нарын дунд үйл ажиллагаа зохион байгуулна гэж надад хэлсэн. Тэр үйл ажиллагаанд оролцоход мөнгө төлнө байх гэсэн ойлголттой байсан болохоор Батаахайд мөнгө байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал Зулцэцэг, Солигдсонцэцэг 2 манайх руу ирээд Зулцэцэг би нөхрийнхөө машинтай явж байна. Иргэний танхимд болж байгаа үйл ижиллагаанд оролцхгүй 3-лаа баяраа тэмдэглье гэж надад хэлсэн. Гэрт манай нөхөр байсан болохоор би нөхрөөсөө асуусан чинь манай нөхөр Чинчинноров яваад ир ээ гэсэн. Тэгээд иргэний танхимд очсон чинь сургуулийн захирал Билэгсайхан цаг барьдаггүй хоцорч ирсэн торгуулийн хундага гээд Солигдсонцэцэг бид хоёрт нэг удаагийн цагаан аягаар талаас нь дээгүүр архи хийж өгсөн. Солигдсонцэцэг бид хоёр тэр өгсөн архийг нь уусан. Уухгүй гэхээр нэмж архи хийх гээд байсан юм.Тэгээд ширээнд суугаад хоол унд идсэн. Тэгтэл захирал топ сургууль болсон гээд жижиг дөрвөлжин шилтэй шар өнгөтэй архи задалсан. Тэгээд ахмад багш нараас эхлээд тэр архинаасаа хийж өгсөн. Тэр үед манай охин уйлагнаад байсан чинь бусад багш нар маань охиноо авчирлаа гээд байхаар нь нөхөр рүүгээ утасдаж охиноо ирж ав гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр гэрт тоггүй байна охин уйлаад байна гэхээр би нөхөртөө би өөрөө хүргээд өгье гэж хэлсэн. Баярын ширээн дээр их архи байсан болохоор би тэндээс гаръя гэж бодоод захиралд би бие засчихаад ирье гэсэн чинь манай захирал 50 настай би бие засаагүй байхад чи бие засаад байхдаа яадаг юм бэ сууж бай гэж надад хэлсэн. Захирлын тойруулж байсан архи над дээр ирсэн. Надад 1 удаагийн аяганы талаас доогуур архи хийж өгөхөөр нь би уусан. ... Тэгээд архийг уучихаад захиралд охиноо хүргэж өгчихөөд ирье гэсэн чинь захирал одоо гарсан хүн торгуулийн юм авчирна шүү гээд байхаар нь би зөвшөөрөөд охиноо аваад гарсан. Манай гэр иргэний танхимаас нилээн зайтай болохоор нь би 30 минутын хугацаанд нь амжих гээд дэлгүүрийн гадаа зогсож байсан нэг танихгүй хүүхдээр мотоциклоор гэртээ хүргүүлсэн. Гэртээ очиход манай гэрт гэрэлгүй байсан. Би охиноо үлдээгээд гараад явсан. Иргэний танхим руу явж байхад Ганхор таарахаар нь хаачих гэж байгаа юм бэ гэж асуусан чинь Хэрлэн эгчээс мөнгө аваад памперс авахаар явж байна гэж хэлэхээр нь  би дэлгүүрээс лаа аваад Ганхортой хамт дэлгүүр рүү явж лаа болон памперс зээлж аваад өгч явуулсан. Тэгээд бас захирал торгуулийн архи авчраарай гэсэн болохоор би 0,75 литрийн 1 шил архи авсан мөн багш нартаа бас нэг 1 шил дарс авсан. Захирал намайг гарахад торгуулийн юм энэнээс том шүү гээд байсан болохоор хамгийн том шилтэй архинаас нь авсан. ... архиа аваад буцаад иргэний танхимд очиход 20 цаг өнгөрч байсан байх ямар ч гэсэн дэлгүүр хаагаагүй байсан юм. Тэгээд иргэний танхимд очоод торгуулийн 1 шил архи болон багш нартаа авсан 1 шил дарсаа хамт захиралд өгч ширээнд суугаад захирал надад 1 удаа архи хийж өгсөн бусад багш нар мөн архинаас ууцгаасан. Би захирал архи хийж өгснөөс хойш 4 удаа хийж өгсөн архийг нь уусан. Надад хийж өгч байсан архи нь нэг удаагийн аяганы тал орчмоор нь хийж өгч байсан. Хийж өгсөн архийг нь уухгүй гэвэл нэмж хийж өгөх гээд байсан болохоор арга буюу би хийж өгсөн архийг нь уусан. Тэгээд нэг мэдсэн миний гар хөл сулраад согтож байгаа юм шиг санагдсан, тэгээд би нөхөр лүүгээ өөрийнхөө гар утсаар залгаад би согтсон байна намайг ирж ав гэж хэлсэн. Би энэ үед юу болоод байгааг бол мэдэж байсан. Тэгээд би нөхөртэйгээ утсаар ярьчихаад байж байтал Дэлээ буюу Дэлгэрцогт ирээд чамайг хүргэж өгөх үү гэж асуухаар нь би Дэлгэрцогтод манай нөхөр ирж авна гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг хүн ирээд явъя гэхээр нь би нөхрийгөө гэж бодоод хамт иргэний танхимаас гарсан. Иргэний танхимаас гартал манай нөхрийн мотоцикль байхгүй болохоор гайхаад хартал Лхагважав байсан. Би Лхагважавыг яах гээд байгаа юм бэ гэтэл намайг явъя гээд чирээд явсан. Би эсэргүүцэх гэсэн боловч хамаг бие суларчихаад ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Лхагважав миний араас цээжнээс тэврээд намайг түлхэх маягтай яваад байсан. Миний хөл гар сул байсан болохоор сүүлд нь гутлаа харахад миний гуталны будаг халцарчихсан байсан. Тэгээд би Лхагважавд хаашаа яваад байгаа юм бэ гэтэл явж байна, явж байна гээд л байсан. Тэгж байгаад намайг сургууль руу чирээд орсон. Би Лхагважавд би харьмаар байна гэсэн чинь Анхаа чимээгүй бай, камертай гээд байсан. Тэгэхээр нь би айгаад уйлсан.  Лхагважав намайг сургуулийн коридороор араас түлхээд яваад байсан. Тэгж байгаад сургуулийн 2 давхар руу гардаг шатны доор намайг хүчээр аваачсан. Тэгээд намайг хэвтүүлээд миний дээрээс өөрөө дарчихаад намайг үнсээд миний өмдийг шувтлаад өмд рүү гараа хийгээд байсан. Би Лхагважавд болиоч ээ гээд айгаад нөхрийнхөө нэрийг дуудсан чинь Лхагважав миний амыг гараараа дарсан.  Тэгээд би эсэргүүцэх гэсэн боловч уусан архинаасаа болоод би гар хөлөө хөдөлгөж дийлэхгүй байсан.Тэгтэл нэг юм дугарах шиг болсон. Тэгсэн чинь Лхагважав сандраад миний дээрээс боссон. Тэгтэл Дэлгэрцогт орж  ирээд Лхагважавтай юм яриад байх шиг байсан. Би тэр 2-ын юу ярьж байгааг нь сонсоогүй. Тэгээд зөрөөд Лхагважав гараад явах шиг болсон. Би хөдөлж чадахгүй байсан болохоор яг гараад явж байхыг нь харж чадаагүй, хөлийнх нь чимээгээр гарч байна гэж ойлгосон. Тэгээд Лхагважавыг гарсны дараа Дэлгэрцогтоос би босоод явж чадахгүй байна туслаач ээ гэж Дэлгэрцогтод хэлсэн. Дэлгэрцогт нөхөр чинь чамайг хайгаад явж байна гэж хэлсэн. Тэгсэн Дэлгэрцогт чамайг хүчиндчихсэн юм уу гээд миний салтаа руу гараа хийж байсан. Тэгээд нөхрийг чинь дуудаад ирье гээд гараад явсан. Тэгээд нэг мэдсэн манай нөхөр ирчихсэн намайг өргөж байсан. Намайг эмнэлэг рүү явсан байх.  Тэрнээс хойш бол юм болсныг санахгүй байна. Ямар ч байсан сургуулиас гараад явж байхад манай нөхөр манай эхнэр яахаараа энд ингээд байж байдаг юм бэ гэтэл Лхагважав наадах чинь 4 багштэй ирсэн. Багш нар чинь сургууль руу орох эрхтэй байдаг юм гэж манай нөхөрт хэлж байсан. Би энэ үгийг нь сонсоод намайг ийм болгочихоод яагаад худлаа яриад байгаа юм гэж дотроо бодож байсан боловч өөрөө Лхагважавд хэлж чадаагүй.  Би энэ явдлаас хойш сэтгэл санаагаар маш их унасан. Лхагважав надаас уучлал гуйж миний хохирлыг барагдуулж өгсөн учраас түүнд гомдолгүй гэсэн мэдүүлэг.
Гэрч Б.Чинчинноровын мөрдөн байцаалтад өгсөн: Тэр өдөр манай эхнэр сургуулийн хамт олонтойгоо Иргэний танхимд эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болоод багш Зулцэцэг, Солигдсонцэцэг хоёртой хамт гарсан. Гарахдаа охин Ариунаа дагаад байхаар нь эхнэр охиноо аваад явсан. Тэгээд 20.00 цаг өнгөрөөгөөд манай эхнэр охиноо аваад гэртээ ирсэн. Эргэж гарахдаа захирал эргэж ирээрэй гэсэн ирэхдээ торгуулийн архи авчираарай гэсэн гээд дэлгүүрээс нэг шил архи аваад иргэний танхим руу явсан. Нилээд удаж  байгаад 22.40 минутын орчим байх над руу эхнэр залгаад ирж аваарай гэсэн. Би хоёр хүүхдээ унтуулж орхичихоод иргэний танхим руу 23 цагийн үед очиход манай эхнэр байхгүй байсанв Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Ингээд би эхнэрээ хайгаад бүжиг болж байгаа соёлын төв рүү очиход тэнд байхгүй байсан. Тэгээд эргэж гэр рүүгээ өөрөө яваад очсон юм болов уу гээд очиход байхгүй байсан. Тэгээд буцаад соёлын төвд очоод нэг танихгүй хүний утсыг гуйгаад утас руу нь залгахад утсаа аваад би сургууль дээр байна ирээд аваач ээ гээд уйлаад байсан. Би сургууль руу явж байхад сургуулийн баруун урдхан талд галч Дэлгэрцогттой таарсан. Түүнээс манай эхнэрийг харвуу гэж асуухад би хараагүй мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байгаад хажуу айл болох Лхагважавын эхнэрээс Лхагважав байна уу гэж асуухад байхгүй сургууль дээр гараатай байгаа гэсэн. Ингээд би сургуулийн уурын зуух руу яваад очиход Лхагважав байж байсан бөгөөд нэлээд согтуу байсан. Би түүнээс эхнэрээ асуухад мэдэхгүй, түрүүнд 4 багш сургуульруу орсон. Багш нар сургууль руу орох эрхтэй байдаг юм гэж хэлсэн. Би түүнд сургууль руу орж үзмээр байна гээд Лхагважавыг дагуулаад сургууль руу ороход манай эхнэр сургуулийн 1 давхарын шатны хажууд өмд нь хагас шувтарсан бэлэг эрхтэний үс нь ил гарчихсан хэвтэж байсан. Би манай эхнэр яагаад энд хэвтэж байгаа юм бэ гэхэд Лхагважав би яаж мэддэг юм бэ багш нар бүрэн эрхтэй өөрсдөө  ийшээ орсон байх гэж байсан. Ингээд би эхнэрээ тэвэрч аваад суруулиас гараад мотоцикль дээрээ авч явах гэхэд болохгүй болохоор Лхагважавтэй хамт гэр рүүгээ хүргүүлсэн. Гэртээ очоод эмнэлэг дуудаж, мөн цагдаа дуудаж байгаа байдлыг хэлсэн. Би эхнэрийг утсаар 22.40 миунутанд ярьсаны дараа 15 минутын дараа иргэний танхим дээр очоод байхгүй болохоор нь соёлын төв ороод сургуулийн тэнд очсон гэж бодохоор 23 цагийн үед л Дэлгэрцогттой сургуулийн гадаа таарсан байх гэсэн мэдүүлэг. /хх-69-70х/
Гэрч Д.Зулцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хэрэг болдог өдрийн оройны 23 цагийн үед Анхцэцэгийн нөхөр манай гэрийн хаалгыг тогшоод Анхцэцэг байна уу гэж асуусан. Би иргэний танхимд үлдсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Солигдсонцэцэг манайд унтаж байхад утас нь дуугараад Анхцэцгийг эмнэлэг дээр байгааг мэдсэн. Тэгээд бид хоёр очиход Анхцэцэг эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад намайг сургуульруу Лхагважав хүчээр авч яваад хүчиндсэн гэж хэлсэн. Би түүнээс чи итгэлтэй байна уу гэхэд Лхагважав мөн байсан. Би түүнийг таньсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-73-74 х/
Гэрч А.Солигдсонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  Анхцэцэгийг эмэнэлэгт байна гэж хэлэхээр нь би Зулцэцэгтэй хамт очиж Анхцэцэгтэй уулзсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхлээд юм дуугарахгүй хэвтээд байсан. Тэгж байснаа өчигдөр орой Лхагважав намайг сургууль руу хүчээр авч ороод намайг хүчиндсэн. Би согтуу байсан болохоор эхлээд нөхрийгөө гэж бодсон. Тэгсэн Лхагважав байсан гэж хэлсэн. Зулцэцэг бид хоёр үнэн юм уу гэхэд Анхцэцэг үнэн би Лхагважавыг байсан гэдгийг мэдэхгүй яах юм бэ? Тэр намайг хүчиндсэн гэж байсан гэсэн мэдүүлэг. /хх-75-76х/
Гэрч С.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Би өрөөндөө Дэлгэрцогт, Лхагважав нарыг суулгаж байсан. Гэхдээ хохирогч Анхцэцэгийг тэр хоёртой хамт суулгаж хэргийн талаар асуусан зүйл байхгүй. Анхцэцэгээс асуусан зүйл бол таны гомдол гаргасан хүмүүс мөн үү л гэж асуусан. Анхцэцэг мөн  гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. ... Лхагважав харин манай албан өрөөнд орж ирээд томроод дөрвөн шийр мал болдоггүй дөрвөд хүн хүн болдоггүй гэх зэргээр Анхцэцэг түүний нөхөр хоёрыг харааж ерөөгөөд л толгой холбоод яриад байсан. 6 жил найзалж байгаа хар багийн найзууд байж намайг хэрэгт чихлээ гэж яриад байсан тэрнээс биш Анхцэцэг өрөөнд хэргийн талаар яриагүй ээ. Би тэр гурвыг хооронд нь харьцуулахгүй байж байгаад Жаргалтхаан суманд аваачин цагдаагийн хэсэг дээр хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-81-82х/ 
Гэрч Д.Түмэнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай нөхөр Дэлгэрцогт тэр орой галчаар ажилтай байсан. Ингээд би бүжиг дээр байж байгаад оройхон 23 цагийн үед шиг санаж байна нөхөр рүүгээ залгаад хүргээд өгчих гэж хэлсэн. Манай нөхөр намайг соёлын төв дээрээс ирж аваад гэр рүү хүргэж өгсөн. Замдаа Дэлгэрцогт сая сургууль руу орсон чинь Анхцэцэг согтуу хэвтэж байна өмд нь хагас тайлагдсан байсан сургууль орохоос өмнө Анхцэцэгийн нөхөртэй сургуулийн гадна таарахад надаас эхнэрээ асуугаад явж байсан. Анхцэцэг туслаач гээд байна лээ. Би чамайг гэрт оруулаад эргэж Анхцэцэгийн нөхрийг олж уулзаад сургууль дотор эхнэр нь байна гэдгийг хэлье гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх79-80 х/  
Шүүгдэгч Б.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 сарын 07-ны өдөр багш нар эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэсэн юм. Би тэр өдөр сургууль дээр ээлжийн ажилтай байсан. Би тухайн үед архи уучихсан байсан. Би багш Анхцэцэгийг ийм байдалд оруулсандаа үнэхээр их харамсаж түүнээс уучлалт гуйж байна. Гэхдээ түүнийг хүчиндээгүй. Уг үйлдлийг хийх гэж байхад хүн орж ирэх шиг чимээ гарч хүн ирэхээр нь больсон юм. Би хохирогчоос уучлалт гуйж түүнд хохирлын мөнгө гэж 2500000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Лхагважав нь согтуугаар 2016 оны 3 сарын 07-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төв  ерөнхий боловсролын сургууль дотор иргэн Б.Анхцэцэгийг согтуурч мансуурсан биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хөхийг нь барьж, дээр нь гарч хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Лхагважавыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг хувийн байдлуудыг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Хохирогч Б.Анхцэцэг нь шүүгдэгч Б.Лхагважаваас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297,  298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бангаахан овогт Базаррагчаагийн Лхагважавыг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагважавыг  01 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Лхагважавд  оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Б.Лхагважавын  цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагважавд  оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн   Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Лхагважавд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Лхагважавд авсан батлын даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.МӨНХТУЛГА