Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 449

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сум, Дэлгэр баг, Сургуулийн хороонд оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, РД:ОР68050901, Тайж овогтой Даалхайн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдох,

      Ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Лхагвасүрэн миний бие Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан юм. Гэтэл Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан намайг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн юм. Миний бие ажлаас чөлөөлөгдсөний дараагаар ажилдаа эгүүлэн орох талаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр намайг Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргаар буцаан томилох шийдвэр гарсан юм. Тус шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ороод одоо ажиллаж байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Даалхай овогтой Лхагвасүрэн 2017 оны 4 дүгээр сарын 31-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөнийг эргүүлэн томилох шийдвэр гарсантай холбогдуулан тухайн үеийн ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг эвлэрлийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь төсөвт тохируулан гаргахаар тохиролцсон болно” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Лхагвасүрэн миний бие Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдангийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Тус сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан нь миний нэхэмжилсэн 4.250.514 төгрөгийг надад олгохоор хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 4.250.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.958 төгрөгөөс 41.479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 41.479 төгрөг, хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газраас 41.479 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82.958 төгрөгөөс 41.479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 41.479 төгрөг, хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газраас 41.479 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОР