Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00592

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2017/00592

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багш ажилтай, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт оршин суух, РБ90082309 дугаар регистртэй, Бичээч овогт Зоригтбаатарын Түвшинзаяагийн

Талийгаач С.Алтанхүүтэй хамтын амьдралтай байсан болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00425/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч З.Түвшинзаяа оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Түвшинзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох С.Алтанхүүтэй 2012 онд танилцаж, улмаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд хамт амьдрах болсон. Бидний хамтын амьдралын дундаас 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Т.Ариунзул төрсөн ба одоо 4 нас хүрэх юм. Манай нөхөр С.Алтанхүү нь Архангай аймгаас хаягийн шилжүүлгээ хийлгээгүй байсан тул гэрлэлтээ батлуулаагүй учир охиноо өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. С.Алтанхүүгийн аав, ах, дүү нар нь 2015 оны 10 сард манай гэрийнхэнд хадаг өгч бэр гуйж байсан. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр замын осолд орж нас барсан. Одоо би охин Т.Ариунзулд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэтэл шүүхээр хамтын амьдралтай байсан болон охин Т.Ариунзулын эцэг нь С.Алтанхүү мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Түвшинзаяа нь талийгаач С.Алтанхүүтэй хамтын амьдралтай байсан байдал болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлага бүхий хүсэлт шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан АЮ90122472 дугаар регситртэй, эрэгтэй, Боржигон овогт Сайнбуянгийн Алтанхүү, З.Түвшинзаяа нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгчийн олгосон “...Боржигон овогт Сайнбуянгийн Алтанхүү, 26 настайдаа 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ослоор нас барсныг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нас барсны бүртгэлийн 35-т бүртгэв...” гэх бичилттэй №000170531 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Алтанчимэгийн “...манай ах С.Алтанхүү нь З.Түвшинзаяатай 2012 онд танилцсан бөгөөд ...2012 оны 08 сараас 2016 оны 02 сар хүртэл хамтран амьдарсан... ах маань 2016 оны 02 сард автын ослоор нас барсан...манайхан 2015 оны 10 сард хадаг тавьж хүүхэн гуйсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зоригтбаатарын “...2012 оны 08 сард манайд ирж байсан... Түвшинзаяа Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилд орж, сумын төвд С.Алтанхүүтэй хамт амьдрах болсон... 2016 оны 02 сард С.Алтанхүү нь зуурдаар замын ослоор нас барсан... хадаг тавиад дараа нь хурим найрын асуудлаа ярилцъя гэж байсан. Тэгээд нөгөө талын хүмүүс маань хол газарт байдаг, хүүхдүүдийн ажил төрлийн байдал, ар гэрийн боломж бололцоо зэргээс хурим найраа хийгээгүй байсан. Тэгээд ч тусдаа сумын төвд гурвуулаа байдаг байсан тул хурим найр хийх гэж яараагүй юм. Хурим найр хийгээгүй учир гэрлэлтээ бүртгүүлээгүй байх...” гэх мэдүүлэг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “рб90082309, овог: бичээч, эцэг эхийн нэр: Зоригтбаатар, нэр: Түвшинзаяа, хүүхдийн тоо 1”  гэх бичилттэй №00/003302 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “аю90122472, овог: Боржгон, эцэг эхийн нэр: Сайнбуян, нэр: Алтанхүү” гэх бичилттэй №151/003178 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч З.Түвшинзаяа, талийгаач С.Алтанхүү нар 2012 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Т.Ариунзул төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

№0000915197/75 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хүүхэд эрүүл бойжиж буй тухай Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “С.Алтанхүү, З.Түвшинзаяа нар нь 2012 оноос Цагаан чулуут 1-3-6-д оршин сууж байсан ба одоо З.Түвшинзаяа нь охин Т.Ариунзулын хамт ам бүл 2, тус хаягтаа амьдардаг болно” гэх бичилттэй 32 дугаартай тодорхойлолт, 2012 онд С.Алтанхүү, З.Түвшинзаяа нарын авахуулсан гэрэл зураг, 2015 оны гэрэл зургууд, “Хүндэт нөхөр С.Алтанхүү таныг гэр бүл үр хүүхдийн хамт бидний гэр бүл болох эрхэм ёслолд хүрэлцэн ирэхийг урья” гэх бичилттэй хуримын урилга, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2016 оны Дунд бүлгийн хүүхдүүдийн “5. Хүүхдийн овог нэр: Түвшинзаяа Ариунзул, төрсөн он сар өдөр: РБ13302008, хүйс: эм, эцэг эхийн нэр, ажлын газар, албан тушаал, утас: Аав С.Алтанхүү барилгын инженер, ээж Түвшинзаяа багш, 99023169, 86202003, гэрийн хаяг: Цагаанчулуут хороолол 1-3-6, тус бүлэгт элсэж орсон он: 2015, яаралтай холбоо барих хүний нэр, хаяг, утасны дугаар: Аав Алтанхүү, ээж Түвшинзаяа, 99023169, 86202003” гэх бичилттэй бүртгэлийн хуулбар,

Гэрч С.Алтанчимэгийн “...манай ах С.Алтанхүү нь... 2012 оны 08 сараас 2016 оны 02 сар хүртэл Түвшинзаяатай хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 10 сард охин Ариунзул нь төрсөн юм... одоо 4 настай, цэцэрлэгт явдаг юм. Бид байнгын холбоотой байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зоригтбаатарын “...Миний охин З.Түвшинзаяа нь... Архангай аймгийн хүн болох С.Алтанхүүтэй танилцан үерхэж нөхөрлөн, 2012 оны 08 сард анх манайд ирж байсан юм... тэдний дундаас 2013 оны 10 сард охин Ариунзул нь төрсөн... Охин Ариунзул нь 2013 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн, одоо 4 нас хүрэх гэж байна...” гэх мэдүүлэг зэргээр баримтуудаар нотлогдож байх тул охин Т.Ариунзулын төрсөн эцгээр талийгаач С.Алтанхүүг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч З.Түвшинзаяа, талийгаач С.Алтанхүү нар хамтын амьдралтай байсан болон охин Т.Ариунзулын төрсөн эцэг С.Алтанхүү мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 140.200 төгрөгөөс 40.466 төгрөг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангасан бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх улсын тэмдэгтийн хураамж 40.466 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар  зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бичээч овогт Зоригтбаатарын Түвшинзаяа, Боржигон овогт Сайнбуянгийн Алтанхүү нар хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Ариунзулын төрсөн эцэг Боржигон овогт Сайнбуянгийн Алтанхүү мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамж 40.466 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНБЯМБА