Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00589

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2017/00589

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, РК62021417 дугаар регистртэй, Хөхнүүд овогт Жадамбын Мөнхдалайгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00583/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Мөнхдалай нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Мөнхдалай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд цэргийн албанд яваад 1984 онд халагдаж ирсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оноос 1992 оныг дуустал хугацаанд үхэрчин, холбоочин, малын санитарч, малын эмч зэрэг ажил хийж байсан. Би хэдэн сарын курст суралцаад малын сантирч буюу эмчийн туслах ажилтан болж байсан. Дараа  нь мэргэжлээ дээшлүүлэх курст дахин суралцаад малын эмч болж, тухайн нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллаж байсан. Нэгдэлд ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, миний ажилд орсон гарсан тушаалын зарим нь олдохгүй байна.  Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үхэрчин, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл холбоочин, шууданч, 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчилгээ тэжээлийн цэгт, малын сантирч, малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Мөнхдалай нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Мөнхдалай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үхэрчин, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд холбоочин, шууданч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын сантирч, малын эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “1. Цэргээс халагдаж ирсэн 1 дүгээр бригадын Ж.Мөнхдалай... нарыг 1 дүгээр бригадад хоньчин, үхэрчнээр... тус тус 7 дугаар сарын 05-наас эхлэн томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №49 дугаартай тушаалын хуулбар, 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...2. Ж.Мөнхдалайг 1-р бригадын, Б.Дэмчигбалыг 2-р бригадын холбоочноор... 10-р сарын 01-нээс... тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №77 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...1, 2, 3 дугаар бригадын холбоочин Ж.Мөнхдалай, Б.Дэмчигбал, Н.Сурмаажав нарт 5 дугаар сарын 25-наас үндсэн ажлын 18 хоногоор тус тус 1985 оны ээлжийн амралтыг нь олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” 31 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “1. Сумын намын үүрийн тооцооны шийдвэрийг үндэслэн МАА-н 1, 2-р бригадын шууданч Ж.Мөнхдалай...нарыг 1 дүгээр сарын 02-ны өдрөөс тус тус ажилаас чөлөөлсүгэй. 2. ...ЭТ-ийн цэгийн санитарчаар Ж.Мөнхдалай... нарыг 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №2 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...1 дүгээр бригадын ЭТЦ-ийн эмчээр Ж.Мөнхдалайг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 59 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “...Ж.Мөнхдалайг 2-р хэсгийн эмчээр... 1987 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “МАА-н хэсэгт малын баг эмч томилох тухай” 18 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Мөнхдалайгийн 1985 оны 1, 6 дугаар сар, 1987 оны 1, 3-5 дугаар сар, 1990 оны 1 дүгээр сараас 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

 Гэрч С.Даваажавын “…Ж.Мөнхдалай нь 1984 онд цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл татан буугдах хүртэл малчин, малын малын эмч гэх мэт ажлыг хийж байсан. Мөн холбоочин, санитарч гэх ажлыг мөн хэсэг хугацаанд хийж байсан... би 1973 оноос 1992 оныг дуустал тус нэгдэлд боловсон хүчин хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюундалайгийн “...Ж.Мөнхдалай нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр бригадад малчин, хоньчин гэх ажлыг хийхийн сацуу малын эмч, холбоочин гэх ажлуудыг хавсран хийж байсан. Би 1983 оны 9 дүгээр сарын 10-наас 1992 оныг хүртэл тус нэгдлийн бригад хоорондын шуудангийн жолоочийн ажил хийж байсан... эхнэрийг нь Отгонжаргал гэдэг бөгөөд тухайн үед нэгдлийн зоотехникч хийдэг байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ж.Мөнхдалайн зарим ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын захиргаа контор шатсаны улмаас холбогдох баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1984 оны тушаалд Ж.Мөнхдалайг малчнаас, 1989 онд хэсгийн эмчээс чөлөөлсөн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/218 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын зарим баримт шатаж устсан, “Ардын зориг” нэгдлийн цалингийн дансанд гишүүдийн нэрс дутуу бичигдсэн, бригад хэсгийн цалин дутуу байдаг тул 1986 онд “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байсан Жадамбын Мөнхдалайд холбогдох лавлагааг гүйцэд гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 3/214 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан” гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхнүүд овогт Жадамбын Мөнхдалайгийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үхэрчин, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд холбоочин, шууданч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын сантирч, малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА