| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00590/И |
| Дугаар | 00590 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00590
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2017/00590 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, РК66091705 дугаар регистртэй, эмэгтэй, Борх овогт Лхамаагийн Эрдэнэтуяагийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00584/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 онд “Ардын зориг” нэгдэлд элсэж, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох болсон ба хөдөлмөрийн дэвтэр хагас дутуу бичигдсэн, тамга дарагдаагүй зэргээс миний ажилласан жил тооцогдохгүй байна.
Иймд миний 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Эрдэнэтуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Эрдэнэтуяа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг”
нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлээс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон “1. 1984 оны 6 дугаар сарын 15. Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар томилов. Нэгдлийн даргын 1984 оны 6-р сарын 14-ний 35-р тушаал” гэх бичилттэй, 1984 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр элссэн №178 дугаартай “Нэгдлийн гишүүний үнэмлэх”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Эрдэнэтуяагийн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч С.Даваажавын “…Л.Эрдэнэтуяа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 06 сараас 1990 оныг дуустал үхэр сааж байсан. Эхийн хамт сааль саадаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... манай сумын Засаг даргын тамгын газар нь 1997 оны 04 сард шатсан. Үүний улмаас хүмүүсийн ажиллаж байсан хугацааны цалингийн 70 дугаар дансны баримтууд шатсан юм, зарим оных байдаггүй юм... би тус нэгдлийн боловсон хүчнээр 1973 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Цэцэгмаагийн “…Л.Эрдэнэтуяа нь 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн үхэр сааж эхэлсэн. 1990 оныг дуустал... тасралтгүй ажиллаж байсан... би тус нэгдлийн захиргаанд 1980 оноос 2007 он хүртэл бичээчээр ажиллаж байсан болохоор Л.Эрдэнэтуяагийн ажиллаж байсныг сайн мэдэх юм... Тосонцэнгэл сумын архив шатсан болохоор 1984 онд цалин хөлс авч байсан тухай баримт устсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Л.Эрдэнэтуяагийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын контор 1997 онд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Тус аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1983-1987 оны тушаал шүүж үзэхэд Л.Эрдэнэтуяаг томилж чөлөөлсөн тушаал, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/207 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын зарим баримт шатаж устсан, “Ардын зориг” нэгдлийн цалингийн дансанд гишүүдийн нэрс дутуу бичигдсэн, бригад хэсгийн цалингийн баримт дутуу байдаг тул 1984 оноос “Ардын зориг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан Л.Эрдэнэтуяад холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргаж өгөх боломжгүй болно” гэх бичилттэй 3/212 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Л.Эрдэнэтуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.500 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борх овогт Лхамаагийн Эрдэнэтуяагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын “зориг нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.500 /далан мянга таван зуу/ төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА