Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00591

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2017/00591

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суух, РЗ67032708 дугаар регистртэй, эмэгтэй, Хар морьт овогт Жүрмэдийн Дайриймаагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2017/00035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Дайриймаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгссөн, улмаар илгээлтээр тус аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлд туслах малчнаар ажиллаж байгаад 1984 оны 1 дүгээр сараас эхлэн төллөх мал авч, малчнаар жинхлэн ажилласан бөгөөд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд “Ардын зориг” нэгдэлд малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг дуустал хугацаанд Рашаант сумын “Улаан од” нэгдэлд малчнаар ажилласан юм. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан жил хүрэхгүй байх тул 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Рашаант сумын “Улаан од” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 22 дугаар байрны 109 тоотод оршин суух, РЭ69071111 дугаар регистртэй, Барнууд овогт Цэвэгдоржийн Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дайриймаа нь 1983 онд 8 дугаар анги төгсөн илгээлтээр гарч 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байгаад 1987 оноос Рашаант суманд гэр бүл болж тус сумын “Улаан од” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдаг. 1984 оноос 1987 оны хоорондох баримтууд нь Тосонцэнгэл сумын архив шатсан учраас зарим баримтууд нь устсан. Тухайн үед ажиллаж байсан учраас 1985 оны 4 дүгээр сараас хойш 1987 онд холбогдох баримтууд нь гарч ирсэн. Түүний тасралтгүй  ажиллаж байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа.

Иймд Ж.Дайриймаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Дайриймаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч Ж.Дайриймаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Дайриймаагийн 1985 оны 2 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Дайриймаагийн 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 2, 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Гэрч Р.Цэцэгмаагийн “...Ж.Дайриймаа нь эцэг Жүрмэд, эх Даваажаргал нарын хамт 1984 оноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1987 оны 6 дугаар сарыг дуустал хонь маллаж байсан. Манай дүү Амаржаргалтай хамт сургууль төгсөж байсан... тасралтгүй ажиллаж байсан... би тус нэгдэлд бичээчээр ажиллаж байсан болохоор сайн мэдэх юм... ” гэх мэдүүлэг, гэрч С.Даваажавын “...Ж.Дайриймаа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд эцэг, эхийн хамт 1984 оноос эхлэн хонь маллаж байсан. 1987 оны 06 сар хүртэл мал маллаж байсан. Тасралтгүй ажиллаж байсан... би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1973 оноос 1992 он хүртэл боловсон хүчнээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Балжиннямын “...Ж.Дайриймаа нь миний төрсөн ах Чойжоогийн хүү Эрдэнэчимэгтэй гэр бүл болж манай Рашаант сумын “Улаан од” нэгдэлд ажиллаж байсан. 1987 оны 8 дугаар сараас 1990 он хүртэл хугацаанд фермийн саальчнаар ажилладаг байсан. Нөхөр Эрдэнэчимэг нь эр хонь, сувай үхэр, бяруу малладаг байсан. Хамт л нэгдэлд ажиллаж байсан... Рашаант суманд 1987 оны 8 сард ирж ажилласан, түүнээс өмнө Тосонцэнгэл суманд ажиллаж байсан... Би Рашаант сумын “Улаан од” нэгдэлд мал тууварт явдаг, эр хонь маллах, эм хонин суурь маллах, үхэрчин, эмнэг сургах адуучин, туслах үйлдвэрийн Тариа бригадад туслах ажилтан зэрэг олон ажил хийж байсан. 1957 оноос 1991 он хүртэл тасрахгүй ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ж.Дайриймаагийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын контор 1997 онд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Тус аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг”, Рашаант сумын “Улаан од” нэгдлийн даргын тушаалыг шүүж үзэхэд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ж.Дайриймаад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/159 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын зарим баримт шатаж устсан, “Ардын зориг” нэгдлийн цалингийн дансанд гишүүдийн нэрс дутуу бичигдсэн, бригад хэсгийн цалингийн баримт дутуу байдаг тул  1984 оноос “Ардын зориг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан Ж.Дайриймаад холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 3/213 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг Ж.Дайриймаагаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар морьт овогт Жүрмэдийн Дайриймаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дайриймаагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА