Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/57

 

Н.Баярсайхан,  Э.Төрбат, Д.Батхишиг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                         Шүүгчид                            Г.Давааренчин                                       

                                                                 Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                              Д.Нямдэлэг

Шүүгдэгч                            Д.Батхишиг

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Батхишигийн өмгөөлөгч Ц.Цогзолмаагийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Борлууд овогт Нийдэнгийн Баярсайханд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Халиун гэрт овогт Энхбатын Төрбатад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Зөөд овогт Дамирангийн Батхишиг нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001140085  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 06-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 33-412 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд

-1978 онд Эрүүгийн хуулийн 73а зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

-1983 онд Эрүүгийн хуулийн 168б, 169б зүйлд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

-1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дугаар зүйлийн 131.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, Борлууд овогт Нийдэнгийн Баярсайхан. /Регистрийн дугаар: УЖ63090617/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1987 оны 07 дугаар сарын 16-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Чулуутын 120 тоотод оршин суудаг, улаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 27-нд тус шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлд зааснаар 15.000 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Номин-Од” бичил уурхайд операторчин ажилтай, Зөөд овогт Дамирангийн Батхишиг /Регистрийн дугаар: МТ87071616/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1992 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, яс үндэс халх, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эх 2 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон Өлөнтийн 24 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, хими туяа эмчилгээтэй, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Халиун гэрт овогт Энхтөрийн Төрбат /Регистрийн дугаар: МТ92112637/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Баярсайхан нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Э.Төрбат, Д.Батхишиг нартай маргалдан улмаар Э.Төрбатын толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Төрбат нь Д.Батхишигтэй бүлэглэн согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Н.Баярсайхан, Г.Эрдэнэ нартай маргалдан улмаар зодолдон Г.Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Төрбат нь согтуугаар ганцаараа мөн өдөр Н.Баярсайханы гаран тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Батхишиг нь Э.Төрбаттай бүлэглэн согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Н.Баярсайхан, Г.Эрдэнэ нартай маргалдан улмаар зодолдон улмаар Г.Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.Баярсайхан, Э.Төрбат, Д.Батхишиг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт журамлан шүүгдэгч Нийдэнгийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт, Шүүгдэгч Халиун гэрт овогт Энхбатын Төрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтай учруулах” гэмт хэрэгт, Шүүгдэгч Зөөд овогт Дамирангийн Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нийдэнгийн Баярсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр, шүүгдэгч Халиун гэрт овогт Энхбатын Төрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр, шүүгдэгч Зөөд овогт Дамирангийн Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрбатад оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт 900 /есөн зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхишигийн 2017 оны 12-р сарын 27-ны 04 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 15000 /арван тав/ мянган нэгжээр торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийг нэмж нэгтгэн нийт 15450 /арван таван мянга дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Н.Баярсайханд онолгдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийг 2 /хоёр/ сарын хугацаатай, Э.Төрбатад оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжийг 1 /нэг/ жилийн хугацаатай, Д.Батхишигт оногдуулсан 15450 /арван таван мянга дөрвөн зуун тавин/ нэгжийг 2 /хоёр/ жилийн хугацаатайгаар тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Д.Батхишигийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгч миний бие 2018.06.21-ний өдөр шүүгдэгч Д.Батхишиг 2018.06.26-ны өдөр гардан аваад уг тогтоолыг үл зөвшөөрч дараахи гомдолыг гаргаж байна. Учир нь: Миний өмгөөллийн дор буй Д.Батхишиг нялх бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхлэх боломжгүй, хүүхдүүдээ харж асарч гэртээ байдаг. Тухайн өрх гэрийг тэжээн тэтгэж байгаа цорын ганц хүн Д.Батхишиг юм.

1. Шүүгдэгч Д.Батхишиг 2017.12.27-нд тус шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлд зааснаар 15.000 нэгжээр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх ял шийтгүүлж одоо уг ялыг эдэлж байгаа.

2. Энэ хэргийн хохирогч Д.Төмөрбатад төлөх хохирол төлбөртэй

3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн. Гэтэл шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4, 5 дахь хэсэгт заахдаа шүүгдэгч Д.Батхишигт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 15450 нэгжийг 2 жилийн хугацаагаар хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосон нь Д.Батхишигийн ар гэр амьдралд хүндээр тусаж цалингаасаа илүү гарган хоол хүнсэндээ зарцуулах мөнгө төгрөг үлдэхгүй болоод байна гэж шүүгдэгч Д.Батхишиг өмгөөлөгч надаар дамжуулан гомдол гаргаж байгаа тул шүүгдэгч Д.Батхишигийн ар гэрийн амьдрал, нялх бага насны 3 хүүхэдтэй байдал, түүний цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 15450 нэгжээр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Батхишиг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял үйлдсэн хэрэгт тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.Баярсайхан нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Э.Төрбат, Д.Батхишиг нартай маргалдан улмаар Э.Төрбатын толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Э.Төрбат нь Д.Батхишигтэй бүлэглэн согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Н.Баярсайхан, Г.Эрдэнэ нартай маргалдан улмаар зодолдон Г.Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар,

Э.Төрбат нь согтуугаар ганцаараа мөн өдөр Н.Баярсайханы гарны тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар,

 Д.Батхишиг нь Э.Төрбаттай бүлэглэн согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт голын усанд шороо угааснаас болж Н.Баярсайхан, Г.Эрдэнэ нартай маргалдан улмаар зодолдон улмаар Г.Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Нийдэнгийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт, Шүүгдэгч Халиун гэрт овогт Энхбатын Төрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтай учруулах” гэмт хэрэгт, Шүүгдэгч Зөөд овогт Дамирангийн Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Н.Баярсайханыг 450 нэгжээр, Э.Төрбатыг 900 нэгжээр, Д.Батхишигийг 450 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрбатад оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжээр , шүүгдэгч Д.Батхишигийн 2017 оны 12-р сарын 27-ны 04 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 15000 нэгжээр торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжийг нэмж нэгтгэн нийт 15450 нэгжээр торгож шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Д.Батхишиг болон түүний өмгөөлөгч Д.Цогзолмаа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Батхишигт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Д.Батхишиг нь энэ гэмт хэрэгт шалгагдаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Төмөрбатын эрх чөлөөнд халдаж, нүдний тус газар нь цохин бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын  /1-р хх-ийн 243-245-р ху/ хуулбараар тогтоогдож байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “…Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэсэн заалтыг баримтлан Д.Батхишигт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 15.450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Баярсайхан, Э.Төрбат, Д.Батхишиг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ