Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0318

 

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0318

Улаанбаатар хот

 

 

Т.Б***ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Т.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О***, Б.Э*** нар,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б***,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд Ж.М***, Г.О*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байршилтай гарааж, хувийн сууцны зориулалттай, 260 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.М***ыг бүртгэсэн бүртгэл, 000008844 тоот гэрчилгээ, мөн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 260 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.О***ийг бүртгэсэн бүртгэл, 000008845 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Т.Б***ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлалтай 303 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 199 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О***, Б.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нар,

Хэргийн индекс: 128/2023/0015/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б***оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байршилтай гарааж, хувийн сууцны зориулалттай, 260 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.М***ыг бүртгэсэн бүртгэл, 000008844 тоот гэрчилгээ, мөн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотд байрлах хувийн сууцны зориулалттай 260 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.О***ийг бүртгэсэн бүртгэл, 000008845 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Т.Б***ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлалтай 303 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0199 дүгээр шийдвэрээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.7 дахь заалт, 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б***оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байршилтай гарааж, хувийн сууцны зориулалттай 260 м.кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.М***ыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 000008844 гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6A тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.О***ийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 000008845 гэрчилгээг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Шүүх шийдвэр гаргахдаа гуравдагч этгээд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь одоогийн байдлаар устаж үгүй болсон нь тогтоогдож байх тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаах үндэслэл бүрдсэн хэмээн дүгнэсэн атлаа хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаагүй нь буруу,

 3.2 Бодитоор оршин байхгүй хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх зарчмуудыг зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй,

 3.3 Нэхэмжлэлийн нэг шаардлага болох Т.Б***ийн өмчлөлд бүртгэхийг даалгах шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг үндэслэлээр,

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 4.1 Бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлөөлөх эрхгүй этгээд эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох харилцаанд оролцох боломжтой мэтээр дүгнэсэн нь буруу,

 4.2 Анхан шатны шүүхийн шийдвэрт “...улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

 4.3 Эрхийн улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, өмчлөгчийн хүсэлтээр хаах хуулийн зохицуулалттай тул дахин шинэ акт гаргах хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрт дурдсан улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсноор эрхийн улсын бүртгэл хаах үндэслэл болохгүй,

 4.4 Улсын бүртгэгчид хуулиар олгогдсон бүртгэл хийхээс татгалзах эрхээ хэрэгжүүлж ажилласан хариуцагчийн үйлдлийг шүүх буруутгаагүй боловч нэхэмжлэгчээр мэдүүлэг гаргуулан тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулахгүйгээр эрхийн улсын бүртгэлийг хаалгахаар дүгнэсэн нь бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлан маргаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Т.Б***оос  Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байршилтай гарааж, хувийн сууцны зориулалттай, 260 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.М***ыг бүртгэсэн бүртгэл, 000008844 тоот гэрчилгээ, мөн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 260 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.О***ийг бүртгэсэн бүртгэл, 000008845 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Т.Б***ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлалтай 303 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

4. Анхан шатны шүүх “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.7 дахь заалт, 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б***оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байршилтай гарааж, хувийн сууцны зориулалттай 260 м.кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.М***ыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 000008844 гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6A тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.О***ийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 000008845 гэрчилгээ”-тэй холбогдох шаардлагыг “хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн ч үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Т.Б***ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлалтай, 303 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон. Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байж болохуйц баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүх цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй.

5. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд:

5.1. анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 352 дугаар захирамжаар маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоот хаяг бүхий 340.32 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Т***,  Т.Д***, Т.Л***, Ш.Н*** нарт өмчлүүлсэн нь 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаар бүртгэгдсэн.

Улмаар, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Алтансүхийн өмчлөлд, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр Ж.М***ын өмчлөлд, 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Б***ийн өмчлөлд, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Р.А***гийн өмчлөлд, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Т.Б***, Л.Ц*** нарын өмчлөлд тус тус бүртгэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр газар өмчлөгчийн бүртгэлээс Л.Ц*** хасагдаж нэхэмжлэгч Т.Б***ийн өмчлөлд дангаар бүртгэгдсэн болох нь,

5.2. маргаан бүхий газарт байрлах хувийн сууц, гараажийн зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Т***,  Т.Д***, Т.Л***, Ш.Н*** нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаар бүртгэгдэж, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.А***ийн өмчлөлд бүртгэгдсэн.

Иргэн Ц.А***ээс 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр  260 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг газрын хамт салган иргэн Ж.М***ын өмчлөлд, 260м.кв талбай бүхий 2 давхрын өмчлөх эрхийг иргэн Г.О*** нарт шилжүүлсэн нь иргэн Г.О***ийн өмчлөлд Ү-220*** дугаарт тус тус бүртгэсэн болох нь,

5.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаартай бүртгэлд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 дугаар албан бичгээр, Ү-220*** дугаартай бүртгэлд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 2/4159, 2014 оны 2/4789, 2/10644 дугаар албан бичгийг үндэслэн тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан болох нь тус тус тогтоогдож байна.

6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана”, 14.1.1-т “эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хүсэлтээр нэг этгээдэд шилжсэн”, 14.1.2-т “хоёр, түүнээс олон нэгж талбарыг нийлүүлж, нэг нэгж талбар болгосон”, 14.1.3-т “шүүх, арбитрын шийдвэр гарсан”, 14.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон”, 14.1.5-д “эрхийн улсын бүртгэл давхардсан”, 14.1.6-д “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан”, 14.1.7-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан”, 14.2-т “Эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл хаагдана” хэмээн заасан.

7. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримттай холбогдуулан иргэн Ж.М***, Г.О*** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх боловч гуравдагч этгээд Г.О***т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй. Гуравдагч этгээд нарын өмчлөлийн эд хөрөнгө устсан гэх үйл баримттай холбогдуулан тухайн этгээдүүдээс ямар учраас улсын бүртгэлийн байгууллагад хандаж эрхийн улсын бүртгэлийг хаалгах хүсэлтийг гаргаагүй болохыг тодруулаагүй. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** болон Ү-220*** дугаар бүртгэлд хийгдсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэмдэглэгээтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, тодруулгыг авах зэргээр нотлох баримтыг цуглуулах хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй.

Нэхэмжлэгч Т.Б***оос гаргасан нэхэмжлэлийн “Т.Б***ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, О***тоотод байрлалтай 303 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөөгүй орхисон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.

8.  Иймд, анхан шатны шүүхийн нотлох баримтыг дутуу цуглуулж, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

                         ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                                    ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА