Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 65

 

2016.06.15 №65

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 156/2016/0070/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                 Б.Алтансувд,
Улсын яллагч              Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Гангантөгс,
Шүүгдэгч                 Ж.Даваахүү, Ж.Даваадорж нарыг оролцуулан

 Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбалнямбуугийн Даваахүү,  Жамбалнямбуугийн Даваадорж нарт холбогдох эрүүгийн 201623000062 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Өвөрхангай  аймгийн Төгрөг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Баянцагаан овгийн Жамбалнямбуугийн Даваахүү / РД: ЙН86091514/

Монгол Улсын харъяат, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Өвөрхангай  аймгийн Төгрөг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Баянцагаан овгийн Жамбалнямбуугийн Даваадорж / РД: ЙН91011416/

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороололын А51-р байрны гаднах автомашины зогсоол дээрээс иргэн Г.Баатарын 15-15 ХЭА улсын дугаартай тоёота королла маркын автомашиныг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. 
ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн болон хавтаст хэрэгт авагдсан дараах 
бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
 Хохирогч Г.Баатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 02 дугаар сарын 
08-ны өдрийн оройны 20 цаг 30 минутаас 40 минутын хооронд өөрийн амьдардаг Хэрлэн хороололын А51-р байрны баруун талд байрлах автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 15-15 ХЭА улсын дугаартай Тоёота королла маркын авто машинаа зогсоолд тавиад маргааш өглөө нь буюу 29-ний өглөөний 09 цагт ажилдаа явахдаа машинаа авах гэтэл машин байхгүй байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.  Миний машины цонх теньгүй урд талын гупер огол татсан, кундакторын дээд доод тал байхгүй байгаа. Автомашины хаалга хэвийн цоожлогддог. Манай хүү бээлийг мартаад буцаж авахад хаалга нь дутуу цоожлогдсон байж магадгүй. ... Тус авто машин нь миний машин мөн байна. Жолоочийн талын хаалга хонхойж гэмтсэн, тэр талын толь байхгүй болсон байна өөр гэмтэлгүй байна. ....Миний хохирлыг нөхөн төлсөн. Авто машины засварын зардал болон тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг нөхөн төлсөн” Надад  гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 22 тал/ , 
Гэрч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Лүн сумын замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Нямбаяр 47-61 ӨВР улсын дугаартай тоёота королла маркын авто машин постон дээр дохиход зогсохгүй толиороо шүргээд зугтаалаа та сумын төв дээр хаалт хийж зогсоогооч би араас нь хөөж явна гэж надад мэдэгдсэн. Цагдаагийн хэсгийн байрнаас 65-65 ТӨВ улсын дугаартай авто машинаар сумын төвд хаалт хийж зогсоход цагаан өнгийн авто машин зогсож байсан газрын зүүн талаар хойш эргэж гудамжаар зугтаасан. Араас нь машинтай хөөж гэр хороолол дундуур сүлжин зогс гэж сигналдаж арга хэмжээ авсан боловч зогсохгүй зугтааж сумын төвийн ар талын авто тээвэр гэсэн бичигтэй уулын бэл өөд зугтаасан. Араас нь 2 машинаар 2 талаас нь шахаж зогсоход тус автомашинаас 2 эрэгтэй хүн гарч уулын орой руу зугтаасан араас нь хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг    /хх-ийн 30 тал/
Гэрч Н.Нямбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 сарын 03-ны өдөр оройн 20 цаг 40 минутын үед Лүн сумын замын цагдаагийн постон дээр үүрэг гйүцэтгэж байх хугацаанд 47-61 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн тоёота королла маркын авто машиныг зогсоох гээд дохиход чигээрээ пост өнгөрөөд зугтаагаад яваад өгсөн. Араас нь хөөж постноос 10 км зайд зогсооход засмал зам дээр ухраад замын 2 талын шороон хөвөөн дээгүүр давах үедээ миний тохойг зүүн талын толиороо мөргөж толио хугалаад буцаж сумын төврүү орж гудамжаар зугтаасан. Хэсгийн төлөөлөгч ахмад Нэргүй рүү болсон асуудлын талаар мэдээлсний дагуу сумын төв дотор зугтааж байх үед 2 автомашинтай Лүн сумын хойд талын авто тээвэр гэсэн бичигтэй уулруу хөөж уулын энгэр өөд цасанд сууж явахааргүй болсон үедээ хоёр этгээд уул руу гарч зугтаасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 32 тал/, 
Гэрч Ж.Галцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутаас 29-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл ээлжинд гарч байсан юм. 02 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 06 цагийн үед манай колонк дээр цагаан өнгийн суудлын жижиг авто машин ирж зогсоод 40.000 төгрөгөнд А-92 бензин авъя гэсэн тэгээд тэр авто машинд хэлсэн мөнгөний дагуу А-92 бензин хийж дуусгаад банкыг нь таглаад эргээд харахад Улаанбаатар хот орох чиглэлээр засмал замд нийлээд зугтаасан. Би бодохдоо хоёулаа явж байна гэж бодсон. Урд талын хоёр суудал дээр хүн суусан байх шиг харагдсан. Хохиролыг барагдуулж 40.000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан болохоор...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.03.10-ний өдрийн 1756 дугаартай Шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн Тоёота королла маркийн авто машины урд толь, жолоочийн хаалга, жолоочийн хаалганы гадна босоо ирмэг, салфетка, багажны онгойдог хэсэг дээрээс нийт 11 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв, 2. Автомашинаас илрүүлж бэхжүүлсэн “3, 4, 7, 10, 11” дугаартай 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Харин “1, 2, 5, 6, 8, 9” дугаартай 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна, 3. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “4” дугаартай гарын мөр санд MN004910002376, MN005810001124, MN004910003532 дугаараар гурван удаа бүртгэгдсэн Жамбалнямбуугийн Даваадоржийн зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна, 4. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “3, 7, 10, 11” дугаартай таван ширхэг гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Г.Баатарын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй байна, 5. Шинжилгээний харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Г.Баатарын гарын дардас санд бүртгэлтэй гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 51-52 тал/,
Алдагдсан автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн Итгэлт-Эстимэйт ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”  /хх-ийн 152 тал/,
Автомашинд учирсан хохирлыг тооцсон тухай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт  /хх-ийн 150-151тал/,
Шүүгдэгч Ж.Даваахүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Даваадорж руу утсаар залгаж Хэнтийд чулуу гарч байгаа гэнэ хоёулаа Хэнтий явъя гэж хэлэхэд дүү тэгье гээд ... Хэнтий аймаг руу гарсан. Хэнтий аймагт 00 цагийн үед ирээд бид 2 зам дагаж алхаж аймгийн төврүү орж ирсэн. Нэг машин зогсоогоод өнгөт чулуу гардаг газар хаана байдаг юм гэхэд Бор-Өндөр суманд байдаг одоо тэгэхдээ хаасан байгаа тийшээ яваад нэмэргүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 чулуунд явах худлаа болж Улаанбаатар луу буцахаар болсон. ... бид хоёр төврүү орж их орон сууцтай барилга дундуур явж байгаад гадаа ил зогсоол дээр 2 тоёота королла маркын автомашин байсан тэр 2 машины арай хуучин бололтой цагаан өнгийн 15-15 ХЭА улын дугаартай автомашины жолооч талын хаалгыг надад байсан нэг авто машины түлхүүрийг хийж онгойлгосон чинь хаалга нь онгойгоод кундакторыг нь онгойлгох гээд стачер дарахад машин ассан. Тэгээд машин асахаар нь хөдлөөд замд ороод байрны хойд талаар явсан. Тэгээд тэр замаараа яваад хот орох замд нийлээд аймгаас гарахдаа 20000 төгрөгөнд бензин хийгээд засмал замаар явсан. Цаашаа 20 гаран километр яваад бас нэг колонк дээрээс 40000 төгрөгөнд бензин хийгээд мөнгийг нь өгөх гэтэл нойрмон бололтой зогсоод байхаар нь шууд хөдлөөд яваад өгсөн. ... Цаашаа явж  байгаад нар нилээд өндөрт мандсан байх үед Цэнхэрмандал сумын зам дагуух хоолны газарт замын урд талд айлын хашааны дэргэд машинаа тавиад бид хоёр хоолонд орсон. Цаашаа шууд явсаар байгаад Найлайх дүүргээр дайраад хот орсон. Налайхаар дайрч гарахдаа ямар нэгэн газар зогсоогүй яваад Улиастайд очиж Улиастайн эцсийн буудал дээр дүүг буулгаад би Улиастайн эцэс дээр байдаг хуучин баригын хажууд машинаа таюиад түгжчихээд хотын төврүү айлд очих гэж явсан боловч тэр айлд хүн байхгүй болохоор нь буцаад машин тавьсан газраа ирээд машин дотроо 2 хоноод хаягийг нь сайн санахгүй байна Улиастайн эцэст байдаг өмнө нь 68-р сургуульд галчаар ажиллаж байсан Отгоо гэх айлд нэг хоносон. 2016 оны 03-р сарын 03-ны өдөр Даваадоржтой Улиастайн эцсийн буудал дээр уулзаад Өвөрхангай явах уу гэхэд тэгье гээд бид Драгон орж Эрдэнэсант явах 4 хүн аваад нэг хүний зардал 10000 төгрөгөөр аваад явсан. Төв аймгийн Лүн сумын постон дээр ирэхэд нэг цагдаа зогс гэхэд нь хажуугаар гараад зугтаасан. Араас хөөгөөд ороод ирэхээр нь Лүнгийн төв дотор зугтаж байхдаа гудамжинд 4 хүнээ буулгаад цааш хөдөлж сумын хойд талын уул руу зугтааж байх үед 2 машин хөөж байсан баруун талд явсан жийп нь урд талын хаалга шүргээд толь нь хугараад унахаар нь машинаа зогсоогоод машинаасаа бид хоёр гараад зугтаасан. ... 15-15 ХЭА улсын дугаарыг цагаан хаалганаас цааш явж байхдаа аваад замын хойд талруу хаясан. Тэгээд Улаанбаатар хот хүртэл дугааргүй явсан. 42-61 ӨВР гэсэн дугаарыг Улиастайд Мөнхбаатар гэдэг хүнтэй хамтран амьдарч байх үедээ хашаанд нь тавьсан байсан дугаарыг хийсэн. Тэр дугаар нь би өмнө нь хүнээс ниссан санни авто машины кабин авч байхад ирж байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-84 тал/, 
Шүүгдэгч Ж.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ маши их харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж ухаарч ойлгосон гэсэн мэдүүлэг, 
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 116 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 Шүүх дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн хороололын А51-р байрны гаднах автомашины зогсоол дээрээс иргэн Г.Баатарын 15-15 ХЭА улсын дугаартай тоёота королла маркын автомашиныг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй байна гэж үзэв. 
Шүүгдэгч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Баатар, гэрч Б.Нэргүй, Н.Нямбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 
Хохирогч Г.Баатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “Миний хохирлыг нөхөн төлсөн. Авто машины засварын зардал болон тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг нөхөн төлсөн” Надад  гомдол санал байхгүй /хх-ийн  22 тал/” гэсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нар нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. 
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгч Ж.Даваахүү нь урьд ял шийтгүүлж хорих ял эдэлж байсан байх боловч шүүх ялтны хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баянцагаан овгийн Жамбалнямбуугийн Даваахүү, Баянцагаан овгийн Жамбалнямбуугийн Даваадорж нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваахүүг  эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил 03 сарын хорих ялаар, шүүгдэгч  Ж.Даваадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. Даваахүүд оногдуулсан 2 жил, 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Ж.Даваадоржид оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэм эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нарын цагдан хоригдсон 96 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Даваахүү, Ж.Даваадорж нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай. 
6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж  заалдах  гомдол  гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ж.Даваахүү, Ж.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 


                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА