| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0016/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, Хамтран ажиллах гэрээ, Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 177
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* *******, өөрийн байранд байрлах *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* өөрийн байранд байрлах *******-т холбогдох
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 1862187899.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа: Өмнө нь шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан учраас хариуцагч талтай ярилцаж, эвлэрэх нь зөв гэж үзээд хариуцагч талын эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Үлдэж буй 62000000 төгрөгийг өр төлөх график дээр оруулах саналтай байна. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэгч талтай уулзаж тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Мөн өр барагдуулах графикийг гаргасан байгаа. Уг графикийг Ус сувгийн удирдах газар НӨҮГазар зөвшөөрсөн. Бид гэрээний төслөө бэлдээд ирсэн. Одоо шүүх хурал дээр эвлэрлийн гэрээгээ байгуулъя. Нийт 4 хуудас эвлэрлийн гэрээг шүүхэд өгч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээр өр барагдуулах графикаа гаргасан. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас *******-ыг төлөөлж Захирал Г., нөгөө талаас УСУГ-ын Дарга Ц. /цаашид хамтад нь талууд гэх/ нар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцон гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээгээр 2003 оноос 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл талуудын хооронд үүссэн цэвэр, бохир усны төлбөрийг бүхэлд нь тооцоо нийлж, эвлэрлийн журмаар эцэслэн шийдвэрлэж, харилцан тохиролцоонд хүрснийг баталгаажуулж, үлдсэн өр төлбөрийг барагдуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Гэрээ нь талуудын сайн дурын хүсэл зориг, бүрэн итгэлцлийн үндсэн дээр байгуулагдаж байгааг Талууд нотолж байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа мэдэгдэл, шаардлагаас ангид гүйцэтгэнэ.
1.3 2016 оны 12 дугаар сарын 28-нийг хүртэл талуудын өглөг авлагын тооцоог энэ гэрээний нэгдүгээр хавсралтаар баталгаажуулж байна.
1.4 2003 оноос 2016 оны 12 дугаар сарын 28-ны хооронд үүсч нэхэмжилсэн өр авлагыг хоёрдугаар хавсралтад заасан графикийн дагуу ******* цаашид гарах сар бүрийн инкассын төлбөр дээрээ нэмж хугацаанд нь төлж барагдуулна.
1.5 Энэ гэрээний 1.3-т заасан хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг мөн болно.
Хоёр. Талуудын эрх, үүрэг
2.1 Талууд нь энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах цэвэр, бохир усны үнэ, өр төлбөрийн асуудлаар маргах эрхгүй болно.
2.2 Талууд нь маргааны явцад олж мэдсэн бие биенийхээ нууцыг хадгална.
2.3 “” нь
Энэхүү гэрээний хавсралтуудад заасан эвлэрсэн үнийн дүнгийн 1862187899.58 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор сар бүрийн инкассын төлбөр төлөх өдөр УСУГ-т төлөх,
Мөн сар бүр инкассын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулж байх
Гурав. Бусад зүйл
3.1 Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
3.2 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
3.3 Гэрээг Монгол хэл дээр тус бүр хоёр хувь үйлдэх бөгөөд талуудад тус бүр нэг хувийг хадгална. Хувиуд нь адил хууль зүйн хүчинтэй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газар хариуцагч *******-т холбогдуулан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 1862187899.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1862187899.58 /нэг тэрбум найман зуун жаран хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун ерэн есөн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ болон түүний хавсралтад заасан хуваарийн дагуу 2017 оны 05 сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9468890 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан 4734445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-т холбогдох цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 1862187899.58 /нэг тэрбум найман зуун жаран хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун ерэн есөн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 1862187899.58 /нэг тэрбум найман зуун жаран хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун ерэн ес төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ болон түүний хавсралтад заасан хуваарийн дагуу 2017 оны 05 сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9468890 /есөн сая дөрвөн зуун жаран найман мянга найман зуун ер/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан 4734445 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ