Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 66

 

2016.06.15    №66

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0074/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай  хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     Б.Алтансувд,
Улсын яллагч                  Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Д.Оюунцэцэг,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн                    О.Энхтуяа,
хууль ёсны төлөөлөгч    
Насанд хүрээгүй шүүгдэгч             Э.Хүслэн нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхдороп овгийн Эрдэнэ-Ундрахын Хүслэнд холбогдох эрүүгийн 201623000079 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 2001 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Хэнтий аймгийн Хэрлэн сум 4-р баг, Хэрлэнгийн 1-1 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Орхдороп овгийн Эрдэнэ-Ундрахын Хүслэн /СИ01221016/

       Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Э.Хүслэн нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Батмөнхийн зуны амбаарт нэвтрэн орж, орны гудсан доороос нь хүрэн ягаан, саарал өнгийн 2 ширхэг хөөрөгийг хулгайлж бага бус хэмжээний буюу  850000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд иргэн Ж.Батмөнхийн зуны амбаарт нэвтрэн орж бэлнээр 200000 төгрөг, 1 ширхэг хөөрөгийг хулгайлж бага бус хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 2550000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдсон байна. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
     Хохирогч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 20 -д гараад Баянхутаг сумын 1 дүгээр багийн харъяат Ганзориг гэх айлд очоод, тэнд цагаан сар гаргасан. Тэгээд тэнд байж байгаад 2016 оны 03 дугаар сарын эхээр 2-3-ны үед Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-15 тоотод байх гэртээ ирэхэд манай гэрийн эд зүйл жаахан өөрчлөгдсөн юм шиг харагдсан. Тухайн үед эд зүйлээ үгүйлээгүй. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед амбаар дотор байсан бурхан дээр тавиастай хайрцган дотор байсан хөөрөгөө үзтэл нэг ширхэг хөөрөг алга болсон байсан. 

C:\Users\azu\Documents\Received Files\шийтгэх тогтоол 2016.06.15 Хүслэн.docx
Ахиулаад хартал номтой цуг баринтаглаж хийсэн байсан 200 мянган төгрөг бас хулгайд алдагдсан байсан. Баринтагийг нь задалсан байсан юм. Тэгээд амбаар доторх эд зүйл замбараагүй болж өөрчлөгдсөн. Тэгээд би гадагшаа гарч хуурай дүү Галбадрахын гэрт нь очиж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгтэл Галбадрах 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газарт ажилладаг Амаржаргал гэдэг найздаа хэлэхэд Амаржаргал, Хүслэн гэдэг хүүхдийнд очиж түүнийг Цагдаагийн газарт авчирч 3 ширхэг хөөргийг авсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/ , 
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сумгэсэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би талийгаач аавтайгаа хамгийн сүүлд одоогоос нэг жил гаруйн өмнө Улаанбаатар хотод уулзсан. Талийгаач аавтайгаа нас барахаас нь өмнө хоёр долоо хоногийн өмнө утсаар ярьсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Нас барсан талаар нь манай найз Хэнтийгээс миний найз охин руу хэлээд би түүнээс утсаар сонсож мэдсэн. Хэнтий аймагт 2016 оны 04 дүгээр сарын 16-ны 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирсэн. Манай талийгаач аав Ж.Батмөнх нь Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-15 тоотод зуны амбаарт ганцаараа байдаг байсан. Надтай хамт Улаанбаатар хотод цуг бай гэж би зөндөө хэлсэн. Миний үгэнд ердөө ордоггүй байсан юм. Талийгаач аав Ж.Батмөнхийг амьд сэрүүн байхад нь 3 ширхэг хөөрөгний үнэлгээ гаргуулахад, өөрөөсөө гаргасан гэх 86000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаагч, Хүслэнгийн ээж О.Энхтуяа гэх хүнээс гаргуулж манай талийгаач аав Ж.Батмөнхөд өгсөн байсан. Аав маань 2016 оны 04 дүгээр сарын 16-нд Хэрлэн сумын 5 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж яваад осгож нас барсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Талийгаач аав Ж.Батмөнхөд өгөх байсан хохиролын 200000 төгрөгийг мөрдөн байцаагч, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр надад О.Энхтуяа гэх хүнээс гаргуулан өгч намайг хохиролгүй болгосон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, 
Гэрч Т.Галбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байхад хуурай ах  Жамбын Батмөнх орж ирээд, амбаарт хулгай орсон байна гэж хэлсэн. 3 ширхэг хөөрөг, баринтагтай номон  завсар байсан 200000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Хүслэн гэдэг хүүхдийг сэжиглэж байна шалгуулж өгнө үү гэсэн. Тэгээд би 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газарт ажилладаг Амаржаргал гэдэг найздаа хэлж тэр хүүхдийг Цагдаагийн газарт авчруулж уулзуулахад хулгайд алдсан гэх 3 ширхэг хөөргийг гаргаж өгсөн байсан. Нэг зүгээр чинчүгноров, болортой чүнчигноров хөөрөг, нэг гартааман хөөрөг нийт 3 ширхэг хөөргөө олсон байсан...”  гэсэн мэдүүлэг / хх-ийн 15 тал/
Насанд хүрээгүй гэрч А.Арсланбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 04-05-ны үед Хүслэнгийн гэрт өглөө 10 цагийн үед Э.Тожилдорж, Х.Тожилдорж, Долгион, Оюунжаргал бид зургуулаа хичээлээ хийх гэж цугласан. Хүслэн хөөрөг гаргаж ирсэн. Хүслэн хэдүүлээ үүнийг зарж тоглох уу гэхээр нь тэгье л дээ гэсэн. Тэгээд чи хаанаас авсан юм гэсэн чинь Хүслэн би олсон гэж хэлсэн. Үүнийг хэдээр зарах уу гэхэд Хүслэн 100000 төгрөгнөөс буухгүй гэж хэлсэн. За яахав би нэг үзье гэж аваад дотор талынхаа халаасанд хийсэн. Тэгээд би хоёр хоногийн дараа байж байхад Хүслэн надаас хөөргөө асуухаар нь халааснаасаа гаргаж ирээд, энэ байна гэж би харуулсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Хүслэн хичээлдээ ирээгүй. Тэр хөөргийг нь би гэртээ хадгалж байсан юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 16 тал/, 
Гэрч О.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...  Миний хүү Хүслэн нь 2001 оны 02 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Иххэт сумын төрөх тасагт 3 кг жинтэй эрүүл саруул төрсөн. Дорноговь аймгийн Иххэт суманд 1- 4 дүгээр анги төгстлөө сурч байгаад, 5 дугаар ангидаа Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сурч байсан. Тэгээд 5 дугаар анги төгсөөгүй байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 5-д ангид Гантулга багшийн ангид орж суралцаж байгаад 5 дугаар ангиа төгсөөд, нэг үсрээд 7 дугаар ангиас одоог хүртэл Цэрэнпүрэв багшийн ангид суралцаж байна. Хүслэн физикийн хичээлд илүү сонирхолтой. Ном унших дуртай хүүхэд юм. Хүслэн ангийнхаа хүүхдүүд дотроос А.Арсланбаяртай илүү дотно найзалдаг юм. Хүслэн нь зан байдпын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, хүнтэй нийтэч, найз нөхөдтэйгээ эвтэй, элдэв муу санаа байхгүй, цагаан цайлган сэтгэлтэй тийм л хүүхэд юм. Одоо дундаж үнэлгээ нь “С” үнэлгээтэй суралцаж байгаа...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч О.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 4 хүүхэдтэй амьдардаг ба хүүгээ гэмт хэрэгт холбогдох үеэр хүний дэлгүүрт худалдагчаар түр ажиллаж байсан юм. Ажилдаа өглөө 7 цагт гараад орой 22 цагт орж ирдэг байсан тул хүүхдүүдээ өдөр юу хийж байгааг анхаараагүй, гэмт хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Цаашид хүүгээ гэмт хэрэгт холбогдуулахгүй, зөв засаж, хүмүүжүүлж чадна. Иймээс хүүд маань хөнгөн ял оноож миний хараа, хяналтанд өгнө үү гэжээ, 
 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 тал/, 
 Шүүгдэгч Э.Хүслэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед болов уу. Цаг сайн анзаараагүй. Хөрш Батмөнх гуайн зуны амбаарт ороод орны гудсан доор нь байсан хоёр хөөргийг авсан. Тэр хоёр хөөрөг нэг нь сааралдуу, нөгөө хөөрөг нь хүрэн ягаан өнгийн хөөрөг байсан. Энэ хоёр хөөргийг цүнхэндээ хийж авч явж байсан. Түүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 23-ны орой дахин Батмөнх гуайн амбаарт орой 21 цагийн үед орж, хайрцаг дотроос хүрэн бордуу өнгийн хөөрөг байсныг авсан. Хайрцаг дотор байсан баринтаглаж тавьсан 200000 төгрөг байсныг авсан. Тэгээд тэндээс гарч гэр рүүгээ орсон. Саарал өнгийн хөөргийг ангийнхаа Арсланбаярт заруулах гэж өгсөн. Тэр хөөргийг би Арсланбаярт явж байгаад олсон гэж хэлсэн. Хаанаас олсноо хэлээгүй.  Миний хулгайлсан 200000 төгрөг 20, 10 мянгатын дэвсгэртүүд байсан. Тэр мөнгийг идэж уух хүнсний зүйл болон писи тоглоом тоглоод дуусгасан. Би тэр мөнгөөр 10 гаруй хоног писи тоглоом тоглож, хүнсний зүйл авч идэж уугаад дуусгасан. Намайг 3 ширхэг хөөрөг болон 200000 төгрөг хулгайлсан гэдгийг ээж, дүү нар болон манай ангийн хүүхдүүд мэдээгүй. Манайд цугласан хүүхдүүдэд би сааралдуу өнгийн хөөргийг олсон гэж хэлсэн. Яг хаанаас олсон гэдгээ хэлээгүй. Тэд ч надаас яг хаанаас олсон гэж асуугаагүй. Манай хөрш Ж.Батмөнх гуайн амбаарын цоож нь гараар татахад онгойдог мөнгөлөг өнгийн дунд зэргийн хятад улсад үйлдвэрлэсэн цоож байсан. Би тэдний амбаарын цоожийг гараараа татаж онгойлгоод уг эд зүйлийг хулгайлсан. Ийм муухай гэмт хэрэгт хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, сургуульдаа сурч, дүү нараа тэжээн тэтгэж амьдарна гэж бодож байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж, ойлгосон, сургуулиа төгсөөд мэргэжлийн сургуульд элсэн орох хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг/хх-ийн 23 хуудас/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35 хуудас/, 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэн нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Батмөнхийн зуны амбаарт нэвтрэн орж, орны гудсан доороос нь хүрэн ягаан, саарал өнгийн 2 ширхэг хөөрөгийг хулгайлж бага бус хэмжээний буюу  850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд иргэн Ж.Батмөнхийн зуны амбаарт нэвтрэн орж бэлнээр 200000 төгрөг, 1 ширхэг хөөрөгийг хулгайлж бага бус хэмжээний буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан, ба нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцох нь зүйтэй байна. 
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэн нь давтан үйлдлээр, орон байранд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүх түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй гэж үзэв. 
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сум-Гэсэр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх насанд хүрээгүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. 
Насанд хүрээгүй шүүгдэгч нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 9а ангид суралцдаг ба цаашид үргэлжлүүлэн суралцаж, мэргэжлийн сургуульд оролцох хүсэлтэй гэсэн тул шүүх түүнийг цаашид амжилттай суралцахыг даалгаж,  насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэнгийн ээж буюу хууль ёсны төлөөлөгч О.Энхтуяа нь шүүгдэгчийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг хүссэн тул шүүх түүний зөвшөөрлийг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгчийн засрал хүмүүжлийг хариуцуулах нь зүйтэй болно. 
Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэнгийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь насанд хүрээгүй ба хувьд оногдох эд хөрөнгөгүй тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Орхдороп овгийн Эрдэнэ-Ундрахын Хүслэнг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүслэнд эд хөрөнгийг нь хураахгүйгээр, 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүслэнд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнийг бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус  дурдсугай. 

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүслэнд эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил 01 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчийг  цаашид үргэлжлүүлэн амжилттай суралцахыг даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх О.Энхтуяад хариуцуулсугай.
    
6. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүргийг биелүүлээгүй буюу  захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргаж болохыг дурьдсугай. 

7. Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэн засарч хүмүүжсэнээ харуулсан бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнийг ялаас чөлөөлж болохыг дурьдсугай. 

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Э.Хүслэнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.УЯНГА