| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0208/Э/001/2021/0242 |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Э.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Г.Эд холбогдох эрүүгийн 2007003250230 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овогт Г.Э нь Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн. Эрэгтэй, 31 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ...................................................................................... тоотод оршин суух хаягтай,
Урьд Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлий 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн, Монгол овогт Г.Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......................................................................................тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Уийг 2019 оны 10 дугаар сард нүүр лүү нь түлхэх галын дэгээ төмөр авч нуруу руу 2-3 удаа цохих, хоолойг нь гараараа боох, 2020 оны 03 дугаар сарын 16-ны үед үсдээд чирэх, хоолойг нь багалзуурдах, нүүрэн тус газар нь цохих зэргээр, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чамайг ална гээд нуруун тус газарт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сард эхнэртэйгээ маргалдсан.Тухайн үед болсон зүйлээ санахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Архи уучихаараа эхнэрээ уурлуулчхаад байдаг.” гэв.
Хохирогч Т.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анх 2019 оны 06 дугаар сард энэ хэрэг болсон. Манай хүн машин янзалдаг болохоор хүн машин янзлуулчхаад архи өгдөг. Тэгээд тухайн үед гэртээ ирэхэд гэр эмх замбараагүй байсан. Согтуу байхаар нь хэсгийн байцаагч дуудсан. 2020 оны 10 дугаар сард хөдөөнөөс хүн ирээд машин үзүүлнэ гээд гараад шөнө 2, 3 цагийн үед ирсэн. Тэгээд орой нь согтуу орж ирээд удаан хаалга онгойлголоо гээд түлхэж унагаасан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Эгийн өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...................................................................................... тоотод байрлах монгол гэрээ буулгаж өдрийн наранд хатаачхаад буцаж барих гэж байсан. Энэ үед гэрээ буулгачхаад ядраад амсхийх зуураа 2 лаазтай пиво уучихаад хэвтэж байгаад унтчихсан. Ингээд унтаж байх хойгуур эхнэр Ууганцэцэг ирээд хоёр хүүхдээ аваад явчихсан байхаар нь би босож гэрээ барьчхаад эхнэр хүүхдүүдийг хадмынх pyy аваад явчихсан байна гэж бодоод хадмын гэрт очиход хүн баигаагүй. Тэгэхээр нь буцаж гэртээ ирэхэд хорооны цагдаатай хамт Ууганцэцэг ээжтэйгээ хамт ирчихсэн байсан. Намайг Ууганцэцэг гэр орноо янзалчихгүй архи дарс уулаа гээд хэрэлдэхээр нь би ч уурлаад хэрэлдчихсэн гэрээ буулгачхаад хатаах гээд буцааж бариагүй байсан юм. Тэгээд би уурлаад гэрлүү орохдоо Ууганцэцэгийн нуруу руу нь нудраад түлхчихсэн. ...2019 оны сүүлч үеэр байсан санагдаж байна цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би гаднаас гэртээ согтуу орж ирэхэд намайг Ууганцэцэг архи уулаа гээд уурлахаар нь би галын дэгээ төмрөөр нэг удаа нуруу руу нь цохиж байсан. Мөн 2020 оны 03 дугаар сард манай эхнэр Ууганцэцэг ажлынхантайгаа гарчхаад шөнө утсаа авахгүй байхаар нь эхнэр Ууганцэцэгийн байгаа айлын гадаа очиж Ууганцэцэгийг суулгаад авч явахад надтай явахгүй ажлынхантайгаа явна гэхэд нь зууралдаж нүд рүу нь цохисон асуудал бий...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 49-50 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Т.Уийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Г.Э гэрээ янзлах гээд буулгачихсан хэрнээ буцааж барьсан юмгүй хажуу хадмын гэрт согтуу унтаж байхаар нь уур хүрээд аав ээжийнх рүүгээ явсан. Тэгээд 7 дугаар хорооны хэсгийн байцаагч руу очоод манай нөхөр архи дарс уугаад байна гэж хэлээд дагуулаад гэртээ ирэхэд манай нөхөр босоод гэрээ барьчихсан байсан. Тэгээд хэсгийн байцаагчийн хажууд маргалдаж байгаад гэр лүү ороход намайг хурдан яв гээд нуруу руу гараараа нэг удаа цохисон. Тэрнээс хойш нуруу хөхөрчихсөн хэд хоног хөндүүр явсан. 2019 оны 10 дугаар сарын дундуур нэг шөнө манай нөхөр Г.Э гэртээ шөнө согтуу ирэхэд нь би босож хаалга тайлахад ямар удаан хаалга тайлдаг юм бэ гээд маргалдаж намайг нүүр лүү түлхээд галын дэгээ төмөр авч нуруу руу 2-3 уцаа цохиод барьж аваад хоолой гараараа боосон. Тэр үед нуруунд цохисон газар нь хөхөрч, хүзүү улайсан байсан. Цуг уусан бололтой Баянаа гэх залуу орж ирээд нөхрийг эхнэртэйгээ битгий мууд яаж байгаа юм боль гээд гарч явсан. Найз болох Баянаа нь намайг зодохыг хараагүй, дараа нь орж ирж таарсан. 2020 оны 03 дугаар сарын дундуур 16-ны өдөр манай ажлынхан Энгэршандад байдаг Өнөрөө эгчийн гэрт нь суугаад архи дарс ууж байгаад би жаахан согтоод унтаад өгсөн юм. Шөнө нөхөр авахаар айлд орж ирээд чирч гаргаад гадаа үснээс зулгааж чирээд нэлээн хэдэн удаа бие, нүүр рүү цохиод машины арын хаалга онгойлгож суулгаад дээрээс бие рүү цохиж зодсон. Тэр үед миний баруун нүдний зовхи хөхөрч нуруу бие хаа хөндүүр болсон. Ажилдаа явж чадаагүй 7 хоносон...айлгаж сүрдүүлдэг, ална эсвэл өөрөө үхнэ гэх зэргээр заналхийлж дарамталдаг.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8-10 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Нийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед манай охин Ууганцэцэг надтай утсаар яриад ээж та хүрээд ирээч манай гэр орон салан задгай байна нөхөр байнга архи уугаад байна, одоо бас согтуу унтаж байна гэхэд нь би гэрт нь яваад очтол Г.Э согтуу ээжийнхээ гэрт ганцаараа ширээ налаад унтаж байхаар нь би охиноо дагуулаад хадам ээжтэй нь уулзаж ярилцах зорилгоор ажил дээр нь очиж уулзахад Г.Эий ээж Ж.Э хэлэхдээ “би хүүхдээ архи уугаад гэр орондоо хонохгүй, гадуур өөр хүүхэнтэй уулзаад яваад байгаа талаар нь мэдэж байна. Манай хүүгийн буруу би угаасаа Ууганцэцэгийн талд байгаа” гэж хэлсэн. Тэгээд би 7 дугаар хорооны хэсгийн байцаагчтай уулзаад манай охиныг Г.Э ажил хийлгэхгүй, ажил дээр нь очиж ална, тална гэж дарамтлаад байна гэж хэлээд байцаагчтай хамт охиныхоо гэр лүү явсан. Гэрийн гадаа очиж байхад Г.Э манай охин руу утсаар залгаад чи хаана байна гээд орилоод байхаар нь манай охин би гэрийн гадаа байна гэж хэлсэн. Удалгүй Г.Э бид нарын хамт хадмын гэр лүү ороход Г.Э нь Ууганцэцэгийг алнаа чамайг гээд нуруу хэсэгт нь нэг удаа чанга цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ” гэхэд Г.Э наад гичий чинь урд тээг болоод хурдан орохгүй байна гэж хэлсэн. Гэрт нь аав, ээж нь байхгүй байсан. 2019 оны хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Охин над руу залгаад уйлаад Г.Э намайг зодоод байна гэж хэлэхээр нь би гэрт нь очиход Ууганцэцэг уйлаад гар, хөл нь хөхөрсөн байсан. 2020 оны 3 дугаар сард байхаа шөнө 1 цагийн үед Г.Э манай охиныг зодоод нүдийг нь хөх болтол нь зодсон байсан. Тэр үед би цагдаад хэлээгүй....” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Эгийн өгсөн: “...Би хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдаггүй юм. Хааяа манай хүү эхнэртэйгээ гэртээ маргалдаад орилж хашхираад байдаг. Тэр үед би гэрт нь орж байгаагүй. 2019 оны өвөл шөнийн 2 цагийн үед Г.Эий хадам ээж болох Э.Н нь манай гэрт орж ирээд Г.Э архи уугаад агсам тавиад байна. Хэд хэдэн удаа болж байна. Одоо Г.Эийг цагдаад барьж өгөөд хашраамаар байна гэж хэлэхээр нь би “чи яасан гэж хүүхэд хашраах гээд байгаа юм бэ өөрсдийнх нь олсон амьдрал юм чинь өөрсдөө мэдэг. Чи бид хоёрт ямар хамаатай юм бэ” гэж хэлээд гаргасан...2019 оноос хойш л Г.Э, Ууганцэцэг хоёр хоорондоо хааяа нэг орилж хашхираад маргалдаад байгаа сонсогдож байсан. Сүүлийн үед Ууганцэцэг нь ээжийнхээ гэр лүү хоёр хүүхдээ аваад явчихсан байдаг, 7 хоногийн дараа ирчихсэн л байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08шэ/522 дугаартай “Т.Уийн биед нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт
/хх-ийн 39 дүгээр тал/
6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 51-52 дугаар тал/
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 53-61 дүгээр тал/
8. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 67 дугаар тал/
9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 68 дугаар тал/
10. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 80 дугаар тал/
11. Г.Эий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 81-105 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Шүүгдэгч Г.Эг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Эий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Хохирогч Т.Уээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Миний үйлчлүүлэгч Г.Эий хийсэн үйлдлийн хамгийн эхний үйлдэл нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны үйлдэл сүүлийн үйлдэл нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон. Хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэргээс хойш өөртөө дүгнэлт хийж мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хариуцлагын зорилго маань өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Т.Уийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн үйлдлээс учирсан гэмтэл байхгүй. Тухайн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч зөөлөн эдийн гэмтэл дээр тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан. Гэр бүлийн харилцаа тогтвортой үргэлжилж байгаа зэргийг онцгойлон анхаарч үзнэ үү. 2021 оны 05 дугаар сард гэр бүлээрээ Ковид 19 цар тахалт өвчин тусч гэр бүлийн эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа. Шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан цаашид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байх нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хүнийг хөнгөрүүлэх зүйл байгаа. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаанд тэнсэж, хянан харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх,
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.Эий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сард Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 3 дугаар гудамжны 4 тоот гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Уийг “удаан хаалга онгойлголоо” гэх шалтгаанаар гараараа нүүр лүү нь түлхэж галын дэгээ төмөр авч нуруу руу нь 2-3 удаа цохин хоолойг нь гараараа боосон,
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шөнө дунд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Уийг “ажлынхантайгаа шөнө болтол явлаа” гэх шалтгаанаар үсдээд чирэх, хоолойг нь багалзуурдах, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодсон,
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 3 дугаар гудамжны 4 тоот гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Уийг “хурдан яв” гэх шалтгаанаар чамайг ална гээд нуруун тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.Э “...Ууганцэцэгийн нуруу луу нь нудраад түлхчихсэн... архи уулаа гээд уурлахаар нь би галын дэгээ төмрөөр нэг удаа нуруу руу нь цохиж байсан...би уурлаад гэрлүү орохдоо Ууганцэцэгийн нуруу руу нь нудраад түлхчихсэн...ажлынхантайгаа явна гэхэд нь зууралдаж нүд рүу нь цохисон” гэх,
Хохирогч Т.У “...маргалдаж байгаад гэр рүү ороход намайг хурдан яваач гээд нуруу руу гараараа нэг удаа цохисон...нүүр рүү түлхээд галын дэгээ төмөр авч нуруу руу 2-3 удаа цохиод барьж аваад хоолой гараараа боосон...орж ирээд чирч гаргаад гадаа үснээс зулгааж чирээд нэлээн хэдэн удаа бие, нүүр рүү цохиод машины арын хаалга онгойлгож суулгаад дээрээс бие рүү цохиж зодсон. Тэр үед миний баруун нүдний зовхи хөхөрч нуруу бие хаа хөндүүр болсон...” гэх,
Гэрч Э.Нийн “...цагдаагийн хажууд салбал ална шүү гээд шууд охин Ууганцэцэгийг гэртээ орох гэхэд нь араас нь нуруу руу нь нэг удаа цохисон. ...урьд нь Г.Э эхнэр Ууганцэцэгийг зодож байсан. ...галын дэгээ төмрөөр нуруу руу нь цохьсон гэж маргааш нь Ууганцэцэг надад ярьж байсан, тэр үед нуруугаа надад үзүүлэхэд хөхөрсөн харагдсан. ...сүүлийн нэг жил архи их ууж эхнэрээ зодох болсон” гэх,
Гэрч Ж.Эгийн “...Хааяа манай хүү эхнэртэйгээ гэртээ маргалдаад орилж хашхираад байдаг. Тэр үед би гэрт нь орж байгаагүй...” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/522 дугаар: "...Т.Уийн биед нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Эий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.У нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Эд 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон 3 хоногтой, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Эд 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Эийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон нийт 3 хоногтой болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ