Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч А.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 73 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт О.Сад холбогдох эрүүгийн 2007000000257 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд  Баяннзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангий| 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  Шыбарайгыр овогт О.С /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.С нь ................................................................ тоотод
оршин суух гэртээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Быг найзын гэрээс гарахдаа хэлэхгүй орхиж явлаа гэсэн шалтгаанаар шөнө унтаж байхад нь үснээс нь зулгааж, үүдний амбаар хүртэл чирэх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.С нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  06 дугаар сарын 05-нд би цалингаа авчхаад байж байсан чинь эхнэр залгаад найзынд очъё ой нь болж байгаа юм байна гээд явсан. Би ажлаасаа шууд гэр лүү нь очсон чинь эхнэр Жаанаа найзындаа очсон байсан. Тэгээд тэнд ярьж, ууж сууж байгаад намайг нэг харсан чинь орхиод явсан байсан. Тэгээд гэр рүүгээ явган очсон чинь ирээгүй байхаар нь буцаж ажил руугаа яваад буцаад 5 өнгөрч байхад ирсэн байсан. Тэгээд чи яагаад намайг орхиж явж байгаа юм гээд цохисон” гэв.

 

Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 06 дугаар сарын 05-ны өдөр найзуудтайгаа сууж байгаад бид хоёрын харилцаа таарамжгүй байсан. Би 2020 оны 02 сард Казакстанаас ирсэн. Ирэхээсээ өмнө 2017 оны 08 дугаар сард энэ хүнээс салчхаад явсан байсан. Тэгээд ирээд 2 сар аавын гэрт хамт амьдрах гэж үзээд үзэл бодол нийлэхгүй байсан. Тэгээд энэ хүн 4 сараас байрлаж ажиллана гээд яваад 06 дугаар сард найзынд цугласан байхад энэ хүн ирсэн байсан. Тэгээд би ирсэн байхаар нь нээх удалгүй 12 өнгөрөөгөөд явсан. Тэгээд явсан чинь намайг машинтай гадуур явж байх хооронд ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд үүрээр 5 өнгөрч байхад хүүхдүүд хажууд, би нүцгэн хэвтэж байсан чинь үгийн зөрүүгүй үснээс зулгааж коридор руу чирээд 2, 3 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь яваад эргэж ирээгүй. Тэгээд 9 сард одонгийн найраар найзындаа цугласан байхад бас ирсэн байхаар нь нээх удалгүй би явсан. Тэгээд тэр өдөр нэлээн бороотой байсан болохоор хойгуур тавьсан байсан. Би машины урдуур суух гэсэн чинь машины багаж дотор суусан байхаар нь чи буугаач гэсэн чинь буухгүй байсан. Тэгээд намайг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүзүү боогоод доошоо дараад би болиоч гээд бараг 5 минут ноцолдоод Давка, М 2 гарч ирээд салгасан. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.Сын өгсөн: ....2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил 21 цагт тараад эхнэрлүүгээ залгахад танай найзуудтай Жаядарбекийн гэрт сууж байна. Бид нар Сайкагийн гэрт очлоо гэхээр нь шууд Сайкагийн гэрт явж очоод архи ууцгаагаад шөнийн 00 цагийн үед манай эхнэр надад хэлэлгүй гараад явсан байхаар нь гайхаад утас руу нь залгахад хаана байх нь чамд хамаагүй гэхээр нь би хадмын гэрт очоод эхнэр лүү 01 цагийн үед залгахад чамд ямар хамаатай юм хаана ч байсан чамд огт хамаагүй гэхээр нь би гараад ажил дээрээ очоод дахиад эхнэр лүү залгахад дахиад хаана байгаагаа хэлэхгүй байхаар нь 04 цагийн үед хадмын гэрт яваад очтол Б ирсэн унтаж байхаар нь очоод татсан чинь босоод ирэхээр нь гадуур явсныг нь бодоод уурандаа үснээс нь татахад босоод ирэхээр нь хүүхдүүд унтаж байхаар нь үүдний өрөөнд дагуулж ирээд зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Тэгтэл дүү А.Б нь босоод ирсэн ба А.Бы нүүрлүү дахиад нэг удаа цохиод гараад явсан. Би А.Быг өөр залуутай болсон гэж бодоод байгаа. Учир нь А.Б гэртээ байдаггүй дандаа шөнө оройн цагаар машинаа унаад гараад явчихдаг. Асуухаар юу ч хэлдэггүй. Тэгээд л тэрийг яриад хоорондоо маргалдаад би ууж байсан устай аягаа хана руу шидээд хагалсан юм. Тэгээд харин ч зодож цохиж болохгүй гэж бодоод нэг ч цохиогүй. Харин уурандаа барьж авсан болохоос цохиж зодоогүй. Байшингийн тогийг бол тасдсан. Учир нь би аль болох А.Бтай эвлэрэх гээд л дахин дахин очоод хэрүүл маргаан үүсээд байдаг юм. Тогийг нь тасдчихвал надад хэлээд уулзах болов уу гэж бодсондоо л тогийг тасдсан. гэх мэдүүлэг,

/хх-ийн 42-43 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.Бы өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. ................................................................тоотод гэрт орж ирээд 2 хүүхдийн маань нүдэн дээр намайг унтаж байтал согтуу орж ирээд шууд л хөнжил сөхөөд үснээс зулгаагаад үүдний амбаар хүртэл чирсэн. Яаж байгаа юм бэ гэхэд 3 удаа гараа зангидаж байгаад баруун талын нүд рүү цохисон. Тэгээд манай дүү Б нь дундуур ороод салгасан. Тэгээд цагдаа дуудлаа гэхэд гэрээс гараад явчихсан. Нөхөр О.С нь согтуу байсан. Зодуулснаас болоод миний баруун талын нүд, шанаа хөхөрч хавдсан, өвдөг зулгарсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ орж иртэл тог байхгүй байхаар нь доод айлруугаа ороод асуутал тогтой байхаар нь эрчим рүү залгахад ирээд шалгаж үзээд манайхаас шалтгаалсан зүйл алга танай дотор монтажинд асуудал байна гэж хэлээд яваад өгөхөөр нь би өөрийнхөө тогны утсыг хөөгөөд явж байтал манай доод айлаас манайхруу ирсэн тогны утсыг салгасан байсан.

...Ингээд тогны утсыг хүргэн Баар залгуулсан. Янданд юм хийсэн асуудлыг болохоор О.С биш гэж бодож байгаа учир нь манай том хүү галаа асаахдаа дандаа хурдан асахыг нь бодоод пийшэндээ ундааны хуванцар, гялгар уут зэргийг хийчихдэг болохоор тэр нь хайлаад яндан бөглөсөн байх. Tor тасдсан асуудлыг болохоор би О.Саас асуухад өөрөө тасдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол учраагүй. Тасдсан хэсгийг нь холбоод лентээр ороогоод л болчихсон. О.С надад хэлэхдээ байшин тоггүй болчихоор намайг О.С руу залгаад гуйх болов уу гэж бодоод тасалсан гэж надад хэлсэн.

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай найз Ж одонгийн найранд урьсан юм. Тэгээд найз нөхдөөрөө ярьж хөөрөлдөөд сууж байтал О.С 22 цагийн үед болов уу гаднаас орж ирэхээр нь би тоогоо ч үгүй бид хоёр ч бараг хоорондоо юм яриагүй эрчүүд, эмэгтэйчүүдээрээ хоорондоо юм ярьж байгаад би 00 цаг өнгөрч байхад гэртээ харихаар гараад хашааныхаа урд хаалгаар гараад дээшээ алхаад машин дээрээ очоод хаалгаа онгойлгоод суугаад машинаа асаатал арын багажны хаалга онгойлгоод О.С дотор нь ороод хэвтэхээр нь би буугаач гэхэд буухгүй гээд байхаар нь би машинаасаа буугаад багажны хаалга онгойлгоод буу наанаасаа гэхэд О.С босч ирээд шууд намайг багалзуурдаад машины багажруу хойшоо шахаад хоолой боохоор нь би болиоч ээ, туслаарай гээд чанга орилоод 2-3 минут орчим ноцолдоод Д, М нар гарч ирээд О.Сийг болиулаад цааш аваад явахаар нь би машиндаа суугаад яваад өгсөн. Намайг зодож цохиогүй, миний биед гэмтэл учраагүй.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр том хүү Ны хамт байж байтал 22 цагийн үед хүн хаалга нүдээд байж байхаар нь хэн бэ гэхэд би байна гээд О.С согтуу бололтой дуугарахаар нь би хаалгаа онгойлгоогүй юм. Тэгтэл үүдний амбаарын цонхоор орж ирээд гал тогооны өрөөний ширээн дээр суугаад чи надаас салах өргөдөл бичсэн байгаа юм уу, яагаад намайг бусдад буруу ойлгуулах гээд байгаа юм бэ гэх мэтчилэн зүйл яриад би согтуу хүнтэй яримааргүй байна гэж хэлээд юу ч дуугарахгүй орон дээр утсаа оролдоод хэвтэж байтал О.С аяганд ус хийгээд ууж байснаа миний нүүр рүү усыг нь цацаад аягаа хана руу шидэж хагалаад миний толгойг сугандаа хавчуулж татаж босгоод кордиор руу чирээд аваад явтал манай том хүү та яагаад байгаа юм бэ болчихооч, битгий миний ээжийг зовоогоод бай гэж хэлэхэд гадна хаалгыг хүчтэй савчихаад гараад явсан. Зодож цохисон асуудал байхгүй болохоор учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-10, 150-156 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр С.Ны өгсөн: “...аав, ээж хоёр маань одоо бол тусдаа амьдардаг юм. 2020 оны 06 дугаар сард яг өдрийг нь бол санахгүй байна. Тэр өдөр ээж, аавыг найзуудтай нь уулзуулна гээд хамт гараад явсан. Тэгээд шөнө 03 цаг болж байхад гэрт аав согтуу ирсэн. Тэгээд ээж чинь хаана байна гэхээр нь найзуудтайгаа байгаа байлгүйдээ гэхэд ээж рүү миний утсаар залгаад байсан ба ээжийг одоо гэртээ ир ирэхгүй бол ална гэж хэлчихээд гэрээс орж гараад яваад байсан. Тэгээд удалгүй ээж маань 04 цагийн үед ирээд унтах гээд орондоо хэвтэж байтал аав О.С гаднаас орж ирээд ээж Быг үснээс нь зулгаагаад чирээд үүдний тамбар руу аваачсан.Тэгээд ээжийг ээжийн дүү Б нь салгатал аав ээжийн нүүр рүү гараа зангидаж байгаад 3 удаа цохисон...2020 оны 09 дүгээр сарын 15-ны үед аав бага зэргийн архи үнэртүүлчихсэн гэрт орж ирээд ээжтэй хэрүүл хийж байгаад ээжийг элдвээр хэлээд байсан ууж байсан устай аягыг шидсэн. Тэгээд ээжийг бариад авахаар нь би боль та яв гээд орилсон.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 19-20 дугаар тал/

 

            4. Мөрдөн байцаалтад гэрчээр А.Бийн өгсөн: ...2020 оны 06 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна миний төрсөн эгч А.Б нь манай гэрт нөхрөөсөө салаад ирчихсэн 2 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Тэгтэл нэг орой найзууд нь А.Б эгчийг дуудаад найзуудтайгаа уулзахаар 17 цагийн үед гэрээс гарсан. Ингээд би 23 цагийн үед унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна ямар ч байсан 01 цагийн үед байх хүргэн ах О.С гаднаас орж ирээд ээж чинь хаана байна гээд чанга чанга дуугараад байсан би сэрээд харчхаад буцаад унтаад өгсөн. Тэгтэл 04 цагийн үед хүн орлихоор нь сэрээд хартал үүдний өрөөнд Б эгчийг О.С үсдээд зогссон гараараа нүүр лүү нь алгадахаар нь би гүйж очоод голоор нь ороод салгахад Б эгч өрөөрүүгээ гүйгээд ортол О.С ах араас нь ороод дахиад 1 удаа ямар ч байсан гараа зангидаж байгаад нүд рүү нь цохисон. Би цагдаа дуудлаа гэж хэлэхэд О.С гараад явсан. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23-24 дүгээр тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Ө.Мгийн өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шиг санагдаж байна Ж одон аваад найзуудыгаа гэртээ урьсан. ...О.С 22 цагийн үед болов уу орж ирээд эрэгтэйчүүдтэй нийлээд сууж байсан. Бид нар найрнаас тарах гэж байхад Б бид нараас түрүүлээд гарсан ба араас нь О.С гүйгээд гараад явахаар нь нөхөр бид 2 гутлаа өмсөөд хашааны арын хаалгаар гараад гудамжаар дээшээ өгсөөд явж байтал эмэгтэй хүний орилох чимээ сонсогдсон Бы хоолой байна гэдгийг таниад нөхөр бид 2 гудамжны үзүүрт 01 тоот хашааны хаалганд тулаад зогссон ба багажны хаалга онгорхой байхаар нь тойроод очтол Б багажны машинд цээжин хэсгээр хэвтсэн О.С урд нь Бы 2 гараас бариад хойш нь түлхсэн байдалтай байсан чинь манай нөхөр очоод шууд О.Сыг татаж авахаар нь би Быг яасан бэ гэхэд намайг алах гэж байна гэж О.Сыг хэлснээ өөр юм ярилгүй шууд машиндаа суугаад машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд О.Саас юу болсон талаар асуух гэснээ санаа зовоод тусдаа амьдарч байгаа, салах гэж байгаа гэдгийг нь мэддэг болохоор болсон асуудлыг асуулгүй манай нөхөр Д манай гэрт очоод амарчих гээд дагуулж алхаад гэрт ороод шууд унтаад өглөө сэртэл О.С гараад явсан... гэх мэдүүлэг,

            /хх-ийн 164-165 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Ббекийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна ямар ч байсан гэртээ байхад манай хадам эгч Б над руу 17 цагийн үед залгаад манай гэр тоггүй болчихсон байна хоёулаа тогны утсыг шалгая гэхээр нь зөвшөөрөөд доод айлаас Бы гэр рүү явсан тогны утас тасарсан байхаар нь залгаад гэрт нь ороод тогийг үзэхэд 1 өрөөнд нь тогтой байхаар нь өөр газраа тасарсан байна гэж бодоод дахиад хөөгөөд явтал байшингийн дээвэр дээр мөн адил хэд хэдэн утас тасалсан байсан. Яг хэдэн утас гэдгийг санахгүй байна. Тэгээд бүгдийг нь залгаад байшин хэвийн тогтой болсон гэх мэдүүлэг,

            /хх-ийн 168 дугаар тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр С.Дын өгсөн: ...Эмэгтэйчүүд ганц нэг пиво уугаад л сууж байгаа харагдсан. Эрчүүд бид нар бараг арвуулаа 4 шил 0.75 литрийн архи хувааж уусан согтсон хүн нэг ч байгаагүй. О.С, Быг зүгээр л 2 гарыг нь бариад хойш нь түлхээд Б машиныхаа багажинд тулаад хойшоо цээжээрээ багаж руугаа хэвтсэн байдалтай байсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Ямар нэг гэмтэл хоёуланд нь учраагүй байсан... гэх мэдүүлэг,

            /хх-ийн 169 дүгээр тал/

 

8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/793 дугаар: А.Бы биед гэрэл зурагт харуулснаар зүүн дээд, доод зовхинд цус хуралт, гуя, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 31 дүгээр тал/

 

9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 44-46 дугаар тал/

 

10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 47-55 дугаар тал/

 

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 56 дугаар тал/,

 

            12. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 152 дугаар тал/

           

            13. О.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-88 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...шүүгдэгч О.Сад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч О.Сад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч А.Баас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч А.Бы биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Хохирогч А.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч О.С нь бусдын бие махбодод хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр А.Бы биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн боловч өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчийн оногдуулж байгаа 550 нэгжээр торгох ялыг оногдуулах үндэслэлгүй гэж харж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээд хүчингүй болгосон байгаа. Мөн 2 дахь заалтаараа Монгол улсын Их хурлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэхүү тогтоол бол гармагцаа хүчин төгөлдөр болох эцсийн шийдвэр болохыг дурдсан байгаа учраас энэ зүйл заалтыг шүүхээс хэрэглэх боломжтой болсон гэж харж байна. Тиймээс шүүгдэгч О.Сад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.Сад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.С нь ................................................................ тоотод
оршин суух гэртээ 2020 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Быг
найзын гэрээс гарахдаа хэлэлгүй явлаагэх шалтгаанаар шөнө унтаж байхад нь үснээс нь зулгааж үүдний амбаар хүртэл чирч, нүүрэн тус газарт нь 3 удаа гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, гуя, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч О.Сын “...Тэгээд чи яагаад намайг орхиж явж байгаа юм гээд цохисон... уурандаа үснээс нь татахад босоод ирэхээр нь хүүхдүүд унтаж байхаар нь үүдний өрөөнд дагуулж ирээд зүүн шанаанд нь нэг удаа цохисон.” гэх,

Хохирогч А.Бы “...үгийн зөрүүгүй үснээс зулгааж коридор руу чирээд 2, 3 удаа цохисон... Тэгээд намайг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүзүү боогоод доошоо дараад би болиоч гээд бараг 5 минут ноцолдоод Давка, М 2 гарч ирээд салгасан.гэх,

Насанд хүрээгүй гэрч  С.Ны ...аав О.С гаднаас орж ирээд ээж Быг үснээс нь зулгаагаад чирээд үүдний тамбар руу аваачсан.Тэгээд ээжийг ээжийн дүү Б нь салгатал аав ээжийн нүүр рүү гараа зангидаж байгаад 3 удаа цохисон... ээжтэй хэрүүл хийж байгаад ээжийг элдвээр хэлээд байсан ууж байсан устай аягыг шидсэн. гэх,

Гэрч А.Бийн ...Б эгчийг О.С үсдээд зогссон гараараа нүүрлүү нь алгадахаар нь би гүйж очоод голоор нь ороод салгахад Б эгч өрөөрүүгээ гүйгээд ортол О.С ах араас нь ороод дахиад 1 удаа ямар ч байсан гараа зангидаж байгаад нүдрүү нь цохисон. гэх,

Гэрч Ө.Мгийн ...Бы хоолой байна гэдгийг таниад нөхөр бид 2 гудамжны үзүүрт 01 тоот хашааны хаалганд тулаад зогссон ба багажны хаалга онгорхой байхаар нь тойроод очтол Б багажны машинд цээжин хэсгээр хэвтсэн О.С урд нь Бы 2 гараас бариад хойш нь түлхсэн байдалтай байсан. гэх,

Гэрч Т.Ббекийн ...дахиад хөөгөөд явтал байшингийн дээвэр дээр мөн адил хэд хэдэн утас тасалсан байсан яг хэдэн утас гэдгийг санахгүй байна. гэх,

Гэрч С.Дын ...О.С, Быг зүгээр л 2 гарыг нь бариад хойш нь түлхээд Б машиныхаа багажинд тулаад хойшоо цээжээрээ багажруугаа хэвтсэн байдалтай байсан. гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/793 дугаар: А.Бы биед гэрэл зурагт харуулснаар зүүн дээд, доод зовхинд цус хуралт, гуя, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

           

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Бы  бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

              Шүүгдэгч О.Сад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулиуд 2020 оны 01 дүгээр сарын 10 -ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэхүү хуулиар  холбогдох этгээдийг яллагдагчаар татаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан.

            Шүүгдэгч нарын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч О.Сад холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт О.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Шыбарайгыр овогт О.Сад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ