Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б сумын харъяат, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  ... мэргэжилтэй, ам бүл 4, хадам аав, эхнэр,  хүүхдийн хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо ... ажилтай,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “а” дахь заалт буюу “жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэснийг зөрчиж, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Точикийн байрны голын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Эстима” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Жолоодож явахдаа зам хөндлөн гарч явсан 1 нас 9 сартай Б.Э-г дайрч, амь насыг нь хохироож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 06 сарын 09-ний өдөр 13 цагийн үед 2 пиво уусан. Ингээд 19 цагийн орчимд ажил руу багаж хүргэж өгөхөөр 31-67 дугаартай, Эстима машинаа бариад гэрийнхээ гаднаас хөдлөөд вокзалын  баруун талын замаар хойшоо чиглээд явж байхад 3, 4 хүүхэд зам хөндлөн гарч харагдсан, хурдаа хасаад тойроод гарахад юм дуугарахаар нь зогсоод харахад хүүхэд мөргөсөн байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж, 10,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг ойлгож мэдсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна“  гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6/

Жолооч Ч.А нь 0,68 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн тэмдэглэл /хх-ийн 7/

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

Улбар шар өнгийн ажлын хантааз 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр, ягаан, цагаан алаг өнгийн хүүхдийн өмд 1 ширхэг, цэнхэр, ягаан, цагаан өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг хүүхдийн,  хүүхдийн саарал өнгийн оймс 2 ширхэг, ягаан өнгийн гутал 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 06 дугаар сарын 09-ний 19:10 цагийн үед  өвөө эмээгийнх нь гэрээс 2 хүүхдээ авсан, эхнэр түрүүлээд гэрлүүгээ алхсан би талийгаач охиныг аваад гэртээ орсон, Э гадаа тоглоод үлдсэн би гэртээ охиноо дагуулаад орохдоо скүтерийг нь гадаа үүдэнд тавьчихаад орсон чинь охин скүтер тоглоомруу заагаад буцаж гарах гээд байхаар нь эхнэр охиноо дагуулаад гарсан, би гэрт үлдээд ажлынхаа хүнтэй ажил ярьж байгаад удалгүй тамхи татах гээд үүдэнд гарсан чинь эхнэр хөрш айлын хүүхдийг өргөчихсөн түүнийг гэрлүү нь оруулж өгчихөөд буцаад гэр рүү орохоор нь би араас нь ороод том өрөөндөө ороод суухад эхнэр “хоол хийх үү?” гэж асуухаар “тэгэе чи будаагаа агшаачих би хоолоо хийе” гэж хэлж байтал манай байрны хүүхэд болох Хосоо гүйж орж ирээд “Агаа Э машинд дайруулчихлаа” гэхлээр нь эхнэр бид 2 сандраад гэрээсээ гараад замруу гүйгээд очиход саарал өнгийн Эстима маркын авто машин зам зорчих хэсэгт хойд зүгт харсан зогсож байсан, 50 гаран насны ... лого бүхий хувцастай хүн Б.Э-г жолооныхоо ард тэврээд сууж байсан, охиныг харахад ам, чихнээс цус нөж гарч байсан нэг удаа хахсан, би охиноо тэврээд машиных нь арын суудал дээр орж суухад Э уйлж орж ирээд урд талын суудал дээр суусан, тэгээд жолоочийг “хурдан эмнэлэг яв” гэж хэлэхэд жолооч эмнэлгийн зүгт явах зуур эхнэр “миний охиныг яаж байгаа юм бэ?” гээд орилоод уйлаад байсан, би жолоочийг “замаа хардаггүй юм уу?” гэж хэлэхэд тухайн жолооч “харин тиймээ 2, 3 хүүхэд харагдах шиг болсон азаар том хүүхдүүд нь үсрээд гарчих шиг болсон” гэж хэлэхэд тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ...Тухайн жолоочийг замын цагдаагийн зохицуулагч согтуурал шалгадаг багажаар үлээлгэх гэхэд хангалттай үлээж өгөхгүй байж байгаад дахиад үлээхэд нь 0.68 гарахыг нь би харсан, тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэдэгдэж надад үнэртэж байсан. Би гомдолтой байна, амь хохирогч охин маань дөнгөж хэлд орж байсан сэргэлэн цовоо, эрүүл саруул өсөж бойжиж байсан хүүхэд, манай гэрийн баяр баясгалан байсан юм. Сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байнаа, нэхэмжлэх зүйлийг одоогоор хэлэх боломжгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

Насанд хүрээгүй гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрийн гадаа ойролцоо замын баруун талд манай найз Т, манай дүү Б.Э бид хэд гадаа тоглож байгаад Т бид хэд гандангийн хийдийн дэргэд байдаг сагсны талбайруу явах гэж байсан тэгсэн чинь Т эхлээд зам хөндөн гарсан араас нь манай дүү Б.Э миний гарнаас сугараад түрүүлээд алхсан би дүүгийнхээ араас очиж амжилгүй саарал өнгийн маркыг нь мэдэхгүй машин манай дүү Б.Э-г дайраад дээгүүр нь гараад дүү доогуур нь ороод чирэгдсэн тэгэхлээр би араас нь орилоод “зогсоочээ” гээд машиныг дагаад орилоод гүйсэн, тэгтэл дүү замд дээр сугарч үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Насанд хүрээгүй гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх Точикын ... дугаар байранд байдаг Э, Э нарын гэр нь ... дугаар байранд бид нар нэг байрны хүүхдүүд хамт тоглодог. Э дүү Э-г хөтөлчихсөн дүүгээ хараад бид хэд замын баруун талд явган хүний зам дээр юм яриад зогсож байгаад би эхлээд замын баруун талаас зам хөндлөн зүүн тийшээ гарсан тэгээд эргээд харсан чинь Э ахаасаа салчихсан ганцаараа зам хөндлөн гарч байсан тэгтэл гэрлэн дохиотой уулзвараас хойд зүгт саарал өнгийн жижигхэн автобус шиг би машины нэрийг нь хэлж мэдэхгүй байна урдаасаа ирж байсан тэгтэл Э дүүгээ зам хөндлөн ганцаараа гарч байгааг хараад араас нь гүйсэн боловч дүү дээрээ хүрч чадаагүй, Э яг тэр машин явдаг зам дээр явж байтал нөгөө саарал өнгийн машин эхлээд дайрч унагаагаад баруун гар талынхаа урд талын дугуй нь Э-н эхлээд хөл дээгүүр нь дараа бие дээгүүр нь сүүлд нь толгой дээгүүр нь гарах үед урд талын дугуй нь газраас хөндийрч байсан дараа нь ар талынх нь дугуй бас адилхан тэгж дайрагдаж гараад Э-с цус гарч хөдлөхгүй болчихсон тэгээд нөгөө машин жаахан явж байгаад зам дээр зогсоод жолооч нь гээд улбар шар өнгийн хантааз ажлын хувцастай, хөгшин ах бууж ирээд Э-г өргөж аваад машинруугаа яваад машиндаа ороод суусан, тэгтэл Х Э-н гэрлүү нь гүйгээд Э, Э нарын аав ээжийг нь дуудаад гаргаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Дорноговь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 22-ны өдрийн “1. Амь хохирогч Б.Э-н цогцост гавал тархины далд гэмтэл, тархины суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины аалзан бүрхүүл дорх цус хуралт, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн талын чамархай булчин болон 2 талын хуйхны чамархай хэсэг дэх цус хуралт, эрүү ясны ил хугарал, баруун хацар шанааг хамарсан зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хуйханд баруун чамархайд зулгаралт, зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, духны зүүн талд зулгаралт, зүүн чихний ар талд шарх, баруун шууны гадна дээд талд, баруун гарын ар талд зулгаралт, шарх, зүүн тохойд цус хуралт, зүүн шууны гадна талд зулгаралт, зүүн гарын ар талд зулгаралтууд, зүүн шилбэний урд болон дотор хажуу хэсгээрх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто машинд дайрагдах, чирэгдэх, нидрэгдэх үед үүснэ.

3. Амь хохирогч нь гавал тархины далд гэмтэл тархины суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины аалзан бүрхүүл дорх цус хуралт, хатуу хальсан дээрх цус хуралтын улмаас хурц цус алдаж улмаар зүрх судасны хурц дутагдалаар нас баржээ.

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн 04-17 тоот дүгнэлт /хх-ийн 27-31/

2021 оны 06 сарын 09-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.А гэж хаягласан хэмжээний хувьд хүрэлцэхүйц  тул цус шинжилгээнд тэнцэнэ.

2. Ч.А  гэж хаягласан  цусанд  0,8 промилли спиртийн  агууламж  илрэв.

3. Цусанд  0,8  промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2944 тоот дүгнэлт /хх-ийн 108-109/

Шинжээч Н.М-н 2021 оны 07 сарын 20-ны өдрийн “1. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.А нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ... Согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэснийг зөрчсөн бөгөөд энэ заалтыг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна.

2. Явган зорчигч 1 нас 9 сартай Б.Э-н аав Э.Б нь Монгол Улсын ЗХД-ийн 27.2 “а” заалт буюу “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн бөгөөд энэ заалтыг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна.

3. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн  жолооч Ч.А нь МУ-ын  ЗХД-ийн 3.7 “а” заалт, явган зорчигч 1 нас 9 сартай Б.Э-н аав Э.Б нь Монгол улсын ЗХД-ийн “а” заалтыг зөрчсөн нь зам тээврийн  осол гарах шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 116-117/

... улсын дугаартай Тоёота Эстима маркийн авто машиныг битүүмжлэх мөрөгчийн тогтоол /хх-ийн 119/

Хохирогч Б.Э-н ... дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 128/

Хохихогч Б.Э-н ... регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 129/

Шүүгдэгч Ч.А-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 132/

Шүүгдэгч Ч.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол 10,000,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 147/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний бие нь зуурдаар амиа алдсан  охин Э-н аав мөн  болно. Жолооч Ч.А-н талаас өөрсдийн санаачлагаар  охины минь буяны ажилд гарсан зардал 10,000,000 төгрөгийг миний өөрийн дансаар  байршуулж өгсөн болно. Манай гэр бүлийн зүгээс  энэ хүнээс өөр ямар нэгэн санал гомдолгүй болно. Жолооч Ч.А-н тал маань харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан болно” гэсэн тайлбар /хх-ийн 147/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 06 сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 19 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Точикийн  байрны дундуур явсан 2 урсгалтай  зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам хөндлөн гарч явсан 1 нас 9 сартай Б.Э-г  дайрч,  амь насыг хохироосон үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх тал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээч Н.М нь 2021 оны 07 сарын 20-ны өдөр “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ... Согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлтийг /хх-ийн 116-117/,

мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нь  2021 оны 06 сарын 30-ны өдөр “... Ч.А гэж хаягласан цусанд 0,8 промилли спиртийн  агууламж илрэв....цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2944 тоот дүгнэлтийг /хх-ийн 108-109/ гаргасан, тухайн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон,  хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч Ч.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, насанд хүрээгүй гэрч Б.Э, Э.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2021 оны 06 сарын 30-ны өдрийн 2944 тоот дүгнэлт /хх-ийн 108-109/, шинжээч Н.М-н 2021 оны 07 сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 116-117/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 22-ны өдрийн амь хохирогч Б.Э-н нас барсан шалтгааныг тогтоосон 04-17 тоот дүгнэлт /хх-ийн 27-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, түүний гэм буруу тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирол болон эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний бие нь зуурдаар амиа алдсан  охин Э-н аав мөн  болно. Жолооч Ч.А-н талаас өөрсдийн санаачлагаар  охины минь буяны ажилд гарсан зардал 10,000,000 төгрөгийг миний өөрийн дансаар  байршуулж өгсөн болно. Манай гэр бүлийн зүгээс  энэ хүнээс өөр ямар нэгэн санал гомдолгүй болно. Жолооч Ч.А-н тал маань харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан болно” гэсэн өргөдлийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулж, уг ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр  заасан 4 дүгээр зүйлийн 4.2-д “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо  нөхөн төлсөн,  эсхүл  нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 6 дугаар зүйлийн 6.2-д “....27.10 зугаар зүйлийн 3. 4 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага  хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл  эдлээгүй үлдсэн хорих ялаас  хоёр жилийг хасна” гэж  тус, тус заасан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул дээрх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж, түүнд оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнд буцаан олгохоор, мөн шүүгдэгчийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн улбар шар өнгийн ажлын хантааз 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг,  цэнхэр өнгийн өмд 1 ширхэг,  хүүхдийн цэнхэр, ягаан, цагаан, алаг өнгийн өмд 1 ширхэг, хүүхдийн цэнхэр, ягаан, цагаан өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг,  хүүхдийн саарал өнгийн оймс 2 ширхэг, ягаан өнгийн гутал 2 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д 10,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус, тус дурдаж, шүүгдэгчийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.А-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн ажлын хантааз 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг,  цэнхэр өнгийн өмд 1 ширхэг,  хүүхдийн цэнхэр, ягаан, цагаан, алаг өнгийн өмд 1 ширхэг, хүүхдийн цэнхэр, ягаан, цагаан өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг,  хүүхдийн саарал өнгийн оймс 2 ширхэг, ягаан өнгийн гутал 2 ширхэгийг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг хассугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.Ц