Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/59

 

Б.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                      Д.Нямдэлэг

                        Цагаатгагдсан этгээдийн

өмгөөлөгч                                        Г.Амартүвшин

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/117 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201718000139  дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын харьяат, 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Цөх гэх газар оршин суух урьд, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар: МЮ94030911/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газарт “Сайга МК” маркийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гарган байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/117 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оын 05 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийн талаар үйлдсэн 101 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139  дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЦЕГ-054010 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, “Сайга-МК” маркийн хар өнгийн замаг нь 088 дугаартай ангийн буу 1 ширхэг, 539х88 дугаартай сум 5 ширхэг, ногоон өнгийн хошуутай, 7711х81 дугаартай сум 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд буцаан олгож, түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Д.Нямдэлэг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №08 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Б.Бат-Эрдэнийг цагаатган хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлгүй байна. Үүнд:

-Хэрэгт цугларсан 2017 оны 05 сарын 17-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / хх-ийн16-20-р хуудас/

-2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Гэрч З.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

-Гэрч Д.Гантогтохын мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

-Шинжээчийн 2017.06.16-ны өдрийн 3331 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67-р хуудас/,

-2017 оны 05 сарын 18-ны өдрийн  03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/

-Шинжээч Г.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,

-Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 4-р хуудас/,

-Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2018 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 32-36-р хуудас/,

-Гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл гал түймэр эхэлж гарсан координат нь хэрэг учралын газарт удаа дараа үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд тусгагдсан 1 цэгээс үүссэн байх ба Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2018 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан шинжээчдийн дүгнэлтээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд тусгагдсан цэгээс гал түймэр гарч эхэлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Цагаатгах тоггоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3331, 3332, 3333, 2205 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд зааснаар эдгээр буугаар буудлага үйлдсэнээс хойш ой хээрийн түймэр гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэснийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн захирамжийн заалт болон давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн хангахаар Гамшиг судлапын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвөөр дүгнэлт гаргуулсан ба дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гал түймэр идэвхижсэн цаг хугацааг Ойн түймэр нь өдөр шөнийн цагаар тархалт нь харьцангуй өөр байдаг. Түймрийн идэвхи шөнийн туршид ихэвчлэн буурсан / гэхдээ дандаа биш/ өдрийн цагаар идэвхитэй тархана. Энэ нь цаг агаарын хэм, харьцангуй чийгшилээс хамаарна. Гал түймрийн тархалтын талбайн тусламжтай цаг хугацааг тогтоох боломжтой. Хавтаст хэргийн материалд тулгуурлан далд шаталт явагдсан эсэх, галын голомт илрэх хугацааг тогтоох боломжгүй байна. Учир нь тухайн үеийн шатах материалын / өвс, мод гэх мэт/ хуурайшилт харилцан адилгүй цаг агаарын нөхцөл байдал тодорхойлогдох боломжгүй байна” гэж дүгнэлт гарсан байх ба дээрх дүгнэлтээр тухайн цаг агаарын нөхцөл байдал, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гал түймэр тархах хугацаа харилцан адилгүй байхаар дүгнэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтээр гал гарсан нөхцөл байдал, хаанаас гарч эхэлсэн, хэний буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан талаар тодорхой тусгагдсан байна. Иймд Б.Бат-Эрдэнэд холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан өдөр Б.Бат-Эрдэнийн буудсан өдөр нь хоорондоо зөрүүтэй байдаг. Анх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө гал гарсан гэж бүх гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэвч байгаль орчны байцаагч Мөнхзул шөнийн 01 цагт гал гараагүй байсан тухай мэдүүлдэг. Прокурор 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны шилжих шөнө гал гарсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн шилжих шөнө гал гарсан гэдэг гэрчүүдийн мэдүүлгүүдийг яаж үгүйсгэж байгаа талаар огт дурдаагүй байсан. ...Шинжээчийн дүгнэлтээр хүний буруутай үйл ажиллагааны үндсэн дээр гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Харин Б.Бат-Эрдэнийг буудсаны улмаас гал гарсан гэсэг шинжээчийн дүгнэлт огт гараагүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газарт Сайга МК маркийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гарган байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ...үйлдсэн 101 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгон хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэрэг учрал болсон цаг хугацааг заахдаа “Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газарт Сайга МК маркийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гаргасан” гэж тодорхойлсон байх ба энэ нь хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй, шүүгдэгч болон гэрч П.Оюун-Эрдэнэ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой  хэрэг учрал болсон тухайн газарт буудлага хийсэн талаар тогтвортой мэдүүлдэг, гэрч З.Амарсайхан, Д.Гантогтох, Л.Алтанцэцэг нар нь хэрэг учрал болсон газар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө үүрээр түймрийн утаа гарсан талаар мэдүүлсэн байхад  яллах дүгнэлтэнд өөр байдлаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ бүрэн нотлоогүй, яллах дүгнэлт мөн хуулийн 32.10-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Энэ талаар урьд анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэж байсан шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой зааж  байсныг дурьдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууулахдаа гэмт хэргийн талаар анхны мэдээлэл өгсөн С.Мөнхзулыг тухайн хэрэгт шинжээчээр томилж дүгнэлт гаруулсанаас гадна ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт мөн гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байхад шүүхээс энэ талаар зохих дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/117 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ