Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан, 

прокурор Д.Аянагүл,

гэрч Б.Г,

хохирогч М.С,

хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Ж.Б, түүний  өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

            Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Алтанчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцгээ овогт Б.О, Түмэн овогт Ж.Б, Боржигон овогт Ч.А нарт холбогдох эрүүгийн 2007001350152 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, ............................................. ХХК-ны ............................................. дахь алтны уурхайд механизмын оператор ажилтай, ............................................. тоотод аав, ээжийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цэцгээ овогт Б.О, /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1991оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Казакстан улсад Алмата хотын ............................................. эмнэлэгт уламжлалт ухааны эмч ажилтай, .............................................тоотод аав, ээж хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Түмэн овогт Ж.Б /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............................................. тоотод аав, ээж, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Ч.А /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө ....................................................................... тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан гэж М.Сийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Яллагдагч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна гэж М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 03 дугаар сарын 02-оос 3-нд шилжих шөнө 2 найзтайгаа уулзаад байж байтал М.С гэдэг хүүхэн над руу залгасан. Ч.Атай цуг байна хүрээд ир гэсэн. Тэгээд Ж.Б гэрээсээ 1 шил архи аваад бид 3 очоод уугаад суусан. Гэрт нь оронгуут М.С Ч.Агийн утас нь дээрээс бүх чат, зургийг нь өөрийнхөө утас нь дээр дарчихсан байсан. Тэгээд энэ юу юм гэсэн чинь энэ ийм хүнтэй чат бичсэн байна лээ би бүх зургийг нь утас нь дээрээ дараад авчихсан хардаа гээд тэгэхээр нь би чи яагаад дараад авчихсан юм надад хамаагүй гэсэн чинь би эхнэрт нь хэлэх гэж байгаа юм. Бид хоёр ярьчихсан байгаа. Би эхнэрт нь хэлэх гээд баталгаажуулаад дараад авчихсан гэж хэлсэн. Надад шууд утсыг нь аваад кодыг нь тайлаад өгсөн. Би утсыг нь хальт үзэж байгаад  заа за май гээд тавьчхаад, байж чадахгүй явлаа гэсэн чинь байж бай жоохон сууж байгаад гарчих гээд дахиад жоохон сууж байгаад дахиад гарах гэсэн чинь дахиад гаргаагүй. Тэгвэл би энэ архинаас чинь цуг ууя гээд тал шил архи байсан.Тэгээд сууж байгаад төд удалгүй надтай юм яриад сууж байгаад Ч.А уурласан. ” гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр Казакстан улсаас ирээд найзуудтайгаа уулзаад авчирсан архиа цуг ууя гээд гарч ирээд машинд сууж байтал танихгүй дугаараас Б.Оийн утас руу байнга залгаад байхаар нь авахгүй байж байгаад очсон гэв. Тэгээд Б.Г, Б.О бид 3 арван шард байрлах айлд очоод архиа хуваагаад уусан. Нойлд түг гээд чимээ гарсныг нь би санахгүй байна. Намайг харж байхад Б.О, Ч.А 2 маргалдсан зүйл байхгүй байсан. Би энэ хоёрын голд сууж  байсан утсыг нь үзчихээд надаар дамжуулаад Ч.Ад өгсөн. Муудалцсаныг нь би санахгүй байна. Нойлоос гарч ирэхэд үстээд дарчихсан юм шиг байсан. Нойлд ороод тамхилсан нь үнэн түг гээд чимээ гарсныг нь мэдэхгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ санал 1 байна. Одоо зарим зүйлийг санахгүй байна.” гэв.

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...М.С гэх хүнтэй 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэг төрхөд хамт төрсөн. Тэр цагаас эхлэн харьцаагүй. 2021 оны 03 дугаар сарны 02-ны өдөр Фейсбүүкээр холбогдоод таны нөхрийн чинь талаар ярих зүйл байна хүрээд ир гээд дуудсан. Танд сонирхуулах юм байна гэсэн. Тэгээд пиво уумаар байна гэхээр нь эгч нь бие муу чадахгүй гэсэн чинь би авчихъя би ууж байя та хараад сууж бай гээд хамт уухаар тохиролцсон. Тэгээд би уухыг нь харж сууж байсан чинь би уухаараа согтоод байна та 1 ширхгийг уучих гээд хамт уусан би 3 ширхгийг уугаад унтаад өгсөн. Унтаад өгөх хооронд утас нээгээд миний бүх чатыг дараад Б.О рүү залгасан байсан. Тэгээд сэрээд харахад энэ 4 уугаад сууж байсан. Хоёр хүүхэдтэй авгайгаар чи яадаг юм гээд юм яриад сууж байсан. Тэгээд та нартай яриа нийлэхгүй байна гээд гараад явах гэтэл юу гэнээ янхан минь энэ янхан аа аваад зайл гээд босож ирээд үстэж унагаагаад сэрэхэд 2 нүд тагларсан байсан. Тэгээд утсаа аваад ээж рүү залгасан. Тэгээд утсаа аваад ээжтэй Б.О аллаа хутга бариад яваад байна гэж ярьсан байсан. Би өөрөө хүнд зодуулаад хохирогч болоод прокурортойгоо муудалцаад, мөрдөн байцаагч нарыг энэ хэргийг зөвөөр шийдээд өгөөч гэсний төлөөл тэгвэл чамайг яллаад өгье гээд ялласан. Би хүнд хохирол учруулаагүй” гэв.

Хохирогч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн байцаагч нарт энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөч гэж хэлсэн. Тэрнээс хойш чи нэг талаа барьсангүй гээд дарамтлаад байсан. Чамайг яллагдагч болгоод өгье гээд байсан. Прокурортоо хүртэл хэлсэн чинь над руу уурлаад гарч явсны дараа энэ хоёроор залгуулаад нэг талаа барь гэж хэл үгүй бол чамайг яллагдагчаар татлаа гээд яллагдагч болгочихсон. Би хүнд ямар ч гэм хор учруулаагүй гэв.

 

Хохирогч М.С шүүхийн хэлэлцүүлэгт:2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ч.А эгчтэй 17 цагийн үед уулзсан. Өмнөх өдөр нь Ч.А эгч рүү чат бичсэн чинь найзуудтайгаа уугаад сууж байна гэхээр нь маргааш болъё гэж хэлчхээд үдээс хойш нь та манайд ирэх юм уу гээд хэлсэн чинь хоолоо хийчхээд яваад очъё хаягаа заагаад өг гэхээр нь ... дугаар байрны гадаа хүлээж байя гэж хэлээд уулзсан. Тэгээд дэлгүүр ороод 8 ширхэг пиво аваад манайд ороод уугаад суусан. Тухайн үед 8-аас дэлгүүр хаадаг байсан учраас гараад нэмж 8 ширхэг пиво авсан. Тухайн үед Ч.А өмнөх амьдралаа яриад уйлаад байсан. Бид хоёрт маргах шаардлага байгаагүй. Тухайн үед Ч.А ээж рүүгээ яриад би найзындаа хонолоо гэж хэлээд миний  сарпанчик өмсөөд эв найрамдалтай байсан. Б.О рүү намайг ярьсан гээд байна. Ч.А Б.Оийг блок хийсэн байж байгаад блокоо гаргаад залгасан боловч утсыг нь аваагүй Сүүлд миний утсаар ярьсан. Дараа нь би хаягаа зааж өгөх гэж ярьсан. Миний утсаар зөндөө ярьсан Ч.А нь уйлаад Ж.Б нь аргадаад байсан. Тэгээд ирэхэд нь Ч.А намайг унтсан гэж хэлээрэй гэж хэлээд цаашаа хараад хэвтээд өгсөн. Энэ хүмүүсийг орж ирэхэд нь утсан дээрх мессежийг нь үзүүлээгүй. Эхлээд хаалга цохиод байхаар нь хэн бэ гээд асуухад Ч.А байна уу гэсэн би байгаа гээд Ч.Аг дуудаад ирье гэж хэлээд Ч.Аг дуудахын хооронд ороод ирсэн. Тэгээд нэгэнт ороод ирэхээр нь Ч.А эгчийг аваад явахгүй юу даа гээд хэлсэн. Тэгээд Ч.А босож ирээд юм ярьж сууцгаасан. Ч.А Б.О хоёр өмнө маргалдсан байсан учраас өмнө юм яриагүй байсан. Энэ хүмүүсийг эрхээс өмнө надад чатаа үзүүлсэн. Би энэ хүнтэй чат бичиж байгаа гэхээр нь та яагаад ингэж байгаа юм бэ наадах чинь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ гээд хэлсэн. Шалдан нүцгэн зураг аа явуулсан байсан. Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ гэсэн. Тэгээд би утасны кодыг нь мэдэхгүй утсыг нь Б.Оөд өгөөгүй тэгээд тойроод сууж байгаад Ж.Б, Б.Г хоёртой тамхилахаар нойл орсон чинь түг гээд дуугарахаар нь гараад ирсэн чинь Ч.А эгч ёо толгой өвдөөд байна гээд толгойгоо барьчихсан Б.О өөдөөс нь хараад суучихсан цохиж байсан. Б.Г, Ж.Б 2 араас удалгүй гараад ирсэн. Энэ 2 харсан. Тэрний дараа дахиад юм яриад суусан. Б.Г Ч.Атай хамт гал тогооны өрөө рүү юм ярих гээд орсон. Тэгээд Б.О, Ж.Б бид хэд сууж байсан чинь Б.О утсыг нь харж байсан. Ийм залуутай чат бичдэг юм байна. Манай ангийн банди байна. А гэдэг гээд энэ 2 ярьж сууж байгаад утсыг нь өг гээд байсан. Ж.Б нь найзыгаа шордоод муулаад байсан. Угаасаа 2 хүүхэдтэй хүн байсан сал гээд байхад эртхэн салахгүй гээд яриад байсан. Ч.А эгч хүртэл хэлж байсан. Өмнө нь намайг 2 удаа зодож байсан гэж ярьж байсан. Тэгээд Б.Г намайг дуудаад гал тогооны өрөөнд чинь гал гараад байна гэхээр нь разетикнаас гал гарч байхад нь салгаад буцаад том өрөө рүү орсон. Тэгээд бид 3 дахиад нойл ороод тамхилаад байж байгаад гараад иртэл Ч.А эгч болконы хажууд хэвтэж байсан. Б.О дээр нь гарчихсан цохиж байсан. Тэгээд орж ирээд болиоч гээд хэлсэн чинь энэ 2 маргалдаад өнгөрсөн. Тэгээд Ч.А би харилаа чи надад нүүрний будгаа өгчих би нүүрээ будчихаад явъя миний нүд хавдсан байна. Би ээж, аав руугаа яаж ийм цараатай орох юм гэхээр нь би нүүрний будаг аа өгсөн. Тэгээд одоо та 2 боль энэ гэрт чинь хүүхэд байдаг юм гээд хэлсэн чинь Ч.А чи Б.Оийг аваад үлд би Ж.Бтай хамт явлаа гээд хэлэхээр нь энэ залуугаа өөрөө аваад яв гээд хэлсэн. Тэгээд Ч.А коридорт гутал куртикээ өмсөөд байж байсан чинь Ж.Б Ч.А эгчийг хананд шахаж зогсож байгаад нүүр лүү нь цохисон. Намайг том өрөө коридорт үсдээд чирч байсан гээд байх юм. Би Ч.Агаас жижиг биетэй хүн, эмэгтэй хүн цохиход тийм хэмжээний цус хуралт үүсэх үү би гайхаж байна. Гутлын шүүгээ манайд байдаггүй. Манайх жоохон хүүхэдтэй айл учраас өнцөгтэй зүйл байлгадаггүй. Өөрсдөө манай гэрт Ч.А эгчийг өөрсдөө зодчихоод намайг гүтгээд байгааг нь гайхаж байна. гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            1. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Агийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд М /М.С/, Б.Г, Б нар хараад байж байсан. Өмнө нь 2019 оны 10 дугаар сард Б.О намайг хардаад зодож байсан. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 30 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ч.Агийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Сэрэхэд М.С хөөе 2 хүүхэдтэй янхан авгай минь наана чинь хүн уйлаад байна. Жаахан хүүхэдтэй явдаг байж уйлуулаад байхдаа яадгийн гэхээр нь би харахад Б.О суучихсан уйлж байсан. Би чамд ингэж доромжлуулж чадахгүй харилаа гээд үүдэнд очоод куртикээ өмсөх гээд өлгүүрээс авахад араас М.С гүйж ирээд “юу гэнээ янхан” гээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан байх, нэг сэрэхэд би том өрөөнд нь гудсан дээр нь хана налаад сууж байсан, тэр үед зүүн нүд хавдаад аньчихсан толио өгчих гээд М.Сээс авч толинд харахад хавдчихсан байхаар нь М.Сд чи яаж байгаа юм бэ гэж намайг хэлэхэд “таныг сая Б.О өшиглөчхөөд гараад явчихлаа” гэхээр нь аав, ээжрүүгээ залгаж ээжид Б.О намайг өшиглөчихлөө гэж хэлсэн...Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 16-17 дугаар тал/  

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Бын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:“...шөнө дундын орчимд Г гэх хүүхэн Ч.Атай маргалдаад байсан. Б.О чамайг хайрлаад байхад чи новшийн зан гаргалаа манайхаас зайл гээд хэрэлдсэн. Би тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр Г гэх хүүхэн нь Ч.Аг үстээд дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан...Б.О Ч.А хоёр огт муудаагүй, Б.О огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.Аг М.С /Г/ гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үсдээд газраар чирж дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.А согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М.С /Г/ Ч.Агийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 38-39 дүгээр тал/

 

            4. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Нэлээн сууж байгаад Ж.Б, М.С, Б.Г 3 нойлын өрөө рүү тамхи татахаар орсон. Түүний дараа Ч.Аг том өрөөнд 2 удаа нүүрэнд нь цохисон. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 82 дугаар тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Сийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...Ч.А эгчтэй уулзаж 8 Сэнгүр пиво аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд удалгүй Б.О хоёр найзын хамт манай гэрт ирсэн...Б.Г тамхилъя гэхээр нь Б гурвуулаа дахин 00 өрөөнд ороод тамхилж байхад том өрөөний хана түг хийх чимээ гарахаар нь би гарч том өрөөнд ороод юу болоод байгаа юм бэ гэхэд “энэ намайг цохидог байна шдээ” гээд Ч.А ёолоод толгойгоо бариад харин Б.О “энэ надаас салаад 7 ч хоноогүй байж шинэ хаяг нээгээд баахан залуучуудтай чаталсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд хоёр найз нь за за больцгоо гэж хэлээд намжиж суусан. Тэгээд Б.Г, Ч.А хоёр гал тогооны өрөөнөөс орж ирээд жаахан сууж байгаад Б.Г тамхилъя гэхээр нь Б гурвуулаа дахин 00 өрөөнд орж тамхи татаж байхад тэр хоёр Ч.А А нарыг хоорондоо чаталсан чатыг яриад байсан. Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.А босож үүдэнд очоод Б.Отэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд Б бид хоёр явлаа гэхэд Б.О “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн. Би очиход том өрөө, гал тогооны өрөө хоёрын хоорондох хананы дунд Ч.Аг суулгачихсан чи янхандаад яв гээд Б.О толгой  руу нь цохиж байхад нь боль гээд дундуур нь орж салгахад ЧЧ.А босож ирээд чамаас боллоо гээд намайг үснээс хальт бариад авахаар нь би яасан юм гээд Ч.Аг түлхэж холдуулаад өөрөө холдсон.

...Ч.А /А/ эгчийг Б.О зодож байхад Ж.Б салгах нь битгий хэл чамайг манай найз тоосон нь их юм янхан минь баярлаж яв гэх мэтээр доромжилж байсан. гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 44-46 дугаар тал/

 

             6. Мөрдөн байцаалтад хохирогчоор М.Сийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Анх хана мөргүүлэх чимээг Б.Г, Ж.Б гурвуулаа сонссон. Коридорт нүд рүү нь цохиход Ж.Б бид хоёр хараад зогсож байсан. Б.Г яг хаана байсныг анзаараагүй. Би нээх их согтолттой байгаагүй болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Тэр өдөр мэдүүлэг өгөх бүрэн чадвартай байсан. Ч.А эгч тасарчихсан согтуу байгаагүй. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Өөрсдөө манай гэрт орж ирчхээд дээрээс нь хүн нэмж дуудчихаад тэгээд намайг өөрийгөө зодсон болгож ярьж байгаад үнэхээр харамсаж гомдож байна. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 23-25 дугаар тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гийн өгсөн: ...М.С, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар уначихсан Б.О хажууд нь байсан. Б.О Ч.Агийн утсыг үзэж өөр хүнтэй чаталсан болохыг мэдчихээд уурлаад Ч.Атай маргалдаад байсан. Ч.А үүдэнд очоод амандаа бувтнахад М.С чи юу гэнээ би гэртээ оруулж байхад давраад байгаарай гээд үснээс нь татаж доошоо дарахад нь бид нар 2 тийш нь салгасан...Ч.Аг Б.О цохиж зодож байгааг хараагүй, 00 өрөөнд байхад хана юмуу шал түс хийх чимээ гарсан... гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 41-42 дугаар тал/

 

            8. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Чын өгсөн: ...шөнө унтаж байхад манай охин Ч.А ээж рүүгээ залгаад намайг Б.О аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярихаар нь би босоод гэрээс гараад 02 цагийн үед машинаа унаад ... дугаар байрны гадаа очиход орцны үүдэнд 2 залуу зогсож байхаар нь А хаана байна гэхэд энд байгаа гээд дагуулаад 3 давхарт гарахад нэг хүүхэд хаалга нээж өгсөн. Цаад өрөөнд нь охин А нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан. Манай хөгшин рүү А залгаад хэлэхдээ Б.О намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ч.А нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 50 дугаар тал/

 

            9. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Дгийн өгсөн: ...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “Б.О зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд ... дугаар байр гэсэн...хэдэн минутын дараа охин над руу залгахаар нь автал “Н.Д эгчээ сайн байна уу би үсчин хийдэг М.С байна” гэхэд за гэсэн чинь “сая Б.О танай охиныг зодчихсон” гэж хэлсэн. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 52 дугаар тал/

 

10. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 3244 дугаар:Ч.Агийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт

/1 хх-ийн 66 дугаар тал/

 

11. Яаралтай тусламжийн хуудас,

/1 хх-ийн 62-63 дугаар тал/

 

12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 хх-ийн 8-13 дугаар тал/

 

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1 хх-ийн 96, 105, 111 дүгээр тал/

 

14. Иргэний үнэмлэхийн лавлагаа

/1 хх-ийн 116, 132, 133 дугаар тал/

 

15. Б.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн116-131 дүгээр тал/

           

            16. Ж.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн 132-137 дугаар тал/

 

            17. Ч.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /1 хх-ийн 133-141 дүгээр тал/

 

            18. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгасан баримтууд,

            /1 хх-ийн 145-150 дугаар тал/

 

            19. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 241-247 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “....Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Ч.А, Ж.Б нарыг худал мэдүүлэг өгч хүнийг гүтгэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Шүүгдэгч Б.Оийн хувьд хохирогч Ч.Агийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дээрх шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ыг шилжих шөнө үйлдэгдсэн байдаг. Гэмт хэрэг гарсан шөнө буюу 02 цаг 50 минутаас эхлээд хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авсан байдаг. Ингэж мэдүүлэг авахдаа Ч.Агаас эхлэн мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед Ч.А мэдүүлэг өгөхдөө Б.О намайг гараараа 2-3 удаа цохиж, толгой руу өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгийг  өтгөснийх нь дараа хохирогчоор тогтоож мэдүүлэг авахад огт өөр мэдүүлэг өгсөн байдаг. Мэдэхүй байна, санахгүй байна. М.С зодсон байх гэдэг асуудал ярьдаг. Энэ асуудалтай нь холбогдуулаад өмнөх шүүх хуралд, Та мэдэхгүй байгаа юм бол эцэг эхдээ яагаад Б.О зодсон гэж мэдүүлээд байгаа юм бэ? гэх асуултад М.С чамайг Б.О зодчихлоо шүү дээ гэхэд нь Б.О зодсон юм болов уу гэж бодоод цагдаад мэдүүлэг өгсөн гэж мэдүүлдэг. Сая шүүх хуралд шүүгчийн зүгээс та яагаад Б.Оийг зодсон гэж мэдүүлэг өгсөн юм гэхэд бас л өөр зүйл ярьж байна. Би гэрээсээ гарахдаа Б.Отэй уулзана гэж гарсан болохоор Б.О намайг зодсон юм болов уу гэсэн асуудлыг ярьж байна. Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралд өгсөн мэдүүлэг нь тогтворгүй тулаад ирсэн зүйл дээр мэдэхгүй байна, санахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Б.О, Ч.Аг зодсон талаар гэрч М.С үнэн зөв тогтвортой мэдүүлгийг өгдөг. Хохирогч М.Сийн мэдүүлэг нь Ч.Агийн эцэг эхийн мэдүүлгүүдээр давхар тогтоогдоод явж байгаа. Иймд Б.О нь Ч.Агийн биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Ч.А, Ж.Б нарын хувьд худал мэдүүлэг өгсөн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жишээ нь: Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтад цагдаагийн байранд эрүүлжүүлэгдсэн тэмдэглэлд ярьсан яриа нь байгаа. Мөн гэрч Б.Гийн мэдүүлэг байгаа. Ямар мэдүүлэг өгсөн бэ? гэхээр Б.Гийн хувьд мэдэхгүй хараагүй гэсэн боловч мөрдөн байцаалтын шатанд өөр зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Гэхдээ Б.Гийн мэдүүлэгт Б.О Ч.А хоёр чатаас болоод маргалдсан асуудал Б.Гийн мэдүүлэгт байдаг. Дээрээс нь нойлын өрөөнд Ж.Б, М.С, Б.Г гурав орж тамхи татсан талаар нэг биш олон удаа мэдүүлдэг. Тухайн мэдүүлэгт Б.О, Ч.А нарын сууж байсан өрөөнд түг гэх чимээ гарсныг нь үгүйсгэдэггүй. Мөн шүүгдэгч Ж.Бын мэдүүлэг байдаг. Ж.Б анхнаасаа мэдүүлэг өгөхдөө М.С зодсон  талаар мэдүүлэг өгдөг. Сая мэдүүлэг өгөхдөө хараагүй байна. Санахгүй байна гэж мэдүүлж байна. Ч.Агийн хувьд худал мэдүүлэг өгсөн нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн тохиолдолд үүссэн чатын асуудал буюу хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэж үзэж байна. Ч.А, Ж.Б нарын хувьд худал мэдүүлэг өгсөн асуудал нь найз нөхдийн дотно харилцаанаас үүдэн нэгнийгээ хамгаалж өмгөөлөх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийгээд эргэцүүлж тунгааж үзэхэд ямар нөхцөл байдал үүсэн юм гэхэд Б.О, Ч.Аг зодсон, зодох болсон шалтгаан нь хардалтын улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан шалтгаан нь хувийн таарамжгүй харилцаатай байсан. Мөн чатын асуудлаас болж энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь шүүгдэгч болон гэрч бүгд найз нөхдийн холбоотой хүмүүс бие биеэ өмөөрөх зорилгоор мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд Б.Оийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.А Ж.Б нарын үйлдлийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ч.Агийн хувьд өөрийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан 120.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн улсын яллагчийн зүгээс хохирогч Ч.Агийн нэхэмжилсэн 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Оөөс гаргуулах саналыг гаргаж байна. Хохирогч М.Сийн хувьд гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй, баримтаар гаргаж өгөх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.А, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы Прокуророос шүүгдэгч Ч.Аг хохирогчоор 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М.С араас гүйж  ирээд үснээс татаж дагзны зүүн хэсгээр газар мөргүүлж ухаан алдуулсан. Би М.Б.Отэй огт муудалцаагүй, намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна гэж худал мэдүүлж бусдыг гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан  эрүүгийн хуулийн тусгай ангин 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан хэлэлцэж шүүгдэгч нарын мэдүүлэг гэрчийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийн шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн Ч.Агийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй түүнд холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх гэж хуульд тодорхойлон заасан. Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоон ял шийтгэх эсвэл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдана гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн тодорхойлон заасан. Ч.Аг зориуд худал мэдүүлсэн гэж байгаа бол өмнөх хурлаар шийдэгдэх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ч.Аг буруутган яллаж байгаа нь өөрийн өгсөн мэдүүлэг байгаа. Үүнийг нийлүүлээд худал мэдүүлэг өгсөн гэх зүйл яригддаг. Мөн М.Сийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Бын мэдүүлэг нь эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийн хоорондоо өгсөн мэдүүлэг гэж ойлгож байгаа учраас үнэлэх боломжгүй гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа хүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Хуульд зааснаар хэргээ хүлээсэн Б.Оийн мэдүүлэг мөрдөгчийн зөвлөснөөр 72 цагийн дотор хялбаршуулсан журмаар шийдэгддэг учраас би ингэж хэлснээр үгүйсгэгдэж байгаа юм. Б.О хэргээ хүлээсэн асуудал байхгүй. Нотолбол зохих байдал нотлогдоогүй шүүгдэгч Ч.А нь эрс зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй, мөрдөгчийн асуусан асуултад тодорхой хариулсан. Хэн намайг гэмтээсэн юм би ямар хүнд зодуулчхав аа хэн гэдгийг нь олж тогтоогоод өгөөч гэж хэлснээрээ өнөөдөр шүүгдэгч болчихсон  буруутгагдаад явж байна. М.С, Б.О зодсон гэж этгүүлсэн. Хүн ямар ч тохиолдолд ухаан алдаж болно. Дагзнаасаа үсдүүлээд ухаан балартаад босож ирэх хооронд Б.О чинь таныг ийм болгочихлоо гэж итгүүлсний улмаас ээж рүүгээ утсаар ярьсан. Энэ мэдээг сонссон эцэг эх нь гэрчийн мэдүүлэгт энэ талаар ярьдаг. Прокурорын яллах дүгнэлтэд Ч.Агийн өөрийнх нь мэдүүлгээр өөрөөр эргэлзээгүй нотолсон зүйл байхгүй. Иймд гэмт хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы Хохирогч Ч.Агийн өөрийн бие махбодод хөнгөн хохирол учирсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогддог. Тархины дагз, хамрын хуух, зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэх мэт хөнгөн хохирол учирсан байгаа. Хохиролтой холбоотойгоор буруутай этгээдээс хохирлыг нэхэмжилнэ. Нэхэмжлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөөс гаргуулах саналтай байна. Одоогийн байдлаар томографикийн зураг авхуулсан болох төлбөр 120.000 төгрөг байгаа. Мөн эмнэлэгт ор хоногийн баримтыг хараахан бүрдүүлж чадаагүй. Үлдэгдэл Өлзийбуян эмчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 720.000 төгрөг байгаа энэ мөнгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна.гэх

Хохирогчийн өмгөөлөгч Намжилцэрэн: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эсвэл хэргийн бодит байдал тогтоох үүрэг хүлээхгүй гэж заасан байна. Яллагдагч нар эрх нь нээлттэй байгаа учраас үнэн мэдүүлэг өгч болно, худал мэдүүлэг өгч болно. М.Сийн хувьд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчулууны Хэрэгт авагдсан Ч.Агийн эцэг, эхийн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт байгаа. Энэ нотлох баримтыг шууд үнэлэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд М.Сийг үсэдсэнээс үүсэх боломжтой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Мөн Б.О, М.С хоёрын аль нь хөнгөн хохирол учруулсан Ч.Ад гэмтэл учруулсан талаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн, шүүгдэгчээр өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Гийн мэдүүлэг, Б.Гийн хувьд Отгонжаргал, Ч.А нарын багын найзууд гэсэн хэдий ч М.Стэй дотно харилцаанд ороод хоноод байгаа зэргээс үзэхэд үнэлэх боломжгүй гэрчийн мэдүүлэг зэргээс харахад Б.О нь Ч.Агийн биед хэд хэдэн удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ бүхий байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн заалтыг үндэслэж Б.Оөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн Энэ хэрэг өмнө шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүхийн тодорхой заалттай захирамж гарсан. Шүүх хуралд шинжлэн судалсан тодорхой баримтаас үзэхэд хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн захирамжид заагдсан ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд огт хийгдээгүй гэж үзэж байна. Хүмүүсийг эргээд байцаалаа, хувцсанд үзлэг хийлээ, энэ нь яаж хэргийн бодит байдлыг тогтоох вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоохыг хуулиар зааж өгсөн. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульд заасан. Шүүхэд хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон шүүгдэгч, яллагдагч нарын гэм буруугүй болохыг өөрөөр нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх прокурорт буцаасан, шүүхийн захирамжийг хүлээн авснаас хойш прокурор эсэргүүцэл бичээгүй учраас шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Шүүхийн захирамжийг бүрэн хангаж өгөх талаар прокурорт гомдол гаргасан. Прокурорын зүгээс өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан тухай хариу ирүүлсэн. Өнөөдрийн шүүх хурал дээр прокурор далдыг харж нэгнийгээ өмгөөлөн ярьж мэдүүлэг өгч байна гэж тааж ярьж байна. 2020 оны 02 дугаар сарын 02-оос 03-ыг шилжих шөнө. М.Сийн гэрт хэн Ч.Аг зодсон талаар шалгах байгаа. Төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар ороод сууж байгаа прокурорыг гайхаж байна. Хүний хувь заяанд яаж ингэж хайхрамжгүй хөсөр ханддаг юм. Энэ байж боломгүй асуудал гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурор Д.Аянагүлээс татгалзсан боловч Ерөнхий прокурор нь яллах дүгнэлт үйлдсэн гэдгээр нь оруулж ирсэн. Шүүх өөрийн гаргасан захирамжийг хангуулахгүй юм уу? Хүнээ өмгөөлөх гэхээр яллах, цагаатгах бүх зүйлүүд нь тогтоогдоогүй, Б.О гэх хүн Ч.Сарантуяаг цохисныг миний үйлчлүүлэгч Ж.Б харчхаад М.С цохисон юм гээд гүтгээд байгаа асуудал бол байхгүй анхнаасаа мэдүүлгээ өгсөн. Тэр орой эрүүлжүүлэх байранд хоноод үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. М.С гэдэг хүн хохирогч мөн үү, хохирсон зүйл байхгүй. Энэ хэрэгт хэн ямар хэрэг хийсэн нь нотлогдоогүй тохиолдолд миний үйлчлүүлэгч тэр хүнийг гүтгэсэн гэх зүйл харагдахгүй байна. Хэрэв Б.О гэдэг хүн М.Сийг бэртээсэн юм бол гэрчийг яах вэ? гол нотлох баримт бол гэрчийн мэдүүлэг гэж үзэж байгаа. Шүүхийн захирамжийн заалтыг хангуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.О, Ж.Б, Ч.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө ....................................................................... тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Оийн ...Түүний дараа Ч.Аг том өрөөнд 2 удаа нүүрэнд нь цохисон. гэх,

Хохирогч Ч.Агийн ...гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. гэх,

Гэрч М.Сийн ...дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наана чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан. Ч.А босож үүдэнд очоод Б.Отэй маргалдаж чи намайг зодож нүүр ам ийм болголоо чи наанаа үлд Б бид хоёр явлаа гэхэд Б.О “чи намайг юу гэнээ” гээд араас нь очиж үүдэнд цохиж зодож эхэлсэн. гэх,

Гэрч Б.Гийн ...шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар уначихсан Б.О хажууд нь байсан. Б.О Ч.Агийн утсыг үзэж өөр хүнтэй чаталсан болохыг мэдчихээд уурлаад Ч.Атай маргалдаад байсан. гэх,

Гэрч Ч.Ч ...Цаад өрөөнд нь охин А нүд нүүр нь хөхөрчихсөн уйлчихсан сууж байхаар нь би дагуулж гараад цагдаа руу бүгд гарсан... А залгаад хэлэхдээ Б.О намайг зодчихлоо гээд уйлаад байсан. гэх,

Гэрч Н.Дгийн ...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “Б.О зодчихсон” гэсэн. гэх,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 3244 дугаар:Ч.Агийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Харин шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан гэж,

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна гэж  М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Хохирогч М.Сийн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Учир нь Анх Ж.Б, Ч.А, Б.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд агуулгад өөрчлөлт орж, М.Сийг буруутгах шинж нь илүү болсон хэдий ч шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралд судалсан дээрх нотлох баримтаас үзэхэд Ж.Б, Ч.А нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Зарим гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо мэдүүлсэн байх тул тэднийг энэ хэргийн талаар санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй тул дээрх үндэслэлүүдээр улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжгүй, нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Б, Ч.А нарт холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Ж.Б, Ч.А нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.О, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй 120.000 төгрөг авсан гэсэн...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх,

   Мөн шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар                                                                                                                                         

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Цэцгээ овогт Б.О, Түмэн овогт Жаргалсайхан Ж.Б, Боржигон овогт Ч.А нарт холбогдох 2007001350152 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Ч.А нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг цагаатгасугай.

 

            Шүүгдэгч Цэцгээ овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЧИНЗОРИГ