Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: А.Азжаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: ... /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... холбогдох эрүүгийн 1911030000126 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн, Дархан 7-р баг, Сэргэлэнгийн 3 дугаар гудамжны 56 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Задгайн 26 тоотод түр оршин суух хаягтай, урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай магадлалаар О.Гандуулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн ял дээр мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ...., /РД:МУ96053013/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч .... нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентаур” зочид буудлын орчимд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Т.Мягмаршагайгаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн иргэн Т.Мягмаршагайгийн өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг хуурч эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1911030000126 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.Мягмаршагайгийн “....Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын газраасаа гараад тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кентаур” зочид буудлын хажуу талд байдаг гагнуурын газар орж юм гагнуулах гээд хаалгыг нь татаад үзэхэд хаалттай байсан юм. Тэгэхээр нь тухайн гагнуурын газрын хаяг дээр байрлуулсан байсан утасны дугаар луу залгах гээд зогсож байсан чинь 20-25 орчим насны үл таних 2 залуу над дээр ирээд нэг нь “...гар утсаараа нэг яриулчих” гэхээр нь өөрийнхөө Самсунг эс-6 маркийн гар утсаа өгсөн юм.Тэгээд миний гар утсыг авсан залуу нь “бие засчихаад ирье” гэж хэлээд нэг контенерын цаагуур орсон ба хамт явсан залуу нь надтай цуг үлдсэн юм. Надтай үлдсэн залуу нь миний гар утсыг авсан залуу руу “хурдлаачээ, явья, даараад байна” гэж хэлээд бид 2 тухайн контенерын ар луу очиход миний гар утсыг авсан залуу нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн хамт явсан залуугаас зуурч аваад хамаатны ахынхруугаа дагуулаад явсан. Дээрхи үнэлгээтэй санал нийлж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-27-р тал/,

Гэрч С.Тэмүүлэнгийн “...Би          2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг аймгийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн найз болох Гандуулгатай 18 цагийн үед Гандангийн цаана байдаг “Молор” зочид буудлын урд уулзсан юм. Ингээд Гандуулгатай уулзахад “..маньдаа хоол аваад өг, маньд чинь мөнгө байдаггүй ээ. Чамд мөнгө байна уу? гэхээр нь Гандуулгыг Зурагтын буудал руу дагуулж яваад Монголын Үндэсний телевизийн урдуур гараад зүүн талынх нь явган хүний замаар явж байгаад хэд дүгээр гудамж гэдгийг нь мэдэхгүй нэг гудам руу орсон. Тэгээд гудамж руу ороход нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүр гэсэн бичигтэй дэлгүүр рүү ороод 0.5 литрийн агууламжтай “Морьтон” гэсэн нэртэй архи авсан юм. Бид хоёр нөгөө архиа авчихаад мухар гудамж хайж явж байгаад хаяггүй харанхуй гудам руу ороод тухайн дэлгүүрээс авсан архиа хувааж уусан юм...”, “....Тэгээд бид 2 кентавр зочид буудлын тэр хавьд явж байхад нэг гагнуурын газрын урд 18-20 орчим насны жижигхэн биетэй залуу зогсож байсан. Ингээд нөгөө залуугийн хажуугаар гарах гэтэл Гандуулга нөгөө залууд хандан “...гар утас байвал ганц яриулчихаач” гэж хэлээд нөгөө залуугийн утсыг авсан ба “..Ийшээ яваад бие засчихаад ирье” гэж хэлээд нөгөө залуугийн гар утсыг аваад контенер шиг зүйлийн араар ороод явчихсан. Тэгээд нөгөө танихгүй залуу бид 2 Гандуулгийг яасан юм бол гэж бодоод очоод хартал Гандуулга зугтаачихсан юм шиг байсан. Тэгээд тухайн залуутай Гандуулийг хайж явсан ба намайг тэр залуу ахынх руугаа дагуулж ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-32-р тал/

 “Дамно” ХХК-ны 2019 оны 11 сарын 25-ны өдрийн ЧД1-19-69 дугаартай “...Самсунг эс-6 загварын гар утас 150.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 41-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ... нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентаур” зочид буудлын орчимд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Т.Мягмаршагайгаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн иргэн Т.Мягмаршагайгийн өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг хуурч эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Т.Мягмаршагайгийн “....Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын газраасаа гараад тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кентаур” зочид буудлын хажуу талд байдаг гагнуурын газар орж юм гагнуулах гээд хаалгыг нь татаад үзэхэд хаалттай байсан юм. Тэгэхээр нь тухайн гагнуурын газрын хаяг дээр байрлуулсан байсан утасны дугаар луу залгах гээд зогсож байсан чинь 20-25 орчим насны үл таних 2 залуу над дээр ирээд нэг нь “...гар утсаараа нэг яриулчих” гэхээр нь өөрийнхөө Самсунг эс-6 маркийн гар утсаа өгсөн юм.Тэгээд миний гар утсыг авсан залуу нь “бие засчхаад ирье” гэж хэлээд нэг контейнерын цаагуур орсон ба хамт явсан залуу нь надтай цуг үлдсэн юм. Надтай үлдсэн залуу нь миний гар утсыг авсан залуу руу “хурдлаачээ, явъя, даараад байна” гэж хэлээд бид 2 тухайн контейнерын ар луу очиход миний гар утсыг авсан залуу нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн хамт явсан залуугаас зуурч аваад хамаатны ахынх руугаа дагуулаад явсан. Дээрх үнэлгээтэй санал нийлж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-27-р тал/, гэрч С.Тэмүүлэнгийн “...Би           2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг аймгийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн найз болох Гандуулгатай 18 цагийн үед Гандангийн цаана байдаг “Молор” зочид буудлын урд уулзсан юм. Ингээд Гандуулгатай уулзахад “..маньдаа хоол аваад өг, маньд чинь мөнгө байдаггүй ээ. Чамд мөнгө байна уу? гэхээр нь Гандуулгыг Зурагтын буудал руу дагуулж яваад Монголын Үндэсний телевизийн урдуур гараад зүүн талынх нь явган хүний замаар явж байгаад хэд дүгээр гудамж гэдгийг нь мэдэхгүй нэг гудам руу орсон. Тэгээд гудамж руу ороход нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүр гэсэн бичигтэй дэлгүүр рүү ороод 0.5 литрийн агууламжтай “Морьтон” гэсэн нэртэй архи авсан юм. Бид хоёр нөгөө архиа авчхаад мухар гудамж хайж явж байгаад хаяггүй харанхуй гудам руу ороод тухайн дэлгүүрээс авсан архиа хувааж уусан юм...”, “....Тэгээд бид 2 кентавр зочид буудлын тэр хавьд явж байхад нэг гагнуурын газрын урд 18-20 орчим насны жижигхэн биетэй залуу зогсож байсан. Ингээд нөгөө залуугийн хажуугаар гарах гэтэл Гандуулга нөгөө залууд хандан “...гар утас байвал ганц яриулчхаач” гэж хэлээд нөгөө залуугийн утсыг авсан ба “..Ийшээ яваад бие засчхаад ирье” гэж хэлээд нөгөө залуугийн гар утсыг аваад контейнер шиг зүйлийн араар ороод явчихсан. Тэгээд нөгөө танихгүй залуу бид 2 Гандуулгыг яасан юм бол гэж бодоод очоод хартал Гандуулга зугтаачихсан юм шиг байсан. Тэгээд тухайн залуутай Гандуулгыг хайж явсан ба намайг тэр залуу ахынх руугаа дагуулж ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-32/, “Дамно” ХХК-ны 2019 оны 11 сарын 25-ны өдрийн ЧД1-19-69 дугаартай “...Самсунг эс-6 загварын гар утас 150.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 41-42/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч .... үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ... хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч .... бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч .... ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарууллаа. 

Шүүхээс ... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин гэмт хэрэгт үйлдсэн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын  хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг   журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сар хорих ялд өмнөх шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоолоо.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар .... нь  2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Мягмаршагай нь хохирлоо барагдуулж авсан одоо ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 142-143/ гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг  хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 109 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ... нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

           7.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА