Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ч.Н,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 86 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Тт холбогдох эрүүгийн 2107000000097 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг Эрдэнэ суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................................. ажилтай, ам бүл 10, эхнэр, 6 хүүхэд, 2 зээ нарын хамт ................................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт С.Т /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ................................................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Нтай хардалтын улмаас маргалдан улмаар хуванцар сандлаар цохих, үснээс нь зулгааж газарт унагаах зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  С.Т нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Манай хүн бид хоёр цуг уусан. Тэгээд манай хүн ууланд самарт яваад жоохон хардалтын асуудал байсан. Бас нэг асуудал байдаг нь 500.000 төгрөгөөр уучихаар нь уур хүрээд авгайдаа уурлаад гэв гэнэт явна гэхээр нь цохичихсон юм. гэв.

Хохирогч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би амьдралын эрхэнд самарт явсан. Нөхөр маань дөнгөж ажилд орчихсон байсан. Тэгээд самарт явж хэдэн хүүхдийнхээ сургууль соёлд нь нэмэр болоод гэртээ бас юм авсан. Харин ах дүү нартайгаа цуг самарт явсан. Тэгсэн хүн амьтантай хардсанаас болоод хэрүүл зодоон болсон. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар С.Тийн өгсөн: “...гэрт ирэхэд эхнэр Ч.Н нь самранд явж олсон 500.000 төгрөгөөр бүгдэнгээр нь архи согтууруулах ундааны зүйл уучихсан шал согтуу юм байж байхаар нь миний уур хүрээд ...ширээн дээр байсан нэг том савтай Нийслэл нэртэй пивоноос нь хамт хувааж уусан. Ингээд эхнэртэйгээ хамт пиво ууж байхад эхнэр надад би чамаас өөр хүнтэй болсон. Одоо чамтай хамт амьдарч чадахгүй, би тэр хүн рүүгээ явлаа гээд согтуурхаад байхаар нь гэнэт миний уур хүрээд чи энэ олон хүүхэдтэй байж яаж гэр бүлээсээ гадуур өөр хүнтэй явж чаддаг юм бэ гээд эхнэр  Ч.Нгийн зүүн гар луу нь өөрийнхөө сууж байсан хуванцар сандлаар 1-2 удаа цохиод байж байсан чинь гаднаас манай охин Э орж ирээд эхнэр бид хоёрыг салгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 34 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ч.Нгийн өгсөн: “...гэртээ 17 цагийн үед ганцаараа байж байхад гаднаас манай нөхөр С.Т орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа Нийслэл нэртэй том савтай пиво 2-3 ширхэгийг уугаад сууж байсан юм. Гэтэл нөхөр намайг хамаг мөнгөөрөө архи уучихлаа гэж уурлаад надтай хэсэг хэрүүл хийж байгаад хамт ширээн дээр байсан пивоноос хувааж уусан. Энэ үед би нөхөртөө Улаанбаатар хот руу явж эгчийндээ очлоо гэж хэлтэл намайг хардаж уурлаад гэрт байсан ногоон эрээн өнгийн хуванцар сандлаар миний зүүн гар руу 2-3 удаа цохиж, зодсон асуудал бий...Гэрт манай бага охин 11 настай А л байсан. Харин манай нөхөр С.Т сандлаар зодож байхад гаднаас Э орж ирж салган цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Эын өгсөн: ...Тухайн өдөр 17 цагийн үед манай ээж Ч.Н өөрийн гэртээ ганцаараа пиво уугаад сууж байсан энэ үед гаднаас аав С.Т орж ирж ээжийн байсан гэр рүү орсон. Тэгээд тэр хоёр гэрт байсан пивонуудаа хувааж ууцгаагаад байхаар нь би нээх юм тоогоогүй тэр хоёрыг орхичихсон юм. Тэгсэн удалгүй ээж, аав хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байгаа бололтой дуу чимээ гарахаар нь гайхаад тэр хоёрын байсан гэр рүү яваад ортол аав С.Т гэрт байсан ногоон эрээн өнгийн сандлаар ээжийг цохиж, зодож байсан. Тэгэхээр нь би шууд тэр хоёрыг болиулж цагдаад дуудлага өгсөн. Миний мэдэхийн С.Т хааяадаа архи уучихаараа ээжтэй бага зэрэг хэрэлдэж муудалцдагаас өөр ээжийг болон дүү бид нарыг цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй... гэсэн мэдүүлэг

/хх-ийн 14 дүгээр тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 08шэ/236 дугаар: “Ч.Нгийн биед зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн үе, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 23 дугаар тал/

 

5. Үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 3-4 дүгээр тал/

 

            6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 5-6 дугаар тал/

 

           7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

           /хх-ийн 42-44 дүгээр тал/

 

            8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 35 дугаар тал/

 

            9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /хх-ийн 42-44 дүгээр тал/

 

           10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт

           /хх-ийн 45-53 дугаар тал/

 

            11.С.Тийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 57-72        дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралд мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Н нь шүүгдэгч С.Таас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулъя. Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ял санал болгож байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, шүүгдэгч С.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөн адил шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,  

  Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, С.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17-18 цагийн орчим ................................................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Нг чамаас өөр хүнтэй болсон, чамтай хамт амьдрахгүй, тэр хүн рүүгээ явлаа гэж хэллээ гэх шалтгаанаар хуванцар сандлаар 2-3 удаа зүүн тал руу нь цохих, үснээс нь зулгааж газарт унагаах зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн үе, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч С.Тийн “...авгайдаа уурлаад гэв гэнэт явна гэхээр нь цохичихсон юм... Ч.Нгийн зүүн гар луу нь өөрийнхөө сууж байсан хуванцар сандлаар 1-2 удаа цохисон...” гэх,

Хохирогч Ч.Нгийн ...намайг хардаж уурлаад гэрт байсан ногоон эрээн өнгийн хуванцар сандлаар миний зүүн гар руу 2-3 удаа цохиж, зодсон асуудал бий. гэх,  

Гэрч Т.Эын “...гэр рүү яваад ортол аав С.Т гэрт байсан ногоон эрээн өнгийн сандлаар ээжийг цохиж, зодож байсан... гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/236 дугаар: “Ч.Нгийн биед зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн үе, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Тийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

    Бусад асуудлаар

     Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн хуванцар сандал 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ