Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01143

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

   Дугаар 182/ШШ2017/01143

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “БП” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,145,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нарийн бичгийн даргаар Б.Даваахишигмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч “МЭ” ХХК-ийн захирал Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч “МЭ” ХХК хариуцагч “БП” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр №008/2014 тоот “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно. Уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 28-27 тоот газарт байршилтай иргэн А.Ариунболдын үйлчилгээний барилгын гадна цахилгаан 6/0,4кВ-ын 63 кВА хүчин чадал бүхий КТПН угсрах  6кВ-ийн шугам зөөх ажлын зураг, тоноглолын хэмжилт туршилт болон улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг 28,291,860 төгрөгний төсвөөр гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний 2.2-т гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээнд холболт хийх, мод цэцэрлэгжилт нөхөн сэргээх, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, холболт, засвар үйлчилгээ хийгдэхээр олгогдсон газрын талбайг чөлөөлүүлж гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө гэсний дагуу ажил гүйцэтгүүлэх талын газрын асуудлаас болоод 2015 оны 11 дүгээр сард ажил гүйцэтгүүлэх тал газрыг ажил гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөнөөр 2015 оны 12 дугаар сарын 15-нд ажлыг дуусгаж Улсын комисс ажиллуулсан ба 2016 оны 03 дугаар сарын 22-нд улсын комисс актыг баталгаажуулж дууссан. Уг гэрээг байгуулсанаас хойш нийт төсвийн 50% болох 14,145,930 төгрөгийг төлсөн ба 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд 50% болох 14,145,930 төгрөгийг төлж барагдуулахаар тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч “БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс тус гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй буюу нийт гэрээт ажлын үлдэгдэл 50 хувийн тооцоог шилжүүлээгүй явдал нь тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар “Гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа ил далд акт, техникийн бичиг баримт, гүйцэтгэлийн зураг хийж ашиглагчид хүлээлгэн өгнө” гэсэн заалтын дагуу ажлын бүх баримт бичиг, комиссын актыг захиалагч талд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч холбогдох баримт бичгийн эх хувийг одоог хүртэл гардуулан өгөөгүй байгаа нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа юм. Тус компанийн зүгээс дээрх баримт бичиг, ил далд акт, гүйцэтгэлийн зургийн эх хувийг захиалагч талд шилжүүлэн өгвөл үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх байр суурьтай байсаар өнөөдрийг хүрсэн болно. Гэрээний талууд харилцан тохиролцож, комисс томилон гүйцэтгэсэн ажлыг шалгаж, бичиг баримттай тулгах, мөн бичиг баримтыг шилжүүлэх, шилжүүлэн авах ажил хийгдсэний дараа төлбөр тооцоог барагдуулахад татгалзах зүйлгүй болно” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЭ” ХХК нь хариуцагч “БП” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,145,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь “МЭ” ХХК-тай Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, 14,145,930 төгрөгийн төлбөрийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.    

2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “МЭ” ХХК болон “БП” ХХК-ийн хооронд ..байршилтай шинээр баригдах барилгын ... шугам зөөх, ажлын зураг, тоноглолын хэмжилт туршилт болон улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулан захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх №008/2014 тоот гэрээ байгуулагдаж, 28,291,680 төгрөгөөр дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.  

.... үйлчилгээний гадна цахилгаан .... чадалтай иж бүрдмэл дэд өртөө /КТПН/-г 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай комиссын акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Талууд гэрээ байгуулагдсан болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, 14,145,930 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагчийн хариу тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “БП” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,145,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МЭ” ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэл хангагдсан тул “МЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас 228,679 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “БП” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,145,930 /арван дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга есөн зуун гуч/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МЭ” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “МЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,679 /хоёр зуун хорин найман мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 65,000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “БП” ХХК-аас 228,679 / хоёр зуун хорин найман мянга зургаан зуун далан ес/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.НАРАНЧИМЭГ