| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 76 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарга овогт П.Тд холбогдох эрүүгийн 2107000000080 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ......................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарга овогт П.Т /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө ......................................................... тоотод хохирогч П.Мтэй архи өгсөнгүй гэх шалтгаар түүний толгойн тус газарт варенийн шилээр 2 удаа цохисны улмаас биед нь зүүн чамархайд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ......................................................... тоотод хэрэг болсон. П.Мийг би варенийнн шилээр толгойд нь цохисон. П.М гэрч Ц хоёр хэрэлдээд байхаар нь дундуур нь ороод болиулах гэж байгаад цохичихсон. Тэр хоёр нэг нэгнийгээ муулаад байсан. П.М айлд согтуу орилоод байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар П.Тын өгсөн: “...П.М эгч Б хоёр архинаас болоод хэрэлдээд эхэлсэн. Би тэр хоёрыг болиулах гэтэл П.М эгч намайг бас хөөгөөд байгаа юм шиг зүйл яриад байхаар нь миний уур хүрээд газар байсан варенийн шилийг авч толгойн тус газарт нь нэг удаа цохитол “чи ямар овоо юм бэ чаддаг юм бол дахиад цохилдоо” гэхээр нь би согтуу байсан болохоор дахиад нэг удаа толгойн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар тал/
2.Мөрдөн байцаалтад хохирогчоор П.Мийн өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн орчимд .........................................................тоотод байрлах Ч.О эгчийнд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр орохдоо Хараа нэртэй 0.75 литрийн архи нэгийг, Нийслэл нэртэй пиво нэгийг аваад орсон. Ороод авч орж ирсэн архи, пивоо задлаад уугаад сууж байтал гаднаас П.Т, Б гэх зүс таних хоёр залуу орж ирсэн. Б гаднаас орж ирчхээд надаас архи нэхээд байхаар нь би өгөхгүй гэтэл Б, П.Т хоёр намайг хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би “би эгчийндээ баяр тэмдэглэх гэж орж ирсэн, би яахаараа явдаг юм” гэтэл П.Т босож ирээд “чи ямар том пизда вэ” гээд газраас варенийнн шил аваад миний толгойн орой хэсэгт шилээрээ нэг удаа цохихоор нь би “чи ямар овоо юм бэ, чаддаг юм бол дахиад цохь” гэтэл миний толгойн орой хэсэгт варенийнн шилээр дахин нэг удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гараад байхаар нь би Ч.О эгчийнхээс гараад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явж миний толгойд 6 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бын өгсөн: “...Бид нарын ууж байсан архи нэлээн багасаад дуусаж байхад П.М эгч надад архи аягалж өгөхгүй гээд байсан. Тэгэхээр нь би “та тэгвэл явахгүй юу” гээд хэлчихсэн чинь над руу уурлаад “би тэгвэл эгчийндээ байна та хоёр яв” гээд бид хоёртой хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл П.Т босож ирээд газар байсан варенийнн шилийг аваад П.М эгчийн толгойн орой хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10-11 дүгээр тал/
4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/159 дүгээр: “П.Мийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 23 дугаар тал/
5. Яаралтай тусламжийн 1312 дугаар хуудас,
/хх-ийн 24-25 дугаар тал/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 33 дугаар тал/
7. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 38 дугаар тал/
8. П.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...шүүгдэгч П.Тыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Т нь хохирогч П.Мт мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр 100.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлбөргүй гэсэн учир шүүгдэгч П.Тыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хариуцлагын хувьд хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хор хохирол зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Прокуророос зүйлчилсэн зүйл хэсэгтэй маргахгүй. Мөн прокурорын гэм буруу эрүүгийн хариуцлагын шатанд тавьсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох саналд нь маргах мэтгэлцэх зүйлгүй. Хэдийгээр шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал тавьж байгаа ч гэсэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний торгуулийн ялыг хэсэгчлэн эдлүүлэх боломж бололцоо байгаа. Иймд түүнд оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, П.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө ......................................................... тоотод хохирогч П.Мийг “архи өгсөнгүй, намайг хөөлөө” гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт варенийн шилээр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч П.Тын “...миний уур хүрээд газар байсан варенийн шилийг авч толгойн тус газарт нь нэг удаа цохитол “чи ямар овоо юм бэ чаддаг юм бол дахиад цохилдоо” гэхээр нь би согтуу байсан болохоор дахиад нэг удаа толгойн тус газарт нь цохисон.” гэх,
хохирогч П.Мийн “...П.Т босож ирээд “чи ямар том пизда вэ” гээд газраас варенийнн шил аваад миний толгойн орой хэсэгт шилээрээ нэг удаа цохихоор нь би “чи ямар овоо юм бэ, чаддаг юм бол дахиад цохь” гэтэл миний толгойн орой хэсэгт варенийнн шилээр дахин нэг удаа цохисон..” гэх,
Гэрч Б.Бын “П.Т босож ирээд газар байсан варенийнн шилийг аваад П.М эгчийн толгойн орой хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/159 дүгээр: “П.Мийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч П.Тыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч П.Тын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.М нь “...эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан ба гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт шүүгдэгч П.Т нь битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарга овогт П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ