Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Г.Ж,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 68 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малик овгийн Ж.Гэд холбогдох эрүүгийн 2007004340072 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс Казах, боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............................................................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Малик овгийн Ж.Г /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ............................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж приус модны хугархайгаар зүүн гарын шуун тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Жыг галын дэгээ төмрөөр цохих гэж хөөсөн,

2020 оны 02 дугаар сарын 24-нд буюу цагаан сарын шинийн нэгний орой ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг нь боож унагаад өшиглөсөн,

2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр төмрийн үйлдвэрийн орчимд хамтран амьдрагч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгаан газар унагааж толгой руу нь сокны шил шидсэн,

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж цээжин тус газар нь өшиглөсөн,

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдаж приус модны хугархайгаар зүүн гарын шуун тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ж.Гийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 06 дугаар сарын 24-нд бид хоёр цуг айлын хашаанд байсан. Бид хоёр жоохон маргалдсан байсан. Хийсэн үйлдлүүддээ гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж байна.” гэв.

Хохирогч Г.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ж.Г байнга зоддог байсан. Миний урд нөхрийг байнга ярьж дарамталдаг. Тэгээд танай 3 хүүхдийг тэжээх албатай юм уу гээд байнга зодож дарамталдаг байсан. Би нэг хэсэг цагдаад хэлэхгүй явж байгаад нэг өдөр сэтгэл санаагаар унаад байж байхад ганц юм уух уу гээд нэг юм авчирч өгөхөөр нь би санаандгүй хуваагаад уучихсан. Тэгээд танай нөхөр ингэдэг тэгдэг гээд байнга зодоод байдаг. Одоо ингээд зодохоо больчхооч ээ сайхан амьдрах юмсан гэхээр би чамтай сайхан амьдарч чадахгүй ээ писда, гичий гээд байнга зоддог байсан. Энэ хүн олсон мөнгөө аваад заримдаа гэртээ хонодог заримдаа гэртээ хонодоггүй. Хаагуур хоноод ирэв гэхээр гэртээ аавындаа хоноод ирлээ гээд 2 хоногоор мөнгө төгрөгөө аваад алга болдог. Дандаа барьсан юмаараа цохичихдог. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.Гийн өгсөн: “...Г.Ж бид хоёр заримдаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний уур хүрээд зодчихдог үе байсан. Би Г.Жы биед өнгөрсөн жил 3-4 удаа гар хүрч байсан. 2020 оны 02 дугаар сарын 24-нд цагаан сарын шинийн нэгний өдөр байсан санагдаж байна ............................................................. тоотод Г.Жы гэрт би согтуу орсон юм. Гэтэл Г.Ж надаас учир зүггүй мөнгө нэхээд байхаар нь миний уур хүрээд унагааж байгаад 2 удаа өшиглөж байсан.

2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г.Ж бид 2 Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Төмрийн үйлдвэрийн хажууханд явж байхад намайг нүүрсэнд дахиад яв гэх мэтийн юм яриад байсан. Тэгэхээр нь би газраас сокны шил аваад шидтэл толгойн хэсэгт нь оноод толгойг нь хагалж байсан.

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр архи уучихсан чинь ам цангаад байхаар нь ............................................................. тоот гэрийнхээ хашааны гадаа очоод Г.Жг дуудаж аяга ус хийгээд өгөөч гэсэн чинь чадахгүй гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би үснээс нь татаж газар унагааж байгаад цээжин тус газар нь гурван удаа өшиглөөд гараад явсан.

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Г.Жтай гэрээ дулаалах гээд гялгар уут авчирсан. Гэтэл Г.Ж дахиад гэрийн бүрээс нэхээд байхаар нь газраас мод аваад мөрлүү нь цохих гэтэл гараараа хаагаад шуу хэсэгтээ гурван удаа цохиулсан. Тэгэхэд шууных нь яс хугарсан байсан. Өөрөөр биед нь халдаж зодсон удаа байхгүй. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсэж байсан удаа ганц нэг байгаа. Энэ явдлаас хойш би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Г.Жы биед нь дахиж халдаж зодоогүй...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 80 дугаар тал/

 

            2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.Жы өгсөн: ...Нөхөр Ж.Г нь 2020 оны 02 дугаар сарын 24-нд буюу цагаан сарын шинийн нэгний орой Налайх дүүргийн 4 дүгээр хорооны ............................................................. тоот гэртээ согтуу ирээд гэрийн хашааны урд дуудаж гаргаад агсам согтуу тавьсан. Би Ж.Гээс чамд ойр зуурын мөнгө байна уу гэхэд чамд яахаараа мөнгө өгөх ёстой юм гээд намайг хашаанд шахаж байгаад хоолой боож газар унагаад 2 өшиглөөд явчихсан. Тэр үед миний биед гэмтэл учраагүй. Тэгэхэд цагдаад хэлээгүй өнгөрсөн. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, мартын баяр өнгөрөөд 2 хоногийн дараа намайг зодох гээд байхаар нь би гараад гаднаас нь цоожлоод цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. Эрүүлжүүлэхэд орсон эсэхийг нь мэдэхгүй байна маргааш нь Ж.Г гэртээ ирээд далийсан гэрийн тооноо засаад надаас уучлалт гуйгаад өнгөрсөн. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ж.Гийн хамт урагшаа нүүрсний амуудаар явж байгаад жаахан нүүрс мулталж аваад хоёулаа гэрлүүгээ буцаж явсан. 4 дүгээр хороонд байдаг төмөр замын хажууд Төмөр замын үйлдвэрийн баруун талд явж байхдаа нүүрсэнд явах уу гэсэн чинь “би яахаараа явдаг юм, энэнээс хойш чи өөрөө яв” гээд миний үснээс татаж унагаад газар байсан сокны бололтой жижиг шил газраас аваад толгойн ар хэсэгт цохиж шил нь бутарч, хуйх зүсэж цус гарсан. Би тэр үед эмнэлэг, цагдаа дуудаагүй боож байгаад өөрөө эдгээсэн. 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ охин Цгийн хамт орой 19 цагийн үед Ж.Г гаднаас дэгээ төмөр барьж орж ирээд чи гадуур яагаад яваад байгаа юм гэхээр нь би хороогоор бичиг баримт бүрдүүлэх гээд явсан яагаад би ажилтай явж болдоггүй юм гэхэд битгий гадуур тэнээд бай гээд барьсан галын дэгээ төмрөөр цохих гэхээр нь зугтаж гараад цагдаа дуудах гэхэд Ж.Г гэрээс зугтаагаад явчихсан. Тэр үед намайг цохиж амжаагүй. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.Г бид хоёр гэрийнхээ дулаалгыг нь давхарлаж байхдаа гялгар уут авчирлаа би дахиж танай гэрийн бүрээс авчирч өгөхгүй шүү гэж хэлээд цаашаа явж амбаараас урт приус модны хугархай барьж ирээд зүүн гарын шуун дээр 3 удаа цохисон. Түүнээс хойш гар өвдөөд байхаар нь хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд шууны яс хугараад зөрсөн байна гэсэн. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 16 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Ж.Цгийн өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ж.Г согтуу ирээд агсам тавиад гадаа мод барьчихсан гараад ир гээд орилж хашхираад байсан чинь ээж айгаад цагдаа дуудчихсан тэр өдөр ээжийг зодоогүй. ...Ж.Г олон удаа ээжийг зодсон болохоор яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна сүүлд 5 сард толгойг нь шилээр цохиод хагалсан гээд цусаа гоожуулаад орж ирж байсан. Сая хоёр хоногийн өмнө бас зодсон гэж ээж хэлж байсан. Би 2020 оны 02 сард цагаан сарын үед нэг орой ээжийг галын дэгээ төмрөөр зодож байхад нь салгаж байсан. Архи уучихаараа хэрүүл хийгээд зодоод байдаг би юунаас болж хэрүүл маргаан болдогийг мэдэхгүй. Ж.Г надад гар хүрч байгаагүй. гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр К.Жийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сар гаргаад байхаа нэг өдөр хоёулаа ирээд Ж.Г миний гарыг модоор цохиод хугалсан гэж Г.Ж хэлэхэд нь би Ж.Гийг чи яаж байгаа юм гэхэд харин тиймээ миний буруу дахиж архи уухгүй гэж хэлж байсан. Ер нь хоёулаа байнга архи ууна. Тэгээд муудалцаад зодоод байдаг юм билээ. Надад харсан зүйл байхгүй. 2020 оны зун шиг санагдаж байна Г.Ж ирээд Ж.Г зодсон гэж ярьж байсан. Хэзээ хэдний өдөр яаж зодсоныг мэдэхгүй. Дараа нь Ж.Г ирэхээр нь чи яагаад зодоод байгаа юм бэ гээд загнахад согтуу ирэхэд хэрүүл хийгээд байхаар нь өшиглөсөн гэж хэлж байна лээ... гэх мэдүүлэг,

/хх-ийн 34-35 дугаар тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Жагийн өгсөн: ...2020 оны 10 сард байх өдрийг нь санахгүй байна нэг өдөр Г.Ж манайд ирээд Ж.Г миний гарыг юманд цохиж хугалсан гэж ярьж байсан. Тэгэхэд Ж.Г ах тийм би цохичихсон юм гэж байсан. Ер нь бол хоёулаа архи ууж согтуурдагийг нь мэднэ. Уухаараа муудалцаад Ж.Г ах гэртээ хүрээд ирэхээр Г.Ж согтуу араас нь ирээд хашаанд орилж чарлаж байгаад аваад явдаг. Зодож цохиж байгааг нь хараагүй ч муудалцаад байгаа дуулддаг. гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-37 дугаар тал/

 

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/552 дугаар: Г.Жы биед толгойн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт

/хх-ийн 48 дугаар тал/

 

7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/624 дугаар: Г.Жы биед зүүн шанаанд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт,

            /хх-ийн 53 дугаар тал/

 

8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/835 дугаар: Г.Жы биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт,

            /хх-ийн 58 дугаар тал/

 

            9. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/889 дүгээр: Г.Жы биед зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

            /хх-ийн 67 дугаар тал/

 

            10. Аюулын зэргийн үнэлгээний маягт,

            /хх-ийн 82-83 дугаар тал/

 

            11. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

            /хх-ийн 87-91 дүгээр тал/

 

            12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 57 дугаар тал/

 

            13. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 58 дугаар тал/

 

            14.Ж.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 103-111  дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...шүүгдэгч Ж.Гэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ж.Гэд холбогдох хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Ж.Гэд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Нийт 36 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх,  

Хохирогчийн өмгөөлөгчийн Өнөөдрийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байгаагийн хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хэн хэнийх нь архидалтаас болж тухайн гэмт хэрэг гарсан. Хохирогч гомдол саналгүй, 8 жил хамт амьдарсан гэж байна. Ийм учраас хохирогчийнхоо саналыг дэмжиж байна. Ял шийтгэл дээр тусгайлан гаргах санал байхгүй. гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Шүүгдэгч Ж.Гийн хувьд 2020 онд 6 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогч Г.Жы биед хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Гийн мэдүүлгээр прокуророос зүйлчилсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэм буруутайд тооцох санал дээр прокурортой маргах зүйл байхгүй. Шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа гэсэн ч гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаанд хохирогч Г.Жы зүгээс гэмт хэрэг үйлдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж харагдаж байна. Г.Ж, Ж.Г нь 8 жил хамт амьдарч байх хугацаандаа архины хамааралтай болсон нь хавтаст хэрэгт авагдсан Оюун-Эрдэнэ, К.Ж, Ж.Г, Г.Ж нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Мөн хувийн амьдралаасаа болж зодож, цохих, хардах үйл явцаас болж гэмт хэрэг гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзээж Ж.Гийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Урьд өмнө ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Мөн Г.Жтай хамт амьдрахаас өмнө улсад тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримт авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдэлд нь хорих ялын доод хэмжээ 6 сар, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сар хорих ялыг тус бүрийг нэгтгэн шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн түүний цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялаас нь хасаж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү гэсэн саналтай байна гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Ж.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Яллагдагч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ............................................................. тоот гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг гэрийн бүрээс нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж приус модны хугархайгаар зүүн гарын шуун тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг гадуур тэнэлээ гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр цохих гэж хөөсөн,

2020 оны 02 дугаар сарын 24-нд буюу цагаан сарын шинийн нэгний орой ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг мөнгө нэхлээ гэх шалтгаанаар хоолойг нь боож унагаад 2 удаа өшиглөсөн,

2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр төмрийн үйлдвэрийн орчимд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг нүүрсэнд яв гэлээ  гэх шалтгаанаар үснээс нь зулгаан газар унагааж толгой руу нь сокны шил шидсэн,

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ............................................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг аяга ус хийж өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж цээжин тус газарт нь 3 удаа өшиглөсөн,

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................................. тоот гэртээ гэр бүлийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Жыг гэрийн бүрээс нэхлээ гэх шалтгаанаар приус модны хугархайгаар зүүн гарын шуун тус газар цохиж бүхий эрүүл мэндэд нь зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Ж.Гийн “...Гэтэл Г.Ж надаас учир зүггүй мөнгө нэхээд байхаар нь миний уур хүрээд унагааж байгаад 2 удаа өшиглөж байсан... сокны шил аваад шидтэл толгойн хэсэгт нь оноод толгойг нь хагалж байсан... би үснээс нь татаж газар унагааж байгаад цээжин тус газар нь гурван удаа өшиглөөд гараад явсан... газраас мод аваад мөрлүү нь цохих гэтэл гараараа хаагаад шуу хэсэгтээ гурван удаа цохиулсан. Тэгэхэд шууных нь яс хугарсан байсан.” гэх,

Хохирогч Г.Жы “....чамд яахаараа мөнгө өгөх ёстой юм гээд намайг хашаанд шахаж байгаад хоолой боож газар унагаад 2 өшиглөөд явчихсан... “би яахаараа явдаг юм, энэнээс хойш чи өөрөө яв” гээд миний үснээс татаж унагаад газар байсан сокны бололтой жижиг шил газраас аваад толгойн ар хэсэгт цохиж шил нь бутарч, хуйх зүсэж цус гарсан... амбаараас урт приус модны хугархай барьж ирээд зүүн гарын шуун дээр 3 удаа цохисон. Түүнээс хойш гар өвдөөд байхаар нь хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд шууны яс хугараад зөрсөн байна гэсэн гэх,

Насанд хүрээгүй гэрч Ж.Цгийн ...Ж.Г олон удаа ээжийг зодсон болохоор яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна сүүлд 5 сард толгойг нь шилээр цохиод хагалсан гээд цусаа гоожуулаад орж ирж байсан. Сая хоёр хоногийн өмнө бас зодсон гэж ээж хэлж байсан. Би 2020 оны 02 сард цагаан сарын үед нэг орой ээжийг галын дэгээ төмрөөр зодож байхад нь салгаж байсан. Архи уучихаараа хэрүүл хийгээд зодоод байдаг би юунаас болж хэрүүл маргаан болдогийг мэдэхгүй. гэх,

Гэрч К.Жийн ...Ж.Г миний гарыг модоор цохиод хугалсан гэж Г.Ж хэлэхэд нь би Ж.Гийг чи яаж байгаа юм гэхэд харин тиймээ миний буруу дахиж архи уухгүй гэж хэлж байсан... 2020 оны зун шиг санагдаж байна Г.Ж ирээд Ж.Г зодсон гэж ярьж байсан. Хэзээ хэдний өдөр яаж зодсоныг мэдэхгүй. гэх,

Гэрч Э.Жагийн ...нэг өдөр Г.Ж манайд ирээд Ж.Г миний гарыг юманд цохиж хугалсан гэж ярьж байсан. гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/552 дугаар: Г.Жы биед толгойн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, №08 шэ/624 дугаар: Г.Жы биед зүүн шанаанд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..., №08 шэ/835 дугаар: Г.Жы биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна., №08 шэ/889 дугаар: Г.Жы биед зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Гийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг байнга үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон 37 хоногтой, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Малик овгийн Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Ж.Гийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гийн цагдан хоригдсон нийт 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ