| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Өсвөр насны шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт Н.Нэд холбогдох эрүүгийн 2107000000078 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 18 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт ......................................................................... тоотод түр оршин суух хаягтай,
Урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, Булган овгийн Н.Н /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Горхи-Тэрэлжийн гүүрний орчимд Б.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гарын шуун тус газар нь төмрөөр зүссэн, эмнэлэг рүү явах замдаа автомашин дотор Б.Бтой маргалдаж улмаар автомашинаас бууж чулуу шидэж толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “03 дугаар сарын 08-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод найзуудтайгаа Тэрэлжийн гүүр лүү явсан. Тэгээд тэндээ найзуудтайгаа архи уусан. Тэгээд байж байгаад Б.Б найзтайгаа жоохон үл ойлголцох юм гараад бид хоёр муудалцсан. Тэгээд гар луу нь төмөр зоочихсон юм. Тэгээд манай найзууд ирж салгаад бид нар машиндаа суугаад Налайх руу явах замдаа Б.Б бид хоёр муудалцаад гадаа гараад би зайнаас чулуу аваад шидчихсэн юм. Тэгээд бид нар салж яваад манай найзууд Б.Быг эмнэлэг рүү хүргэж өгсөн.” гэв.
Өсвөр насны хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Тын төрсөн өдөр болсон. Н.Нийг хотоос очиж аваад Тэрэлж рүү явж архи уусан. Тэгээд тухайн үед ярьж байсан юмнаасаа болоод бид хоёр хоорондоо муудалцаад нөгөө хэдээсээ салаад эвлэрэх гэж байгаад тийм юм болсон. Хоорондоо тоглоом шоглоомоор юм ярьж байгаад муудалцсан. Тухайн үед юу ярьж байснаа санахгүй байна. Тэгээд эвлэрэх санаатай юм ярьж байгаад нэг мэдсэн чинь гараас цус гарч байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагчаар Н.Нийн өгсөн: “...Тэгээд юм яриад зогсож байтал Б.Б над дээр хүрч ирээд хоёулаа юм яриадахъя гээд намайг дагуулаад нөгөө хэдээс холдоод Б.Б над руу өдөх маягтай үг хэлж байгаад миний цамцнаас зүүн гараараа зуураад авахаар нь “одоо зүгээр бай тавь” гээд хэлтэл улам зуураад гараа чангалаад байхаар нь би доошоо хартал газар үзүүртэй төмөр байхаар нь би аваад Б.Бын намайг барьсан гарлуу нь төмрөөрөө хатгачихсан юм. Тэгээд Б.Б надаас зуурсан гараа тавьтал манай найзууд бид хоёрыг хараад гүйж ирээд салгасан. Тэгээд бид нар Б.Бын гарыг боочхоод эмнэлэг орохоор машиндаа суугаад явцгаасан. Налайхад орж ирж байх үед Б.Б машины хойно сууж байхдаа хажуудаа сууж байсан Нийг цохиод байх шиг болохоор нь би уурлаад чи зүгээр байгаа хүүхэд цохихоо болиоч гээд хэлтэл Б.Б миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд бид 2 машин дотор бие биерүүгээ дайраад зодолдох гэтэл машинаа зогсоохоор нь буусан. Б.Б бууж ирээд надруу дайраад байхаар нь манай найзууд бид хоёрыг салгаад холдуулсан. Тэгтэл Б.Б намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд газраас чулуу аваад шидэхэд Б.Б ч бас чулуу аваад шидээд манай найз охины машиныг онохоор нь би дахиад чулуу шидтэл Б.Быг онох шиг болсон. Б.Б толгойгоо бариад хэсэг суусан. Тэгээд манай найзууд Б.Быг тайвшруулаад эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 46 дугаар тал/
2.Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогчоор Б.Бын өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай найз Тын төрсөн өдөр болсон. Тухайн өдөр Т бид 2 зааланд сагс тоглочхоод 21 цагийн үед гараад Н.Н, Н.Нийн найз охин, Т, Тө, Д нартай уулзсан. Тэгээд бид нар Н.Нийн найз охины машинд суугаад Тын төрсөн өдрийг тэмдэглэхээр болоод Соёрхол нэртэй 0.75 литрийн архи нэгийг аваад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн хуучин модон гүүрний наана очиж зогссон. Тэгээд бид нар машинаас бууж архи хувааж уугаад дуусгасан. Тэр үед Н.Н намайг дуудаад хоёулаа ийшээ явж юм ярьчхаад ирье гээд намайг дагуулаад модон гүүрний тийшээ яваад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “яасын” гэсэн чинь миний гарыг хутгаар зүссэн. Тэгээд Т ирж бид хоёрыг салгаад Тө цамцныхаа хэсгээр миний гарыг боогоод бид нар эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явах замдаа Н.Н машины урд суудалд би хойд суудалд суугаад явж байгаад уур хүрээд байхаар нь Н.Нийг араас нь цохиод бид хоёр машин дотор зодолдож байтал машинаа зогсоогоод бид хоёр буугаад бие бие рүүгээ дайрах үед манай найзууд бид хоёрыг салгаад байж байтал Н.Н намайг толгой руу чулуугаар цохисон. Манай найзууд арай гэж бид хоёрыг салгаад машинд суулгаад эмнэлгийн байгууллага дээр ирээд би гараа оёулаад байж байтал цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Э.Нэхийн өгсөн: “...Тэгээд бид нар Тэрэлж рүү явахаар болоод 21 цаг 25 минутын орчимд Хгийн машинд суугаад бид нар хөдөлсөн. 22 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Горхи-Тэрэлжийн хуучин модон гүүрний наахан талд зогсоод бид нар машинаас буугаад авч ирсэн Соёрхол нэртэй 0.75 литрийн архи уусан. 01 цагийн үед Б.Б, Н.Н хоёрт ярих юм байна гээд бид хэдээс холдсон. Тэгээд үлдсэн бид хэд юм яриад зогсож байтал гэнэт Т наад хоёр чинь зодолдоод байна гээд бид хэд гүйж очоод салгатал Б.Бын гарнаас цус гарч байсан. Тэгээд Б.Бын цусыг тогтоогоод байж байтал Б.Б одоо үзчихье гээд Н.Нрүү дайраад байхаар нь болиулаад эмнэлэг рүү явахаар болоод машиндаа сууцгаагаад хөдөлсөн. Замдаа явж байхдаа машины цонхоор шүлсээ хаясан чинь Б.Б миний нүүрлүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Н.Н эргэж хараад чи зүгээр байгаач гээд хэлтэл Н.Нийг Б.Б цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь машинаа зогсоотол тэр хоёр бууж ирээд бие биерүүгээ дайраад байхаар нь холдуултал Б.Б, Н.Н хоёр чулуу шидэлцээд эхэлсэн. Н.Нийн шидсэн чулуу Б.Бын толгой хэсэгт оносон. Тэгэхээр нь бид нар эмнэлгийн байгууллагад Б.Быг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Тын өгсөн: “...Бид нар машинаасаа буугаад авч ирсэн соёрхол архиа хувааж уусан. Уугаад байж байтал 01 цагийн үед Б.Б Н.Нэд хоёуланд ярих юм байна гээд бид хэдээс холдуулж авч явсан. Тэгээд үлдсэн бид хэд юм яриад зогсож байтал Т наад хоёр чинь барилцаад авлаа гэхээр нь гүйгээд очтол тэр хоёр 2 тийшээ салчихсан, Б.Бын гарнаас цус гарч байсан. Тэгээд би Н.Нийг холдуулаад байж байтал Б.Б одоо үзчий гээд Н.Нрүү дайраад байхаар нь Т, Т хоёр болиулаад машины арын суудалд суулгасан. Тэгээд би Н.Нийг машины урд суулгаад өөрөө ард нь суусан. Эмнэлэг орох гээд Налайх руу орж ирээд Энгэр шанд орчмын харалдаа явж байтал Б.Б Нийг цонхоор шүлсээ хаях болгонд цохиод байсан. Тэр үед Э.Нэх Б.Бруу чи зүгээр байгаа хүүхэд яагаад байгаа юм бэ гэтэл Б.Б Э.Нэхийн нүүрлүү тохойгоороо цохисон. Тэр үед Н.Н эргэж хараад чи гэмгүй хүүхэд зодохоо болиоч гээд хэлтэл Н.Нийг Б.Б цохиод авсан. Тэгээд тэр хоёр зодолдоод байхаар нь машинаа зогсоосон. Бууж ирээд тэр хоёр дахиад бие биерүүгээ дайраад байхаар нь холдуултал Б.Б Н.Н хоёр хоорондоо чулуу шидэлцээд эхэлсэн. Н.Нийн шидсэн чулуу Б.Бын толгойн хэсэгт оносон. Тэгээд бид нар эмнэлэгт Б.Быг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Тын өгсөн: “...00 цагийн орчимд Б.Б, Н.Н дээр очоод хоёуланд нь ярих юм байна гээд бид нараас холдуулаад аваад явсан. Төд удалгүй тэр хоёр муудалцаад байх шиг байсан. Тэгэхээр нь бид нар салгах гээд очтол Б.Бын зүүн гарын шуу хэсгээс цус гарсан байсан. Бид нар Б.Бын гарыг боочхоод эмнэлэг хүргэхээр машиндаа суугаад явцгаасан. Налайхад орж ирж байх үед Б.Б хажуудаа сууж байсан Нэхийг цонхоор шүлсээ хаясан шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохисон. Тэгтэл Н.Н урд суудлаас эргэж хараад чи зүгээр байгаа хүүхэд цохихоо болиоч гээд хэлтэл Б.Б Н.Нийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зодолдох гээд бие биерүүгээ дайраад байхаар нь машинаа зогсоогоод бид нар буусан. Б.Б бууж ирээд Н.Н рүү дайраад байхаар нь бид нар болиулаад тэр хоёрыг бие биенээс нь холдуулаад аваад явсан. Гэтэл холоос тэр хоёр хэрэлдэж байгаад Н.Н газраас чулуу аваад шидсэн. Гэтэл Б.Б ч зөрүүлээд чулуу шидсэн. Н.Н дахин нэг чулуу аваад шидтэл Б.Бын толгой хэсэгт оносон. Тэгээд бид нар Б.Быг тайвшруулаад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Хгийн өгсөн: “...Би машинаас хараад сууж байтал Н.Н, Б.Б хоёр нөгөө хэдээсээ холдчихсон хоёулаа зогсож байгаад хоорондоо муудалцсан бололтой ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би буугаад очтол найзууд нь тэр хоёрыг салгаад Б.Бын гарнаас цус гарчихсан байж байхаар нь бид хэд маск даавуу гэх мэт зүйлсээр боогоод эмнэлэг рүү явахаар Налайх дүүргийн төв рүү хөдөлсөн. Замдаа явж байтал Б.Б Э.Нэхийн нүүрлүү цохиод байх шиг байсан. Би машинаа барьж явсан болохоор яг юу болсоныг мэдэхгүй. Тэр үед Н.Н эргэж хараад Б.Быг цохих шиг болоод тэр хоёр машин дотор зодолдоод эхлэхээр нь машинаа зогсоотол тэр хоёр буугаад дахиад нэг нэгрүүгээ дайраад байхаар нь найзууд салгасан чинь Н.Н, Б.Б хоёр чулуу шидэлцээд эхэлсэн. Тэгээд Н.Н, Б.Бын толгой руу нь чулуугаар оносон байх шиг байхаар нь Б.Быг эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/162 дугаар: “Б.Бын биед зүүн зулайн хуйх, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 30 дугаар тал/
8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны өгсөн:“Б.Бын биед үүссэн зүүн зулайн хуйханд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн шуунд шарх гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар тал/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 49 дүгээр тал/
10. Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 56 дугаар тал/
11.Н.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-81 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Н.Нэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Н.Нэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч Б.Боос хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал хүргүүлж байна. Үүн дээр нэг зүйлийг харгалзах ёстой. Учир нь гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Тухайн үед буюу 03 дугаар сарын 07-оос 8-нд шилжих шөнө миний үйлчлүүлэгч 18 нас хүрээгүй байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дэх хэсэгт заасан өсвөр насны хүүхдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт яригдана. Өсвөр насны хүүхдэд ял оногдуулахад 3 төрлийн ял шийтгэл яригддаг. Үүнээс нийтэд тустай ажил хийлгэх болон, зорчих эрхийг хязгаарлах ял яригддаг. Нийтэд тустай ажлын хувьд 120-360 цаг байдаг. Улсын яллагчийн зүгээс 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн бага нэгжийг хэлж байгаа бол үүнд багасгах зохицуулалт байна. 120 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах боломжтой байна гэж харагдаж байна. Нөгөө талаар зорчих эрхийг хязгаарлах ял бол 2 дахин багасдаг учраас 6 сараас 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл яригдана. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үүднээс 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал дэвшүүлж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үйлчлүүлэгчид маань харагдаж байна. 3 гэрчийн мэдүүлэг дээр яригддаг. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Бид нар бүгдээрээ болон Н.Н бас үзүүлсэн гэж яригдаж байгаа юм. Хэргийн материал судалж байхдаа шүүгдэгчийн болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийг уншиж танилцсан. Энд бол хохирогчийн зүй бус болон хууль бус үйлдэл харагдаж байгаа юм. Хохирогчийн зүй бус болон хууль бус үйлдлээс болж цаашид учирч байгаа үйлдэл нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулжээ гэж харагдахаар байгаа юм. Тэгэхээр энд хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг харгалздаг. Өмнө нь авсан харгалзах хугацаа авсантай холбоотойгоор өнөөдрийн энэ гэмт хэрэгт нь холбуулан хүндрүүлж ойлгож болохгүй гэдгийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч 120 цаг нийтэд тустай ажил хийх ял болон, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс оногдуулж өгөөч гэсэн саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Н.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Горхи-Тэрэлжийн гүүрний орчимд Б.Бийг “өдөж, цамцнаас зуурлаа” гэх шалтгаанаар маргалдаж зүүн гарын шуун тус газар нь төмрөөр зүссэн,
Мөн эмнэлэг рүү явах замдаа автомашин дотор хохирогч Б.Бийг “Нийг цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар автомашинаас бууж чулуу шидэж толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Нийн “...Тэгээд гар луу нь төмөр зоочихсон юм... Б.Б бид хоёр муудалцаад гадаа гараад би зайнаас чулуу аваад шидчихсэн юм.” гэх,
Хохирогч Б.Бын “...Тэгэхээр нь би “яасын” гэсэн чинь миний гарыг зүссэн... бид хоёр буугаад бие бие рүүгээ дайрах үед манай найзууд бид хоёрыг салгаад байж байтал Н.Н намайг толгой руу чулуугаар цохисон.” гэх,
Насанд хүрээгүй гэрч Э.Нэхийн “...гүйж очоод салгатал Б.Бын гарнаас цус гарч байсан... Замдаа явж байхдаа машины цонхоор шүлсээ хаясан чинь Б.Б миний нүүрлүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Н.Н эргэж хараад чи зүгээр байгаач гээд хэлтэл Н.Нийг Б.Б цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь машинаа зогсоотол тэр хоёр бууж ирээд бие биерүүгээ дайраад байхаар нь холдуултал Б.Б, Н.Н хоёр чулуу шидэлцээд эхэлсэн. Н.Нийн шидсэн чулуу Б.Бын толгой хэсэгт оносон.” гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.Тын “...Б.Б Н.Н хоёр хоорондоо чулуу шидэлцээд эхэлсэн. Н.Нийн шидсэн чулуу Б.Бын толгойн хэсэгт оносон.” гэх,
Гэрч Б.Тын “...тэр хоёр хэрэлдэж байгаад Н.Н газраас чулуу аваад шидсэн. Гэтэл Б.Б ч зөрүүлээд чулуу шидсэн. Н.Н дахин нэг чулуу аваад шидтэл Б.Бын толгой хэсэгт оносон.” гэх,
Гэрч Г.Хгийн “...Б.Бын гарнаас цус гарчихсан байж байхаар нь бид хэд маск даавуу гэх мэт зүйлсээр боогоод эмнэлэг рүү явахаар Налайх дүүргийн төв рүү хөдөлсөн... Н.Н, Б.Б хоёр чулуу шидэлцээд эхэлсэн. Тэгээд Н.Н, Б.Бын толгой руу нь чулуугаар оносон байх шиг байхаар нь Б.Быг эмнэлэг хүргэж өгсөн.” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/162 дугаар: “Б.Бын биед зүүн зулайн хуйх, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Нийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Н.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Өсвөр насны шүүгдэгч Н.Нийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Булган овогт Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Нийг 160 /нэг зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Нэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч Н.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ