Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг хүчингүй болгож, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 825 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0690/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Эгаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг хүчингүй болгож, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг хүчингүй болгож, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 1 дэх заалт болох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр тодорхойлоогүй /Шийдвэрийн 1.1/ нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр тодорхойлоогүй  /Шийдвэрийн 1.1/ нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр тодорхойлоогүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлагыг шүүх дүгнэлт өгөөгүй, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, огт харгалзан үзээгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна.  

Шийдвэрийн Тодорхойлох хэсгийн хоёр. Хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо зарим үндсэн нотлох баримтыг огт үнэлж түүнийг дүгнээгүй гэж харагдаж байна. Хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй учир хэргийг буруу шийдвэрлэх нь тодорхой юм. Шүүхийн шийдвэрийн 2.5-д “... Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна” гэж заагаад 2.6-д “нэхэмжлэгч Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дүгнэлтийг хүчингүй болгож, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгажээ” гэсэн үйл баримтыг дурдсан байна.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ТМ2019/0274 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны Э ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, Э ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч Ч.А, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын дарга Б.Ганзориг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8/7886 тоот албан бичгээр Н.Ц, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тд “Таны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу ... Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 136/НТ2019/0274 дүгээр шийдвэрээр Э ХХК-ийн 1997 дүрмийн хүчинтэйд тооцон бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/4795 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... Улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлтэд хавсаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тгийн өргөдөл, итгэмжлэл, шүүхийн шийдвэр, 01/860, 214 тоот албан бичгүүдийн хуулбарыг хавсралтаар хүргүүлсэн.

3.3. Эдгээр 2.9-д заасан баримтыг үндэслэн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.09.10-ны өдрийн 842 дугаар албан бичгээр хариу өгсөн байхад Улсын байцаагч Д.Ч нь 2020.09.17-ны өдөр 4590 дүгнэлтийг гаргасан.

Уг дүгнэлтийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргахад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  8/10864 тоотоор хариу өгөхдөө “... Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 136/ТМ2019/0274 дүгээр шийдвэрээр ... 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны Э ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна. ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5, 18.7.1-ийг үндэслэн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь зөв байна” гэсэн. Уг асуудлыг эс зөвшөөрч 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлт гаргасан хууль зүйн үндэслэлийг огт дүгнэхгүйгээр  1999 онд болсон үйл баримтын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-оос 10 дахь хүртэл заалтуудад дүгнэлт шүүхээс өгдөг юм. Ийнхүү дүгнэлт өгөхдөө 2011 оны Компанийн дүрмийн 5.22, 3.14, 3.15 дахь заалтыг баримталж тайлбарлаж, 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуульд байгаа заалт нь 2011 оны Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцээгүй гэж буруутгадаг боловч хуулийн зүйл заалтын зохицуулалтыг баримтлахдаа  хуулийн заалтыг зөв тайлбарлаж чадаагүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх юм.  

3.4. 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан компаниуд  2000 оны 9 дүгээр сарын 01-ний дотор компанийнхаа дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэл хугацаанд тэдгээрийн үүсгэн байгуулсан бичиг баримт дээр дурдсан хэм хэмжээнд харш бус байгаа хэсгээрээ хүчин төгөлдөр байна. Энэ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хуль нийлүүлэгч нь компанийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.

Тэгвэл 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө бол” 1999 оны 12 дугаар сарын 30-ны дотор компанийн дүрмийг шинэчлэх үүрэгтэй байсан юм. 1998 онд үүсгэн байгуулагч Б.Ч нь нас барсан компанийн нэг гишүүн байхгүй болсон. Эрх залгамжлагч нь Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар шийдвэрээр өв залгамжлагчаар тогтоосон байдаг.  

3.5. 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуульд заасан зохицуулалт шаардлагын дагуу дүрмээ шинэчилсэн. Тэгвэл энэ 98 дугаар зүйлийн 98.1-д маш ойлгомжтойгоор эрхийг тодорхойлж байдаг “ компанийн хувь нийлүүлэгч нь компанийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй” гэж заасан юм.

Энэ зохицуулалт нь хэвээр үргэлжилж байгаад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан. Хэрэв Б.Ч өв залгамжлагч Ч.А, Н.Ц, Ч.А нар гомдол гаргах эрх нь хуулиар 1999 оноос 2011 он хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хөөн хэлэлцэх хуулиар олгосон хугацаа 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан Энэ хугацаа дууссанаас хойш 9 жил нэмээд өнгөрсөн. Энэ хугацаанд нэмээд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх заалтын ойлголт байгаа юм.  

Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт байна. Энэ нь акт гаргаснаас гадна акт гаргахад мөн ижил баримтлагдана. Төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана. Урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллагад гомдол гаргах юм. Дээд шатны байгууллага болох байцаагч Д.Ч нь бүдүүлгээр хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж ямар ч үндэслэлгүйгээр 4590 дугаар дүгнэлт гаргасан юм.

3.6. 2018 онд Дорноговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Чы өв залгамжлагч Ч.А, Н.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нэхэмжлэлээ гаргасан. Тэгвэл энэ нэхэмжлэлийн шаардлага нь 2020.09.17-ны өдрийн 4590 дүгнэлтийн агуулга нэг байдаг. Тэгвэл хүчин төгөлдөр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 136/ТМ2019/00274 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...  Нэхэмжлэлийн шаардлага хангаснаар эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Тэгвэл маргаан бүхий 2020.09.17-ны өдрийн 4590 дүгээр дүгнэлт нь 1999.12.16-ны өдрийн дүрмийг хүчингүй болгосноор бусад 2005, 2007, 2011, 2015 оны дүрмүүдийг хүчингүй болгоогүй юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий дүгнэлт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байгаад байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7

Иргэн Х.Т гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан гомдол нь 1999 онд хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 1999 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/, Захиргааны ерөнхий хууль 2015 он, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2016 он/, Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2018 он/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/  эдгээр хуулиудын сураг байгаагүй. Тэгвэл 4590 дугаар дүгнэлтийг гаргах шаардлагатай юм бол ядахдаа 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан хуулийн заалтыг дүгнэлтдээ нэг дурдсан бол Төрийн байгууллагыг хүчээр зөв хуулийн дагуу юм хийсэн юм байна гэж гүтгэж болох байлаа.

Гэвч энэхүү маргаан бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэл нь 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль ба 2019 онд батлагдсан А/289 дүгээр тушаалын хавсралт журмын 18 дугаар зүйл юм. Тэгвэл журмын 18.2.1-д “дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэл” гэж заасан байна. Тэгвэл маргаан бүхий  дүгнэлтийн хууль зүйн үндэслэл нь 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 байна.

Тэгээд яагаад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас өөрөөр хэлбэл нарийвчилсан хуулийн зохицуулалт байгаа тохиолдолд илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй вэ мөн түүнчлэн хуулийн үйлчлэл гэж байдаг юм. Өөрөөр хэлбэл хуулийн заалтыг буцаан хэрэглэх ойлголтыг ноцтойгоор зөрчлөө. Жишээ болгоход 1999 онд хуулиар шаардсан өөрчлөлтийг хэрэгжүүлснээс болж 2020 онд буюу 21 жилийн дараа ийм хуулийн үйлчлэл байхгүй учир хүчингүй болгоно гэж дайрч болохгүй юм.

3.7. Нэхэмжлэлийн шаардлагад заасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлүүд бүхэлд нь гомдлын үндэслэл болж байгааг дурдах шаардлагатай бөгөөд дараах үндэслэлийг заавал тодруулах шаардлагатай юм.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ТМ2019/0274 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны Э ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч Ч.А, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд яагаад гомдол  гаргаагүй вэ гэсэн асуудал гарна. Мөн түүнчлэн 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасны дагуу “Э” ХХК-ийн 1999 оны дүрмийг хүчингүй болгохоор1999 оноос хойш 2019 он хүртэл 20 жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэгч Б.Чы өв залгамжлагч Ч.А, Н.Ц, Ч.А нар гомдол гаргаагүй вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

3.8. Учир нь Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ТМ2019/00274 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт компанийн хувьцаа эзэмшигчээс гарахдаа өөрт ногдох үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг авсан тухай нотлох баримт нь байгаа учир ийнхүү давж заалдах журмаар гомдол гаргаагүй, компанийн дүрмийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийг 20 жилийн хугацаанд гаргаагүй юм.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан Х.Т нь бичиг баримт хуурамчаар үйлдэж, Улсын бүртгэлийн байгууллага болон шүүхийн санаатайгаар төөрөгдөлд оруулж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг, хувьцаа эзэмшигчээс гаргахдаа авсан хөрөнгийн асуудлыг замхруулахын тулд захиргааны хэргийн маргаан болгон оруулж ирж байгаа билээ

Иймд эдгээр үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлтээр “... 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Бүх гишүүдийн хурлын тогтоол” гэх баримтад бүх гишүүд оролцоогүй /2 гишүүний гарын үсэгтэй/ нь тухайн үед мөрдөгдөж байсан Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэж заасныг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримт ирүүлснийг аймгийн татварын улсын байцаагч улсын бүртгэлд бүртгэсэн ... “Э” ХХК-ийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын эх нотлох баримтуудад хувьцаа эзэмшигч  өөрчлөгдсөн, хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан зэрэг баримт байхгүй байхад /эх нотлох баримтгүйгээр/ 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Л гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Доржбаатар нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь ... архивын эх нотлох баримтуудаар тогтоогдож байна ...” гэсэн үндэслэлээр “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн 2010585 дугаарт бүртгэлтэй “Э” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шүүх тус дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

2.2. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгуулахаар маргасныг шүүх хүлээн авч уг дүгнэлтийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

2.3. Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ”Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар гаргана”, 17 дугаар зүйлд “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх” 17.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална” 17.3-т ”Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхэд дараахь баримт бичгийн бүрдүүлнэ”, 17.3.1-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”, 17.3.2-т “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар” 17.3.3-т “компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ” 17.3.4-т ”бүртгэлийн хураамж төлсөн баримт”, 17.6-д ” Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3.-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасан байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хязгаарлагдмал хариуцлагатай “Э” ХХК-ийг үүсгэн байгуулахаар үүсгэн байгуулагчид болох Б.Э, Б.Ч, Ч.А, Н.Ц нар тохирч, барилга угсралт, их засвар, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэж компани байгуулах гэрээ байгуулж, гишүүн тус бүр компанид оруулах хөрөнгийн хэмжээ нь 2.500.000 төгрөг байхаар тогтсон, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулагчдын анхдугаар хуралд Б.Ч, Ч.А, Н.Ц, Б.Э нар оролцож барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэх үндсэн чиглэлтэй “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай тогтоол гаргаж, компанийн дүрмийг баталсан, үүсгэн байгуулагчдын хурлын 02 дугаар тогтоолоор компанийн захирлаар Б.Эыг сонгож баталсан, улмаар 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэд бүртгүүлэх хүсэлт гаргаснаар Дорноговь аймгийн Татварын хэлтэс “Э” ХХК-ийг Барилга угсралт, их засвар, дэлгүүр, хил худалдааны зориулалтаар үүсгэн байгуулагдсаныг бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд Бүх гишүүдийн хурлын 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, Компанийн бүх гишүүдийн 1997 оны 4-р сарын 25-ны өдрийн хурлын 1-р тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэн татварын албанд Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Э” компанийн дүрэм, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар Бүх гишүүдийн хурлын тогтоол зэргийг хавсаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

2.5. Маргаан бүхий актаар “... Улсын бүртгэлийг бүртгэх эрх бүхий этгээд нь бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэхийг нягтлан шалгаагүй компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэж, баталгаажуулсан нь хууль бус байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хуулийг зөрчсөн” гэж үзэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн 2010585 дугаарт бүртгэлтэй “Э” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүх уг актыг  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй байна.  

2.6. Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 2.5-д “Компанийн дүрмийн сан нь үүсгэн байгуулагчдын хувь нийлүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ”, 3.9-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 3.10-т “Компанийн бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, а. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, 3.14-д “Компанийн захирлыг бүх гишүүдийн хурлаас хэдийд ч чөлөөлж болно. Энэ тухай бүртгэх байгууллагад нэн даруй мэдэгдэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна ...” гэж тус тус заасан байх тул “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг үүсгэн байгуулагчид  болох Ч.А, Ч.А, Н.Ц, Б.Э нарын дийлэнх олонхийн саналаар тус компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхээр байна.

2.7. Гэтэл “Э” ХХК-ийн Бүх гишүүдийн хурлын 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №01 дугаар “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Компанийн дүрмийг шинэчлэн найруулснаар баталж, Компанийн бүх гишүүдийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ компанийн бүх гишүүдийн ирцийн бүрдлийг хангаагүй буюу нэг гишүүн болох Б.Ч 1998 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нас барж, эрх залгамжлагч тогтоогдоогүй, мөн зөвхөн хоёр хүний гарын үсэгтэй баримт[1]-ыг Дорноговь аймгийн татварын улсын байцаагч хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн архивын баримтууд[2], нас барсны бүртгэлийн баримт[3], эрх залгамжлагчаар тогтоосон баримт[4] зэргээр тогтоогдсон, улмаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэхээр хуульчилсан асуудал болох компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудал, компанийн захирлын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээр дурдсан Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.9-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”17 дугаар зүйлд заасан 17.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, уг хурлын шийдвэрт үндэслэн гарсан улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

2.8. Хэдийгээр үүсгэн байгуулагчийн нэг болох Б.Ч нь 1998 онд нас барсан, Дорноговь аймгийн сум дундын 1-р шүүхийн иргэний шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар шийдвэрээр Ч овогтой Аыг Балдан овогтой Чы хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож шийдвэрлэсэн байх боловч  энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн “Компанийн тухай хууль /1999 оны/ 98 дугаар зүйлд зааснаар 2001 оноос өмнө компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байсан учраас Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг зөв гэж үзэх болон компанийн хувь нийлүүлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл байх боломжгүйгээс гадна дөрвөн гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан атлаа хоёр гишүүний оролцоотойгоор уг асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2.9. Мөн Компанийн тухай хуулийн 61.1-д “Хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 60.3, 62.7.-д заасан этгээд гаргана” гэж зааснаар хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э гаргах эрхтэй боловч Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдэд мэдээлэх үүрэг хүлээнэ”, 70.1-д “Компанийн саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчид хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж зааснаар “Э” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэчилсэн найруулгыг батлахдаа хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлах, хурлын зарыг мэдэгдэх үүргийг гүйцэтгэх захирал Б.Э хэрэгжүүлэхээр байна.

2.10. Хэрэгт авагдсан баримтуудаар хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан эсэх, хурлын зарыг мэдэгдсэн эсэх талаар баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс хурлын зарыг бүх гишүүдэд мэдэгдсэн талаарх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхийн “... 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурал нь үүсгэн байгуулагч Н.Ц, Б.Ч, Ч.А нарын хуралд оролцох эрхийг зөрчсөн байх бөгөөд хуралд оролцох нэрсийн жагсаалт, бүртгэлийн өдөр, зар хүргэх, зар хуралдуулах журам, хурал хүчин төгөлдөр болох, хурлын шийдвэрт гомдол гаргахаар хуулиар зохицуулсан байх бөгөөд хуульд зааснаар хурал зарласан этгээд нь зарыг хуралд оролцох эрхтэй этгээдэд мэдээлэх үүрэг хүлээх боловч нэхэмжлэгч Б.Э уг үүргээ биелүүлээгүй ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

2.11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус зааснаар тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын агуулга, зорилго нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг, түүнийг бодит байдалд биелүүлэх ямарч боломжгүй байхыг ойлгоно.

2.12. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлт /маргаан бүхий акт/-ээр 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж маргасан, хариуцагчийн гаргасан уг дүгнэлт нь захиргааны актын илт хууль бус байх ноцтой, илэрхий алдааг агуулсан болох нь тогтоогдохгүй, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцсэн байна.

2.13. Өөрөөр хэлбэл, хариуцагч зөрчлийг арилгаж, улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор дүгнэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн 2010585 дугаарт бүртгэлтэй “Э” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд тус компанийн 1999 оны бүртгэлд хамаарах нөхцөл байдлыг нягтлан шалгаж, хууль бус болохыг тогтоож, дүгнэсэн, улмаар уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй, уг актыг биелүүлэх боломжгүй, утга агуулгын алдаатай гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хариуцагч нь ... уг дүгнэлтээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, алдаа зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг заасан байх ёстой. Гэтэл уг дүгнэлтээр 2001, 2011, 2014, 2015 оны бүртгэлийг хүчингүй болгоогүй, эдгээр асуудлуудыг шийдээгүй зөвхөн 1999 оны бүртгэлийг хүчингүй болгосон тул утга агуулгын илэрхий алдаатай гэж үзнэ ... захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох зохицуулалттай ... 1999 оны дүгнэлтийг хүчингүй болгосноор бусад бүртгэл хүчинтэй байх бөгөөд уг дүгнэлт гарснаар эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

2.14. Нэхэмжлэлийн “... “Э" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Цэдэв Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Б.Эаар залруулан бүртгэхийг Улсын бүртгэгчид даалгах” шаардлагын тухайд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирлын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №01 “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал[5]-аар “... Б.Э нь төрийн захиргааны байгууллагад шилжин ажиллах болсон тул ... үүрэгт ажлаас чөлөөлж, Компанийн захирлаар Цэдэв овогтой Лыг томилж” шийдвэрлэсэн байх бөгөөд уг тушаалыг үндэслэн Ц.Лыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул уг бүртгэлийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, илт хууль бусад тооцох шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй.  

2.15. Учир нь, нэгэнт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн 2010585 дугаарт бүртгэлтэй “Э” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул уг бүртгэлийн дараагийн бүртгэл болох “Э" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Цэдэв Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, улмаар Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Эаар залруулан бүртгэхийг Улсын бүртгэгчид даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.

3. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн ... хууль буруу тайлбарлан хэрэглэсэн ... маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа ... гомдол гаргах хөөн хэлэлцэх хуулиар олгосон хугацаа 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Энэ хугацаа дууссанаас хойш дахин 9 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх заалтын ойлголт бас байгаа ... Ц.Лыг 100 хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] ХХ-2-11 дүгээр талд

[2] ХХ-3-34-39 дүгээр талд

[3] ХХ-2-140 дүгээр талд

[4] ХХ-1-164 дүгээр талд

[5] ХХ-2-2 дугаар талд