Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 68

 

2016.6.20                                          68
ШИЙТГЭХТОГТООЛ
                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0076/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            Б.Алтансувд,
Улсын яллагч:                    Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Г.Дэлгэрцэцэг, 
Шүүгдэгч:    Н.Баатарцогт, А.Оюунбаатар нарыг  оролцуулан 
тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас: 1885 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Чүлтэм овогт Нямдэлэгийн Баатарцогт (РД:СД85021416)
1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 27 настай, боловсролгүй,  мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Заан овогт Амарбарсын Оюунбаатар (РД:СП87110716) нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201623000120 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нар нь бүлэглэн А.Оюунбаатарын эзэмшлийн “Пикон” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Хүйтний хөндий” гэх газраас иргэн Ж.Гантигчулууны 2 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ж.Гантигчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 сарын 05-ны өдөр адуугаа хурааж морио солиод бүртгэж гаргахад адуу бүрэн байсан. Тэгээд 3 сарын 15-ны өдөр адуунд явахад адуун дотроос хүрэн зүстэй тамга тэмдэггүй шүдлэн байдас, цайвар дэлтэй хүрэн цавьдар зүстэй тамга тэмдэггүй шүдлэн байдас зэрэг 2 тооны адуу алга болсон байсан.  Эдгээр хоёр хүн миний алдсан хоёр тооны адууг тоо, зүсээр нь буцааж өгсөн учраас надад гомдолтой зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-18-19х/
Гэрч Б.Оюунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 4 сарын 27-ны өдөр Оюунбаяр гэх хүний адуунаас унагатай хүрэн гүү, цавьдар байдас адууг Гантигчулуун гэх хүнд харуулахад манай адуу мөн гээд хөдөө мал байдаг газар нь хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг./хх-21х/
Гэрч Ө.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн:Манай адуу хүргэн Гантигчулууны адуутай цуг байсан. Алдсан 2 тооны адуу манай хүргэн Гантигчулууны адуу мөн гэсэн мэдүүлэг./хх-23х/
Шүүгдэгч Н.Баатарцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өглөө адуундаа явж байгаад Хүйтний худаг гэх газар хэсэг адуу таарахаар нь 2 адуу тасдаж аваад, өөрийнхөө адуундаа нийлүүлсэн. Би хүний адуу авсанаа хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч А.Оюунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өглөө адуундаа явж байгаад Хүйтний худаг гэх газар хэсэг адуу таарахаар нь 2 адуу хулгайлсан нь үнэн. Бид хоёрт энэ адууг зарж үрье гэсэн бодол байгаагүй. Авсан хоёр адуугаа хохирогчид буцааж өгсөн. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг. 
Малын жишиг  үнэлгээ /хх-85-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нар нь бүлэглэн А.Оюунбаатарын эзэмшлийн “Пикон” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Хүйтний хөндий” гэх газраас иргэн Ж.Гантигчулууны 2 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн болон шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг хувийн байдлуудыг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч Ж.Гантигчулуун  нь шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч А.Оюунбаатарын эзэмшлийн “Пикон” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нямдэлэгийн Баатарцогт, Амарбарсын Оюунбаатар нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нарын  эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жил 03 /гурав/  сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нарт оногдуулсан 02 жил 03 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нарт оногдуулсан 02 жил 03  сарын  хорих ялыг тус тус тэнсэж, 02  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн   Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар А.Оюунбаатарын эзэмшлийн “Пикон” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Баатарцогт, А.Оюунбаатар нарт авсан батлын даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.МӨНХТУЛГА