Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

Хохирогч М.Ж,

Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 81 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овгийн З.Мд холбогдох эрүүгийн 2107000340089 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 34 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........................................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Алагморьт овогт З.М /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Занданбал овогтой З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ........................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү /14 настай/ М.Жийг оймс олж өгсөнгүй гэх шалтгаанаар зүүн шанаа руу алгадаж унагаан, тэлээгээр ороолгон зодож баруун эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  З.М нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би ажлаасаа 9 цагт орж ирсэн. Би согтуу байсан. Тэгээд хүүгээ оймс олоод өг аав нь гадагшаа гараад ирье гэж хэлсэн. Манай хүү оймс олж өгч чадаагүй. Тэгээд эцэг хүн болох гээд хүүгээ алгадаад тэлээгээр 2 удаа цохичихсон юм. Тэгээд хүзүү сонин болчихлоо гээд хэлэхээр нь эмнэлэг дээр авч очоод үзүүлсэн чинь эгмийг нь хугалаад хаячихсан байна лээ. Энэ яах аргагүй миний буруу.” гэв.

Хохирогч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр үед оймс олж ир гэхээр нь би олохгүй байсан учраас дургүйцсэн юм. Тэгээд сөргөцөлдсөн юм. Тэгээд цохиулаад унахдаа баруун эгмээ хугалсан. гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа Баян Налайх караокед орж байхад манай хүн над руу ярьсан. Тэгэхээр нь за одоо очлоо гэртээ очоод байж бай гэж хэлсэн. Тэр хооронд энэ хэрэг гарсан байна лээ. Гомдол санал байхгүй. Нөхрийн минь хэргийг хөнгөнөөр шийдэж өгөөч гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар З.Мийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ........................................................... тоот гэртээ 21 цагийн үед ирсэн. Намайг гэрт ирэхэд манай том хүү М.Ж 2 дүүгийнхээ хамт байж байсан. Тэгээд би удалгүй гэрээс буцаж гарахаар болоод аавынхаа оймсыг олоод өг гэхэд миний оймсыг олохгүй удаад байхаар нь оймс харж байхгүй юугаа хийж байсан юм гэсэн чинь өөдөөс би таны оймсыг харж байх ёстой юм уу гэхээр нь гэнэт миний уур хүрээд тэсэлгүй гараараа алгадаад авсан чинь манай хүү М.Ж газар унаад өгсөн. Тэгэхээр нь би дээрээс нь тэлээгээр 1-2 удаа л ороолгосон. Тэгсэн манай хүү М.Ж аав миний мөр эвгүй болчихлоо гээд уйлаад босоод ирэхээр нь хартал баруун мөр хавьцаа нь эвгүй болчихсон байсан. Тэгээд би шууд эмээг нь буюу Аыг утасдаж дуудаад машинаар нь эмнэлэг рүү явсан...Тэр өдөр би гаднаас жаахан пиво уучихсан бага зэрэг согтчихсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 37 дугаар тал/

 

            2.Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор М.Жийн өгсөн: ...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ........................................................... тоот гэртээ байж байхад 21 цагийн үед манай аав З.М гаднаас архи уучихсан байдалтай нэлээн согтуу орж ирсэн. Гэрт орж ирчхээд удалгүй аав утсаар хүнтэй ярьж байгаад буцаж гэрээс гарахаар болоод надад миний оймсыг олоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би оймсыг нь хайгаад олохгүй удаад байсан чинь аав над руу чи оймс харж байхгүй юугаа хийж байсан юм бэ гэхээр нь би уурлаад аавд би таны оймсыг харах ёстой юм уу гэж хэлсэн чинь аав гэнэт уурлаад миний зүүн шанаа руу гараараа алгадаад намайг газар унагаагаад дээрээс өөрийнхөө тэлээгээрээ 2-3 удаа ороолгосон. Энэ үед газар эвгүй унасны улмаас миний баруун мөр эвгүй болчхоор нь аавд миний мөр эвгүй болчихлоо гэж хэлсэн чинь аав намайг босгож хараад миний мөрөнд тос түрхэж өгөөд эмээ А руу утсаар ярьж намайг эмнэлэг рүү авч явахаар болсон... гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Аын өгсөн: ...Тэгээд би түргэн дуудаж байхаар шууд эмнэлэг дээр авч очъё гээд хүүгээ хувцсыг нь өмсүүлээд гараад ир гэж хэлээд гэрт нь ирэхэд З.М, Т хоёр гадаа зогсож байсан. Тэгээд би шууд эмнэлэг очиж үзүүлсэн. Тэгсэн Анхбаяр эмч энэ хүүхэд хүнд зодуулсан байна гэхээр нь би мэдсэн. М.Ж гэртээ хоёр дүүтэйгээ байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/170 дугаар: М.Жийн биед баруун эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 27 дугаар тал/

 

5. Яаралтай тусламжийн хуудас,

            /хх-ийн 24-25 дугаар тал/

 

            6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 4-6 дугаар тал/

 

            7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 38 дугаар тал/

 

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /хх-ийн 43-45 дугаар тал/

 

            9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

            /хх-ийн 46-54 дүгээр тал/

           

            10. Нас тоолсон тухай тэмдэглэл,

            /хх-ийн 77 дугаар тал/

           

            11. З.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-76  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч М.Ж хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, З.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчим ........................................................... тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох төрсөн хүү 14 настай М.Жийг оймс олж өгсөнгүй гэх шалтгаанаар гараараа зүүн шанаа руу нь алгадаж унагаан  тэлээгээр 2-3 удаа ороолгон зодож эрүүл мэндэд нь баруун эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Шүүгдэгч З.Мийн “...хүүгээ алгадаад тэлээгээр 2 удаа цохичихсон юм.” гэх,

Насанд хүрээгүй хохирогч М.Жийн “...миний зүүн шанаа руу гараараа алгадаад намайг газар унагаагаад дээрээс өөрийнхөө тэлээгээрээ 2-3 удаа ороолгосон. гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/170 дугаар: М.Жийн биед баруун эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч З.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  Алагморьт овогт Занданбалын З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Мийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч З.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ