| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2017/00784/И |
| Дугаар | 182/ШШ2017/01018 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2017/01018
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2017/01018 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “УЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: БОАЖЯанд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “УЭ” ХХК-ийн захирал Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“УЭ” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ... голын тохируулгатай усан сангийн зураг төсөл боловсруулах №2014/УБСС-01 ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ба ажлын хөлсийг гэрээ баталгаажсаны дараа 10,225,000 төгрөг, ажил бүрэн гүйцэтгэснийг захилагч тал хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөр болох 10,225,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн бөгөөд уг ажлыг гүйцэтгэх явцад ямар ч санхүүжилт олгогдоогүй тул Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №162/15, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан №879/2015 дугаар бүхий магадлалын ерөнхий дүгнэлтийг хүлээн авч, №186/15 санхүүжилт хүсэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч “санхүүжилт байхгүй удахгүй санхүүжилт ормогц өгөх тухай” тайлбарыг бидэнд өгсөн.
Улмаар 2016 оны 03 дугаар сарын 24-нд №65/16 дугаартай албан бичгийг зураг төсөл, ажил хүлээлцсэн актыг хамт гарын үсэг зурж, баталгаажуулахаар хүргүүлсэн бөгөөд манай компани нь өөрсдийн хөрөнгөөр ажлын зургийг бүрэн хийж дуусгаж хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ болох 20,450,000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай хүсэлтийг одоо болтол шийдвэрлэж өгөхгүй байх тул БОАЖЯтай байгуулсан №2014/УБСС-01 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 20,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“УЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯанд холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,450,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.
... Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 26- ны өдрийн 1/138 дугаартай албан бичгээр тус яаманд сумын төвийг байнгын усаар хангах Шурагийн голын гольдролын дагуу сумын төвийн дээд талд 1.5 км газар байрлах тогтмол ундрагатай Хар усны булгийн усны толгойн барилга бариулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний А-213 тушаалаар Үнэлгээний хороо байгуулж, ... голын урсацын тохируулгын зураг төсөлтэй холбоотой ус зүйн урьдчилсан судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, УББС-14-7-03 Багц 2 ... голын тохируулгатай усан сангийн зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхэд “УЭ” ХХК захиалагчийн төсөвт өртөгт багтаасан санал ирүүлж шалгарсан байна.
Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №2014/УБСС-01 дугаартай “.... голын тохируулгатай усан сангийн зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 3-т төлбөрийн хуваарийг гэрээ баталгаажсаны дараа 10,225,000 төгрөг, хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсаны дараа 10,225,000 төгрөг төлөхөөр заасан ба ажил гүйцэтгэх хугацаа 3 сар байна. “УЭ” ХХК нь гэрээний дагуу зураг төслийн ажлыг хийж гүйцэтгээд дүгнэлт гаргуулахаар хүсэлт ирүүлсний дагуу тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/6024 дугаартай албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүсэлт гарган магадлан итгэмжлэл хийлгэсэн.
|
|
“УЭ” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлын зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэх байсан ч Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон зэргээс шалтгаалан санхүүжүүлээгүй байна. Байгаль хамгаалах сангийн 2015-2016 оны тооцоонд “УЭ” ХХК 20,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УЭ” ХХК нь хариуцагч БОАЖЯанд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь “УЭ” ХХК-тай ... голын тохируулгатай усан сангийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан, 20,450,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.
... Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/138 тоот албан бичгээр сумын төвийг байнгын усаар хангах ... голын голдирлын дагуу тогтмол ундаргатай Хар усны булгийн усны толгойн барилга бариулах хүсэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ирүүлснээр 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон “УЭ” ХХК-ийн хооронд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шурагийн голын тохируулгатай усан сангийн зураг төсөл боловсруулах 2014/УБСС-01 тоот гэрээ байгуулагдаж, 20,450,000 төгрөгөөр дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Засгийн газрын бүтцэд БОАЖЯ ажиллана гэж хуульчилсанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны нэр өөрчлөгджээ.
“УЭ” ХХК нь дээрх гэрээний дагуу мөрдөж буй норм, дүрэм, стандартын дагуу ажлыг гүйцэтгэсэн болох нь Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 879/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр нотлогдож байх ба хариуцагч нь 2014/УБСС-01 тоот гэрээний 3 дугаар зүйлд зааснаар гэрээ баталгаажсаны дараа 10,225,000 төгрөг, хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсаны дараа 10,225,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Талууд гэрээ байгуулагдсан болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, 20,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тооцоо үлдэгдлийн баталгаа, “УЭ” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 186/15 тоот, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 268/15 тоот, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 65/16 тоот санхүүжилт хүсэх тухай албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч БОАЖЯнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “УЭ” ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэл хангагдсан тул “УЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-д шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар БОАЖЯнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,450,000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “УЭ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “УЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,200 /хоёр зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖЯнаас 260,000 /хоёр зуун жаран мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ