Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 75 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт А.Жад холбогдох эрүүгийн 2107000000075 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /оюутан/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт А.Ж /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ........................................................ тоотод хохирогч Б.Бтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний гэдэс хэвлий орчим руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр биед нь халдсанаас хохирогч Б.Бийн биед тархи доргилт, дээд уруулын өнгөц зулгаралт, баруун бугалга, хэвлийн цус хуралт, хамрын нуруу, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, умайн доргилт, умайн булчингийн чангарал, зүүн шуу, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.Ж нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “03 дугаар сарын 19-ний өглөө унтаж байсан чинь Б.Б манай гэрт нөхрийгөө хайгаад орж ирсэн. Тэгээд би нөхөр чинь байхгүй явчихсан гэж хэлээд маргаан үүссэн. Тэгээд урьд өдөр нь уусан архи маань гараагүй байсан болохоор алдаатай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Б.Бийн биед хэрхэн гэмтэл учруулснаа одоо сайн санахгүй байна. ” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Жын өгсөн: “...уйлуулсанд нь уурлаад Б.Бт чи битгий гэрт орж ирчхээд чанга орилж хашхираад хүүхэд айлгаад бай, манайхаас хурдан зайл гэж хэлээд Б.Бийг хойшоо гараараа мөр хавьцаа нь түлхэхэд Б.Б зөрүүлээд намайг цохих гэж байгаад тэвэрч байсан хүүхдийг маань цохиод авсан. Энэ үед манай хүүхэд бүр улам айгаад уйлсан. Тэгэхээр нь би хүүхдээ буулгачхаад Б.Бийг гэрээсээ гаргах гээд тэвэрч аваад өргөөд гаргах хооронд миний хүзүү, цээж хэсэг рүү гараараа самардаж майжаад байсан. Тэгээд гэрийн хаалгаар гаргах гэж байхад өөрөө эсэргүүцэл үзүүлж хөдлөж байгаад толгой билүү нүүр хэсгээрээ манай хаалганы дотор хэсгийг нэг удаа мөргөсөн. Ингээд арай гэж хаалгаараа гаргаад орцонд ортол Б.Б шатны тэнд надаас салахгүй зууралдаж байгаад хөл алдаад унах гэж байхад нь би зуураад татаж автал миний баруун хөлийг хазчихаад ерөөсөө тавихгүй байсан. Тэгэхээр нь арга буюу хөлөө салгах гээд хөлөө хойшоо хүчтэй татаж аваад шууд гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 82 дугаар тал/

 

2.Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Бийн өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...манай нөхөр Цыг найз болох А.Ж хамтдаа баяр тэмдэглэхээр гэрээс аваад гарсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед ........................................................ тоотод А.Жын гэрт нөхрөө авахаар ирэхэд гэрт нь манай нөхөр байгаагүй... би А.Бад “чи манай нөхрийг энд байгаа гэж хэлээ биздээ одоо хаана байгаа юм бэ хурдан олоод өг гэж хэлтэл өөдөөс наад халтайсан авгайгаа гэрээс гаргаач, яах гэж гэрт оруулж ирсэн юм бэ гэж эхнэрлүүгээ уурлаад намайг хэл амаар доромжилж байснаа орноосоо босож ирэн намайг зайл гэж хэлэн миний цээж рүү гараараа түлхэхэд эхнэр нь А.Жыг болиулсан. Тэгсэн А.Ж хүүхдээ тэврэн намайг хүүхдийг нь уйлуулчихлаа гэж бодоод баруун хөлөөрөө миний гэдэс, хэвлий хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөхөөр нь би уурлаад А.Жыг цохих санаатай гар луу нь далайтал тэвэрч байсан хүүхдийнх нь мөр хавьцаа санамсаргүй цохичихсон. Тэгээд А.Ж хүүхдээ буулгаж холдуулангуутаа над руу дайрч миний үснээс зулгаан гэрийнхээ үүдний хаалгыг мөргүүлсэн энэ үед нүүрээ хоёр гараараа дараад доошоо суутал дээрээс дахиж өшиглөж үснээс зулгаан гэрээсээ чирч хөөсөн. Тэгэхэд А.Ж миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан учир зууралдаж байх явцдаа А.Жын зүүн хөлийг нь хазаж өөрийгөө хамгаалсан. Энэ үед эхнэр нь цаанаасаа гарч ирэн А.Жыг чи чинь ямар аймар харгис юм бэ одоо болиоч гэхэд энэ авгай чинь миний хөлийг хазчихлаа гэж хэлээд дахиж дээрээс минь өшиглөсөн. Тэгээд эхнэр нь А.Жыг надаас салган хүчээр гэр лүү нь оруулаад намайг орцоороо гаргаж өгсөн. Би жирэмсэн гэдгээ 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Харин А.Жтай нээх их харьцаад байдаггүй учир намайг тухайн үед 2 сартай жирэмсэн гэдгийг мэдээгүй. Угаасаа миний гэдэс айхтар томроогүй, жирэмсэн гэдэг маань илтэд мэдэгдэхээргүй байсан. А.Жын гэрт түүнтэй зууралдаж байх явцад миний зүүж байсан өрөөсөн ээмэг болон нүдний шил газарт унаж хагарсан байсан. Харин дараа нь цагдаа нарыг дагуулж тэднийд ороход үүдний шалан дээр нь өрөөсөн ээмэг маань ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйлгүй байхаар нь аваад зүүсэн. Нүдний шилний хувьд араам болон шил нь салж хагарсан байдалтай шалан дээр байхаар нь би авалгүй тэднийд хаячихсан юм. Би энэ нүдний шилээ 2020 оны 9 дүгээр сард 280,000 төгрөгөөр худалдан авч байсан харааны шил байгаа юм...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 11-12 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Баны өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дэд ахлагч Н.Уын хамтаар Чулуут-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өглөө 10 цагийн орчимд жижүүрээс “........................................................ тоотод А.Ж нь намайг зодчихлоо” гэх дуудлага мэдээлэл хүлээн авч тэр даруй очиж шалгахад дуудлага өгсөн иргэн Б.Б ... дугаар байрны гадаа бусадтай хэрүүл маргаан хийж зодолдсон шинжтэй уруул ам нь шалбарчихсан байдалтай байсан. Тэгээд Б.Бээс юу болсон талаар асуухад “...-дугаар байрны ... тоотод А.Ж гэх залуу намайг зодчихсон, одоо гэртээ байгаа” гэхээр нь дэд ахлагч Н.У бид хоёр Б.Бийг дагуулан ... дугаар байрны ... тоотод ороход гэрийн үүдний шалан дээр Б.Бийн өрөөсөн ээмэг, хагархай нүдний шил хоёр газар уначихсан байдалтай байсан. Ингээд А.Жаас юу болсон талаар асуухад “би наад эмэгтэйг чинь зодож, цохисон зүйл байхгүй, харин ч би өөрөө энэ эмэгтэйд хөлөө хазуулж гэмтсэн” гэхэд Б.Б “чи эмэгтэй хүнд гар хүрч зодчихоод яаж ингэж хэлж чадаж байна” гээд тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь дэд ахлагч Н.У бид хоёр тэр хоёрыг дагуулан хэлтэс рүү очиж зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгөөд дараагийн дуудлага руу явсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Уын өгсөн: ...уг өдөр би дэд ахлагч Х.Баны хамт Чулуут-112 чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Чулуут-10-aac манай чиглэлд иргэн Б.Бийн өгсөн “Налайх дүүргийн 8 дугаар хороо ...-... тоотод А.Жнамайг зодсон” гэх дуудлагыг өгч очиж шалгахад ... дугаар байрны гадаа дуудлага өгсөн иргэн Б.Бтэй уулзахад бусдад зодуулсан шинжтэй уруул ам нь бага зэрэг шалбарсан байдалтай байсан. Тухайн үед түүнээс юу болсон талаар асуухад “... дугаар байрны ... тоотод А.Жгэх таньдаг залуудаа зодуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь дэд ахлагч Х.Баны хамт Б.Бийг дагуулан ... тоотод ороход гэрийн үүдний орчимд Б.Бийн зүүж байсан ээмэгний өрөөсөн болон хагархай нүдний шил газар унасан байдалтай байсан ба эдгээр эд зүйлсийг Б.Б миний ээмэгний өрөөсөн, нүдний шил хоёр байна түрүүнд А.Жтай зууралдаж байх явцад уначихсан бололтой гээд өөрөө авсан. Ингээд А.Жтай уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай түүнээс архи үнэртэж байсан. Анх гэрт нь орж түүнтэй уулзахад А.Жаас архи үнэртүүлчихсэн биеийн дээд хэсгээрээ хувцасгүй цээж, хүзүү хэсэг нь бусадтай ноцолдолсны улмаас маажуулж самардуулчихсан юм шиг улайчихсан оромтой байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

 

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/176 дугаар: Б.Бийн биед тархи доргилт, дээд уруулын өнгөц зулгаралт, баруун бугалга, хэвлийн цус хуралт, хамрын нуруу, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 41 дүгээр тал/

 

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар: “Задгай материалд ирүүлсэн эмнэлгийн бичиг болон гэрэл зургаар Б.Бийн биед умайн доргилт, умайн булчингийн чангарал, зүүн шуу, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 03 дугаар сарын 20-ны “Гэгээ” эмнэлгийн УЗИ-д умайд ураг тодорхойлогдоно, ургийн зүрхний цохилт 1 минутад ...цохилно, ургийн цэврүүний хэмжээ 1.8см, умайн булчин тонустай, ихэсийн байрлал ёроол, жирэмсний хугацаа 5д.х 3 хоногтой...хорион бүрхүүлийн араар 0,6-0,8см эхо негатив зонтой /ихэс ховхрол/ гэсэн байх ба энэ нь ихэс ховхрол нь гэмтлийн гаралтай үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Хэвлийн мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр умайн доргилт, умайн булчингийн чангаралын улмаас эхэс ховхорсон байх боломжтой. Умайн доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

/хх-ийн ... дугаар тал/

 

7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/182 дугаар: А.Жын биед цээж, хүзүү, зүүн тохойнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт

/хх-ийн 51 дүгээр тал/

 

8. Яаралтай тусламжийн 1582 дугаар хуудас,

            /хх-ийн 33-34 дүгээр тал/

 

            9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

            /хх-ийн 15-16 дугаар тал/

 

            10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 84 дүгээр тал/

           

            11. А.Жын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 99-115  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Ж нь прокурорын хяналтын шатанд хохирогчийн гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлбөрийг барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэдгийг нь дурдуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан байдал мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Учир нь гэвэл торгуулийн ял оногдуулах гэхээр энэ хүн маань орлогогүй эхнэр нь орлого олдог гэж ярьсан. Бусдын торгуулийн төлбөрийг гэр бүлийнх нь гишүүн төлөх нь хуульд нийцэхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байдал зэргийг нь харгалзан үзээд 270 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. 270 цаг оногдуулж байгаа шалтгаан нь гэвэл гэмт хэрэг гарах шалтгаан нь хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, А.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ........................................................ тоотод хохирогч Б.Бийг  “чанга орилж хашхирч хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний гэдэс хэвлий орчим руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын өнгөц зулгаралт, баруун бугалга, хэвлийн цус хуралт, хамрын нуруу, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, умайн доргилт, умайн булчингийн чангарал, зүүн шуу, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч А.Жын “...гэрийн хаалгаар гаргах гэж байхад өөрөө эсэргүүцэл үзүүлж хөдлөж байгаад толгой билүү нүүр хэсгээрээ манай хаалганы дотор хэсгийг нэг удаа мөргөсөн. Ингээд арай гэж хаалгаараа гаргаад орцонд ортол Б.Б шатны тэнд надаас салахгүй зууралдаж байгаад хөл алдаад унах гэж байхад нь би зуураад татаж автал миний баруун хөлийг хазчихаад ерөөсөө тавихгүй байсан.” гэх,

хохирогч Б.Бийн “....миний цээж рүү гараараа түлхэхэд эхнэр нь А.Жыг болиулсан. Тэгсэн А.Ж хүүхдээ тэврэн намайг хүүхдийг нь уйлуулчихлаа гэж бодоод баруун хөлөөрөө миний гэдэс, хэвлий хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөхөөр нь би уурлаад А.Жыг цохих санаатай гар руу нь далайтал тэвэрч байсан хүүхдийнх нь мөр хавьцаа санамсаргүй цохичихсон. Тэгээд А.Ж хүүхдээ буулгаж холдуулангуутаа над руу дайрч миний үснээс зулгаан гэрийнхээ үүдний хаалгыг мөргүүлсэн энэ үед нүүрээ хоёр гараараа дараад доошоо суутал дээрээс дахиж өшиглөж үснээс зулгаан гэрээсээ чирч хөөсөн. Тэгэхэд А.Ж миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан учир зууралдаж байх явцдаа А.Жын зүүн хөлийг нь хазаж өөрийгөө хамгаалсан. гэх,

Гэрч Х.Баны ...хэрүүл маргаан хийж зодолдсон шинжтэй уруул ам нь шалбарчихсан байдалтай байсан. Тэгээд Б.Бээс юу болсон талаар асуухад “...-дугаар байрны ... тоотод А.Ж гэх залуу намайг зодчихсон, одоо гэртээ байгаа... гэх,

Гэрч Н.Уын ...бусдад зодуулсан шинжтэй уруул ам нь бага зэрэг шалбарсан байдалтай байсан. гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/176 дугаар: Б.Бийн биед тархи доргилт, дээд уруулын өнгөц зулгаралт, баруун бугалга, хэвлийн цус хуралт, хамрын нуруу, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар: “Задгай материалд ирүүлсэн эмнэлгийн бичиг болон гэрэл зургаар Б.Бийн биед умайн доргилт, умайн булчингийн чангарал, зүүн шуу, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 03 дугаар сарын 20-ны “Гэгээ” эмнэлгийн УЗИ-д умайд ураг тодорхойлогдоно, ургийн зүрхний цохилт 1 минутад ...цохилно, ургийн цэврүүний хэмжээ 1.8см, умайн булчин тонустай, ихэсийн байрлал ёроол, жирэмсний хугацаа 5д.х 3 хоногтой...хорион бүрхүүлийн араар 0,6-0,8см эхо негатив зонтой /ихэс ховхрол/ гэсэн байх ба энэ нь ихэс ховхрол нь гэмтлийн гаралтай үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Хэвлийн мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр умайн доргилт, умайн булчингийн чангаралын улмаас эхэс ховхорсон байх боломжтой. Умайн доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Жыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Жын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь “...эмчилгээний зардалд 996.000 төгрөг авсан ба гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ