| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., 11.7.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ч.Гэрэлчимэг /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг,
Хохирогч П.Ү, О.Ү.Ү,
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 59 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн П.Эд холбогдох эрүүгийн 2007003840069 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Эрдэнэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................................................................. ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................................................................................. тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 5 сарын хорих ял авч 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр суллагдаж байсан, ******* овгийн П.Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ................................................................................. тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 11, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд ................................................................................. тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг зодсон, 2020 оны 07 дугаар сарын 26, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд ................................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож, гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн улмаар дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч П.Үийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ярих зүйл байхгүй. Миний буруу,өөрийн гэм бурууг ойлгож байна.” гэв.
Хохирогч П.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүн уг нь охиныгоо гадуурхах тийм асуудал байдаггүй юм. Тухайн үед ажлаасаа ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд анх би энэ хоёрыг аав охин хоёр хоорондоо тоглож байна гэж харсан. Тэгээд би айлгах гэж цагдаад хандаад иймэрхүү юм болчхоод байгаа юм. Уг нь манай охиныг 3 настай байхад нь бид хоёр суусан. Гэр бүлийнхээ баталгааг Улаан уулд батлуулсан. Тэгээд хүүхдээ гадуурхах ааш араншин болон бид хоёрын сэтгэлд юм хийдэггүй юм. Тэр үед ямар юм уугаад ямар хөл дээрээ боссоныг сайн мэдэхгүй байна. Өөр хэлэх юм байхгүй.” гэв.
Хохирогч Ү.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед аав маань гаднаас орж ирээд тоглож байгаад би түлхээд унагаачихсан юм. Тэгээд жаахан маргалдсан. Тэрнээс биш намайг ерөөсөө гадуурхдаггүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.*******дөн байцаалтад яллагдагчаар П.Эийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ........................................тоотод байх гэртээ хонины мах янзалж байтал эхнэр П.Ү дэлгүүр явчхаад орж ирээд хонины гэдсийг яагаад хаяж байгаа юм гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би П.Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан.
...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан.
...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Ү.Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар тал/
2. *******дөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор Ү.Үгийн өгсөн: “...2020 оны 07 сарын 11-ний өдөр ээжтэй маргалдаад гараараа цохиж байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү 2 удаа өшиглөж байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд, гэрт ганцаараа архи ууж байгаад миний нуруу руу хуруугаараа хатгаад, хамар чимхээд байхаар нь би зүгээр байгаач гээд түлхсэн чинь уначихсан. Босож ирээд над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа алгадаад үснээс барьж байгаад шал мөргүүлтэл ээж болиоч гээд аавыг холдуултал ээжийн зүүн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ү.Үгийн өгсөн: “...Манай аав архи уухаараа ээж бид хоёрыг зодох гээд байдаг. Архи уугаагүй үедээ зүгээр байдаг.
...Тэр өдөр миний зүүн нүд хөхөрч хавдсан, баруун чих, толгой, хуйх зэрэг хөндүүрлэж өвдөж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тэр өдөр ээж намайг өмөөрөөд аавд “чи хүүхэд зүгээр байлгаач, болиоч” гэж хэлсэн чинь аав уурлаад баруун гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгчихсөн юм...” гэх мэдүүлэг
/хх-ийн 19, 22 дугаар тал/
4. *******дөн байцаалтад хохирогчоор П.Үийн өгсөн: “...2020 оны 07 сарын 10-ны өдөр ................................................................................. тоотод байрлах гэртээ Наадам гээд хонь авчирсан байсан. ...дэлгүүр яваад ирэх хооронд гэдсийг нь нохойнд өгчихсөн байхаар нь "яаж байгаа юм бэ гэтэл П.Э "яадаг юм" гээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг босоод гарах гэтэл нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн.
...2020 оны 08 сарын 25-ны өдөр манай нөхөр ажлаасаа тараад гэртээ ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн, 0.33 литрийн “Хараа” нэртэй архи, Боргио нэртэй 0.5 литрийн пиво барьчихсан орж ирсэн. Авчирсан архи, пивоо ганцаараа ууж дуусгаад охин Ү.Үгийн нуруу хэсэг рүү нь хуруугаараа хатгаад байхаар нь охин “та болиоч” гэтэл хамрыг нь чимхээд уйлуулчихсан. Ү.Ү П.Эд “та болиоч дээ хүн өвтгөөд байх юм” гээд түлхтэл халтираад уначихсан. Тэгээд П.Э босож ирээд уурлаад Ү.Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгэхээр нь би “болиоч дээ” гээд очтол миний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар тал/
5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/659 дүгээр: “Ү.Үгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 38 дугаар тал/
6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/715 дугаар: “П.Үийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 44 дүгээр тал/
7. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 39 дүгээр тал/
8. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 57 дугаар тал/
9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 58 дугаар тал/
10. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 62-64 дүгээр тал/
11. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 65-66 дугаар тал/
12. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-ийн 67-69 дүгээр тал/
13. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 70-74 дүгээр тал/
14. П.Эийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 77-105 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.Эийг Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 , 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. П.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Эд дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож 60 хоногоор хорих ялаар шийтгэх буюу нийт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч нараас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг дурдуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Миний үйлчлүүлэгч П.Э нь хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийн хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж, гэмшиж байгаа. П.Э нь ................................................................................. ажилладаг. Төлөв даруу, үг дуу цөөтэй, хамт олон дундаа нэр хүнд сайтай, тус байгууллагын тэргүүний сайн ажилчдын нэг гэдэг нь байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтоос харагддаг. Өөрийн хийсэн үйлдэлдээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ маш их дүгнэлт хийж байгаа мөн гэр бүлийн хувьд ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2007 оноос хойш хамт амьдарч байгаа. Хохирогч Ү.Үгийн хувьд 3 настай байхаас нь аавын үүргийг гүйцэтгэж, ээжтэй нь хамт амьдраад 3 дүүг нь өсгөн хүмүүжүүлсэн. Мөн том охин Ү.Ү нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан юм. Түүний дараах охин Эрдэнэчимэг нь хөгжлийн бэрхшээлтэй Улаанбаатар хотод тусгай дунд 29 дүгээр сургуульд суралцдаг. Дараагийн хоёр хүүхэд нь 1 нас 3 сараас 3 настай. Хохирогч нарын шүүх хуралд хэлсэн мэдүүлгээс сонслоо. Гэр орон байхгүй байгууллагын аж ахуйн хашааны нэг өрөөнд амьдардаг. Хэрвээ П.Э байгууллагаасаа халагдаад шийтгэгдээд явах юм бол эхнэр П.Ү нь 4 хүүхэдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулаад байна. П.Э нь ажлаа хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хохирогч охины хувьд аавыгаа уучилсан. Аав нь ч бас охиноосоо болон эхнэрээсээ уучлал гуйсан гэдгийг хэлэлцүүлгийн хувьд тодорхой хэлсэн. Одоо гэр бүлийн уур амьсгал маш тайван байгаа. Мөн хэсгийн ахлагч болон хорооны дарга, нийгмийн ажилтны зүгээс П.Э нь гэр бүлдээ анхааралтай хэрүүл тэмцэл гаргаад байдаггүй гэдэг талаар хэсгийн ахлагчийн өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Хохирогч нар гомдол саналгүй гэсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа юм. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг харгалзан үзэж мөн шүүгдэгчийн хувийн байдал, ажлын газрын хамт олны тодорхойлолт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ар гэрийн амьдралыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ оногдуулж ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, П.Эийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ................................................................................. тоотод гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг “намайг түлхэж унагалаа” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр П.Үийг “хонины гэдэс яагаад нохойнд өгч байгаа юм бэ гэж хэллээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж нуруу, бөөр хэсэг рүү нь 2 удаа өшиглөн зодож байсан, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ................................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг зодсон,
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ................................................................................. тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг “найзуудтайгаа гадуур тоглолоо, хаагуур яваад байгаа юм” гэх шалтгаанаар зүүн хөл хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн,
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ................................................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн байх ба улмаар дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч П.Үийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Шүүгдэгч П.Эийн “...надтай хэрүүл хийгээд байхаар нь би П.Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан.
...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан.
...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Ү.Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан” гэх,
Хохирогч П.Үийн “...нохойнд өгчихсөн байхаар нь “яаж байгаа юм бэ” гэтэл П.Э “яадаг юм” гээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг босоод гарах гэтэл нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн... П.Э босож ирээд уурлаад Ү.Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгэхээр нь би “болиоч дээ” гээд очтол миний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх,
Насанд хүрээгүй хохирогч Ү.Үгийн “...2020 оны 07 сарын 01-ний өдөр ээжтэй маргалдаад гараараа цохиж байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү 2 удаа өшиглөж байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд гэрт ганцаараа архи ууж байгаад миний нуруу руу хуруугаараа хатгаад, хамар чимхээд байхаар нь би зүгээр байгаач гээд түлхсэн чинь уначихсан. Босож ирээд над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа алгадаад үснээс барьж байгаад шал мөргүүлсэн...” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/659 дүгээр: “Ү.Үгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч П.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч П.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Ү, Ү.Ү нар нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 40 хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” , 2.3 дахь заалтад заасан “таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эд оногдуулсан 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ