Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 52 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Эад холбогдох эрүүгийн 2107000000060 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ........................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Э /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй ................. хүнсний дэлгүүрийн урд архины  мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Дыг үснээс нь зулгаах, түлхэж унагаах зэргээр цохиж биед үс уналт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Э нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тэр өдөр найзтайгаа хамт нэлээн уучихсан явж байгаад дэлгүүр ороод дүүтэйгээ таарсан юм шиг байна лээ. Дүүгээс архины мөнгө нэхсэн гээд тэгж байна. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Дэлгүүр ороод ямар ч байсан тасарчихсан байна лээ. Дүү намайг эрүүлжүүлэхэд аваачиж өгсөн гэсэн. Болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна.” гэв.

Хохирогч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ................. дэлгүүрт үйлчлүүлээд явж байсан юм. Тэгээд М ахтай тааралдсан чинь ахдаа нэг архины мөнгө өгөөч гэсэн. Тэгэхээр нь би яахаараа танд мөнгө өгдөг юм. Надад тийм мөнгө байхгүй гэсэн. Тэгээд гарахдаа хэл амаар доромжлохоор нь би араас нь гарсан. Гараад би та юу яриад байгаа юм ээжийг маань хэл амаар доромжлоод намайг янхан гэлээ гээд хэлсэн. Тэгсэн шууд маск булааж авч түлхээд газар саваад зодохоор нь  би  сүүлдээ айл руу гүйж ороод цагдаа дуудсан. Тэгээд эрүүлжүүлэхэд баригдсан. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Эын өгсөн: Би тогтоолтойгоо уншиж танилцлаа. Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийнүед .................................................................. тоот гэрээсээ гараад 0.75 литрийн Хараа нэртэй архи 4 шилийг зүс таних 2 залуугийн хамт уусан. Тэр архиа ууж дуусчхаад нэлээн согтчихоод дахиж нэмж архи олж уух санаатай Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК хүнсний дэлгүүр явж байснаа санаж байна тэрнээс хойш яг юу болсон талаар сайн санахгүй байна. Учир нь өмнө нь уусан архиндаа болоод тасарчихсан байсан. Харин маргааш өглөө нь эрүүлжүүлэх байранд сэрсэн, сэрээд юу болсон талаар асуухад өчигдөр шөнө “.................” ХХК хүнсний дэлгүүрийн гадаа зүс таних Д.Д гэх эмэгтэйг зодож танхайрсан гэж байсан. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх юм алга гэх мэдүүлэг,

            /хх-ийн 31 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Дын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед .................................................................. тоот гэрээсээ гараад “................. ХХК” хүнсний дэлгүүрт ороод байж байтал гаднаас Мн буюу Б.Э ах орж ирснээ надаас “ахдаа ганц шил юм аваад өг” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн Б.Э ах дэлгүүрээс гарахдаа намайг “Дгийн янхан охин” гэж хэлчхээд гараад явахаар нь би дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байсан Б.Э ахад “та яагаад намайг янхан гэж дуудаад байгаа юм бэ? гэтэл Б.Э ах над руу дайрч миний маскийг гараараа татаад хоолой базахаар нь би Б.Э ахыг хойшоо түлхэх үед зөрүүлээд миний үснээс гараараа татаж зулгаагаад намайг дэлгүүрийн цемент дээр унагаагаад дээрээс 2 билүү 3 удаа өшиглөж, гараараа 2-3 удаа цохиж зодсон асуудал бий. Би гомдолтой байна өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа гаргаж өгч энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Бийн өгсөн: “Манай эгч Д.Д 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед “......................................................... тоот гэрээсээ гараад “.................” ХХК-ний хүнсний дэлгүүрт орчхоод гараад ирэхэд манай хороогоор архи ууж явдаг Б.Э ах согтуудаа намайг зодчихлоо чи хурдан дэлгүүрийн урд хүрээд ирээ” гэж над руу утасдаж хэлэхээр нь би гэрээсээ гарч очсон. Намайг ирэхэд Б.Э согтуу “.................” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа иртэл Б.Э ахыг тэндээс явуулахгүй байлгаж байгаад дуудлагын цагдаа нарт өгсөн. Намайг очиход манай эгч “Б.Э намайг зодчихлоо” гээд үс толгой нь сэгсийчихсэн, хувцас хунар нь тоос шороо болчихсон байсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 18 дугаар тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/144 дүгээр: Д.Дын биед үс уналт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 21 дүгээр тал/

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 34 дүгээр тал/,

           

            6. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 53 дугаар тал/

           

            7. Б.Эын  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35-54 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийнШүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэдийгээр шүүх хуралдааны явцад хохирогч Д.Д нь хохирол төлбөрөө одоохондоо нэхэмжлэхгүй. Харин дараа нь өөрөө авчихъя гэж байгаа нь бол огт авахгүй гэсэн үг биш тул шүүгдэгч Б.Эаас 28.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд олгох нь зүйтэй байх гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000-1.200.000 төгрөгийн хооронд торгуулийн ялтай эсхүл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийх ялтай байдаг. Шүүгдэгч Б.Эын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс түүнд нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж 270 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг мөн адил дурдаж байна.” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ................. хүнсний дэлгүүрийн урд хохирогч Д.Дыг архины  мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, түлхэж унагаах зэргээр цохиж эрүүл мэндэд нь үс уналт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Эын “...Дүүгээс архины мөнгө нэхсэн гээд тэгж байна. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Дэлгүүр ороод ямар ч байсан тасарчихсан байна лээ. Дүү намайг эрүүлжүүлэхэд аваачиж өгсөн гэсэн.” гэх,

Хохирогч Д.Дын “...Тэгээд гарахдаа хэл амаар доромжлохоор нь би араас нь гарсан. Гараад би та юу яриад байгаа юм ээжийг маань хэл амаар доромжлоод намайг янхан гэлээ гээд хэлсэн. Тэгсэн шууд маск булааж авч түлхээд газар саваад зодохоор нь  би  сүүлдээ айл руу гүйж ороод цагдаа дуудсан.гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/144 дүгээр: Д.Дын биед үс уналт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

           

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дын  бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний 28.000 төгрөг нэхэмжилсэн ...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

  Иймд Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч Д.Дд эмчилгээний зардал болох 28.000 төгрөг төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 28.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Дд олгуулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ