Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01147

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01147

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Д,

Хариуцагч: Ц.С нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 69,307,381 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.Ч, хариуцагч С.Д, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С.Д нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ХБтай зээлийн 1080017144 дугаар гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаат ипотекийн 1080013072-01 дүгээр гэрээнүүдийг тус тус байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар авсан. Дээрх гэрээнд Ц.С нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Уг зээлийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчтай тохиролцон бизнесийн орлогоос хамааран төлөх боломжийг нь дахин олгож, 1080017144 тоот гэрээнд өөрчлөлт оруулан 1080023227 дугаар зээлийн данстай болсон. Зээлийн барьцаанд Ү-2202011231 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байр, 24 тоот, 74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч С.Д нь зээлийн 1080023227 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 480,000 төгрөг төлөөд, түүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч С.Д, Ц.С нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс 1080017144 дугаар барьцаат зээлийн гэрээний 5.1, 5.1,1-д заасныг үндэслэн, Банкны санаачилгаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч С.Д, Ц.С нарын 1080023227 дугаар гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн зээл 43,159,265 төгрөг, хүүний төлбөр 24,588,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,548,030 төгрөг, нийт 69,295,881 төгрөг байна.   

Иймд барьцаат зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 69,295,881 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11,500 төгрөг, нийт 69,307,381 төгрөгийг зээлдэгч С.Д, Ц.С нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч С.Д, Ц.С нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Д миний бие 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХБны Сүхбаатар салбараас 50,000,000 төгрөгийн зээлийг ... ажиллуулахаар авсан болно. Анх авсан зээлийг нэг жилийн хугацаанд банктай байгуулсан гэрээний дагуу хэвийн төлж байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сард өмнө авсан зээлийн үлдэгдэл 39,472,231.89 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийн зээлийг тухайн лоунжийн тоног төхөөрөмж, жижиг засварын ажил хийх зорилгоор авсан. Уг зээлийг авч зарцуулж байх үед тус лоунжийн эзэн нь түрээсийн төлбөрийг огцом нэмж, түрээсийн байрнаас биднийг хөөж гаргасан. Миний эрхэлж байсан жижиг бизнесийн ажил ийнхүү зогссон. 2014 оны 06 дугаар сараас эхлэн зээлийн үлдэгдэл хуримтлалаараа зээлийн төлбөрийг төлж байгаад мөн оны 09 дүгээр сараас эхлэн зээл төлөх чадваргүй болон хугацаа хэтэрсэн. 2014 оны 12 дугаар сард ХБнаас зээлийн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгах талаар санал тавьсаныг хүлээн авч, зээлийн хүү болох 4,416,137.42 төгрөгийг төлж (энэ нь 2015 оны 9 сараас хойш төлөгдөөгүй зээлийн хүү), хугацааг сунгах нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулсан. 2015 оноос хуушуурын жижиг контейнер түрээслэн ажиллуулж бага багаар зээлийг төлж эхэлсэн боловч банкны зээлээ дахин төлж чадахааргүй болсон. Ингээд ХБнаас удаа дараа мэдэгдэл ирж байсан ба тухайн үед бид ХБанд бизнесийн нөхцөл байдал хэцүү болсон, ажлын байр түрээслэж байж миний бие зээлийн төлөлт хийх боломжтой гэж хэлж байсан болно.

Энэхүү нөхцөл байдлыг ХБ мэдсээр байж үндсэн зээлийн хүү 24,588,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 1,548,030 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 31-нээс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Одоо 43,159,265 төгрөгийг үндсэн зээлд төлөх нь үнэн, харин 24,588,586 төгрөгийн хүүнээс багасгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие охин С.Дгийн хамтаар 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХБны Сүхбаатар салбараас 50,000,000 төгрөгийн зээлийг ... ажиллуулахаар авсан болно. Анх авсан зээлийг нэг жилийн хугацаанд банктай байгуулсан гэрээний дагуу хэвийн төлж байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сард өмнө авсан зээлийн үлдэгдэл 39,472,231 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийн зээлийг тухайн лоунжийн тоног төхөөрөмж, жижиг засварын ажил хийх зорилгоор авсан. Уг зээлийг авч зарцуулж байх үед тус лоунжийн эзэн нь түрээсийн төлбөрийг огцом нэмж, түрээсийн байрнаас биднийг хөөж гаргасан. Миний эрхэлж байсан жижиг бизнесийн ажил ийнхүү зогссон. 2014 оны 06 дугаар сараас эхлэн зээлийн үлдэгдэл хуримтлалаараа зээлийн төлбөрийг төлж байгаад мөн оны 09 дүгээр сараас эхлэн зээл төлөх чадваргүй болон хугацаа хэтэрсэн. 2014 оны 12 дугаар сард ХБнаас зээлийн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгах талаар санал тавьсаныг хүлээн авч, зээлийн хүү болох 4,416,137.42 төгрөгийг төлж (энэ нь 2015 оны 9 сараас хойш төлөгдөөгүй зээлийн хүү), хугацааг сунгах нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулсан. 2015 оноос хуушуурын жижиг контейнер түрээслэн ажиллуулж бага багаар зээлийг төлж эхэлсэн боловч банкны зээлээ дахин төлж чадахааргүй болсон. Ингээд ХБнаас удаа дараа мэдэгдэл ирж байсан ба тухайн үед бид ХБанд бизнесийн нөхцөл байдал хэцүү болсон, ажлын байр түрээслэж байж миний бие зээлийн төлөлт хийх боломжтой гэж хэлж байсан болно.

Энэхүү нөхцөл байдлыг ХБ мэдсээр байж үндсэн зээлийн хүү 24,588,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 1,548,030 төгрөг, нийт 69,295,881 төгрөгийг нэхэмжилсэнийг үндэслэлгүй тооцсон гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч С.Д, Ц.С нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 69,307,381 төгрөг гаруулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Д нь үндсэн зээлийн хувьд маргаагүй бөгөөд харин бизнесийн нөхцөл байдал хүндэрсэн тул зээлийн хүүг бууруулж өгнө үү гэж тайлбар гаргаж, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Ц.С нь бизнесийн нөхцөл байдал хүндэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

                 

С.Д нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ХБтай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 365 хоногт 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28-24 тоотод байрлах, Ү-2202011231 улсын бүртгэлийн дугаартай, 74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан, уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр хариуцагч Ц.С гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчийн тайлбар, 1080017144 тоот зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалуулагчийн батлах мэдэгдэл, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1080013072-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1080017144 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцжээ.

Нэхэмжлэгч тал 1080017144 дугаартай зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д зааснаар буюу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биелүүлээгүй гэх үндэслэлээр банкны санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг хариуцагч С.Дд удаа дараа мэдэгдсэн байх бөгөөд энэ нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шаардах хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдлоо. Иймд зээлийн гэрээг банк хууль болон гэрээнд заасны дагуу цуцлах эрхтэй гэж үзнэ.     

 

С.Д нь дээрх зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 43,159,265 төгрөг, зээлийн хүү 24,588,586 төгрөгийн үлдэгдэлтэй гэж талууд тайлбарлаж, энэ талаар маргаагүй. Харин хариуцагч зээлийн хүүг бууруулж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч тал зээлийг ашигласан хугацаанд хүү төлөх үүрэгтэй тул хүүг бууруулах боломжгүй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т “Хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ” гэжээ. 1080017144 дугаартай зээлийн гэрээний 3.3.4-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байна гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс Ц.С нь чөлөөлөгдөхгүй юм. 

 

Иймд “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээлд 43,159,265 төгрөг, хүүний төлбөр 24,588,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,548,030 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11,500 төгрөг, нийт 69,307,381 төгрөгийг хариуцагч С.Д, Ц.С нараас гаргуулж, “ХБ” ХХК-д олгох үндэслэлтэй байна.  

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох ... орон сууцыг барьцаалж, .... тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байхын зэрэгцээ хариуцагч уг гэрээний талаар маргаагүй.

Иймд шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг ханган, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч ... орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд С.Д, Ц.С нарын бусад хөрөнгө, орлогоос үүргийг хангуулах  талаар шүүхийн шийдвэрт заалгана гэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ц.Сд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар Ц.Сгийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 504,487 төгрөгийг урьдчилан төлсөн ба нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчээс төлсөн 504,487 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 504,487 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Д, Ц.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,307,381 /жаран есөн сая гурван зуун долоон мянга гурван зуун наян нэгэн/ төгрөг гаргуулж, “ХБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,487 /таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д, Ц.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 504,487 /таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.    

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ