Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

Хохирогч Л.Б,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 71 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ц.Ат холбогдох эрүүгийн 2107000000076 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт төрсөн, эрэгтэй, 34 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, ******* ашиглалт мэргэжилтэй, ................... ХХК-д ахлах тэсэлгээчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн Ц.А /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ...................................................................... тоот хашаанд болон гудамжинд Л.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 03 сарын 17-нд Л.Б, Б нартай уулзаж манай хашаанд архи уусан. Тэр үед манай эхнэр орж ирээд ууж байхад нь уурлаад хашаанд уухгүй больцгоо гэсэн чинь Л.Б яасан сүртэй авгай вэ гэж сонсоод Л.Бийг нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн.” гэв.      

         

            Хохирогч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Ц.Аын хашаанд Г, Б, Ц.А бид 4 уусан юм. Г бид 2 банхар ярьж байсан Ц.А, Б 2 гэр лүүгээ орсон байсан. Би эхнэрийг нь ирснийг мэдээгүй. Тэгээд Ц.А гарч ирээд намайг шууд цохиод чи миний авгайг доромжилсон гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гээд Хг явъя явъя гээд Ц.А бид 2 нохой яриад байж байсан танай эхнэрийг ирснийг хараагүй гээд бид 2 явж байгаад хашааны буланд байж байсан чинь Б, Ц.А хоёр гарч ирэхээр нь ашгүй учраа олсон юм байх гэж бодсон чинь Ц.А ирээд дахиад намайг цохисон. Тэгээд цагдаа дуудсан.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ц.Аын өгсөн: ...Тэгээд бид нар авчирсан Evok нэртэй 0.75 литрийн хоёр архиа задалж уугаад юм яриад сууж байтал 18 цагийн үед манай эхнэр Э ажлаасаа тараад гаднаас хашаанд орж ирээд гэр лүү орох замдаа наад архи дарсаа болиоч гэж хэлчхээд орсон. Тэгтэл Л.Б ал вэ гэх шиг болохоор нь би уурлаад Л.Бийг цохиод авсан чинь намайг зөрүүлээд цохисон...Л.Бид хандаж чи муу ярих юмаа олж яриарай гээд хэлтэл өөдөөс хэрэлдээд байхаар нь нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод автал Г, Б нар салгасан. Би Л.Бийн нүүр, толгой хэсэгт нь гараараа 5-6 удаа цохисон... гэх мэдүүлэг,

            /хх-ийн 42-43 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Л.Бийн өгсөн: "...Тухайн өдөр 15 цагийн үед “............”-д хамт ажилладаг найзууд болох Г, Б хоёртой Налайх дүүргийн 4 дүгээр хороо подстанцын ойролцоо уулзсан юм. Тэгтэл манай хоёр найз Ц.А гэх залуутай улзана гээд Налайх дүүргийн 8 дугаар хороо 10 шард байна гэнэ, Ц.Аыг очиж аваад Налайх дүүрэг 7 дугаар хороо багш нарын хороололд байрлах гэрт нь очиход гэр нь цоожтой байсан тул бид хэд гарааш руу нь ороод EVOK нэртэй 0.75 литрийн архи хоёрыг хувааж уунгаа юм яриад сууцгааж байтал 18 цаг 30 минутын үед Ц.Аын эхнэр нь ирсэн. Гэтэл Ц.А гэнэт чи миний эхнэрийг юу гэдэг гэнээ гээд л хүрч ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би Ц.Аыг их согтсон байна гэж бодоод Гтэй тэр айлаас гараад явж байтал Ц.А, Б хоёр араас хүрч ирээд, Ц.А намайг дахиад цохиод авахаар нь би тонгойгоод куртикнээс нь барьтал миний толгой руу 5-6 удаа цохьсон. Тэгээд Б, Г нар салгасан...

...баруун гайморын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо гэсэн байсан.

Би Лазер мед эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээнд ороход баруун гайморын хөндийн гадна хана хугаралттай, баруун нүдний ухархайн дотор хана 1.6 см өргөн этмойд хөндий рүү 0.7 см цөмөрсөн шинэ хугаралттай гэх онош гарсан... Ц.А надад 2.880.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг

/хх-н 5, 7 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Гийн өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найзууд болох Ц.А, Л.Б, Б нартай уулзаж ................................................................. тоотод Ц.Аын гэрт нь очиж хашаан дотор нь архи уугаад сууж байхдаа Л.Б бид хоёр нохойны тухай яриад байж байтал Ц.А гэнэт Л.Бийн нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхээр нь Б бид хоёр салгаад би Л.Бийг аваад хашаанаас гараад алхаж явж байгаад эргээд харахад Ц.А, Б хоёр хашаанаас гараад бид хоёр луу алхаж байхаар нь хүлээгээд зогсож байтал Ц.А ирэнгүүтэй шууд Л.Бийг цохиод тэр хоёр зодолдоод эхлэхээр нь Б бид хоёр салгатал Л.Бийн нүд нь хавдсан, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Л.Б эхнэртэйгээ утсаар яриад зодуулчихлаа гэж хэлсэн ба удалгүй цагдаа ирсэн...

...Тэгтэл араас Б, Ц.А хоёр хүрч ирээд Ц.А дахиад Л.Б руу дайраад нүүр болон толгойн тус газарт нь 4-5 удаа цохихоор нь дахиад салгасан. Тэгэхэд Л.Бийн нүд нь хавдчихсан, чих нь сэтэрчихсэн байсан. гэх мэдүүлэг

/хх-н 9, 11 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бгийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Л.Б ирээд бид хоёр гараад Ц.А, Г нартай уулзаж ...................................................................... тоотод байрлах Ц.Аын гэрт очиж хашаан дотор нь байсан гараашийн үүдэнд сууцгаагаад Evok нэртэй 0.75 литрийн архи хоёрыг хувааж уугаад Л.Б, Г хоёр нэг нохой яриад байж байтал Ц.Аын эхнэр гэртээ ирээд бид нар дээр ирэхгүйгээр шууд байшин руугаа орсон. Гэтэл Ц.А манай эхнэрийг доромжиллоо гээд Л.Бийн нүүрэн тус газар нь цохиод автал Л.Б зөрүүлээд цохихоор нь Г бид хоёр болиулаад Г Л.Бийг аваад хашаанаас нь гараад явсан. Ц.А бид хоёр тэр хоёрыг явчихлаа гэж бодоод араас нь дэлгүүр орохоор гартал гудамжны үзүүрт Г, Л.Б хоёр зогсож байсан. Бид хоёр очоод би Гөөс нэг тамхи аваад асаагаад байж байтал Ц.А дахиад Л.Б руу дайраад нүүр болон толгойн тус газарт нь 4-5 удаа цохихоор нь бид хоёр дахиад очоод салгатал Л.Бийн нүд нь хавдчихсан, чихнээс нь цус гарч байсан. Л.Б Ц.Аын нүүрэн тус газар нь нэг л удаа цохисон. Тэгэхдээ ямар нэгэн гэмтэл, шарх учруулаагүй... гэх мэдүүлэг

/хх-н 13, 15 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Эын өгсөн: ...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Ц.А найз Б бас өөр танихгүй хоёр хүнтэй архи уугаад сууж байхаар нь би “наад архи дарсаа боль” гэж хэлээд гэртээ орох гэтэл хоёр танихгүй залуугийн нэг нь “одоо угаасаа дуусч байна” гэж хэлснийхээ араас хэдэн үг хэлэх шиг болсон… Тэгээд цонхоороо хартал гадаа байсан хүмүүс бүгд босчихсон манай нөхөр Ц.А нь Л.Б гэх залуутай бие биенээ хуруу гараараа чичлээд дайраад байх шиг байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бын өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр бусдад зодуулчихлаа гэхээр нь би гэрээсээ гараад Өвөршандын 4а гудамжинд очиход манай нөхөр гудамжны үзүүрт тонгойгоод суучихсан, зүүн чихнийх нь тэр хавиас цус гарчихсан, баруун нүд нь хавдчихсан байж байхаар нь юу болсон талаар асуухад Ц.А гэх залуу араас хүрч ирээд учир зүггүй цохиод байсан. Миний нүүр лүү 3-4 удаа цохисон гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/669 дугаартай: ...Л.Бийн биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 27 дугаар тал/

           

            Яаралтай тусламжийн хуудас,

            /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 44 дүгээр тал/,

           

            Эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэсэн шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримт,

            /хх-ийн 47-50 дугаар тал/

 

Ц.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-91 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн...Шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ******* улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ц.А нь ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Яллагдагч Ц.А хохирогч Л.Бид 2.880.000 төгрөгийг төлсөн учраас төлөх төлбөргүй болно. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18-17 цагийн орчим ......................................................................-8 тоот хашаанд болон гудамжинд Л.Бийг эхнэрийг минь мууллаа гэх шалтгаанаар гараараа нүүр, толгой тус газарт 5-6 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Ц.Аын “...гэж сонсоод Л.Бийг нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн” гэх,

Хохирогч Л.Бийн “...Ц.А гарч ирээд намайг шууд цохиод чи миний авгайг доромжилсон... учраа олсон юм байх гэж бодсон чинь Ц.А ирээд дахиад намайг цохисон.” гэх,

Гэрч Э.Гийн “...Ц.А ирэнгүүтэй шууд Л.Бийг цохиод тэр хоёр зодолдоод эхлэхээр нь Б бид хоёр салгатал Л.Бийн нүд нь хавдсан, амнаас нь цус гарчихсан байсан...Ц.А дахиад Л.Б руу дайраад нүүр болон толгойн тус газарт нь 4-5 удаа цохихоор нь дахиад салгасан. Тэгэхэд Л.Бийн нүд нь хавдчихсан, чих нь сэтэрчихсэн байсан. гэх,

Гэрч Б.Бгийн “...Ц.А дахиад Л.Б руу дайраад нүүр болон толгойн тус газарт нь 4-5 удаа цохихоор нь бид хоёр дахиад очоод салгатал Л.Бийн нүд нь хавдчихсан, чихнээс нь цус гарч байсан... гэх,

Гэрч Ч.Эын ...манай нөхөр Ц.А нь Л.Б гэх залуутай бие биенээ хуруу гараараа чичлээд дайраад байх шиг байсан... гэх,

            Гэрч Б.Бын ...манай нөхөр гудамжны үзүүрт тонгойгоод суучихсан, зүүн чихнийх нь тэр хавиас цус гарчихсан, баруун нүд нь хавдчихсан байж байхаар нь юу болсон талаар асуухад Ц.А гэх залуу араас хүрч ирээд учир зүггүй цохиод байсан. Миний нүүр лүү 3-4 удаа цохисон... гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/669 дугаартай: ...Л.Бийн биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”гэх дүгнэлт /хх 26-27/, Яаралтай тусламжийн хуудас,/хх 28-29 /, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, Эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэсэн шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримт, /хх 47-50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч 2.880.000 төгрөгийг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор хохирол төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

    Иймд Ц.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Б нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ