| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 45 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн И.Бд холбогдох эрүүгийн 2107000000040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, *******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт .......................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.11 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2 дахь хэсгийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Мөн Налайх үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон, ******* овгийн И.Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.Б нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....................” хүнсний дэлгүүрийн гаднах талбай дээр Б.Бын нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож биед нь тархи доргилт, толгойн хуйханд шарх, дээд уруулд язрал, нүүрэнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би дэлгүүр ороод тамхи аваад гарч ирсэн. Тэгээд энэ залуу надтай маргалдсан. Би зүгээр байгаа хүнийг цохиогүй. Миний араас хүрч ирсэн. Тэгээд бид хоёр зүгээр ноцолдоод салсан. Бид хоёр маргалдаад салаад явсан. Би зүгээр л түлхсэн нүүр ам руу нь цохиогүй.” гэв.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хадмындаа хийх ажилтай байсан. Замдаа 2 найзтайгаа таарчхаад 2 юм уучхаад хадмындаа очоод яахав гээд буцаад харих гээд таксины буудал дээр очоод хот явах гэсэн чинь орой болчихсон чинь унааны үнэ нь өсчихсөн 40.000, 50.000 төгрөгөөр явна гээд тэгэхээр нь таксины жолоочтой 2,3 юм ярьчхаад буудал дээр зогсож байсан чинь 30-40 минутын дараа энэ залуу ногоон өнгийн приус 10 байхаа тэрэнтэй миний урд ирээд зогсохоор нь хот явах уу гэсэн чинь урдаас жоохон томроод явахгүй юу яриад байгаа юм писда энэ тэр гээд тэгэхээр нь урдаас нь би юу гэлээ нэг юм хэлчхээд байсан чинь үгийн зөрүүгүй цохичхоод эргэж гүйгээд машинаасаа нэг юм авснаа дагз нь дээр гараараа цохиогүй нарийхан нэг төмрөөр юм уу нэг юмаар цохичхоод машиндаа суугаад зугтаасан. Тэгээд би араас нь хаалганаас нь татаад зогсоох гэсэн чинь зугтаад намайг хаяад явчихсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар И.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ............................................................ тоот гэрийнхээ урд 1 шил 0.5 литрийн Хараа, 1 литрийн Сэржим нэртэй архи ганцаараа уучхаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Яг юу болсныг сайн санахгүй байна. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд юу болсон талаар асуухад өчигдөр шөнө намайг ..................... дэлгүүрийн урд автомашины зогсоол дээр Б.Б гэх танихгүй залуутай согтуу муудалцаж тэр залууг зодчихоод машиндаа суугаад зугтаасан гэж байсан...Харин надад зодуулсан гэх Б.Б гэх залуутай тааралдахад энэ өчигдөр шөнө намайг зодсон залуу мөн байна гэж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31 дүгээр тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед би Налайх дүүрэгт байрлах хадмындаа ирэх ажилтай ирсэн. Тэгээд ирэх замдаа автобусан дотор зүс таних төдий л мэдэх хоёр Казах залуутай ярилцаад Налайхад ирэнгүүтээ би тэр хоёр залууд 1 шил 0.5 литрийн Хараа архи авч өгөөд бид гурав Даваажавын хөшөөний орчимд сууж байгаад хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр надад 1 шил 0.5 литрийн Хараа архи авч өгөөд бид гурав салцгаасан. Би архи уухаараа амархан согтчихдог учир хадмындаа очихгүй гэж шийдээд буцаж гэрлүүгээ явах гээд таксины зогсоол дээр зогсож байтал И.Б гэх залуу нэг автомашинаас бууж ирсэн. Би тухайн үед тэр хүнээс хот явах юм уу гэж асуутал учиргүй л “пизда минь юу гээд байгаа юм” гэхээр нь би уурлаад өөдөөс нь адилхан “пизда нахуй” гэтэл И.Б шууд миний нүүрлүү хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохиод газар унагаасан. Тэгээд миний толгой руу гараараа юмуу ямар нэгэн юмаар юмуу нэлээн хэдэн удаа цохисон, юугаар цохисныг нь бол хараагүй. Тухайн үедээ нүүр, толгойгоо гараараа халхалж дараад хэвтчихсэн байсан юм. Тэгээд намайг И.Б гэх залуу зодчихоод зугтаад явчихсан юм. Удалгүй би тэндээ цусаа гоожуулчихсан сууж байтал цагдаа нар хүрч ирсэн...Би тухайн үед багагүй согтолттой байсан. Тэгэхдээ болсон үйл явдлыг бол сайн мэдэж байгаа. Тухайн өдрийн маргааш нь цагдаа дээр ирээд намайг зодсон хүний нэрийг И.Б гэдэг болохыг нь мэдсэн. Тухайн үед И.Бын хувьд өөрөө нэлээн согтуу байх шиг байсан. Би гомдолтой байна. Одоогоор надад эмчилгээний зардал гэж гэмтлийн эмнэлэгт хэвтэж 472.011 төгрөг төлсөн, эм тарианд 139.750 төгрөгний зардал гаргаад байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 4-5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Гийн өгсөн: “2021 оны 02 дугаар 08-ны шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо “.....................” ХХК буюу манай дэлгүүрийн урд автомашины зогсоол дээр 2 согтуу залуу хоорондоо муудалцаад нэг нь нөгөөгөө зодоод байх шиг байсан. Тэгэхээр би тэр хоёр залууг болиулах санаатай дэлгүүрийнхээ гадаа гараад хартал нэг нь өмнө огт харж байгаагүй залуу байсан. Харин нөгөөдөх нь манай дэлгүүрээс архи авч уугаад яваад байдаг И.Б гэх зүс таних залуу байсан. Ингээд намайг утсаараа цагдаа дуудах хооронд И.Б нь нэг ногоон өнгийн приус 10 маркийн машинд суугаад яваад өгсөн. Зодуулсан залуугийн хамраас нь цус гарсан байдалтай замын хажуугийн боржур дээр суучихсан ам хамарнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр зодуулсан залууг нь аваад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8 дугаар тал/
4.Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Уын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр томилгоот хуваарийн дагуу дэд ахлагч Х.Бы хамт Чулуут-112 чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тухайн өдөр “Голомт цогцолбор сургуулийн урд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээлэл 22 цаг 30 минутын үед ирэхээр нь очиж шалгасан. Дуудлага мэдээлэл дээр очиж шалгахад бусдад зодуулсан гэх нэг залуу согтуу боржур дээр суучихсан байж байсан...Налайх дүүргийн 2 дугаар хороо ..................... ХХК-ийн урд автомашины зогсоол дээр болсон үйл явдал байсан. Анх очиход өөрийг нь зодсон гэх залуу нэг машинд суугаад зугтаагаад явсан. Би тэр хүнийг танихгүй зүгээр юм асуусан чинь л намайг зодчихсон гээд замын хажуугийн боржур дээр уруул нь язарсан бололтой уруул ам нь цус болчихсон нэлээн согтчихсон байдалтай сууж байсан...Дуудлага мэдээлэл өгсөн Г.Гэс асуухад “ногоон өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй, манай дэлгүүрээс архи авч уудаг И.Б гэх залуу байсан. Өөрийнхөө Приус маркийн автомашинд суугаад яваад өгсөн жолоодож явсан үгүйг нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Бы өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр томилгоот хуваарийн дагуу дэд ахлагч Н.Уын хамт Чулуут-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж хоносон. Хоногийн хугацаанд 22 цаг 30 минутын үед Чулуут-10 жижүүрээс манай чиглэлд “Голомт цогцолбор сургуулийн урд хүн зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл өгөхөд нь явж очин шалгахад Налайх дүүргийн 2 дугаар хороо ..................... ХХК-ийн хажууд байрлах автомашины зогсоол дээр дуудлага мэдээлэл өгсөн Г.Г бусдад зодуулсан гэх Б.Б нар байж байсан. Зодуулсан гэх Б.Бын толгойноос нь тухайн үед цус гоожиж байсан ба нүүр, гар, хувцаснууд нь ч бас цус болчихсон байдалтай замын хажуугийн боржур нь дээр сууж байсан. Энэ үед Г.Г гэх хүнээс юу болсон талаар асуухад “энэ залуу манай дэлгүүрээс архи авч уудаг И.Б гэх залуутай муудалцаж зууралдаж байгаад И.Б нь ногоон өнгийн Приус 10 машинд суугаад яваад өгсөн” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар тал/
6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн № 08 шэ/113 дугаар: “Б.Бын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, дээд уруулд язрал, нүүрэнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 21 дүгээр тал/
7. Яаралтай тусламжийн 683 дугаар хуудас,
/хх-ийн 18 дугаар тал/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 32 дугаар тал/,
9. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 55 дугаар тал/
10. И.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-67 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралд хохирогч болсон явдлын талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Мөн тухайн үед болсон явдлын талаар ..................... ХХК-д ажиллаж байсан Г.Г нь шүүгдэгч И.Быг гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой мэдүүлэг өгдөг. Мөн тухайн өдөр дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар очсон цагдаагийн ажилтан Х.Б, Н.У нар тодорхой мэдүүлгүүдийг өгдөг. Энэ хэргийн улмаас хохирогч Б.Бт хөнгөн хохирол учирсан ба хохирогч шүүх хуралд зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Өнөөдрийн гаргаж өгсөн баримт дунд бензин хийсэн 20.000 төгрөг, биохимийн шинжилгээ хийлгэсэн 117.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж чадсангүй. Мөн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20.000 төгрөгөөр бензин хийж түүнийгээ эмчилгээ хийлгэхдээ зарцуулсан нь нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардлыг төлөх боломжтой байсан ч гэсэн нэг ч төгрөгийн хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 775.761 төгрөг нэхэмжилсэн ба үүн дээр өнөөдөр гаргаж өгсөн нотлох баримтуудын шаардлага хангах 105.000 төгрөг, 155.800 төгрөг, 75.000 төгрөгийг нэмэхэд 1.111.561 төгрөг болж байна. Эдгээр зардлуудыг шүүгдэгч И.Б нь хохирогчид төлөх ёстой ба шүүгдэгчээс 1.111.561 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ Б.Быг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх гүйцэтгэх хуудас бичигдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс дээр ажиллагаа хийгдэж байгаа. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж болно гэж заасан байдаг. Тиймээс шүүгдэгч И.Бд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгч хугацаандаа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага прокурорт санал гаргаж тухайн саналыг прокуророос шүүхэд шилжүүлж ял солиулах боломжтой. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд И.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.....................” хүнсний дэлгүүрийн гаднах талбай дээр хохирогч Б.Быг “хот явах юм уу” гэж асуулаа гэх шалтгаанаар гараараа нүүр толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйханд шарх, дээд уруулд язрал, нүүрэнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч И.Бын “...1 шил 0.5 литрийн Хараа, 1 литрийн Сэржим нэртэй архи ганцаараа уучхаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Яг юу болсныг сайн санахгүй байна. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд юу болсон талаар асуухад өчигдөр шөнө намайг ..................... дэлгүүрийн урд автомашины зогсоол дээр Б.Б гэх танихгүй залуутай согтуу муудалцаж тэр залууг зодчихоод машиндаа суугаад зугтаасан...” гэх,
Хохирогч Б.Бын “...энэ залуу ногоон өнгийн приус 10 байхаа тэрэнтэй миний урд ирээд зогсохоор нь хот явах уу гэсэн чинь урдаас жоохон томроод явахгүй юу яриад байгаа юм писда энэ тэр гээд тэгэхээр нь урдаас нь би юу гэлээ нэг юм хэлчхээд байсан чинь үгийн зөрүүгүй цохичхоод эргэж гүйгээд машинаасаа нэг юм авснаа дагз нь дээр гараараа цохиогүй нарийхан нэг төмрөөр юм уу нэг юмаар цохичхоод машиндаа суугаад зугтаасан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн № 08 шэ/113 дугаар: “Б.Бын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, дээд уруулд язрал, нүүрэнд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэм буруугийн шүүх хурал дээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд нийт 1.548.561 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Супер проб” ХХК-нд гэмтлийн эмчийн үзлэг хийлгэсэн 35.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн 10 хоногийн 472.011 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сайхан сүмбэр эмийн сангаас эм авсан 64.750 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр М-ойл ХХК бензин хийсэн 9000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сод монгол групп бензин хийсэн 20.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Лазер мед эмнэлэг 100.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Очир мэлмий” 10 хоногийн бариа 300.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ситимед эмнэлэгт үзлэг хийлгэсэн 75.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэг 105.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Монос эмийн сангаас эм авсан 155.800 төгрөг буюу нийт 1.336.561 төгрөг нь бичмэл нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Бас 1.336.561төгрөгийг гаргуулан олгож,
Харин үлдсэн 212.000 төгрөг буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт ходоодны дуран, хэвлийн эхоны үзлэг хийлгэсэн 75.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бензин хийсэн 20.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Энх дэлгэрэх од ХХК-д шинжилгээ хийлгэсэн 117.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Харин Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолоор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон ба энэ тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар тус ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд И.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч Б.Бт эмчилгээний зардал болох 1.336.561 төгрөг төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Ичинхорлоогийн И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бас 1.336.561 төгрөгийг хохирогч Б.Бт гаргуулан олгуулсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ