| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,
Хохирогч С.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 54 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Дд холбогдох эрүүгийн 2107000000054 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс *******, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........................................................................ тоотод оршин суух хаягтай,
Урьд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, 180 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг эдлээгүй үлдсэн, ******* овогт Ж.Д /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Д нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим ........................................................................ тоотод иргэн С.Зтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн сарвуу хэсэгт нь хутгаар зүсэж биед нь зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021оны 02 дугаар сарын 21-ний өдөр би ажлаасаа буугаад ирсэн байсан. Тэгээд тоглоомын саад нь дээр найз охинтойгоо хоёулаа юм яриад пиво ууж байсан. С.З ах гэртээ байж байгаад хүрч ирээд гэр лүү явъя гээд бид хоёрыг дагуулаад гэр лүү явсан. Тэгээд очсон чинь С.З ах элдвээр хэлээд хамаатны эгчтэйгээ унтсан гээд байсан. Тэгэхээр би уурлаад хутга барьсан байж байгаад барьцалдаж байхдаа гарыг нь зүссэн байсан.” гэх мэдүүлэг
Хохирогч С.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “12 дугаар сарын 20-нд Ж.Д, Ж.Дын найз охин гээд манай талийгаач эмэгтэй дүүгийн том охин одоо 17 настай насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Т энэ 3 Өвөршандын саад нь дээр архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд манай бэр дүү над руу яриад “Ж.Д, С нар үгэнд орохгүй байна нэгнийдээ архи ууж байсан бол одоо доод сааданд архи ууж байна” гэхээр нь ах нь яваад очъё гээд яваад очсон чинь Ж.Д, манай бүтэн өнчин насанд хүрээгүй С гээд охин, Т гээд энэ 3 архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд би энэ гурвыг загнаад гар хүрээгүй эмээгийнд нь дагуулж очиход эмээ нь манай бэр дүү бүгдээрээ байсан. Тэгээд хүний ахын ёсоор хэдэн үг хэлээд та нар хөгшин настай хүнийг битгий дээрэлхээд бай, хөгшин настай хүний хажууд архи, дарс уугаад хэрэггүй, байвал бай байхгүй бол хөгшин настай хүнийг ганцааранг нь байлга чи битгий зовоогоод бай гэж хэлээд гэрээс гараад явсан чинь ширээн доор хутга байсан гэж худлаа, шкафанд дотор байсан. Тэгээд чиний ахыг чинь алаад хаячихъя гэж хэлээд араас гарч ирэхэд нь би эргэж хараад барьж авахад гар зүсэгдсэн. Тэр ойр хавьд байсан хүмүүс болон манай бэр дүү салгасан. Салгаагүй байсан бол намайг алах байсан.” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.Дын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын тоглоомын саадан дээр найз охин Сгийн хамт 2 шил Нийслэл нэртэй пиво уугаад сууж байтал Сгийн нагац ах С.З хүрч ирээд, бид хоёрыг харчхаад... эмээ Сгийнд дагуулж орсон. Тэгээд С.З ах угаасаа надад дургүй болохоор чи төрсөн эгчтэйгээ унтдаг. Та нар муу сайн халтар казакууд арчаагүй эцэг эхтэй муу казакууд гээд хэл амаар доромжилж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би уур хүрээд С.З ахыг жаахан айлгах санаатай ширээн дээр байсан хутгыг аваад, араас нь гараад, түүнтэй зууралдаж аваад хоорондоо ноцолдсон юм. Энэ үед ...Т гэх залуу гарч ирж бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34 дүгээр тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор С.Зын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21-22 цагийн үед ............................................................................ тоот гэртээ байж байхад над руу манай эмэгтэй дүү Д залгаж “Энд С, найз залуутайгаа эмээгийндээ хэд хоног архи уугаад бид нарыг үг хэлэхээр тоохгүй элэг бариад байна. Та нэг ирээд энэ хоёрт хэдэн үг хэлээч” гэхээр нь ...очтол Өвөршандын тоглоомын саадан дээр С үерхдэг найз залуу Ж.Дынхаа хамт пиво уугаад сууж байхаар нь гадаа гудамжинд хэрүүл маргаан хийгээд хэрэггүй байх гэж бодоод тэр хоёрыг дагуулаад Сгийнд оруулж суулгаж байгаад “өдий багаасаа ингэж архи, дарс битгий уугаад бай” гэж загнаад буцаад гэртээ харих гээд Сгийнхаас гараад явтал Ж.Д гарч ирээд намайг ардаас боогоод авсан. Тэгэхээр нь би болиулах санаатай арай гэж эргэж хараад тэврээд автал Ж.Д өөдөөс “чамайг ална. Одоо гүйцээнэ” гэж хэлээд надтай ноцолдож эхлэхэд ... дүү Т гарч ирээд, Ж.Дыг надаас салгаад Тгийнд ороход зүүн гараас цус гарч байсан. ...гар зүссэнийг тухайн үедээ анзаарч мэдээгүй. ...Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Э.Тгийн өгсөн: “...Гадаа хүн орилох чимээ гарахаар нь гараад хартал С.З ах, Ж.Д хоёр заамдалцаад зогсож байхаар нь би голоор нь орж салгаад, Ж.Дыг тэвэрч аваад, эмээгийн гэр лүү түлхээд оруултал Ж.Дын гарт хутга байхаар нь би гаран дээр нь цохиод “хүн алах чинь дутаа юу” гэж хэлээд, эхнэрийг нь наад хутгаа ав гэж хэлээд буцаж гараад С.З ахыг дагуулаад гэртээ ороод иртэл гараас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр У.Сын өгсөн: “...С.З ах Ж.Д бид хоёрыг ...эмээ Сгийнд дагуулж орж ирээд, Ж.Дыг “Казакийн шээс, танай эцэг, эх чинь чамайг аваад явчхаж чадахгүй арчаагүй амьтан” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Ж.Д “битгий миний эцэг эхийг оролцуулаад бай” гэж хэлээд С.З ахын нүүр рүү 1 удаа цохисон. Тэгсэн С.З ах Ж.Д намайг цохичихлоо гээд гэрээс гараад явсан. Энэ үед Ж.Д, С.З ахын араас гараад хоорондоо дахиж хэрэлдэж муудалцаад байх шиг байсан...Гэрээс гараад дахиад муудалцаад орилолдоод байх шиг байсан. гэхдээ гадаа юу болсон талаар хараагүй учир хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг
/хх-ийн 17 дугаар тал/
5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/134 дүгээр: “С.Зын биед зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-н 24 дүгээр тал/
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 3-5/
7. Яаралтай тусламжийн 934 дугаартай хуудас,
/хх-ийн 21-22 дугаар тал/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 36 дугаар тал/,
9. Ж.Дын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-59 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...шүүгдэгч Ж.Дыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Ж.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 196 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаас 60 цагийг нь эдэлж эдлээгүй үлдсэн 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа нэмж нэгтгээд оногдуулсан 400 цаг дээр эдлээгүй үлдсэн 180 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж 580 цагийг тохижилт үйлчилгээний компанид эдлүүлэх саналтай байна. Хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Ж.Дын хувьд хохирогч С.Зын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Хохирогч С.Зын хохирлын хувьд баримтаар гаргаж өгсөн зүйл байхгүй цаашид нэхэмжлэх зүйл байхгүй биеийн байдал сайн гэж илэрхийлсэн учраас Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Ж.Д нь гэм буруугаа хүлээн оролцож байгаа. Гэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл байна. Хэдийгээр Ж.Дыг архи, дарс болохгүй та хоёрын хувьд ийм байна гэдэг шаардлагыг тавьсан. Ж.Дын хувьд шаардлагыг хүлээж авч эмээгийндээ очиж тухайн үед асуудал болоогүй намжаад нэлээн хугацаа өнгөрч орой 10 цагийн үед дахин маргалдсан. Дахиж маргалдахдаа манай эцэг, эхийг доромжлоод байсан намайг доромжилж болно манай ээж, аавыг хэлэх хэлэхгүй үгээр надаас илүү халиад ээж, аав руу хэлээд байсан. Намайг бас төрсөн эгчтэйгээ унтдаг гэж доромжилсон гээд байна. Энэ бас ор үндэсгүй асуудал биш байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт тэгсэн ингэсэн байна гэж хэлж байна. Энэ асуудал тухайн үед яригдсан байна гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Тэгэхээр энэ хэрэг гарах болсон шалтгаанд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Мөн гэм буруугаа хүлээсэн хүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогч гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн өмнөх 2020 оны 11 сарын 10-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Үүнээс 60 цагийн ажлыг хийсэн. Хийгээгүй үлдсэн 180 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан түүнд оногдуулсан ял шийтгэлийг нэгтгэн нийт 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Дын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 5 дугаар гудамжны 10 тоотод С.Зыг “өдий багаасаа битгий архи уу гэж загналаа” гэх шалтгаанаар зүүн сарвуу хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ж.Дын “...Тэгэхээр би уурлаад хутга барьсан байж байгаад барьцалдаж байхдаа гарыг нь зүссэн байсан.” гэх,
Хохирогч С.Зын “...алаад хаячихъя гэж хэлээд араас гарч ирэхэд нь би эргэж хараад барьж авахад гар зүсэгдсэн. Тэр ойр хавьд байсан хүмүүс болон манай бэр дүү салгасан. Салгаагүй байсан бол намайг алах байсан.” гэх,
Насанд хүрээгүй гэрч Э.Тгийн “...оруултал Ж.Дын гарт хутга байхаар нь би гаран дээр нь цохиод “хүн алах чинь дутаа юу” гэж хэлээд, эхнэрийг нь наад хутгаа ав гэж хэлээд буцаж гараад С.З ахыг дагуулаад гэртээ ороод иртэл гараас нь цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/134 дүгээр: “С.Зын биед зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Зын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Ж.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсгийн урт нь 12 см, өргөн нь 3 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 580 /таван зуун ная/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсгийн урт нь 12 см, өргөн нь 3 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ