Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/61

 

О.Очирхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                         Шүүгчид                                Г.Давааренчин                                       

                                                                     Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                  Д.Нямдэлэг

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан заасан гэмт хэрэгт Тайчууд овогт Оюунтунгалагийн Очирхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1832001230042 дугаартай, 149/2018/0053/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зүтгүүрийн инженер мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Монголын залуучуудын холбооны бодлого хэрэгжилтийн газар олон нийттэй харилцах ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай байсан. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3-р хороо, 9-53 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан, Тайчууд овогт Оюунтунгалагийн Очирхүү /Регистрийн дугаар: ЕЙ88011611/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Очирхүү нь Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт зохион байгуулах ажлаар ирсэн үедээ согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудлын 505 дугаартай өрөөний ариун цэврийн өрөөнд С.Түвшин, Г.Батбямба нарыг хоорондоо маргалдаж зодолдлоо гэх шалтгаанаар С.Түвшинг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Очирхүүд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Тайчууд овогт Оюунтунгалагийн Очирхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Очирхүүг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 /нэг сая хоер зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Очирхүү нь 1200000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Очирхүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Очирхүүгээс гэм хорын хохиролд 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-20-10 тоотод оршин суух Сүхбатын Түвшин /РД: РЭ94060211/-д олгуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогч С.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбат овогтой Түвшин /РЭ94060211/ миний бие Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018/ШТ/70 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгч О.Очирхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...О.Очирхүү миний бие анхнаасаа л үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгон гэмшиж, хохирлыг төлж барагдуулан, хоёр өмгөөлөгчийгөө байлцуулан хохирогчоос С.Түвшингээс уучлалт гуйсан ба шүүх хуралдаан дээр ч гэсэн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлэн хохирогчийн нэхэмжилсэн хохирол дээр нэмж 1 сая төгрөг илүү төлж хохирлыг барагдуулан шүүх хуралдаанд орсон. Одоо ч би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл хохирогч С.Түвшин нь энэ байдлыг ойлгохгүй надад заналхийж мессеж бичиж байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн эрх ашгийг хамгаалж асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогч С.Түвшин нь ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж үндэслэлгүйгээр 3 сая төгрөг төгрөгийг надаас гаргуулан шийдвэрлэсэн ба миний илүү төлсөн 1 сая төгрөгийг хасаж тооцоогүй. С.Түвшин нь ажилд ороод 2 сар болж байсан, цалингийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй байхад үүнд үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хохирлыг гаргаж шийдвэрлэсэн буруу үзэж байна. Иймд 3 сая төгрөгийг О.Очирхүү надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Хохирогч нь ямар үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. Хохирогчийн эмчилгээнд холбогдолтой зардлыг нэхэмжлэх эрхийг зааж өгсөн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Очирхүү нь Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт зохион байгуулах ажлаар ирсэн үедээ согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудлын 505 дугаартай өрөөний ариун цэврийн өрөөнд С.Түвшин, Г.Батбямба нарыг хоорондоо маргалдаж зодолдлоо гэх шалтгаанаар С.Түвшинг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Очирхүүг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэн, ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Очирхүүгээс гэм хорын хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбатын Түвшин /РД: РЭ94060211/-д олгохоор...тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Очирхүүд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

О.Очирхүү нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Түвшингийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 22-24, 171-178-р ху/, гэрч Б.Бэлгүтэй /хх-ийн 40-р ху/, Г.Батбямба /хх-ийн 43-44-р ху/, Г.Ундрам /хх-ийн 46-48-р ху/, Ө.Шинэхүү /хх-ийн 49-51-р ху/, П.Бямбасанжаа /хх-ийн 64-65-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №14393 тоот дүгнэлт /хх-ийн 71-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №377 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар тусгайлан санал гаргаж мэтгэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр /хх-ийн 171-178-р ху/ тогтоогдож байгаа бөгөөд хохирогч С.Түвшин нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүхийн шийтгэх тогтоолын аль заалтыг, ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа  талаар заагаагүй, гомдлын агуулга тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болно.

Хэдийгээр хохирогч С.Түвшин нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар өргөдөлдөө дурдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Түвшингийн  нэхэмжлэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Очирхүүгээс  хохирогчийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгч О.Очирхүүгийн энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хохирогч С.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ