Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 69

 

2016.06.20 ДУГААР 69
                                                     

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  156/2016/0075/Э                    
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Оюунцэцэг, Г.Баярсайхан
        Шүүгдэгч: Д.Ганбаатар, Ц.Нямдорж нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр  зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Ганбаатар, Ц.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 201623000116 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 Шүүгдэгчийн биеийн нарын биеийн байцаалт
 Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 1971 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг Баянмөнхийн 8-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Дончингийн Ганбааатар /РД: СИ71101912/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 1964 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Хардал овогт Цэгмидийн Нямдорж /РД: СИ64051711/

 Шүүгдэгчийн нарын холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
 Шүүгдэгч Ц.Нямдорж, Д.Ганбаатар нар нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 03 дугаар баг “Эмчийн булаг” гэх газарт Б.Гантулгын гээгдүүлсэн 2 шуудай ноолуурыг олж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Нямдорж, Д.Ганбаатар нар нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 03 дугаар баг “Эмчийн булаг” гэх газарт Б.Гантулгын гээгдүүлсэн 2 шуудай ноолуурыг олж завшин 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Нацагдоржтой Дорноговь аймгаас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны орой 57-84 УБЧ тоёото маркийн ачааны авто машинтай Хэнтий аймгийн төв рүү 68 шуудай ноолуур ачаад гарсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Эмчийн булаг гэх газрын даваан дээгүүр гараад уруудаж байхдаа машиныхаа толинд харахад ачаатай байсан ноолуур дарсан гялгар уут урагдаад хийсэж байхаар нь зогсож ачаагаа шалгасан чинь даруулаад боосон гялгар уут нь урагдаад түүгээр нь ноолуур цуваад гээгдсэн байсан. Тэгээд бид хоёр Эмчийн булаг гэх газраас 5 км-ийн өмнө бууж шалгахад зүгээр байсан болохоор энд ойрхон хаясан байх гэж бодоод буцаж эргээд даваан дээгүүр өгсөөд гараад ирэхэд зам 2 салсан. Тэгээд би машин бариад явж байсан Нацагдоржийг баруун талынх нь замаар бид хоёр ирсэн байх гэж хэлээд баруун салсан замаар нь уруудаад явж байхад хойшоо хөх өнгийн портер өгсөөд явахаар нь нөгөө портероос асуухаар буцаж эргээд портер дээр очиж замаар чинь ноолуур харагдана уу гэсэн чинь харсангүй гэж хэлэхээр нь дахиж нөгөө баруун замаараа уруудаж замын баруун дор байсан айл руу ороход нэг залуу хэвтэж байсан. Тэгээд айлын залууд бид хоёр танай баруун талын замаар аймгийн төв явж байгаад ноолуураа гээчихлээ чи хамт яваад хайлцаад өгөөч гэж хэлээд тэр айлын Хуягаа гэх залуутай мотоцикльтой нь зам дагуу байсан айлаар хайж байгаад олоогүй буцаад ирсэн. Тэгээд машиныхаа ачааг сайн бэхэлж аваад аймгийн төв дээр ирж цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа аваад нөгөө газраараа хайж байгаад Жамъяан гэх залуугийнд ирж асуухад Жамъяан гэх залуу эхлээд би хараагүй гэж байгаад дараа нь намайг хонио хариулж явахад мотоцикол дээр сундалсан 2 хүн мотоциклынхоо банкан дээр цагаан шуудаатай юм тавиад зүүн урагшаа Осгонбаатарынхруу чигтэй явж байсан гэж хэлэхээр нь цагдаатайгаа хамт Осгонбаатарынх руу очиж үзэхэд гэрийн эзэн Осгонбаатар, мөн гэрт нь 2 эрэгтэй хүн архи уусан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа нөгөө хоёр хүнийг шалгахад ноолуур аваагүй гэж байгаад сүүлдээ 2 шуудай ноолуур олсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө 2 хүнээс хоёр 2 шуудай ноолуур олсон бол үлдсэн 4 шуудай ноолуур нь хаана байна гэхэд бид хоёр аймгийн төвөөс урагшаа дүүгийнхрүү явж байгаад Баянхутагийн Эмчийн булаг гэх газар зам дагуу хэдэн шуудаатай ноолуур хэвтэж байхаар нь бид хоёр 2 шуудаатай ноолуурыг нь авахад хойд даваан дээрээс машин гараад ирэхээр нь бид хоёр сандраад үлдсэн ноолуурыг нь орхиод явсан гэж хэлсэн. Тэгээд 2 шуудаатай ноолуур хаана байна гэхэд аймгийн төвд ченжид 28 кг ноолуур 1.425.000 мянган төгрөгөөр өгсөн гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19хуу/
Гэрч С.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед манай гэрийн гадаа машин дуугарах шиг чимээ гараад удалгүй гэрт нэг ах орж ирээд мэнд мэдээд ах нь 2 шуудай ноолуураа танайхаас урагшаа машинаасаа цувуулчихлаа ахдаа мотоциколтой яваад өгөөч гэхээр нь би за тэгье гээд манайхаас гараад урагшаа 30 км хэртэй газар замаар хайж яваад олоогүй ирсэн. Тэгээд нөгөө ахыг машин дээр нь буулгаж өгчихөөд явах гэсэн нөгөө ах бензиний мөнгө гээд 5000 мянган төгрөг надад өгчихөөд аймгийн төв орж цагдаад мэдэгдэхээс гээд явсан. Тэгээд би гэрлүүгээ орж цай уучихаад хониндоо явангаа урагшаа дүү Жамъянчойжилын гадаа ирэхэд Жамъянчойжил ч хониндоо яваад ирж байна гээд гэрийнхээ гадаа надтай уулзаад гэрлүү нь орж цай уунгаа сая хойно хүмүүс 2 шуудайтай ноолуураа хаясан байна чи хараагүй биз гэсэн чинь Жамъяанчойжил нь сая намайг хониноос ирэх замд мотоциколтой 2 хүн цагаан шуудаатай юм банкан дээрээ дүүрээд дэрсэний хойгуур гараад урагшаа яваад өгсөн гэж хэлэхээр нь би тэгвэл нөгөө хүмүүсийн гээсэн шуудтай ноолуур байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22хуу/
Гэрч З.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ 10 цагийн үед ишиг, хургаа тавьчихаад өглөө манай найз Төрөө голоос адуугаа авчирлаа гээд ирсэн. Тэгээд бид хоёр цай ундаа уучихаад мотциколтой адуугаа туугаад зүүн урагшаа гаргангаа өвөөгийнд ирэхэд гэрийнх нь урд ачааны цагаан машин зогсож байхаар нь эгчээс юун машин зогсож байгаа юм гэсэн чинь эгч ноолуураа зам дагуу хаясан хүмүүс явж байна гэхээр нь өвөөгийнд орж цай уучихаад өвөөгийн зүүн толгой дээр гарч адуугаа харангаа дурандчихаад булгийн тэнд байсан үрээн дээрээ очоод хар алаг мориныхоо чөдрийг авчихаад тэндээсээ Жамъяангийн гэрлүү мотоциколны дугуй авахаар очиход Жамъяан гэртээ байхгүй болохоор нь Жамъяанг асуусан чинь эхнэр нь хониндоо явсан гэхээр нь жоохон гэрт нь хүлээгээд байж байхад Жамъяан гэртээ ирсэн. Тэгэхээр нь би өвөөгийн гадаа ноолуураа гээсэн гээд хэдэн хүмүүс ирсэн байна гэсэн чинь Жамъяан намайг түрүүнд хонин дээрээ явж байхад мотоциколтой 2 хүн бензины банкан дээрээ цагаан шуудаатай юм тавьсан 2 хүн зүүн урагшаа Отгонбаатарынх руу чигтэй явж байна лээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дугуйныхаа юмыг авчихаад өвөөгийнхрүү очиж юм авчихаад гэрлүүгээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23хуу/
Гэрч Ц.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Гантулга гэдэг хүнтэй 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт ямааны ноолуур авахаар ирсэн юм. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгаас 57-84 УНЧ улсын дугаартай ачааны автомашинд ямааны ноолуураа ачаад Хэнтий аймаг явах замдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт 6 шуудай нийт 98 кг ноолуураа гээсэн, гээх шалтгаан нь машины ачааны хэсгийн бүтээлэг нь задраад хэдэн шуудай ноолуур унасан юм билээ, аймгийн төвд ирээд машинаас ноолуураа буулгаад тоолсон чинь 6 шуудай ноолуур дутсан. Тэгээд шуудайтай ноолуур унасан байж магадгүй гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Эмчийн булаг” гэх газарт миний машины ард ноолуур ачсан портер машин даваан дээр мотоцикольтой хүн зөрсөн эдгээр хүмүүсийг шалгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20хуу/
Гэрч Ж.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би хувиараа түүхий эдийн ченж хийдэг юм. 2016 он 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад урьд нь надад мах, арьс шир малын түүхий эдээ зардаг байсан Отгоо гэх залуу өөрийнхөө портер машинтай хүнтэй ирээд ноолуур авах уу гэхээр нь би авна гээд авчирсан ноолуурыг нь үзсэн чинь манай аймгийн ноолуур биш байсан. Тэгээд энэ ноолуур чинь говийн ноолуур юм шиг байна их шороо тоостой юм байна үнэ тохирч авна гээд хиллэж үзэхэд 28 кг ноолуур байсан. Тэгээд хорогдол гээд 10 килограммд 1 килограммын хорогдол гэж бодоод , 28 кг ноолуурыг 25 килограммд бодоод 1 килограммыг нь 57.000 /тавин долоо мянга/ төгрөгөөр бодож нийт 1. 425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21хуу/
Гэрч Ө.Осгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...  2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг Цагаан дэрс гэх газарт гэртээ 10 цагт орчимд байж байтал гадаа мотоциколын дуугарах чимээ гарч аймгийн төвөөс ирлээ гэсээр манай холын хамаатан болох Ганбаатар ах, танил Нямдорж ахын хамт манайд орж ирсэн. Ганбаатар ах манайд цай ууж, хоол идээд хэсэг байж байснаа "Миний дүү ахдаа аймаг ороод өгөөч, гэхээр нь би эхэндээ адуу малдаа явах ажилтай байна амжихгүй байх гэтэл, Ганбаатар ах чи заавал явж өгөөч, ямар ч л байсан явж өгөөч гэж гуйж байснаа ах нь том олз олсон, 2 шуудай ноолуур хойд замаас оллоо, аймаг ороод өгчих, энэ ноолууроо заръя гээд шалаад байхаар нь би зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн протер маркийн 12-09 ХЭҮ улсын дугаартай автомашинаар аймгийн төв явах болоод Ганбаатар, Нямдорж ах хоёрыг аваад бид гурав аймгийн төв явахаар болсон. Тэгээд машинаа асааж гэрээсээ зүүн урагш 1 км хэртэй газарт Ганбаатар, Нямдорж ах хоёрын шуудай ноолуур олоод нуусан гэх газарт нь очтол, 2 шуудайтай ноолуур дэрсэн дотор байсан. Тэгтэл Ганбаатар, Нямдорж ах хоёр манайхаас авсан 3 шуудайндаа нөгөө хоёр шуудайтай ноолуурыг хувааж хийгээд, анхны 2 шуудайгаа нөгөө дэрсний хажууд хаяад миний машины суудлын араар 3 шуудай ноолуурыг хийгээд бид 3 аймгийн төвд ирсэн. Тэгэхэд 12 цаг өнгөрч байсан. Би аймгийн төвд ирээд мах, ноолуур авдаг түүхий эдийн ченж Бат-Өлзий гэдэг эмэгтэйд нөгөө 3 шуудайтай ноолуураа зарах гэтэл Бат-Өлзий энэ чинь элс ихтэй, тоос ихтэй ноолуур байна гээд, тухайн 3 шуудай ноолуурыг 28 кг болоход нь 3 кг хэртэйг нь хасаад тухайн үеийн ноолуураас доохнуур 57 000 төгрөгөөр 1 кг-г нь бодож аваад, бид нарт 1.400.000 төгрөг өгсөн. Бид гурав Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг “Золжигүүр” дэлгүүр орж ойр зуурын юм аваад буцаж хөдөө гэрлүүгээ явсан. Ганбаатар ах миний автомашинд 20 литр түлш хийж өгсөн. Бид нар тэгээд шууд манайд ирж дэлгүүрээс авсан 1 шил архиа хувааж уугаад унтах гэж байтал гаднаас цагдаагийн нэг хүн, өөр танихгүй 2-3 хүнтэй ирээд надаас ойр зуурын юм асууж байгаад яваад өгсөн. Тухайн үед Ганбаатар, Нямдорж хоёр манайд унтаж байсан. Би цагдаагийн хүнийг яваад өгөхөөр нь унтсан. Унтаж байтал үүрээр 04 цаг өнгөрч байхад нөгөө цагдаагийн ажилтан манайд дахин ирээд аймаг явнаа гэхэд нь би “Яах гэж байгаа юм бэ гэтэл" шалтгаантай л гэсэн, тэгтэл манайд унтаж байсан Ганбаатар, Нямдорж ах хоёр байхгүй байхаар нь манайд байсан хоёр хүн яасан юм бол гэхэд нөгөө цагдаагийн ажилтан “Танайд байсан 2 хүн мотоцикольтой аймгийн төв явж байхад нь замд бариад авсан, одоо цагдаагийн газар дээр байгаа гэсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад аймгийн төвд цагдаа дээр ирсэн. Намайг цагдаагийн газарт ирэхэд Ганбаатар, Нямдорж ах хоёр цагдаагийн газрын 2 давхарын өрөөнд байж байсан. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24хуу/
 Гэрч Жамъянчойжилын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Баянхутаг сумын 3 дугаар багийн Эмчийн булаг гэх газарт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Би 2016 онь 04 дүгээр сарын 16-ны өдөр өглөөний 09 цагийн орчимд урьд шөнө нь шуурагтай байсан болохоор үхрээ хайж зүүн ургаш явсан. Үхрээ Цагаан дэрс гэх газраас олоод түүнийгээ гэрлүүгээ тууж, гэрийнхээ зүүн урд орхиод гэртээ орсон, гэрээсээ дүүгээ 11 цагийн үед аваад хурагтай хонь гэрийн зүүн урд чигтэй бэлчиж байхаар нь очиж дүүгээ буулгасан. Тэгтэл баруун хойд талаас 1 мотоцикольтой сундалдсан 2 хүн гарч ирээд миний чигтэй явж байгаад миний баруун талаар зүүн урагш чигтэй өнгөрсөн. Би тэгэхэд нь тэр мотоцикольтой хүний бензиний банкин дээр цагаан өнгөтөй юм байхыг нь харсан. Тэгээд тэндээсээ сувай хонь байгаа чанх зүүн тийшээ явж хонио бөөгнүүлсэн. Тэнд бараг 30 минут хэртэй болсон, тэгээд сувай хонио гэрийн зүүн талд 2 км хэртэй газар орхиод байж байтал зүүн хойно байдаг овоон дээрээс нутгйин залуу болох Бааяа гэх залуу мотоцикольтой бууж ирж байхаар нь тосож уулзсан, Бааяа надад “Зүүн хойд энгэрт чинь хэдэн ямаа харагдаад байна гэхээр нь” би манай ишигтэй ямаа юм байхдаа гээд очтол манай ямаа биш байсан, тэгээд би буцаж төв замаар ороод урагшаа явж байхад манай өвөө Сандагийн гадаа 1 цагаан өнгийн машин баруун урагш хараад зогсож байсан. Би эвдэрсэн машин байна л гэж бодсон, тэгээд би хурагтай хонин дээрээ буулгасан дүүгээ аваад гэртээ харьсан. Тэгээд харж байхад өвөөгийн гадаа байсан машины хүн бололтой нэг хүн сүлжээ хайгаад байгаа бололтой өвөөгийн баруун урд 100-гаад метр хэртэй газарт байдаг жоохон толгой хэсэг дээр зогсож байсан. Би орж эхнэртээ “Энэ хойд овоон дээр нэг хүн машин нь эвдэрсэн бололтой сүлжээ хайгаад зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд гараад малаа хартал сувай хонь дахиад зүүн хойшоо чигтэй ямаа нь тасраад явж байх нь харагдахад нь би орж цай уучихаад гараад мал руугаа явах гэтэл нөгөө овоон дээр байсан хүн манай гэрийн зүүн талын зам дээр зогсож байсан. Би мал руугаа явж байхад нөгөө хүн намайг дуудсан, намайг очиход “Нөгөө хүн ах нь ноолуураа унагаасан юм шиг байна гэхээр нь би та аль замаар ирсэн юм бэ гэхэд нь нөгөө ах мэдэхгүй байнаа цагаан пинтэй айл байдаг уу гэхээр нь би нөгөө ахад цагаан байхгүй ээ, ногоон вагончиктай л айл байдаг гэтэл, нөгөө ах ахтайгаа цуг ногоон пинтэй айл руу яваад өгеөч гэхээр нь би сувай хонио эргүүлээд ирье гээд мотоцикольтойгоо хөдөлсөн. Хэсэг байгаад буцаж гэртээ ирэхэд нөгөө ах байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26хуу/
Гэрч Г.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өдрөө сайн санахгүй байнаа нэг өдөр манай гэрт хадам ээжийн дүү нь болох Ганбаа ах, нэг танихгүй ахтай цуг мотоцикольтой ирсэн. Би тухайн үед хоол хийгээд байсан, цаг үдийн алдад байсан, тэгтэл Ганбаа ах цай уугаад сууж байснаа манай нөхөр Осгонбаатарт “Чи ахдаа аймаг яваад өг, би бензин тосыг нь бүгдийг нь хийнэ” гэхээр нь манай хүн анхандаа дурамжхан байсан. Тэгтэл Ганбаа ах манай хүнд “Ах нь сая хоёр шуудай ноолуур олсон юмаа, ахдаа аймаг яваад өгчих гээд” хоол идээд манай хүнийг дагуулаад гарсан. Би ч гарч хараагүй. Багцаагаар 3-4 цаг хэртэй болсны дараа манай хүн, Ганбаа ах, бас нөгөө танихгүй ах хүний хамт аймаг яваад ирлээ гэсээр ирсэн. Аймгаас авчирсан бололтой 1 шил архи задлаад туүнийгээ уугаад унтсан. Тэгтэл шөнө цагдаагийн хүмүүс ирж манай хүнтэй уулзаж гадаа ярилцаж байгаад явсан. Бүр шөнө 5 цагийн үед дахин ирээд манай хүнийг авч явсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Нямдорж, Д.Ганбаатар нар нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 03 дугаар баг “Эмчийн булаг” гэх газарт Б.Гантулгын гээгдүүлсэн 2 шуудай ноолуурыг олж завшин 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хоёр шуудай ноолуурын мөнгө 1.666.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ганбаатар нь урьд ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Нямдорж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Д.Ганбаатар, Ц.Нямдорж нарын энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 24-87 ХЭЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоцикль нь өөр этгээдийн өмчлөлийн мотоцикль болох нь 00703207 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 61хуу/, тогтоогдорж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      


ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дончингийн Ганбаатар, Хардал овогт Цэгмидийн Нямдорж нарыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарыг 02 сарын баривчлах ялаар, шүүгдэгч Ц.Нямдоржийг 01 сар 05 хоног баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сарын баривчлах ял дээр урьд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 04 сар 12 хоногийн  хорих ялын зарим болох 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасныг журамлан баривчлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлж тооцон нийт эдлэх ялыг 05 сарын хорих ялаар тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарт оногдуулсан 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 24-87 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийн үнэ 300.000 төгрөгийг буюу шүүгдэгч Д.Ганбаатараас 150.000, шүүгдэгч Ц.Нямдоржоос 150.000 төгрөгийг тус тус гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба 24-87 ХЭЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ганбаатар, Ц.Нямдорж нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ