| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-02-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Ө.Бишрэлт,
Шүүгдэгч: ..../өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... холбогдох эрүүгийн 2011015690175 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Компьютерын программ хангамжийн мэргэжилтэй. “Алтан ази эвэнт” ХХК-ний захирал. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 376-55 тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ..... /РД: УП92013031/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Эрдэнэсүрэнгийн Бат-Эрдэнэ нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Тулгаад барилга барих А зөвшөөрөл буюу А даалгавар гаргуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5315256610 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011015690175 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч А.Тулгаагийн “....Анх 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Бат- Эрдэнэ гах залуутай анх уулзаж байсан бөгөөд уулзах болсон шалтгаан нь түүгээр барилгын А даалгаварыг өөрчлүүлэх талаар ярилцсан юм. Тухайн үед би Бат- Эрдэнэд өөрийн эзэмшлийн газар дээр гарсан А даалгаварыг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа дэлгэрэнгүй ярихад Бат-Эрдэнэ нь надад болохгүй зүйл байхгүй юм байна, би хүмүүстэй уулзаж, асууж судлаад таньд эргэж хэлье гэсэн. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Бат-Эрдэнэ нь надад “...та материалуудаа надад хуулбарлаад өгчих” гэж хэлэхээр нь би газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөхийн гэрчилгээ, А даалгавар, газрын гэрээ зэрэг баримт бичгүүдийг түүнд хуулбарлаж өгсөн. Ингээд бичиг баримтуудаа өгсөний дараагаар Бат-Эрдэнэ нь надад А даалгавар чинь 14-21 хоногийн дотор бүтээд, өөрчлөгдөөд гарна, үнэ өртөг нь 8 сая төгрөг болно” гэхэд би түүнд “...надад байгаа нь 3 сая төгрөг байна” гэж хэлэхэд надад “...урьдчилгаа болгоод 3 сая төгрөгөө өгчих” гэхээр нь би итгээд гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт интернет банкаар Бат-Эрдэнийн өгсөн 5315256610 дугаарын дансруу “ а даалгавар” гэсэн утгатайгаар шилжүүлсэн.Үүнээс хойш өнөөх хэлсэн 14-21 хоног нь өнгөрөх үед би Бат-Эрдэнэрүү залгахад “...удахгүй болчихно, та нэмээд 2-3 сая төгрөг өгчих” гэхээр би түүнд мөнгө нэмж өгөх боломжгүй, даалгавар гарсан хойно ярилцаж үзье гэж хэлж байсан. Ингээд дахин холбогдох гэтэл Бат-Эрдэнэ нь тухайн үед ашиглаж байсан 88170700 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй болсон бөгөөд эцэсдээ 2019 оны 10 дугаар сард нэг удаа холбогдоход надад “..би мөнгийг чинь уулзах ёстой хүмүүст нь тараагаад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 10-11х/, хохирогч А.Тулгаа, Э.Бат-Эрдэнэ нарын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 12х, 22-23х, 30-36х /,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 х/,
Гэрч С.Алтайбаярын “... миний бие Хаан банкны 5007188625 дугаарын данс эзэмшдэг ... Лед мастер эвэнт ХХК-ний захирал бөгөөд манай компани нь тайз, лед гэрэл, хөгжим, карказын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм ... уг ажлын шугамаар 2019 онд Хөвсгөл далай дээрх амралтын газарт хүний хуриман дээр тайз засалт гэрэл хөгжмөө нийтэд нь 2.3 сая төгрөгөөр түрээслүүлсэн юм ... Тухайн ажлыг Э.Бат-Эрдэнэ гэх ажил хэргийн шугамаар танилцсан залуу манай компанид олж өгсөн бөгөөд уг ажпын урьдчилгаа болгож манайд буюу миний дансруу өөрийнхөө данснаас 1.3 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг ... “ гэх мэдүүлэг/хх-ийн 19-20х/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Эрдэнэсүрэнгийн Бат-Эрдэнэ нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Тулгаад барилга барих А зөвшөөрөл буюу А даалгавар гаргуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5315256610 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч А.Тулгаагийн “....Анх 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Бат- Эрдэнэ гэх залуутай анх уулзаж байсан бөгөөд уулзах болсон шалтгаан нь түүгээр барилгын А даалгаврыг өөрчлүүлэх талаар ярилцсан юм. Тухайн үед би Бат- Эрдэнэд өөрийн эзэмшлийн газар дээр гарсан А даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа дэлгэрэнгүй ярихад Бат-Эрдэнэ нь надад болохгүй зүйл байхгүй юм байна, би хүмүүстэй уулзаж, асууж судлаад танд эргэж хэлье гэсэн. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Бат-Эрдэнэ нь надад “...та материалуудаа надад хуулбарлаад өгчих” гэж хэлэхээр нь би газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөхийн гэрчилгээ, А даалгавар, газрын гэрээ зэрэг баримт бичгүүдийг түүнд хуулбарлаж өгсөн. Ингээд бичиг баримтуудаа өгсний дараагаар Бат-Эрдэнэ нь надад А даалгавар чинь 14-21 хоногийн дотор бүтээд, өөрчлөгдөөд гарна, үнэ өртөг нь 8 сая төгрөг болно” гэхэд би түүнд “...надад байгаа нь 3 сая төгрөг байна” гэж хэлэхэд надад “...урьдчилгаа болгоод 3 сая төгрөгөө өгчих” гэхээр нь би итгээд гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт интернэт банкаар Бат-Эрдэнийн өгсөн 5315256610 дугаарын данс руу “ а даалгавар” гэсэн утгатайгаар шилжүүлсэн.Үүнээс хойш өнөөх хэлсэн 14-21 хоног нь өнгөрөх үед би Бат-Эрдэнэ рүү залгахад “...удахгүй болчихно, та нэмээд 2-3 сая төгрөг өгчих” гэхээр би түүнд мөнгө нэмж өгөх боломжгүй, даалгавар гарсан хойно ярилцаж үзье гэж хэлж байсан. Ингээд дахин холбогдох гэтэл Бат-Эрдэнэ нь тухайн үед ашиглаж байсан 88170700 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй болсон бөгөөд эцэстээ 2019 оны 10 дугаар сард нэг удаа холбогдоход надад “..би мөнгийг чинь уулзах ёстой хүмүүст нь тараагаад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 10-11х/, хохирогч А.Тулгаа, Э.Бат-Эрдэнэ нарын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 12х, 22-23х, 30-36х /, Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 х/, Гэрч С.Алтайбаярын “... миний бие Хаан банкны 5007188625 дугаарын данс эзэмшдэг ... Лед мастер эвэнт ХХК-ний захирал бөгөөд манай компани нь тайз, лед гэрэл, хөгжим, карказын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм ... уг ажлын шугамаар 2019 онд Хөвсгөл далай дээрх амралтын газарт хүний хурим нь дээр тайз засалт гэрэл хөгжмөө нийтэд нь 2.3 сая төгрөгөөр түрээслүүлсэн юм ... Тухайн ажлыг Э.Бат-Эрдэнэ гэх ажил хэргийн шугамаар танилцсан залуу манай компанид олж өгсөн бөгөөд уг ажлын урьдчилгаа болгож манайд буюу миний данс руу өөрийнхөө данснаас 1.3 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг ... “ гэх мэдүүлэг/хх-ийн 19-20х/,зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэнэийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, Хаан банкны 5315256610 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Тулгаад учирсан 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА