| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0061/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******нд холбогдох
Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 658064 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч , спортын хорооны дарга Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нягтлан бодогчийн мэргэжлээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд , спортын хороонд 2015 оны 03 сард хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Би ажиллах хугацаандаа цаг тухай бүрт ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж, тайлан баланс, цалин мөнгийг хугацаанд гаргаж, спорт хорооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны зохион байгуулалт болон үйлчлэгч байхгүйн улмаас цэвэрлэгээг хийж, ажил, амралтын өдрийг ялгалгүй ажилласаар ирсэн. 2016 оны 11 сарын 30-ны өдөр Биеийн тамир, спортын хорооны даргаар Л.******* томилогдож ирсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг 01 дүгээр сарын 02-ны өдрөөр ажпаас хална, тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Би ажлаас халагдаж байгаа шалтгааныг асуухад Монгол Ардын намын зүгээс чамайг хал гэсэн тушаал өгсөн, танай аав ардчилсан намын хүн, олон юм яриад байх шаардлагагүй гэсэн. Ингээд 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд 2016 оны 12 сарын 28-ны өдөр гэсэн огноотой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн ажлаас чөлөөлөх тушаалыг 01 дүгээр сарын 09-ний өдөр надад гардуулж, жилийн эцсийн тайлан баланс гаргаарай гэсэн. Нэгэнт миний хийж байсан ажил учраас би тайлан баланс гаргаж, 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэсэн заалтыг зөрчиж байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 38.1.2, 40.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэж ажлаас халсан нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан бөгөөд энэ нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан тухай ойлголт юм. Намайг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа ийм шалгалт хийгдээгүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, шийдвэр гараагүй. Ажилдаа бие сэтгэл гарган ажиллаж байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажил олгогчийн дээрх хууль бус шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 658064 төгрөг /үндсэн цалин 572230 төгрөг, ур чадварын нэмэгдэл 15 хувь болох 85834 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч , спортын хорооны дарга Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , спортын хороо жил бүр Налайх дүүргийн Засаг даргатай 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн эцэст үйл ажиллгааны тайланг гаргаж, үр дүн гүйцэтгэлийг тооцон цаашид ажиллах эсэх асуудлаа дүгнүүлж, үргэлжлүүлэн ажиллах эрхээ авдаг. Манай байгууллага ажилтнуудтайгаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажилладаг, энэ дагуу Г.*******той гэрээ байгуулсан.Би Г.*******д 2016 оны 12 сарын 24-ний өдөр халагдах болсныг амаар хэлж, 01 сарын 02-нд тушаал гаргасан.Г.*******г улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор ажлаас чөлөөлөөгүй байхад гүтгэж байна.Г.*******г ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь: Г.*******той байгуулсан гэрээний хугацаа дууссан, Г.******* мэргэжил, ур чадварын хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаа нь 2016 онд манай байгууллагад хийсэн аудитын шалгалтын дүгнэлтээр батлагдаж, 950300 төгрөгийг акт тавигдсан..Мөн байгууллагын архивын цахим хадгаламжийн файлыг хүлээлцээгүй, ажилгүйчүүдийн тэтгэмжийг зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтсээс авсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* , спортын хорооны дарга Д.*******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 658064 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд ажиллаагүй байсан 01 сараас 04 сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2632256 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэн татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын үндэслэлээ дэмжиж, шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний нэг жилийн хугацаа дууссан, Г.*******д ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудсыг өгсөн, мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй гэж марган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож, , спортын хорооны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаар дугаар албан бичиг, , спортын хорооны даргын 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, өргөдөл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар;
Хариуцагч талаас тайлбараа нотлож, Налайх дүүргийн биеийн тамир спортын хорооны 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Засаг даргын Д.*******ыг тус дүүргийн биеийн тамир спортын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулах тухай Б/38 дугаар захирамжийн хуулбар, Нийслэлийн Аудитын газрын 03 дугаар сарын 15-ны өдрийн 724 тоот албан бичгээр тус дүүргийн биеийн тамир спортын хороонд хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай 01/72 дугаар актын хуулбар зэрэг баримтуудыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас гаргуулсан 2016 оны 07 сараас 12 сарын цалингийн мэдээлэл, хариуцагчийн хүсэлтээр Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 3 сарын 27-ны өдрийн 88 дугаар албан бичиг, хавсралт, ажилгүйдлийн тэтгэмж авсан баримтууд зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэх боломжтой.
Нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагыг хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, аудитын шалгалтаар илэрсэн алдааг засаагүй, акт тогтоогдсон, санхүүгийн тайлан, мэдээний файл устгасан, ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан гэж маргасан болно.
Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн биеийн тамир спортын хороотой 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэж хуульчилсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.*******той байгуулсан нэг жилийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Зохигч талуудын мэтгэлцээн, тэдгээрийн тайлбарууд, хэрэгт цугларсан бичгийн баримтуудад шүүх дараах дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэгч Г.******* ажил олгогч , спортын хороотой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нягтлан бодогчийн байнгын ажил, албан тушаалд томилогдон ажилласан ба Нийслэлийн Аудитын газрын төлбөр барагдуулах акт нь Г.*******г ажлаас чөлөөлсний дараа гарсан огноотой, актын биелэлтийг 05 сарын 30-ны дотор ирүүлэхээр хариуцуулсан, тухайн байгууллагын акт тогтоосон санхүүгийн аудиторын тамга тэмдэггүй тул бичмэл баримтын шаардлагыг хангаагүй, үнэлэх боломжгүй гэж үзэв.
, спортын хорооноос Г.*******д 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сунган ажиллах боломжгүй болсон тухай мэдэгдэх хуудас өгч, 01 сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус байгууллагын нягтлан бодогч ажилтай Г.*******г ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч , спортын хорооны дарга Д.******* шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* нь ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй гэх тайлбарыг өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” заасны дагуу Г.*******г мэргэжил, ур чадварын түвшин тогтоох салбарын болон мэргэжлийн комиссын албан ёсны дүгнэлтээр гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдоогүй байхад 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нотлох баримтаар өгсөн 3 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт нь хуулийн шаардлага хангаагүй байгаа нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн өргөдөл, тэтгэмж тогтоолт, тэтгэмж олголтын хуваарь зэрэг Г.*******д ажилгүйдлийн тэтгэмж олгосон баримтууд энэ үндэслэлийг нотлохгүй байна.
Иймээс ажил үүргээ хийж гүйцэтгэж байсан нягтлан бодогч Г.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г.*******г , спортын хорооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 658064 төгрөг гаргуулахыг шаардаж, шүүх хуралдаанд 01 сараас 04 сарыг дуустал 2632256 төгрөгийн олговрыг гаргуулахаар нэмэгдүүлсэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалын хавсралтын 7-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоход 1716690 төгрөг, 01 сард 572230:21.5=26615x11 хоног=292765 төгрөг, 05 сард 26615 төгрөг, нийт 2036070 төгрөгийг хариуцагч , спортын хорооноос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 596186 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар олговорт олгогдох 2036070 төгрөгөөс шимтгэл, хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 47527+70200=117727 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******г , спортын хорооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч , спортын хорооноос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2036070 /хоёр сая гучин зургаан мянга дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 596186 /таван зуун ерэн зургаан мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2036070 /хоёр сая гучин зургаан мянга дал/ төгрөгөөс шимтгэл, хураамжийг холбогдох байгууллагад төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг , спортын хороонд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 117727 /нэг зуун арван долоон мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ