| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/143 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч С.С,
Шүүгдэгч К.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт ........................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар , Баяр овогт К.Ж.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч К.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ........................................................................ тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Стай "цахим орчинд буюу фейсбүүк дээр миний зургийг тавьчихсан байна" гэх зүйлээр шалтаглан түүний хүзүүн дээр нь өвдөглөж байгаад толгойн тус газарт нь 5-6 удаа цохиж улмаар тархины доргилт, уруулд язралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруу цас хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч К.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....тэр өдөр архи уугаад согтуу орж ирээд агсам тавьж гар хүрсэн...” гэв.
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ........................................................................ тоотод гэртээ бага хүү М, нөхөр К.Ж нарын хамт байж байтал 18 цагийн үед нөхөр дэлгүүр гараад орж ирэхдээ лаазтай пиво нэгийг авчихсан орж ирсэн. Тэрийгээ уучхаад гэрээс гарч ороод хашаан дотор явж байхдаа хашаан дотор архи тавьчихсан ганцаараа уугаад яваад байсан юм. Тэгээд орой болоод хүү бид хоёр унтах гээд байж байтал нэлээн согтчихсон байсан. Тэгснээ гэв гэнэт чи миний зураг бичлэгийг фейсбүүкт тавилаа гээд над руу уурлаад намайг газар дарж унагаагаад хүзүүн дээр дарж байгаад миний толгой руу 5-6 удаа цохисон. Тэгээд төд удалгүй манай дүү М орж ирээд намайг авч яваад нөхрийг цагдаа дуудаж өгсөн.... Бид хоёр анх 2012 онд анх танилцаж 2013 онд нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ч манай нөхөр байгаа юм. Бид хоёр дундаасаа 6 настай М гэх хүүтэй, би нөхөртэйгөө танилцахдаа охинтой байсан юм. Охин маань одоо 12 настай М гэх охинтойгоо 4-үүлээ хамт амьдардаг... 2014 онд намайг Налайх дүүргийн 5-р хороонд зодож байсан. Тэрнээс хойш миний биед гар хүрч зодож байгаагүй. Хүүхдүүддээ ч гар хүрч зодож байгаагүй, хааяа нэг буруу зүйл хийсэн үед нь загнаж байгаа харагддаг.... Уг нь манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй бол гэртээ хүүхдүүдээ хараад, гэр орныхоо ажлын хийгээд байж байдаг. Даанч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээрээ хэрүүл маргаан үүсгээд агсам тавиад байдаг юм. Элэгний цироз гэх өвчтэй бие нь өвддөг, группэд байдаг. Хүүхдүүддээ халамжтай сайн аав, гэхдээ сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэж байгаа. Болиоч гэхээр бие өвдөөд архи ууж байна гэх мэт зүйлс яриад архи уугаад байдаг юм.... Миний толгой доргисон, уруул язарсан байсан... Би хэд хэдэн удаа бариа, массаж хийлгэсэн. Гэхдээ надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..." /хх-03-05/гэх мэдүүлэг,
“.....2021 оны 07 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр К.Ж гэрээс дэлгүүр орлоо гээд гараад явсан. Тэгээд 19 цагийн үед орж ирэхдээ халамцуу байсан гадагшаа гарч гүйгээд байсан, гадаа архи тавьчихсан уугаад байсан юм байна лээ. 23 цагийн үед чи миний зургийг фэйсбүүк дээр тавьсан байна гээд орилж босож ирээд зурагтаа авч шидэх гэхээр нь би босож зурагтаа барьж авсан. Тэгээд намайг янхан, гичий минь чамтай амьдрахгүй гээд газар дарж унагаагаад хүзүүн дээр өвдөглөж байгаад толгой руу 5 -6 удаа цохисон тэгээд манай 6 настай хүүхэд М аав болиоч би цагдаа дуудлаа шүү гээд зогсож байтал манай нөхөр К.Ж очоод түлхээд унагаасан. Тэгээд би дүү рүү нь залгаад энэ ахыгаа ирж ав энэ хүн намайг зодоод байна гэж хэлэхэд би хотод байна чадахгүй гэж хэлсэн. Удалгүй манай дүү М орж ирээд манай хүү бид хоёрыг гэр лүүгээ авч явсан тэгээд цагдаа дуудсан.... Намайг түлхэж газар унагаагаад хүзүүн дээр өвдөглөж байгаад миний толгой руу 5-6 удаа цохисон.... Намайг 2014 онд манай нөхөр К.Ж Налайх дүүргийн 5-р хороо Гордокийн байрны гадаа намайг зодож гэмтэл учруулж байсан. Архи уусан үедээ байнга хэл амаар доромжилж, гэр орны эд зүйлсээ эвдэлж хагалдаг, байнга сэтгэл санааны дарамтад оруулдаг.... : Манай 6 настай хүү М, нөхөр К.Ж, бид гурав байсан... Би нөхөртэйгөө 10 жил хамт амьдарч байгаа гэр бүлийн баталгаа байхгүй....” /хх-06-08/ гэх мэдүүлэг,
Гэрч К.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би эхээс наймуулаа, 3 эрэгтэй, 5 эмэгтэй дүүтэй. К.Ж бол манай хамгийн бага дүү байгаа юм. К.Ж нь дээрээ 5 эгч, 2 ахтай. Би дунд эгч нь байгаа юм. Манай дүү хүнд хэлбэрийн элэгний цироз өвчтэй, бага зэрэг бие муутай хүүхэд байдаг юм. Манай дүү сүүлийн үед өвчнөөсөө болоод архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэчих гээд байдаг болчихсон. Манай дүү нэг их архи ууж чаддаггүй, 200 орчим мл архи уугаад л согтчихдог юм. К.Ж нь С.Стай суугаад одоо 8 гаруй жил болж байна. Дундаасаа М гэх 6 настай хүүтэй, манай бэрийн дагавар охин М 12 настай. Манай дүү уг нь хүүхдүүддээ их халамжтай. Гэртээ байгаа үедээ байнга л гэр орныхоо ажлыг хийж байдаг, халамжтай сайн аав байгаа юм.... Би тэрийг сайн мэдэхгүй байна. 2021 оны 07 дугаар сард нэг хоорондоо муудалцсан гэж байсан нарийн ширийнийг би сайн мэдэхгүй. Өмнө нь тэр хоёр хааяа нэг маргалддаг л байсан болохоос бие биедээ гар хүрч байсан талаар огт сонсоогүй..." /хх-10/ гэх мэдүүлэг,
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлаа тараад Налайх дүүргийн 7-р хороо Шинэ Налайх хороололд байх гэртээ иртэл манай төрсөн эгч С.Сгийн том охин С.М манай гэрт ирсэн байсан. Тэгээд бид нар унтахаар болоод хэвтэж байтал 22 цаг 55 минутын орчимд С.М рүү түүний дүү М фейсбүүк мессенжрээр залгаад "аав ээжийг зодоод байна" гэж хэлсэн. Тэгэхээр би С.Мий утсыг хартал эгч С.Сгийн нөхөр К.Ж эгчийг зодож байгаа нь надад харагдсан. Тэгэхээр нь би өөрийн дүү С.М рүү залгаад эгчийг нөхөр нь зодоод байна, чи машинтай юм чинь хурдан яваад оч гэж хэлчхээд гадуур хувцсаа өмсөөд эгчийн гэр лүү очих санаатай гэрээс гараад явж байтал байрны үүдэнд манай дүү С.М эгч С.С, эгчийн хүүхэд М нарыг гэрээс нь аваад хүрээд ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад "нөхөр гаднаас орж ирээд зүгээр унтах гээд хэвтэж байтал ямар ч шалтгаангүй хэрүүл маргаан үүсгээд, намайг зодсон гэж хэлсэн. Ингээд гэрт оруулаад эгчийн нүүр царайг хартал нүүр ам нь хөхөрч хавдсан, гар хөл нь зулгарсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд тэдний гэрийн гадаа очиж цагдаа нарыг ирэх хүртэл хүлээж байгаад дуудлагаар ирсэн цагдаа нартай хамт орох үед К.Ж ах хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан учраас цагдаа нар аваад явсан.... Манай хүргэн ах К.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглээд байдаг юм шиг байна лээ. Яг зодож цохиж байсныг нь мэдэхгүй ч 2014 онд эгчийг нэг удаа зодоод цагдаагийн байгууллагад шалгуулж байсан юм.... Эгчийн баруун талын хацар, шанаа хэсэг нь хөхөрч хавдсан, тэр хэсэгтээ байнга гараараа дарж нэлээд зовуурилж байгаа нь мэдэгдэж байсан. Мөн баруун гар нь булчингийн гадна хэсэгт хөхөрсөн, хамар нь мурийсан юм шиг эвгүй харагдаад байсан. өөр ил харагдах шарх сорив, бэртэл гэмтэл харагдаагүй.... Манай эгч, хүргэн ах К.Ж нар 2012 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. дундаасаа нэг хүүхэдтэй, С.С эгч айлын 2 дахь хүүхэд бөгөөд дороо 2 дүүтэй. ..................................................................... ажилтай, ааш зангийн хувьд даруухан, дөлгөөн зантай, амьдралаа гэсэн зорилготой хүн байгаа юм. Хүргэн ах К.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, тэгээд согтчихоороо манай эгчид агсам согтуу тавьдаг юм шиг байна лээ. Эгч байнга энэ тухай яриад байдаггүй, бид нар ч хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүргэн ах архи уухаараа агсам согтуу зантай болчхоод эрүүл болохоороо хүнтэй огт юм ярьдаггүй, 2014 оноос хойш тогтсон ямар нэгэн ажил төрөл хийгээгүй. 2012 оноос 2014 оны хооронд цэцэрлэгжүүлэлтэд ажиллаж байгаад гарсан байдаг. Элэг муутай учраас группэд орсон байдаг. Байнга л бие хаа нь муудлаа гэж эмнэлэгт хэвтсэн дуулдаж байдаг. Миний К.Ж нь айлын ганц хүү учраас эрх дураараа юм шиг санагддаг. К.Ж ахын эгч нар нь нэлээд хэл амтай хүмүүс шиг санагдсан..." /хх-12/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2021 оны 07 дугаар сарын 23-ны 22 цаг 58 минутад С.С гэх фэйсбүүк чатаар дүрс дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын автал С.С эгч энэ архи чинь гуйлгачнаа ирж ав танай ах чинь намайг зодсон гэхээр нь ахтайгаа ярих гэтэл манай ах юу ч ярьж чадахгүй байсан. С.С эгч буцаж утсаа аваад энэ архичнаа ирж ав гээд манай ах К.Жыг алгадаж толгой руу нь цохиод байхаар нь би болиоч юу болоод байгаа юм гэтэл энийгээ ирж ав гэж хэлсэн. Удалгүй араас нь С.С эгчийн дүү М гэр лүү нь орж ирээд К.Ж ахыг цээж, нуруу, хөл хэсэгт нь өшиглөөд энэ гэрээс зайл гуйлгачин минь гээд байсан. Тэгээд М С.С эгчээс утсыг нь аваад намайг гичий минь ирж энэ архичнаа ав гэж хэлээд 23 цаг 04 минутад видео дуудлага тасарсан. Дахиж 23 цаг 12 минутад миний утас руу ................... дугаараас залгаад муу гичий минь ирж архичнаа ав гээд хэл амаар доромжлоод байсан...." /хх-13-14/ гэх мэдүүлэг,
“...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг 55 минутад 6 настай хүү М төрсөн эгч М рүү видео колл хийгээд “аав ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Мийн аав К.Ж нь өөрийн болон С.Сг зодож байхыг М хараад видео колл хийсэн юм. Тэгэхээр нь би утсыг нь аваад зодож байхыг нь харсан. Тэгээд би өөрийн дүү М рүү залгаад С.С эгчийг нөхөр нь зодоод бана хоёулаа очъё гээд чи түрүүн очоод С.С эгчийг аваад манайд хүрээд ир гэж хэлсэн. 23 цагийн үед манай дүү М эгч С.Сг манай гэрт авч ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”/хх-15-16/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч К.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед дэлгүүрээс 0,5 граммын хараа архи 1 ширхэг, лаазтай пиво 1 ширхгийг авч гэртээ ирээд ганцаараа уусан. Тэгээд тэрийгээ уучхаад гэрт байсан 0,33 граммын голд Чингис архи уугаад байж байгаад гэрээс гарч дахиж нэмж архи уух гэтэл манай эхнэр “чи хаашаа явах гээд байгаа юм бэ” гэж хэлснийг нь санаж байна. Ганцаараа олон шил архи уусан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна... Би эхнэртэйгээ маргалдаж зодож цохисон оо санахгүй байна... Би архи уусан үедээ эхнэрээ хэл амаар доромжилдоггүй... Би байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалддаг....” /хх-19-21/ гэх мэдүүлэг,
“...2021 оны 07 дугаар сарын 23-ний өдөр би ........................................................................ тоотод байх гэртээ гаднаас архи уучхаад орж ирсэн юм. Тэгээд унтаж байтал эхнэр над руу уурлаад сэрээхээр нь би уурандаа эхнэрээ зодчихсон юм. Яг хаашаа нь яаж цохиж зодсоноо санахгүй байна, би нойрмог байсан дээрээ, нэлээн согтолттой байсан... Би элэгний архаг цироз гэх өвчтэй эмнэлгийн хяналтад байдаг. Би группэд байдаг. Сүүлийн үед бие өвдөөд байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг их хэрэглээд байсан юм. Одоо би өөрийн алдааг ухаарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, эхнэр хүүхэдтэйгээ эвтэй амьдарна... Би өмнө нь 2014 онд эхнэрээ зодож байснаас өөрөөр эхнэртээ гар хүрч байгаагүй...” /хх-37-38/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
3 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-39-40/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-42-46/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-47/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ........................................................................ тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Стай "цахим орчинд буюу фейсбүүк дээр миний зургийг тавьчихсан байна" гэх зүйлээр шалтаглан түүний хүзүүн дээр нь өвдөглөж байгаад толгойн тус газарт нь 5-6 удаа цохиж улмаар тархины доргилт, уруулд язралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруу цас хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан болох нь Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой болоод хүү бид хоёр унтах гээд байж байтал нэлээн согтчихсон байсан. Тэгснээ гэв гэнэт чи миний зураг бичлэгийг фейсбүүкт тавилаа гээд над руу уурлаад намайг газар дарж унагаагаад хүзүүн дээр дарж байгаад миний толгой руу 5-6 удаа цохисон. Тэгээд төд удалгүй манай дүү М орж ирээд намайг авч яваад нөхрийг цагдаа дуудаж өгсөн.... Архи уусан үедээ байнга хэл амаар доромжилж, гэр орны эд зүйлсээ эвдэлж хагалдаг, байнга сэтгэл санааны дарамтад оруулдаг...”гэх мэдүүлэг, Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд бид нар унтахаар болоод хэвтэж байтал 22 цаг 55 минутын орчимд С.М рүү түүний дүү М фейсбүүк мессенжрээр залгаад "аав ээжийг зодоод байна" гэж хэлсэн. Тэгэхээр би С.Мий утсыг хартал эгч С.Сгийн нөхөр К.Ж эгчийг зодож байгаа нь надад харагдсан. Тэгэхээр нь би өөрийн дүү С.М рүү залгаад эгчийг нөхөр нь зодоод байна, чи машинтай юм чинь хурдан яваад оч гэж хэлчхээд гадуур хувцсаа өмсөөд эгчийн гэр лүү очих санаатай гэрээс гараад явж байтал байрны үүдэнд манай дүү С.М эгч С.С, эгчийн хүүхэд М нарыг гэрээс нь аваад хүрээд ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад "нөхөр гаднаас орж ирээд зүгээр унтах гээд хэвтэж байтал ямар ч шалтгаангүй хэрүүл маргаан үүсгээд, намайг зодсон гэж хэлсэн. Ингээд гэрт оруулаад эгчийн нүүр царайг хартал нүүр ам нь хөхөрч хавдсан, гар хөл нь зулгарсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг, гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2021 оны 07 сарын 23-ны 22 цаг 58 минутад Сүхбаатар С.С гэх фэйсбүүк чатаар дүрс дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын автал С.С эгч энэ архи чинь гуйлгачнаа ирж ав танай ах чинь намайг зодсон гэхээр нь ахтайгаа ярих гэтэл манай ах юу ч ярьж чадахгүй байсан.." гэх мэдүүлэг, Шүүгдэгч К.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэртэйгээ маргалдаж зодож цохисон оо санахгүй байна... Би архи уусан үедээ эхнэрээ хэл амаар доромжилдоггүй... Би байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалддаг....”, “...2021 оны 07 дугаар сарын 23-ний өдөр би ........................................................................ тоотод байх гэртээ гаднаас архи уучхаад орж ирсэн юм. Тэгээд унтаж байтал эхнэр над руу уурлаад сэрээхээр нь би уурандаа эхнэрээ зодчихсон юм. Яг хаашаа нь яаж цохиж зодсоноо санахгүй байна, би нойрмог байсан дээрээ, нэлээн согтолттой байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаар шинжээчийн гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаар шинжээчийн гэх дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Жд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч К.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч К.Жд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээлгэх санал гаргасан ба шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяр овогтой К.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч К.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД