| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0103/Э/220/2021/0612 |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 89 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Мт холбогдох эрүүгийн 2107000000101 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг Баян суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө ................................................ тоотод Д.Бы цээжин тус газарт нь 1 удаа хутгалж цээжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумаас нөхөртэйгөө найзындаа ирсэн. Тэгээд бид нар пиво ууж хоорондоо маргалдаад болчимгүй юм хийсэн. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна манай нөхөртэй адууны асуудал байсан тэрийгээ нэхсэн юм болов уу гэж бодсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Мийн өгсөн: “...Би оронгуутаа Д.Б руу уурлаад “чи яахаараа намайг хөөж байгаа юм бэ” гэж хэлэхэд Д.Б газар засаад хэвтэж байсан орноосоо босоод ирэхээр нь би хоол хийдэг шүүгээг нь онгойлгоод жижиг хар иштэй хутга байхаар нь аваад цээжинд нь хатгачихсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар тал/
2.Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Бы өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ........... тахианы үйлдвэрт ажилладаг М ахын гэрт буюу ............................................................. тоотод ирэхэд М ах байхгүй эхнэр Б нь байсан. Тэгээд араас найз Б эхнэр Г.Мийн хамт гэрт нь 13 цаг өнгөрч байхад ирсэн. Бид нар Б эгчийнд байсан 2.5 литрийн Б........... нэртэй 2 пивыг ууж дуусгачхаад Б бид хоёр гараад дэлгүүрээс дахин 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво гурвыг авчирч бид нар хувааж ууцгаасан. Уугаад сууж байхад Г.М над руу уурлаад айлд аяга авч шидээд байсан. Түүнээс хойш нэлээн сууж байгаад Г.Мийн агсам согтуу тавиад байхаар нь Б эгч хөөгөөд гаргасан. Би газар зассан орон дээр хэвтээд өгсөн. Г.М, Б хоёр цонх тогшоод байхаар нь Б эгч хаалгаа тайлж оруулахад Г.М та хоёр явалдаад байдаг юм биш үү гэхээр нь би босоод зогсоход над руу ирээд баруун гартаа барьсан жижигхэн хар иштэй хутгаар миний цээжний зүүн талд хатгаад нөхөр нь хутгыг нь авах гээд ноцолдоход хутгаа өгөлгүй хоолны шүүгээний дээр байгаа гамбанз модны хажууд тавьсан. Б эгч миний цээжний цусыг тогтоохоор арчиж цэвэрлээд эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Оын өгсөн: “...би 2021 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Чулуут 10-аас өгсөн дуудлага мэдээллийн дагуу .................................................................... тоотод очиход Д.Б гэх эрэгтэй цээжнийхээ зүүн хэсэгтээ 2-3 см орчим урттай зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус гарч гэрийн эзэн гэх Б гэдэг эмэгтэй шархыг нь боож байсан. Д.Баас хэнд хутгалуулсан талаар асуухад “Г.М намайг хутгалсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр В.Бгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхрийн хамт ажилладаг Д.Б, Б эхнэр Г.Мийн хамт манай гэрт ирээд пиво ууцгаасан. Манай нөхөр М өглөө ажилдаа явсан бөгөөд өдөр тэднийг ирсэн гээд гэртээ хальт ирчхээд буцаад ажилдаа явсан. Тэд нарын авчирсан пиво нь дуусаж Д.Б, Б хоёр дэлгүүр явж дахин пиво авчирч ууцгаасан. Оройхон тийш Д.Б, Г.М хоёр маргалдаад муудах гээд байсан. Шөнө 01 цагийн үед яв гээд Б, Г.М хоёрыг гэрээсээ гаргаад хаалгаа түгжсэн чинь буцаж орох гээд цонх цохиод байхаар нь хаалгаа нээж оруулахад Г.М та хоёр унтаад байгаа юм уу, та хоёр заваарлаа гээд манай хоолны шүүгээний хамгийн дээд талын шургуулгад байсан хар иштэй жижиг хутгыг авч газар ор засаад унтах гэж байсан Д.Бы цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалсан. Тэгээд ширээн дээр хутгаа тавиад юу ч дуугараагүй. Би яаж байгаа юм бэ гэхэд Д.Бы цээжнээс цус олгойдож урсахаар нь дээгүүрх цамцыг нь тайлаад цусыг нь арчаад эмнэлэг, цагдаа дуудсан. Г.М та хоёр биднийг гаргачхаад хоорондоо унтлаа гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Бгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн эхнэр Г.Мийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Элстэйд байх гэртээ байж байгаад 12 цагийн үед Налайх дүүрэг орж гар утас янзлуулах, эхнэрт нүдний шил хийлгэх гээд гэрээсээ гарсан. Би замдаа Налайх орох гэж байгаа болохоор найз Д.Бтайгаа утсаар ярьтал Налайх дүүргийн 4 дүгээр хороо Их аманд айлд байна шууд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь бид хоёр .................................................................... тоотод 13 цагийн үед очтол Д.Б гарч ирээд манай таньдаг эгчийнх байгаа юм гээд Б гэх хүний гэрт орсон. Тэгээд бид нар тэднийд ууцгаасан. Пиво дуусахаар нь Д.Б бид хоёр дэлгүүр явж дахиад 3 пиво авчраад ууж дуусгаад байж байтал гэв гэнэт манай эхнэр Г.М, Д.Б хоёр маргалдаад байсан. Тэгтэл тэр гэрийн эзэн гэх Б эхнэр бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд бид хоёр хонох газаргүй байсан болохоороо хаалгыг нь нүдэж байгаад буцаад орсон. Оронгуутаа манай эхнэр Д.Б руу дайраад “чи яахаараа намайг хөөж гаргадаг юм” гээд хэрэлдээд байсан. Тэгтэл Д.Б газар хэвтэж байгаад босоод иртэл манай эхнэр тэр айлын гал тогооны тавилгын шүүгээг онгойлгоод хар иштэй жижиг хутга гаргаж ирээд Д.Бы цээж хэсэгт хутгалчихсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр тал/
6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/239 дүгээр: “Д.Бы биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 34 дүгээр тал/
7. Шүүх эмнэлгийн шинжээч ахмад О.Баттулгын 1387 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, улбар шар өнгийн цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 39-44 дүгээр тал/
7. Яаралтай тусламжийн 2121 дугаар хуудас,
/хх-ийн 35-36 дугаар тал/
8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 8-13 дугаар тал/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 56 дугаар тал/
10. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 59 дүгээр тал/
11. Г.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-71 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Шүүгдэгч Г.М нь 2021 оны 04 сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бы цээжин тус газар нь хутгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Г.М нь хохирогч Д.Бд эмчилгээний зардал 340.000 төгрөг өгсөн Д.Б нь эмчилгээний зардал дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр шүүгдэгч Г.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэгт нэг ширхэг хутга хураагдсан энэ хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Түүнд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хамруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хороо Их ам 27-2 тоотод хохирогч Д.Быг “хөөж гаргалаа, Бтай заваарлаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний цээжин тус газарт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Г.Мийн “...би хоол хийдэг шүүгээг нь онгойлгоод жижиг хар иштэй хутга байхаар нь аваад цээжинд нь хатгачихсан” гэх,
хохирогч Д.Бы “...баруун гартаа барьсан жижигхэн хар иштэй хутгаар миний цээжний зүүн талд хатгаад нөхөр нь хутгыг нь авах гээд ноцолдоход хутгаа өгөлгүй хоолны шүүгээний дээр байгаа гамбанз модны хажууд тавьсан.” гэх,
гэрч Ж.Оын “...цээжнийхээ зүүн хэсэгтээ 2-3 см орчим урттай зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус гарч гэрийн эзэн гэх Б гэдэг эмэгтэй шархыг нь боож байсан. Д.Баас хэнд хутгалуулсан талаар асуухад “Г.М намайг хутгалсан” гэж хэлж байсан” гэх,
гэрч В.Бгийн “...хар иштэй жижиг хутгыг авч газар ор засаад унтах гэж байсан Д.Бы цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалсан.” гэх,
гэрч М.Бгийн “...хар иштэй жижиг хутга гаргаж ирээд Д.Бы цээж хэсэгт хутгалчихсан” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/239 дүгээр: “Д.Бы биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Мийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь “...эмчилгээний зардалд 340.000 төгрөг авсан ба гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.
Гэтэл шүүгдэгч Г.М нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Бд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй байна.
Иймд шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ