Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 201

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* тоотод байрлах ******* уламжлал ХХК-д холбогдох 

Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 5192998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Г., хариуцагч ******* уламжлал ХХК-ийн захирал Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: +2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дуусаад бараг 6 сар болж байна. Би энэ хүний нөхцөл байдлыг ойлгож байна, гүйцэтгэх захиралдаа танилцуулъя гэж хэлсэн. Энэ дэлгүүрийг хариуцсан ахлах худалдааны төлөөлөгч мэдэж байгаа, олон удаа хэлж байсан. Тэгээд би *******д 100000 төгрөг өгөөд үндсэн төлбөрөөсөө жаахан ч гэсэн багасгаад өгвөл би захиралд хэлж болно, өдий 6 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байж одоо эвлэрээд хуваарийн дагуу төлнө гэхэд компанийн захирал зөвшөөрөх магадлал бага байгааг хэлсэн. Энэ талаар албаны хурал хийгдсэн. Одоо төлөх хугацаа 6 сар биш 10 сарын хугацаа болж байна. Бид гэрээний сүүлийн хугацаанаас хойш тооцоод байгаа юм. Тэгээд 10 сарын хугацаанд төлөхгүй боломжийг хүлээгээд байвал байгаад л байна. Тиймээс бид энэ хүнийг дахиж сонсохгүй гэж ярьсан, 1 сард 50000 эсвэл 100000 төгрөг төлж байсан бол харгалзан үзнэ. Энэ маргаан 1 жил болох гээд байна. Энэ удаа шүүхээр шийдвэрлүүлье. Дараагийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа байдаг учраас эвлэрээд явах боломжтой. Би өөрөө компанийн эрх ашиг сонирхлыг хамгаалах ёстой хүн учраас захиралдаа очоод нэг харилцагчийг хамгаалаад ярих нь миний хувьд асуудалтай байна. Иймээс авлагын журмын дагуу шүүхэд хандаад явж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө олон удаа хариуцагчтай биечлэн уулзаж, эвлэрэх талаар ярьсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо алданги бууруулж, хасах саналгүй, бид гэрээнд заасны дагуу хагцаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцдог. Гэрээний 7.2-т заасны дагуу алданги нэхэмжилж байна. Алданги нийтдээ 50 хувиас хэтэрсэн тохиолдолд үндсэн гэрээний нэхэмжилсэн үнийн дүн, гэрээний хугацаанд 3000000 төгрөг нэхэмжлэхгүй гэсэн үг. Гэрээний хугацаа дууссанаар үлдэгдлийг хүлээлгэж өгөх ёстой. Энэ тохиолдолд үлдэгдэл бараа байхгүй тул төлбөр 3461999 төгрөгийн барааны төлбөр нийт 5192998 төгрөгийг ******* Уламжлал ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний хугацааны тухайд 8.1-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай, 1 жилээр сунгагдах нөхцөлтэй байгуулж, 1 жилийн хугацаа дуусаад 1 сарын хугацаа мөн дууссан. Хугацаа дуусахад ******* Уламжлал ХХК төлбөрөө төлөөгүй тул бид гэрээг сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн хугацаанд 3000000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 400000 төгрөгийг төлөхгүй байсан тул гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байсан. Гэхдээ бид хүлээж байгаад гэрээний хугацаа дуусгавар болсон. Талууд бол 2 компани байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй, талуудын хооронд Иргэний хуулийн 262  дугаар зүйлд заасан бараа зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Энэ гэрээ хуульд заасан бичгээр хийгдсэн гэрээ юм. Гэрээнд талуудын эрх үүргийг хангалттай зохицуулсан. Мөн үүргээ хугацаанд нь төлөөгүй тул гэрээний дагуу 3461999 төгрөгийн бараа материалыг худалдагчаас худалдан авагчид шилжүүлж өгсөн. Талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Барааны үлдэгдэл төлбөрт хариуцагч тал маргаагүй. Гэрээний 7.2-т зааснаар алдангийг тооцож үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаас давсан тул алданги нь гэрээний үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн 1730999 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Энэ алданги нь хуулийн шаардлага хангасан бичгээр хийгдсэн алданги байгаа. Нийт 5192998 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараар хүүхэд нь өвчтэй боломжгүй гэдгийг шүүхэд хангалттай хэллээ. Энэ нь 2 компанийн хоорондын харилцаа байгаа учраас төлбөрийг компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* уламжлал ХХК-ийн захирал Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Бизнес маань дампуурсан учраас төлбөрийг хийж чадаагүй. Мөн миний охин хүнд хэлбэрийн хавдраар өвчилсөн. Монгол улсад эмчилгээгүй учраас алдангийг төлж чадахгүй, үндсэн төлбөрийг төлье. Миний нөхцөл байдлыг ойлгоорой гэдэг хүсэлтэй байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Одоогоор ажилгүй хүүхдээ харж байна. Хүүхэддээ туршилтын эмчилгээ хийлгэж байна. Үндсэн төлбөр 3462199 төгрөгийг төлөх хүсэлтэй, алдангийг төлж чадахгүй байна. Яагаад гэвэл хүүхэд маань эмчилгээгүй хүнд нөхцөлд байна. Ер нь бол хуульчтай харилцан ярилцаж байна. Цаашаа компанийн удирдлага, асуудлыг шийдвэрлэх шатны хүнтэй уулзах хүсэлтийг амаар хэд хэдэн удаа гаргасан боловч хүлээж авах боломжгүй гээд байгаа. Би нэхэмжлэгч талд хүсэлт гаргасан. Одоогоор манай хүүхэд сард 4 сая орчим төгрөгийн эм туршилтаар ууж байна. Энэ нь одоо байгаа хавдарыг түр зогсоох арга хэмжээ авч байна. Цаашдаа нөлөөлөхгүй бол эмчилгээгүй болж хувь тавилантайгаа эвлэрэх болно. Тиймээс 50000, 100000 төгрөг байсан ч төлбөрт хийх ямарч боломжгүй байна. Тарианыхаа мөнгийг яаж хурдан бүрдүүлэх нөхцөл байдалтай байгааг хэлсэн. Төлбөрийг 2 жилийн хугацаанд төлье гэж хэлсэн. Учир нь манай хүүхэд маш урт хугацаанд явагдах эмийн эмчилгээтэй байгааг хүлээж аваагүй. Тэгэхээр би яг үнэндээ өнөөдөр, маргааш ч магадгүй 2 сарын дараа ч 50000 төгрөг төлөх боломжгүй, хүүхдийнхээ биеийн байдлыг тогтвортой болгоод цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж мэдээж төлнө. Хууль болон гэрээнд заасан нөхцөл байдлыг би ойлгож байна. Гэхдээ компани ч гэсэн цаана нь Монголиа Стар Дистрибюшин ХХК, ******* Уламжлал ХХК 2-ыг хооронд нь харьцуулшгүй цаана нь үр дагавартай компаниуд учраас би нэхэмжлэгч талаас нийгмийн хариуцлага, хувь хүний хувьд ойлгоод үндсэн хохирлыг барагдуулъя, алдангиа хасахыг хүсч байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* уламжлал ХХК-д холбогдуулан бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 5192998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.

Хариуцагч ******* уламжлал ХХК-ийн захирал Э.******* өөрийн охины бие хүнд байгаа хавдрын хагалгаанд орсон одоо үргэлжлүүлэн химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа тул үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангид шаардсан 1730999 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төлж барагдуулахгүй гэж маргана.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлож, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК болон ******* уламжлал ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн э/с-98/15 дугаар бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ******* ХХК, ******* уламжлал ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой;

Харин ******* ХХК-ийн 541, 1874, 2038, 413, 2762, 1755 дугаар зарлагын падаанууд, Э.*******гийн иргэний цахим үнэмлэх болон ******* уламжлал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул үнэлээгүй;

Хариуцагч талаас тайлбараа нотолсон баримт ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* уламжлал ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр э/с-98/15 дугаар бараа зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх ба гэрээний 8.2.-т зааснаар 1 сарын хугацаагаар сунгагдан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусах үед хариуцагч ******* уламжлал ХХК нь төлбөрийн 3461999 төгрөгийн үлдэгдэлтэй байсан үйл баримтад талууд маргаагүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан уг гэрээний 7.2.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* уламжлал ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл ирсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 140 хоногийн алдангийг шаардах эрхтэй.

Хариуцагч ******* уламжлал ХХК-ийн захирал Э.******* өөрийн охины бие хүнд байгаа хавдрын хагалгаанд орсон одоо үргэлжлүүлэн химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, санхүү эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаагаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан хэдий ч уг тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй ба  1 сард 50000 эсвэл 100000 төгрөгийг төлүүлэх санал гаргасан боловч хариуцагч төлөөгүй тул нэхэмжлэгч тал алдангийг хасах Э.*******гийн тайлбарыг зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч ******* уламжлал ХХК гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 3461999 төгрөгийн 0,5 хувийг 140 хоногт үржүүлэхэд 2423400 төгрөг байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хуулийн заалтыг баримтлан хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 3461999 төгрөгийн тал хувь 1730999 төгрөгийн алдангийг үндсэн төлбөр 3461999 төгрөг, нийт 5192998 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98040 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 98040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* уламжлал ХХК-иас  5192998 /таван сая нэг зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98040 /ерэн найман мянга дөч/ төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 98040 /ерэн найман мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.НАРАНГЭРЭЛ